Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/411

 

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Б.Билгүүн

шүүгдэгч ******* /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2305007450854 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, эгч, ах нарын хамт Сүхбаатар дүүргийн ******* хороо,  *******, ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн *******, тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:УХ*******/, ******* овогт **************. 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *******, тоотод ширээн дээр тавьсан байсан хохирогч ийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны /АТМ/ буюу бэлэн мөнгөний машинаас 1.100.000 төгрөгийг авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *******, тоот хохирогч ийн гэрээс гарахдаа ширээн дээр байсан гар утасны хавтастаас нь Хаан банкны виза картыг авч, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны /АТМ/ буюу бэлэн мөнгөний машинаас 1.100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан болох нь:

Хохирогч ийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн *******, тоотод байрлах амины орон сууцанд ажил дээрээ байж байхдаа 1 давхрын 04 тоотод суух ******* хүүг тамхинд явуулах гээд гэрт нь очсон. Тэгээд хүүд нь картаа өгөөд тамхинд явуулсан. Тэгээд удалгүй тэр хүү надад тамхи авчирч өгсөн. Би тамхиа аваад тэднийд 2-3 тамхи татаад тэдний гэрээс ..тамхинд явуулдаг хүүтэйгээ хамт ажлынхаа байр руу орсон. Тэгээд би гэртээ ороод нөгөө хүүг “за миний дүү одоо гэртээ ор” гээд би унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө буюу 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 10 цагийн үед босоод цайгаа уучхаад гар утасныхаа гэрэнд байдаг Хаан банкны картыг авах гэсэн байгаагүй...Би тэр өдөр*******оос өөр хүнд картаа өгөөгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

Хохирогч ийн Хаан банкны .тоот дансны хуулга (хавтаст хэргийн 47 дахь тал),

Яллагдагч *******ын “Би 2023 оны 01 дүгээр сарын 30-ны орой 23:00 цагийн үед би гэртэй ээж Цацрал, ах Анхбаяр нартай цуг байж байсан чинь гаднаас зураг тогтоох гэж Баасандорж орж ирсэн. Гэр ирэхдээ шилтэй том архи барьж орж ирсэн. Архины нэр грамм мэдэхгүй байна. Надад тэр ах Хаан банкны ногоон өнгийн карт өгөөд дэлгүүр яваад тамхи ундаа аваад ир гээд надад кодоо 0458 гэж хэлээд явуулсан юм. Би дэлгүүр ороод 2 хайрцаг тамхи, 1 том түмний ундаа аваад тамхи картыг нь оруулж өгөөд ундааг нь өгсөн чинь намайг ундаа уу гэсэн. Тэгээд би тэр ундааг нь гэрийнхэнтэйгээ хуваагаад уусан. Баасандорж ах тамхиа татаж архиа ганц нэг татаж байгаад манайд архиа үлдээгээд манай дээд давхарт байдаг гэр рүүгээ орлоо гээд явах үед нь би гэр рүү нь оруулж өгсөн. Гэр нь 3 давхарт, тоотын санахгүй байна. Гэрт нь оруулаад орыг нь засаж өгөөд оронд нь оруулаад ширээн дээр гаргаад тавьсан байсан, өмнө нь ашиглаж байсан картыг нь би аваад гарсан юм. Тэр өдрөө гэртээ орж амраад маргааш өдөр нь 16:00 цагийн үед гандангийн АТМ-ээс картыг нь ашиглаж 1.100.000 төгрөг аваад картыг нь гандангийн автобусны буудал дээр байдаг гарцаар хойноос урагшаа гарч байгаад хаясан. Тэр мөнгөөрөө өөртөө хорооллын 1000 нэрийн дэлгүүрийн ойр хавиас хувцас, малгай, хослол, аваад нийт 500.000 төгрөг орчмыг нь зарцуулсан. Үлдэгдэл мөнгөөр нь би гандан дээр байдаг компьютер тоглоом тоглоод, тоглож байх үедээ ундаа, ойр зуурын хүнсний зүйл авч үлдэгдэл мөнгөө дуусгасан. Тэгээд компьютер тоглоомын газар нэг хоноод гэртээ хариад хоолоо идээд унтаж байсан чинь Баасандорж ах орж ирээд надаас картаа асуухаар нь байхгүй гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байсан чинь намайг цагдаа дуудаад мэдүүлэг аваад би бүх үнэнээ хэлээд хэргээ хүлээсэн. Миний буруу би тухайн үйлдлийг мөнгөгүй байсан мөнгө хэрэгтэй байсан болохоор авсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *******, тоот  хохирогч ийн гэрээс гарахдаа ширээн дээр байсан гар утасны хавтастаас нь   Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны /АТМ/ буюу бэлэн мөнгөний машинаас 1.100.000 төгрөгийг “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч ид 1.100.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч ******* нь 2023 оны 4 дүгээр сарын 09-нд 500.000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 29-нд 150.000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 07-нд 450.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, гомдолгүй гэж (хавтаст хэргийн 43 дахь тал)-д мэдэгдсэн байх тул энэ хэрэгт шүүгдэгч *******ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос санал болгож шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

*******ын зорчих эрхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Хяналтын прокурор зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэх газар нутгийн хэмжээг тодорхойлохдоо Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хил хязгаараар хэт өргөн хүрээнд тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх эсэхийг цаашид анхаарвал зохино.

Шүүх нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг болохыг тэмдэглэж байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.******* зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ******* овогт **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  /06/ зургаа сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.  *******ын зорчих эрхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ