| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 185/2023/0401/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/441 |
| Огноо | 2023-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.3.1., |
| Улсын яллагч | З.Хүслэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/441
2023 04 25 2023/ШЦТ/441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Энх-Амар,
Улсын яллагч: З.Хүслэн,
Шүүгдэгч: Э.С нарыг оролцуулан Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор З.Хүслэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.С-д холбогдох эрүүгийн 2104 00042 0088 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В” танхимд 2023 оны 04 дугаар сарын 25-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ганцаараа Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянгол 11 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.С..
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Э.С нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Багануурын хамгийн том зар” нэртэй фейсбүүк хуудсанд “Хонь зарж байгаа газар байна уу 88685419” гэсэн зарын дагуу “H J” гэх хаягтай хохирогч Ж.Х-тай өөрийн “Зулаа Зулаа” нэртэй фейсбүүк хаягаар болон 91777878 дугаарын утсаар тус тус холбогдон “Хоёр хонь зарна” гэж хуурч, улмаар 260.000 төгрөгийг Ж.Х-аас өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 50256............. дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан, мөн 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр фейсбүүкт тавигдсан “Хар фанер худалдаж авна” гэсэн зарын дагуу хохирогч И.М-тэй өөрийн 96444341 дугаартай утсаар холбогдон “Та мөнгөө шилжүүлчих, хүргээд өгнө” гэж хуурч, улмаар 320.000 төгрөгийг хохирогч И.М-ээс өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 502565.......... дугаарын данс руу шилжүүлсэн авч залилсан, мөн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “К” зочид буудлын 211 тоот өрөөнд хохирогч О.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.С-ыг иргэн Ж.Х, И.М нарыг хуурч, өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдөлд оруулан залилж, нийт 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
мөн хохирогч О.Б-ы биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хоёр нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхины зулгаралт, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хавтаст хэргээс:
-Хохирогч Ж.Х-ын “...2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр "Багануурын хамгийн том зар" гэх цахим хуудсанд "Хонь авна" гэх зарыг манай төрсөн эгч Ж.Х нь "H J" гэх фейсбүүк хаягаасаа байрлуулсан. Тухайн зарыг тавьсны дараа Ж.Х эгчийн фейсбүүк рүү "З З" гэх фейсбүүк хаягаас "Зарах хонь байна. Дугаараа өгөөрэй” гэсний дагуу манай эгч 8868........ гэсэн утасны дугаараа өгсөн. Тухайн дугаар руу 9177........ дугаараас залгахаар би ярьтал “хонь авна гэсэн үү” гэж асуусан. Тийм гэж хэлэхэд ‘Нуурт хонь байна, 1 хонь 150,000 гэхээр нь би "Аавтай ярьчих" гээд аавд дугаарыг нь өгсөн. Аав утсаар ярьж байгаад 2 хонь 260.000 төгрөгөөр авахаар тохирсон. Тухайн дугаараас манай аав Ж.Ж-ы дугаар руу 5025657....(Сүхболд) гэх дансыг явуулсан байсан. Би интернэт банкаараа тухайн данс руу 260.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгийг нь шилжүүлчихээд залгатал утсаа авахгүй байсан. Тухайн өдөр бороотой байсан учир оройхон ирэх байх гэж хүлээж байгаад холбогдохгүй байхаар нь 91777.... дугаар руу нь дахиад залгахад утсаа аваад “Хонь зарна” гэж хэлээгүй. “Э.С гэж хүн байхгүй" гэж хэлээд утсаа тасалсан. Дахиад дугаар руу нь залгахад авахгүй байсан учир маргааш нь буюу 04 дүгээр сарын 26-ны өдөр найзынхаа дугаараас залгахад “дугаар андуурсан байна, хонь зарах хүн байхгүй” гэж хэлээд утсаа тасалсан. Дахиад залгахад утсаа авахгүй байхаар нь залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Чатаар дугаараа явуулаад залгахаар нь тухайн хүнтэй би ярьсан. Эрэгтэй хүний хоолой байсан, намайг ахын дүү гэж дуудаад байсан. Тодорхой хэлж мэдэхгүй ч дуу хоолойных нь өнгө аясыг сонсоход 30 орчим насны хүн байсан болов уу гэж бодож байна...Би интернэт банкаар дамжуулж Э-ын С гэх хүний "ХААН" банкны данс руу шилжүүлсэн. Анх "Хонь авна" гэх зар байрлуулаад чаталсан, утсаар ярьсан, мөнгө шилжүүлсэн зэрэг бүх баримтууд надад байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,
-Гэрч Ж.Ж-ы “... 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр манай охин Ж.Хон над руу яриад "Хонь зарж байгаа хүн оллоо, 1 хонь 140.000 төгрөг" гэж байна. Ямар хонь гэдгийг нь сайн мэдэхгүй учир та утсаар ярьчих, хонь зарна гэсэн хүнд таны дугаарыг өгчихсөн байгаа гэж хэлсэн. Удалгүй миний 93206389 дугаар руу 91777.... дугаараас залгаад "Хонь зарах гэж байна" гэж хэлсэн. Би тухайн хүнтэй утсаар ярилцсан бөгөөд эрэгтэй хүн байсан, зарах хонь нь Багануур дүүргийн 2 дугаар хороонд байгаа. 7 хонь машин дээр аччихсан, одоо Багануурын төв рүү орох гэж байна гэсэн. Хониных нь үнийг ярилцаж байгаад 2 төлөг 260.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тухайн залуу би дансаа явуулчихъя, мөнгийг нь хийчих, удахгүй Багануурын төв рүү орно "Хонио гэрийн чинь гадаа хүргээд өгье" гэж хэлэхээр нь "Ирэхээр нь мөнгийг нь өгье" гэтэл “Би найдвартай. Машинд 7 хонь аччихсан, одоо хөдлөх гэж байна. Жолооч түрээслэх мөнгө хэрэгтэй байна. Та мөнгөө одоо хийчих" гээд над руу дансаа явуулсан. Би охин Хонгорзулд 2 төлгөн хонь 260,000 төгрөгөөр авахаар болсон, миний дугаар руу дансаа явуулсан байна гэж хэлээд тухайн дансыг Ж.Х руу явуулаад мөнгийг нь шилжүүлүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа хонь хүргэж өгөх гээд очиж байна гэж ярихгүй байсан бөгөөд утас руу нь залгахаар утсаа авахгүй байсан. Тухайн өдөр гадаа бага зэрэг бороо шивэрсэн, тэнгэр муухай өдөр байсан тул ирж амжаагүй бололтой гээд маргааш нь манай хүүхдүүд залгахаар утсаа авахгүй байсан бөгөөд өөр дугаараас залгаж асуухад хонь зарна гэж хэлээгүй, дугаар андуурсан байна гээд таслаад утсаа авахгүй, фейсбүүк хаяг нь хуурамч хаяг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,
-Хохирогч Ж.Х нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр "ХААН” банкин дахь өөрийн 5085058... дугаарын данснаас 260.000 төгрөгийг Э.С-ын 5025657..... дугаарын данс руу шилжүүлсэн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар тал болон 65 дугаар тал/,
-Хохирогч И.М-ийн “ 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн найз Э-ийн “S S” гэх нэртэй фейсбүүк хаягаар “Дорноговь аймгийн Шуурхай зар, Сайншандын шуурхай зар мэдээ” гэсэн 2 группт “Барилгын хар фанер авна" гэсэн постыг манай барилга дээр ажиллаж байсан хүний /80166..../ дугаараар пост оруулсан. Тэгээд энэ постын дагуу 9644..... гэсэн дугаараас манай барилгачин руу яриад миний дугаарыг авсан байсан. Миний дугаар руу залгаад “Хар фанер авах юм уу? надад 10 ширхэг шинэ фанер байна, танай барилгачин бас прүсс мод авна гэж байсан нийлээд 320.000 төгрөг болно, жолоочоо дуудчихсан” гэж байсан. Тэгээд удалгүй дахиж залгаад жолооч хүрээд ирчихлээ, тооцоогоо хийчихвэл одоо эндээс гарах гэж байна гэсэн. Тэгээд тэр хүний хэлсэн 5025657.... тоот С гэсэн хүний дансанд 320.000 төгрөгийг өөрийнхөө 5369060... тоот данснаас "99861870 фанер" гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тэр өдөр би мөнгөө шилжүүлээд хөдөө сүлжээгүй газар явж байгаад маргааш өдөр нь залгатал утас нь холбогдох боломжгүй байсан. Дахиж холбогдож чадахгүй байгаа болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дугаар тал/,
-Гэрч Б.Э-ийн "2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэж санаж байна. Манай найз И.М хөдөө гэртээ барилга бариулах гээд хар модон фанер худалдаж авна гэх постыг миний фейсбүүк цахим хаягаар Дорноговь аймгийн 2 зарын группт барилга барих хүнийхээ нэг юнителийн дугаараар зар тавиулсан. Нөгөө зарын дагуу холбогдсон хүн рүү 320.000 төгрөг шилжүүлсэн чинь фанер авчирч өгсөнгүй утас нь холбогдохгүй байна гэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар тал/,
-Хаан банкны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/5360/330 дугаартай албан бичиг, Яллагдагч Э.С-ын Хаан банкны 502565.......... дугаартай дансны депозит хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 105-116 дугаар тал/,
-Хохирогч О.Б-ы "...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн орчимд хамт ажилладаг дүү Б.М-ын хамтаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах С центрийн 3 дугаар давхарт байрлах К нэртэй зочид буудлын 211 тоот өрөөнд орсон. Бид тэнд орохдоо бид 2 Соёрхол нэртэй 0.75 литрийн 1 шил архи болон 1 ундааны хамт авч орсон. Тэрийгээ ууж байгаад арай дуусаагүй байхад М гараад ванны алчуурт явж ирэхэд нэг залуугийн хамтаар ороод ирсэн. Тэр үл таних залуу нь өөрийгөө тус буудлын 204 тоот өрөөг түрээсэлдэг гэх залуу гэж танилцуулсан. Тэр залуу орж ирээд бид 2-той тус архийг ууж дуусгалцсан. Тэгээд М дахин дэлгүүр рүү рүү явж Хараа нэртэй 0,75 литрийн архи ундааны хамт орж ирсэн. Тэгээд бид 3 тэрийг хамт уугаад нэлээн байж байтал тухайн 204 тоотыг түрээсэлдэг залуу гэх залуу гэнэт уурлаад намайг зодсон. Тэр залуу юунаас болж уурласныг мэдэхгүй байна. учир нь бид бүгд согтуу байсан. тэгээд тэр залуу уурандаа намайг орон дээр доошоо тонгойсхийгээд сууж байхад миний нүүр нүд орчимд 1 удаа өвдгөөрөө өшиглөсөн. Тэр үед нь би тухайн залууг "чи намайг согтуу биеэ хамгаалж чадахгүй байхад ингэж зодож болохгүй ш дээ" гэж хэлээд байж байхад дахин миний нүүр, нүд орчимд өвдгөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би "би согтуу, чамтай зодолдож чадахгүй ш дээ одоо больё" гэж хэлтэл тэр залуу намайг миний нүүр болон 2 хацрын шанаа орчимд гараараа 1, 1 удаа цохисон. Тэгээд би өглөө 07 цагийн орчимд нөгөө намайг зодсон залуу манай өрөөнд орж ирээд М бид 2-ыг сэрээсэн бөгөөд тэр залуу орж ирээд “Ахаа намайг уучлаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Чи одоо ахынхаа нүд нүүрийг ийм болгоод” гээд уг нь би үзүүлсэн. Тэр байдлыг намайг зодсон тэр залууд харуулахад тэр залуу надаас уучлалт гуйгаад дайлна” гэж хэлээд гарсан. Удалгүй манай өрөөнд 0.75 литрийн Хар экс нэртэй архи 1 шилийг авч орж ирсэн. Тэгээд бид 3 тус архийг ууж дуусгаад, түүний дараа тухайн намайг зодсон залуу болон М нарыг үлдээгээд тус буудлаас 13,14 цагийн орчимд харих гээд гарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 180 дугаар тал/,
-Гэрч Б.М-ын "..2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн орчимд хамт ажилладаг ах Б-ы хамтаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах С центрийн 3 дугаар давхарт байрлах К нэртэй зочид буудлын 211 тоот өрөөнд орсон. Бид тэнд орохдоо бид 2 Соёрхол нэртэй 0.75 литрийн 1 шил архи болон 1 ундааны хамт авч орсон. Тэрийгээ ууж байгаад арай дуусаагүй байхад Батсайхан ах намайг усанд ормоор байна, ванны алчуур авч ирээд өг гэж хэлсэн. Тэгээд би гараад ванны алчууранд явж ирэхдээ коридорт Б ахыг зодсон гэх С гэх хүнтэй таарсан. Тэр хүн надад "хамт ууя" гэж хэлсэн тул зөвшөөрөөд өрөөндөө авч орсон. Тэр залуу орж ирээд өөрийгөө С гэдэг, нисэхийн барилга дээр ажилладаг гэж танилцуулсан. Тэр залуу орж ирээд бид 2-той тус архийг ууж дуусгалцсан. Тэгээд архи дууссан тул би дахин дэлгүүр рүү явж Хараа нэртэй 0.75 литрийн архи 1 ундааны хамт авч орж ирсэн. Тэгээд бид 3 тэрийг хамт уугаад нэлээн байж байтал тухайн 204 тоотыг түрээсэлдэг гэх Сүхээ гэх залуу гэнэт уурлаад Батсайхан ахыг зодсон. Түүнийг ямар шалтгааны улмаас уурлаад байсныг мэдэхгүй. Тэр 2 орны ойролцоо байхдаа маргалдаад байсан. Би тухайн үед орны нөгөө талд нь тэр 2-оос зайтай сууж байсан. Тухайн үед бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нэлээн хэмжээний согтолттой байсан. Тэгээд байж байтал С гэх залуу Батсайхан ахыг шууд нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Тэр 2 нэлээн зууралдаж байгаад Батсайхан ах за болъё гээд орон дээр суусан. Тэр үед С нь Б ахын нүүр рүү нь 2 удаа аймар өвдөглөсөн Тэр үед нь Б ахын баруун нүдний доод хэсэгт сэтэрсэн ба улайж байгаад сүүлдээ цус гараад эхэлсэн. Тэгээд дараа нь 2 удаа нүүр хэсэг рүү нь цохиж аваад тэгээд тэр залуу больсон. Тэгээд тэр залууг гараад явахаар нь бид 2 унтаад өгсөн. Маргааш өглөө нь 07, 08 цагийн орчимд нөгөө С гэх залуу орж ирээд биднийг сэрээсэн. Тэр залуу орж ирэхэд нь Батсайхан ах "чи миний нүдийг ийм болгосон байна" гэж хэлээд нүдээ үзүүлэхэд тэр залуу “ахаа, намайг уучлаарай" гэж хэлсэн. Тэр залуу Б ахаас уучлалт гуйгаад дайлна гэж хэлээд гарсан. Удалгүй манай өрөөнд 0.75 литрийн Хар экс нэртэй архи 1 шилийг авч орж ирсэн. Тэгээд бид 3 тус архийг ууж дуусгасан. Тэгээд ууж дуусгаад 204 тоот рүү бүгд хамт орсон. Яагаад ингэж орсон бэ гэхээр тус буудлын ресейпшн өрөөний хугацааг сунгахгүй гэсэн тул тухайн буудлын 204 тоотод бид орсон. Тэгээд тэнд бид бүгд унтацгаасан. Батсайхан ах тухайн өдрийн 13, 14 цагийн орчимд явсан гэж хэлсэн. Би унтаж байгаад бүр орой 18 цагийн орчимд харьсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 182 дугаар тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 8034 дугаартай дүгнэлтээр "О.Б-ы биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хоёр нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхины зулгаралт, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 187-188 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Хохирогч Ж.Х, И.М нар нь төөрөгдөлд орон бусдад залилуулж, тэдэнд нийт 580.000 төгрөгийн хохирол учирсан,
Мөн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К” зочид буудалд хохирогч О.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримтууд тус бүр тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Э.С нь иргэн Ж.Х, И.М нарыг хуурч, өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдөлд оруулан залилж, нийт 580.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч Ж.Х-ын “...Тухайн дугаар руу 9177......... дугаараас залгахаар би ярьтал “хонь авна гэсэн үү” гэж асуусан. Тийм гэж хэлэхэд ‘Нуурт хонь байна, 1 хонь 150,000 гэхээр нь би "Аавтай ярьчих" гээд аавд дугаарыг нь өгсөн. Аав утсаар ярьж байгаад 2 хонь 260.000 төгрөгөөр авахаар тохирсон. Тухайн дугаараас манай аав Ж.Ж-ы дугаар руу 502565.... (С) гэх дансыг явуулсан байсан. Би интернэт банкаараа тухайн данс руу 260.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг,
- Гэрч Ж.Ж-ы “...Би тухайн хүнтэй утсаар ярилцсан бөгөөд эрэгтэй хүн байсан, зарах хонь нь Багануур дүүргийн 2 дугаар хороонд байгаа. 7 хонь машин дээр аччихсан, одоо Багануурын төв рүү орох гэж байна гэсэн. Хониных нь үнийг ярилцаж байгаад 2 төлөг 260.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон” гэх мэдүүлэг,
-Хохирогч Ж.Х нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр "ХААН” банкин дахь өөрийн 508505........ дугаарын данснаас 260.000 төгрөгийг Э.С-ын 5025657166 дугаарын данс руу шилжүүлсэн баримт,
-Хохирогч И.М-ийн “...Миний дугаар руу залгаад “Хар фанер авах юм уу? надад 10 ширхэг шинэ фанер байна, танай барилгачин бас прүс мод авна гэж байсан нийлээд 320.000 төгрөг болно, жолоочоо дуудчихсан” гэж байсан. Тэгээд удалгүй дахиж залгаад жолооч хүрээд ирчихлээ, тооцоогоо хийчихвэл одоо эндээс гарах гэж байна гэсэн. Тэгээд тэр хүний хэлсэн 5025657166 тоот Сүхболд гэсэн хүний дансанд 320.000 төгрөгийг өөрийнхөө 5369060601 тоот данснаас "99861870 фанер" гэсэн утгатайгаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.Э-ийн "..Нөгөө зарын дагуу холбогдсон хүн рүү 320.000 төгрөг шилжүүлсэн чинь фанер авчирч өгсөнгүй утас нь холбогдохгүй байна гэж байсан...” гэх мэдүүлэг,
-Хаан банкны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/5360/330 дугаартай албан бичиг, Яллагдагч Э.С-ын Хаан банкны 502565......... дугаартай дансны депозит хуулга зэрэг нотлох баримтуудаар
Мөн хохирогч О.Б-ы биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хоёр нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхины зулгаралт, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч О.Б-ы "...Тэгээд бид 3 тэрийг хамт уугаад нэлээн байж байтал тухайн 204 тоотыг түрээсэлдэг залуу гэх залуу гэнэт уурлаад намайг зодсон...” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.М-ын "..Тэгээд бид 3 тэрийг хамт уугаад нэлээн байж байтал тухайн 204 тоотыг түрээсэлдэг гэх С гэх залуу гэнэт уурлаад Б ахыг зодсон..” гэх мэдүүлэг
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 8034 дугаартай дүгнэлт,
Яллагдагч Э.С-ын өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн онцлогтой байдаг бөгөөд залилагч этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, үнийг нь төлөхгүй байх сэдлээр гэмт хэрэг үйлддэг.
Хэргийн үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Э.Сүхболд нь өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдөлд оруулан залилж, хохирогч Ж.Х, И.М нарыг хуурч, нийт 580.000 төгрөгийг авч, бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Э.С дээрх гэмт үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. Иймд хохирогч О.Б-ы биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хохирогч О.Б-ы эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах дээрх гэмтэл нь шүүгдэгч Э.С-ын хохирогчийг зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.
Прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “.........Шүүгдэгч Э.С нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Багануурын хамгийн том зар” нэртэй фейсбүүк хуудсанд “Хонь зарж байгаа газар байна уу 88685419” гэсэн зарын дагуу “H J” гэх хаягтай хохирогч Ж.Х-тай өөрийн “З З” нэртэй фейсбүүк хаягаар болон 9177....... дугаарын утсаар тус тус холбогдон “Хоёр хонь зарна” гэж хуурч, улмаар 260.000 төгрөгийг Ж.Х-аас өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5025657..... дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан, мөн 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр фейсбүүкт тавигдсан “Хар фанер худалдаж авна” гэсэн зарын дагуу хохирогч И.М-тэй өөрийн 96444.... дугаартай утсаар холбогдон “Та мөнгөө шилжүүлчих, хүргээд өгнө” гэж хуурч, улмаар 320.000 төгрөгийг хохирогч И.М-ээс өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 502565....... дугаарын данс руу шилжүүлсэн авч залилсан, мөн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “К” зочид буудлын 211 тоот өрөөнд хохирогч О.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Э.С-оос хохирогч Ж.Хонгорзулд 260.000 төгрөг, хохирогч И.М-т 320.000 төгрөгийг тус тус гаргуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгч Э.С нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.
Хохирогч О.Б-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул гаргасан байх тул хохирогч О.Батсайханд төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Хохирогч О.Б нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Э.С-ын “Залилах” гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Х-д 260.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг, хохирогч И.Мөнгөнчимэгт 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.С нь хохирогч Ж.Х, хохирогч И.М нарт учирсан нийт 580.000 /таван зуун наян мянга/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-оос нийт 580.000 /таван зуун наян мянга/ төгрөг гаргуулж, үүнээс Ж.Х-д 260.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг, хохирогч И.М-т 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Э.С-д Шүүгдэгч Э.С-ыг гэм буруугийн шүүх хуралдаанаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгож, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 150 хоногт хуваан төлүүлэх саналыг тус тус шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Э.С нь хэрэгт 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийт 69 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд зааснаар 1 хоногийг 15 нэгжээр тооцож торгох ялаас хасах, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргасан бол шүүгдэгч Э.С-оос “Өөрийн үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна. Дахим гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй” гэх саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Э.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ЦХШЗ/06 дугаартай захирамж (2 дугаар хавтаст хэргийн 45 дугаар тал)-аар шүүгдэгч Э.С-ыг Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байранд 2023 оны оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ЦХШЗ/09 дугаартай захирамж (2 дугаар хавтаст хэргийн 72 дугаар тал)-аар 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ЦХШЗ/11 дугаартай захирамж (2 дугаар хавтаст хэргийн 81 дүгээр тал)-аар шүүгдэгч Э.С-ыг Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байрнаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид шилжүүлэн, цагдан хорьсон байх бөгөөд яллагдагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлэн авчирсан байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ЦХШЗ/890 дугаартай захирамжаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хүртэл сунгасан байна.
Иймд түүний 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон 69 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан торгох ялаас 1.035.000 /нэг сая гучин таван мянга/ төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 965.000 /есөн зуун жаран тав мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин цаг/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.С-д оногдуулсан 720 /долоон зуун хорин цаг/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-ын цагдан хоригдсон 69 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд энэ тогтоолоор оногдуулсан торгох ялаас 1.035.000 /нэг сая гучин таван мянга/ төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, үлдэх торгох ялыг 965.000 /есөн зуун жаран тав мянга/ төгрөгөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 150 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тус тус мэдэгдсүгэй.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.С-оос нийт 580.000 /таван зуун наян мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Ж.Х-д /Багануур дүүргийн ............................. тоотод оршин суух/-т 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг, хохирогч И.М /Дорноговь аймгийн Сайншанд сумын .............................. тоотод оршин суух/-т 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийг тус тус олгосугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирогч О.Б нь цаашид энэ гэмт хэргийн улмаас гарах гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
11. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР