| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2019/00295/И |
| Дугаар | 453 |
| Огноо | 2019-10-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 453
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар хэсэг 3 дугаар байр 60 тоотод оршин суух, Боржигон овогт Чулуунбатын Төгсбаатар /МЬ87021910/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлах, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох
2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/31 тоот Сахилгын арга хэмжээ авах тухай, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/50 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин гаргуулах болон эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Төгсбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх, хариуцагч С.Отгонжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Төгсбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Ч.Төгсбаатар миний бие Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2018 оны 06 сарын эхээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Нэг жилийн хугацаанд би байгууллагын дотоод журам зөрчиж ямар нэгэн алдаа гаргаж, ажил тасалж байсан удаа байхгүй.
Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр надад байгууллагаас ажлаас халах тушаал гардуулж өгсөн. Энэ тушаалд намайг шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллаагүй, чөлөө авахгүйгээр ажил тасалж явсан гэж гүтгэсэн байна.
Ийм учраас би Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний Б/50 үндэслэлгүй тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны ажилгүй байсан цалинг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж энэ хугацааны шимтгэлүүдийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.
Харин миний бие тус шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж нэхэмжлэл гаргасны дараагаар хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн зүгээс надад цалингийн хувиар арга хэмжээ авсан тухай тушаалын хувийг шүүхэд ирүүлсэн. 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр намайг утсаа авсангүй гээд дарга С.Отгонжаргал нь ажлаас халах тушаал гаргах гэж байгаад больсон. Тэгэхдээ надад арга хэмжээ авна гэж амаар хэлж байсан. Түүнээс бус цалингийн 20 хувиар арга хэмжээ авсан тушаал надад танилцуулаагүй, энэ тушаалыг би хэргийн материалтай танилцахдаа сая олж нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлсэн.Иймд Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/31 тоот цалингийн хувиар арга хэмжээ авсан нь илтэд хууль бус, үндэслэлгүй тушаалыг хүчингүй болгуулах болгож өгнө үү гэх шаардлагыг гаргасан!... гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Отгонжаргал нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Ч.Төгсбаатарын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай байгууллагын хувьд хуулийн дагуу Ч.Төгсбаатарын асуудлыг шийдвэрлэсэн.
2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/24 тоот хэлтсийн даргын тушаалаар тус хэлтэст жолоочоор ажиллахаар түр томилогдсон байна.
2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/35 тоот тушаалаар үндсэн ажилтнаар эмчилсэн байна.
Ажиллах хугацаандаа Ч.Төгсбаатар нь ... шаардлагатай тохиолдолд баяр ёслол, амралтын өдрүүдэд ажиллах үүргээ удаа дараа зөрчиж, чөлөө зөвшөөрөлгүйгээр ажил тасалдаг сахилгын зөрчлийг давтан гаргаж байсны улмаас түүнд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/31 тоот тушаалаар 1 сарын 20 хувиар цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан билээ.
Ч.Төгсбаатар нь сахилгын шийтгэл ногдуулсан үйлдэлдээ дүгнэлт хийхгүй дахин сахилгын зөрчлийг давтан гаргаж, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмын заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан. Тухайн үөд нь өөрт нь сануулж хэлэхэд би дахин ийм зөрчил гаргахгүй, гаргавал ажлаасаа халагдахад гомдолгүй гэж бичиж өгсөн тохиолдол байгаа.Энэ талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа.
Жолооч Ч.Төгсбаатар нь 2019 оны 05 сарын 16, 17-ны ажлын 4.5 дахь өдөр шалтгаангүйгээр ажил тасалсан энэ үед нь өөрт сануулаад хэлээд зэмлээд орхисон мөн 2019 оны 05 сарын 27, 28, 29-ний өдрүүдэд шалтгаангүйгээр дараалан 3 өдөр ажил тасалсан урьд гаргаж байсан сахилгын шийтгэл авагдаж байсан зөрчлөө дахин давтан гаргасан тул жолооч Төгсбаатарыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын төсөл боловсруулагдаж 2 тасгийн даргын саналыг авч тушаалыг Төгсбаатарт танилцуулсны дараагаар намайг зөрчлөөр бус хүсэлтээр чөлөөлсөн тушаал гаргаж өгөөч гэж өргөдөл бичиж над дээр орж ирэхэд нь хүлээн авах боломжгүй шийдвэр гарсан гэдгийг өөрт нь хэлээд гаргасан. Ингээд дээрх зөрчилд нь хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1.3 заалт, 40-р зүйлийн 40.1.4 дэх заалтыг болон дотоод журмын 8-р бүлгийн 8.6 дахь заалтаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Түүнчлэн 2019 оны 05 сарын 25, 26-ны өдрүүдэд Монгол банкны 80 жилийн ойн арга хэмжээ, УИХ-ын гишүүн Баянгол сумын иргэдтэй хийх уулзалтад оролцох ажилтай байсныг мэдсээр байж чөлөө завшөөрөл авалгүй утас нь холбогдохгүй байсан нь дотоод журмын 8-р бүлгийн 8.9 дэх заалтыг зөрчсөн тул уг заалтыг баримтлан ажлаас халах үндэслэл болсон тул 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/50 тоот хэлтсийн даргын тушаалаар дотоод журамд заасны дагуу зайлшгүй тохиолдолд илүү цагаар ажиллах , чөлөө зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Ч.Төгсбаатар нь нэхэмжлэлдээ: 2018 оны 06 сараас ажилд орсон бөгөөд жилийн хугацаанд байгууллагын дотоод журам зөрчиж ямар нэгэн алдаа гаргаж , ажил тасалж байсан удаагүй намайг гүтгэж байна гэж бичсэн байна.
Ч.Төгсбаатар нь өөрийн гаргаж байгаа зөрчил, үйлдэлдээ хэзээ ч дүгнэлт хийдэггүй. 2019 оны 03 сард сахилгын арга хэмжээ ногдуулсан тушаалтай танилцан цалингаасаа суутгал хийлгүүлж байсан хүн үүнийг мэдэхгүй байх учиргүй. Ер нь Ч.Төгсбаатар нь урьд гаргаж байсан алдаагаа дахин давтан гаргасан гэдгээ мэдэж намайг ажлаас халах нь тодорхой боллоо гэдгээ ойлгож байсан учраас ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлүүлэхээс өөр замгүй гэдгийг ойлгож ийм өргөдөл өгсөн гэж бодож байна.
Ч.Төгсбаатар нь арга хэмжээ авагдаагүй боловч олон удаа дээрх зөрчлийг гаргаж байсан үед нь зөвхөн амаар хэлээд өнгөрдөг байсан боловч түүндээ огтоос дүгнэлт хийхгүй ингэж л байдаг гэсэн бодолтойгоор асуудалд ханддаг зохисгүй байдал гаргадаг байсан тул түүнийг ажлаас халах шийдвэр гаргасан талаар хэлтсийн дарга Э.Наранбилэг, хүний нөөцийн мэрэгжилтэн О.Туяа, ажил олгогчийн хувьд би, зөрчил гаргагч Ч.Төгсбаатарыг байлцуулан миний өрөөнд ийм шийдвэр гаргах болж байна яагаад удаа дараа сахилгын зөрчил гаргаад байгаа талаар асууж өөрийнх нь санал бодлыг сонсоход тухайн үед Ч.Төгсбаатар нь намайг ажлаас битгий халаач би дахин зөрчил гаргахгүй халахаас өөр төрлийн арга хэмжээ авч өгөөч гэж гуйсан учраас хэлтсийн даргын гаргасан саналыг үндэслэн цалингийн 20 хувь 1 сарын хугацаагаар цалин бууруулах арга хэмжээ авсан. Үүнийг өөрөө ч сайн мэдэж байгаа.
Энэ талаар өөрийн гараар бичсэн өргөдөл нь өргөдөл гомдол бүртгэх дэвтрийн 17 дахь хүснэгтэнд дугаарлагдан авагдсан байгаа. Үүнийг баримтаар өгсөн. Тушаалыг Ч.Төгсбаатар хүлээн зөвшөөрч 2019 оны 3-р сард үндсэн цалин 527,393 төгрөг авах ёстойгоос 20% болох 105.479 төгрөгийг суутгуулж үлдэгдэл мөнгө 421.914 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан баримтаар уг тушаал бүрэн хэрэгжсэн байдаг. Энэ байдлуудаас харахад уг тушаалыг Ч.Төгсбаатар мэдсэн, харсан, түүнд танилцуулсан. Цалингаасаа суутгал хийлгүүлж уг тушаал биелэгдсэн зэргийг сайн мэдэж байгаа хэрнээ огтоос мэдээгүй, танилцуулаагүй гэж ажил олгогч болон хүний нөөцийн мэргэжилтэн нарыг үндэслэлгүйгээр гүтгэж байгааг ойлгохгүй байна.
Иймээс Ч.Төгсбаатарын шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна!... гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад;
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Төгсбаатар нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/31 тоот Сахилгын арга хэмжээ авах тухай, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/50 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан жолоочийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин гаргуулах болон эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэг: Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч Ч.Төгсбаатарын гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч.Төгсбаатар нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан Нийгмийн даатгалын хэлтсийн жолоочоор ажиллаж, тэдний хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч тал дээрх Б/50 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Байгууллагын дотоод журмын 8.9, хөдөлмөрийн гэрээний 8.2.4 дахь заалтыг үндэслэн гаргажээ.
Дээрх тушаалд нэхэмжлэгч Ч.Төгсбаатарыг хэлтсийн дотоод журамд заасны дагуу шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажилладаггүй, чөлөө зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн өдрөөс түүний ажлыг гүйцэтгүүлээгүй байна.
Хариуцагч нь Ч.Төгсбаатарыг 2019 оны 05 дугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд шалтгаангүйгээр дараалан 3 өдөр ажил тасалсан, урьд гаргаж байсан зөрчлөө давтан гаргасан учраас ажлаас халах шийтгэлийг ногдуулсан гэж тайлбарлаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байх боловч Ч.Төгсбаатар нь ... дотоод журмын 8.9, хөдөлмөрийн гэрээний 8.2.4-д заасан ... хэлтсийн дотоод журмын 8.6, 10.11, 10.11.1, 10.11.1А-10.11.1, 11.2.4, 11.2.5, 11.2.8 дахь заалтуудыг зөрчсөн нь тогтоогдоогүй бөгөөд баримтаар нотлогдоогүй байна.
Мөн түүнийг ажил тасалсан гэх 2019 оны 05 дугаар сарын 25, 26-ны өдрүүд нь нь амралтын өдрүүд байсан ба Ч.Төгсбаатар тухайн байгууллагын эрх, ашиг сонирхолд нөлөөлөх сөрөг үр дагавар бий болсон эсэх, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх нь тогтоогдоогүй байна.
Түүнчлэн зохигчид нь Ч.Төгсбаатарын гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж үзэхийг тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн заасан байх шаардлагатай байдаг тул талууд нь ноцтой зөрчил гэдгийг тохиролцон тогтоогоогүй байхад шүүхээс Ч.Төгсбаатарын үйлдлийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор зөрчил гаргасан байна гэж үзэх боломжгүй байна.
Иймд Ч.Төгсбаатарыг ажлаас халж сахилгын шийтгэл ногдуулан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр нь хууль бус байх тул түүнийг Нийгмийн даатгалын хэлтсийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан тул шүүх нэхэмжлэгч Ч.Төгсбаатарын цалингийн дундажийг түүний хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн сүүлийн гурван сарын дундаж болох 492.233 төгрөгийг ажилгүй байсан 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцоход 2.953.388 төгрөг болж байгаа боловч нэхэмжлэгч нь ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговрыг 1.803.260 төгрөг гэж тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцох нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу дээрх 1.803.260 төгрөгийн цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж, Ч.Төгсбаатарт олгож, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
Хоёр: Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд.
Нэхэмжлэгч Ч.Төгсбаатар нь Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/31 тоот Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Хариуцагч ... нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Төгсбаатар тушаалыг хүлээн зөвшөөрч 2019 оны 03 дугаар сард үндсэн цалин 527.393 төгрөг авах ёстойгоос 20 хувь болох 105.749 төгрөгийг суутгуулж үлдэгдэл 421.914 төгрөгийг дансаар хүлээн авсан. Уг тушаалыг мэдсэн, харсан, цалингийн суутгал хийлгүүлж тушаал биелэгдсэн ... гэж маргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заажээ.
Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага буюу шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээр гомдолоо гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Б/31 тоот тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж, үндэслэлээ уг тушаалын талаар би хэргийн материалтай танилцахдаа сая олж мэдлээ гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Төгсбаатар шүүхэд анх 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагч талаас Б/31 дүгээр тушаалыг Ч.Төгсбаатарын өөрийн бичсэн өргөдлийн хамт нотлох баримтаар гаргасны дараа тэрээр хэргийн баримттай 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр танилцсан байна.
Дээрх байдлаас түүний тушаалын талаар 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр буюу хэрэг танилцахад мэдсэн гэх тайлбар нь ... түүний 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргаж өгсөн ... миний бие хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам холбогдох заалтын дагуу хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн хүлээн зөвшөөрч сахилгын арга хэмжээ татгалзах зүйлгүй байна. Цаашид дээрх алдаа дутагдал бусад хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлбэл хариуцлага хүлээхэд бэлэн байна... гэх агуулга бүхий өргөдөл, түүнийг хүлээн авч бүртгэсэн өргөдөл гомдлын бүртгэл, цалингийн тооцооны карт зэргээр няцаагдаж байх бөгөөд хэрэв тушаалыг хэргийн баримтаас олж мэдсэн бол 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эрхээ зөрчигдсөн гэж үзэн гомдол гаргах боломжтой байсан боловч энэ талаар хүсэлт гаргаагүй байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан ба нэхэмжлэгч Ч.Төгсбаатарын эрх нь зөрчигдсөн буюу өөрт нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээлгэснийг мэдсэн атлаа уг тушаалыг эс зөвшөөрсөн гомдлыг гаргах хугацааг хэтрүүлсэн, түүнийг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Иймд шүүх Ч.Төгсбаатарын Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/31 тоот Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Ч.Төгсбаатарын нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагч Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+43,802 төгрөг/ нийт 114.002 төгрөгийг гаргуулж, төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116,118 зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ч.Төгсбаатарыг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан нэхэмжлэгчийг ажилгүй хүлээлгэсэн өдрийн цалинтай тэнцэх олговорт 1.803.260 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 114.002 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ