| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2019/00424/И |
| Дугаар | 488 |
| Огноо | 2019-10-24 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 488
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 27 хороо 2-38 тоотод оршин суух, Боржигон овогт Насанжаргалын Баярцэнгэл /МЮ90121388/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 3 дугаар хэсэг 076 тоотод оршин суух, Равдан овогт Цэндээхүүгийн Эрдэнэбаатар /МЭ90090816/-т холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Баярцэнгэл, хариуцагч Ц.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Баярцэнгэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Бид 2009 онд танилцаж, 2011 оноос гэр бүлийн дотно харьцаатай болцгоосон.Бидний дундаас 2012 оны 09 сарын 01-ний өдөр охин Одгэрэл төрсөн. Бид таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдраад удаж байна. Энхбаатар ч өөр хүнтэй сууж, хүүхэд нь төрсөн. Цаашид хамт амьдрах боломжгүй тул охин Э.Одгэрэлийн эцгийг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна! гэжээ.
Хариуцагч Ц.Эрдэнэбаатар нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр 2009 онд танилцаж, хамт амьдрах хугацаанд охин Одгэрэл төрсөн нь үнэн. Бид тусдаа амьдраад 3 жил болж байгаа бөгөөд цаашид хамт амьдрах боломжгүй, би өөр хүнтэй суусан, хүүхэд маань ч төрсөн. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Эцэг тогтоох шинжилгээ хийлгэх шаардлагагүй, миний охин мөн!... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Баярцэнгэл нь хариуцагч Ц.Эрдэнэбаатарт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ц.Эрдэнэбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, асрамж, тэтгэлгийн асуудал дээр маргаангүй байх бөгөөд хүүхдийн эцэг мөн эцэг тогтоох шинжилгээ хийлгэх шаардлагагүй байна.
Шүүх нэхэмжлэгч Н.Баярцэнгэлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь: Зохигчид 2009 онд танилцаж, улмаар 2011 оноос хамтдаа амьдарч, хамтын амьдралтай байх хугацаандаа Н.Баярцэнгэл нь 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр охин Э.Одгэрэлийг төрүүлсэн байх бөгөөд зохигч гэрлэлтийн баталгаагүй ч хүүг эцгээр нь овоглосон үйл баримтууд хэрэгт авагдсан хүүхдийн №0000801650 Г-390 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх ба уг гэрчилгээнд хүүхдийг эцэг Ц.Энхбаатараар нь овоглож, хууль ёсоор бүртгэгдсэн байгааг захиргааны журмаар эцэг тогтоогдсон гэж үзэх тул шүүхийн журмаар хүүхдийн эцэг тогтоох үндэслэлгүй гэж үзэж энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин Ц.Энхбаатар нь хүүхдүүдээ эхийнх нь асрамжинд үлдээх талаар маргаагүй, асрамжийн асуудлыг харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасантай нийцэж байх тул охин Э.Одгэрэлийг эхийнх нь асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэл, журмаар хүүхдийн тэтгэлэг тогтоож, хариуцагчаар хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч саад болж болохгүй болохыг дурдах нь зүйтэй
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Баярцэнгэлийн эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Э.Одгэрэлийг эх Н.Баярцэнгэлийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Э.Одгэрэлийг 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас /-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Энхбаатараар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Энхбаатараас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Баярцэнгэлд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т заасныг баримтлан хариуцагч Ц.Энхбаатараас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, 35,868 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдний төлөөлөгч буюу өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ