| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2023/0056/Э/204/2023/0016 |
| Дугаар | 2023/ШЦТ/59 |
| Огноо | 2023-03-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Бавуудорж |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,
Улсын яллагч Б.Бавуудорж,
Иргэний нэхэмжлэгч Г.Д,
Шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Өхолбогдох 2226004510038 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ө нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг “Бажийн дөрөлж” гэх газар хатуу хучилттай авто замд “Ланд Круйзер-200” загварын 00-81 УБР улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоож боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу хэсэг рүү онхолдож, тус автомашинд зорчиж явсан хохирогч О.Бы эрүүл мэндэд “L1 дүгээр нугалам их бие шахагдсан, бяцарсан хугарал, нугас шахагдал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ө шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос өглөө 7 цаг өнгөрч байхад Говь-Алтай аймаг руу явах 4 хүн аваад гарсан. Миний хажууд эхнэрийн дүү сууж явсан. Хойно 3 хүн сууж явсны нэг нь О.Б байсан. Өвөрхангай аймгаас баруун тийшээ явж байгаад осол болсон. Тэр үед О.Бы нуруу өвдөөд байна гээд эмнэлэг рүү явуулсан. Тэгээд нурууны L1 дүгээр үе гэмтсэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан” гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний хүүхэд машин барьж явсан. Хүүхдээсээ нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч О.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас гарч явж байгаад зам тээврийн осолд орсон. Тус ослоос болоод миний нуруу хугарсан, нэг хавирга хугарсан, эгэм гэмтсэн. Өөрөөр бол том хэмжээний гэмтэл аваагүй. ...Би Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг явах гээд Ланд круйзер-200 загварын тээврийн хэрэгслийн арын зорчигчийн суудалд сууж явсан. Тус автомашин жолоодож явсан гэх хүн болон хамт сууж явсан хүмүүсийг огт танихгүй. Тус автомашин нь засмал замын халтиргаан дээр онхолдсон. 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Гэмтэл согог судлалын төвд нугас чөлөөлөх, нурууны яс бэхлэх хагалгаанд орж 3 ширхэг нурууг төмрөөр хадуулсан. Одоогийн байдлаар өөр хагалгаанд ороогүй, хэвтрийн дэглэм сахиж эмийн эмчилгээтэй байна. Миний бие бүрэн гүйцэд эдгээгүй, эмчилгээтэй байгаа. Цаашид буюу 1 жил 6 сарын дараа хоёр дахь хагалгаанд орно, өөрийн биеийн байдал, эмчилгээний үр дүнг харж байж гомдол, саналын асуудлыг шийднэ. Тус гэмт хэргээс болж 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын орлогчийн ажил үүргээс татгалзаж гарсан. Яагаад гэвэл эмчилгээтэй холбоотой асуудлаар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Үүнтэй холбоотойгоор би ажилгүй байх үеийн тэтгэмж, нөхөн олговор болон цаашид эмчилгээний зардлуудыг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орой манай хүү Ө утасдаад Өвөрхангайд осолд орсон гэж хэлсэн. Өглөө нь 07 өнгөрөөгөөд Улаанбаатар хотоос гэрээсээ миний нэр дээр байдаг 00-81 УБО улсын дугаартай 200 загварын машинтайгаа явсан юм. Хоёр хүн аваад Говь-Алтай явна гэж байсан юм. Зорчиж явсан нэг хүн нь нурууны сэртэн хугарсан гээд Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан. Бусад хүмүүсийг эмнэлэгт үзүүлсэн, зүгээр байсан. Машин дээр очиж үзэхэд урд тал нь ер нь эвдрэлтэй, зүүн хойд тал хонхойсон зэрэг гэмтэлтэй байсан. Улаанбаатарт очоод О.Б гэдэг хүний эм тариаг авч өгсөн, хагалгааны зардал энэ тэрийг нь өгсөн. ...Энэ миний нэр дээр байдаг миний автомашин байгаа юм. Манай хүү Ө бас унаж ашигладаг, бид хоёр хоёулаа л унадаг юм. ...Манай хүү унаж явсан юм чинь нэхэмжлээд байх юм байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,
Гэрч Д.Бямба-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос хүргэн Өын хамт ахиад гурван хүн аваад Говь-Алтай аймаг руу гарсан. Д.Ө өөрөө машинаа жолоодоод би хажууд нь урд суудал дээр суугаад Өвөрхангай өнгөрч өгсөж яваад зам дээр халтираад замын урд тал руу ороод онхолдсон. Миний биед бол гэмтэл учирсан зүйл байхгүй. Ард сууж байсан нэг хүний нуруу нь гэмтсэн гэсэн. ...17 цагийн үед осол гарсан байх, гэгээтэй байсан, цас ороогүй, зүгээр замын өгсүүр хэсэгт цас тогтсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
Гэрч Ч.Уламхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу явах гээд унаа хайж байгаад унаа олсон, өглөө явахаар болсон. 200 загварын машин байсан. Жолооч нь эрэгтэй хүн байсан. Жолоочоос гадна дөрвөн зорчигч байсан. Тэгээд Өвөрхангай аймгийн морьтой хөшөө өнгөрч явж байгаад гулгаад замын урд тал руу эсрэг урсгалын урд талд онхолдсон. Миний биед гэмтэл учраагүй, хойд талын суудал дээр зүүн гар талын хамгийн захад сууж явсан хүн гэмтсэн. Би жолоочийн эсрэг талын ард захад сууж явсан. 40 км цагийн хурдтай явж байсан. Жолооч өөрөө их зөөлөн явдаг хүүхэд байсан. Гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,
Гэрч Б.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу явах гээд зараар унаа олоод өглөө осолд орсон. 200 загварын машинд суусан. 09 цагийн үед хотоос гарсан. Жолоочтойгоо таван хүн явсан. Би хойд суудал дээр голд хоёр эрэгтэй суугаад урд жолоочийн хажууд жолоочийн дүү нь гээд залуу суугаад явж байсан. Машин шарваад замын урд шороог мөргөөд онхолдсон, машин баруун талаараа унасан байсан. ...Би хойд дээш харсан хаалгаар гарсан хойно миний хоёр талд байсан хүмүүс эмнэлэг явсан. Миний бие зүгээр, ил харагдах гэмтэл бол байхгүй. Миний зүүн талд сууж явсан залуугийн хамар нь халцарсан байсан, нуруу нь өвдөөд байна гэж байсан. Их хурдтай яваагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/,
Шүүгдэгч Д.Өын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос аавын нэр дээр байдаг 00-81 УБР улсын дугаартай “Ланд круйзер-200” маркийн машиныг жолоодоод дүү Бямба-Очирыг суулгаад, зардал авч 3 хүнийг суулгаж 08 цагийн үед гарсан. Замдаа “Хаан Бууз” дээр зогсож хоол идсэн. Өөр зогсоогүй. Өвөрхангай аймгийн төвд ирээд шатахуун нэмэх гэхэд шатахуун олдохгүй болохоор нь шууд гарсан. Өгсүүр замаар явж байсан. Зам гулгаатай байсан. Тэгээд гулгаад байхаар нь тоормосоо гишгэхэд гулгаад л байсан. Тэгээд замын урд тал руу онхолдчихсон. Миний биед гэмтэл учраагүй. Ард сууж байсан Бы биед гэмтэл учирсан болохоор замын унаанд суулгаад эмнэлэг рүү явуулсан. Араас нь Уламхүү, Бямба-Очир хоёр явсан. Өвөрхангай аймгийн эмнэлэгт ирээд үзүүлтэл нуруу нь гэмтсэн байсан гэсэн. Зорчигчдоос Баас өөр хүн гэмтээгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2013 онд Улаанбаатар хотод “Авто сургууль арга зүйн төв” сургалтын төвд сургалтад хамрагдаж жолооч болсон. Тэр үеэс хойш жолоо барьж байгаа. В ангиллын хүчинтэй үнэмлэхтэй. Би тухайн үед 50-60 км/цагийн хурдтай явсан. Өгсөж явсан болохоор хурдаа сааруулсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 714 дугаартай “...1. Үзүүлэгч О.Бы биед L1 дүгээр нугалам их биеийн шахагдсан, бяцарсан хугарал, нугас шахагдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой,
3. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээнээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35 хуудас/,
Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 40 дугаартай “...1. Уг хэрэг нь зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “...зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг”,
2. 00-81 УБР улсын дугаартай “Ланд круйзер-200” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Ө нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
3.Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй.
4. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 48 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №151 дугаартай “...Авто машины эвдрэлийн үнэлгээ 7,200,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-57 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 хуудас/,
Цагдаагийн Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Ө нь №772577 дугаартай В ангиллын хүчинтэй үнэмлэхтэй” гэсэн жолоочийн лавлагаа /хх-ийн 76 хуудас/,
Хохирогч О.Бы шүүхэд ирүүлсэн “...Миний бие муу, хол замд явж чадахгүй байгаа учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Би 3 сарын хугацаанд ажилгүй байсан учир энэ хугацааны цалин хөлс болох 3,300,000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний эмчилгээ, хагалгааны зардал болон ор хоног, эм тарианы мөнгөнд Д.Өоос 3,500,000 төгрөг төлсөн. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэсэн хүсэлт,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №14 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 96-97 хуудас/,
Шүүгдэгч Д.Өын хувийн байдлыг тодорхойлсон Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-81 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч Б.Бавуудорж шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Д.Ө нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг Бажийн дөрөлж нэртэй газарт байрлах хатуу хучилттай авто зам дээр “Ланд Круйзер-200” загварын 00-81 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу хэсэг рүү онхолдож тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч О.Бы эрүүл мэндэд “L1 дүгээр нугалам их бие шахагдсан, бяцарсан хугарал, нугас шахагдал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч О.Б нь эмчилгээтэй холбоотой зардалд 3,500,000 төгрөгийг авсан, мөн ажилгүй байсан хугацааны цалин болох 3,300,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ө нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийн тухайд хохирогчид 3,500,000 төгрөгийг нотлох баримт шаардахгүйгээр, сайн дураараа төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаар нэхэмжилсэн тохиолдолд төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин буюу 3,300,000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн боловч сард 1,100,000 төгрөгийн цалинтай гэх байгууллагын даргын тушаал, цалингийн цэс, дансны хуулга зэрэг баримт байхгүй, мөн хэдий хугацаанд ажилгүй байсан талаар нотлох баримт авагдаагүй, хэрэгт хавсаргасан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу “хуулбар үнэн”, тамга тэмдэг байхгүй учраас уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Өод холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Ө нь жолоодох эрхийн В ангиллын үнэмлэхтэй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Ө нь №772577 дугаартай В ангиллын хүчинтэй үнэмлэхтэй” гэсэн жолоочийн лавлагаагаар /хх-ийн 76 хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ө нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг Бажийн дөрөлж гэх газар хатуу хучилттай авто замд “Ланд Круйзер-200” загварын 00-81 УБР улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас замын хажуу хэсэг рүү онхолдож, тус автомашинд зорчиж явсан хохирогч О.Бы эрүүл мэндэд “L1 дүгээр нугалам их бие шахагдсан, бяцарсан хугарал, нугас шахагдал” бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Д.Ө нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч О.Бы “...2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас гарч явж байгаад зам тээврийн осолд орсон. Тус ослоос болоод миний нуруу хугарсан, нэг хавирга хугарсан, эгэм гэмтсэн. Өөрөөр бол том хэмжээний гэмтэл аваагүй. ...Би Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг явах гээд Ланд круйзер-200 загварын тээврийн хэрэгслийн арын зорчигчийн суудалд сууж явсан. Тус автомашин жолоодож явсан гэх хүн болон хамт сууж явсан хүмүүсийг огт танихгүй. Тус автомашин нь засмал замын халтирган дээр онхолдсон. ...2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Гэмтэл согог судлалын төвд нугас чөлөөлөх, нурууны яс бэхлэх хагалгаанд орж 3 ширхэг нурууг төмрөөр хадуулсан. ...Миний бие бүрэн гүйцэд эдгээгүй, эмчилгээтэй байгаа. Цаашид буюу 1 жил 6 сарын дараа хоёр дахь хагалгаанд орно. Өөрийн биеийн байдал, эмчилгээний үр дүнг харж байж гомдол, саналын асуудлыг шийднэ. Тус гэмт хэргээс болж 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын орлогчийн ажил үүргээс татгалзаж гарсан. Яагаад гэвэл эмчилгээтэй холбоотой асуудлаар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Үүнтэй холбоотойгоор би ажилгүй байх үеийн тэтгэмж, нөхөн олговор болон цаашид эмчилгээний зардлуудыг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Г.Дгийн “...2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орой манай хүү Ө утасдаад Өвөрхангайд осолд орсон гэж хэлсэн. Өглөө нь 07 өнгөрөөгөөд Улаанбаатар хотоос гэрээсээ миний нэр дээр байдаг 00-81 УБО улсын дугаартай 200 загварын машинтайгаа явсан юм. Хоёр хүн аваад Говь-Алтай явна гэж байсан юм. Зорчиж явсан нэг хүн нь нурууны сэртэн хугарсан гээд Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан. Бусад хүмүүсийг эмнэлэгт үзүүлсэн зүгээр байсан. Машин дээр очиж үзэхэд урд тал нь ер нь эвдрэлтэй, зүүн хойд тал хонхойсон зэрэг гэмтэлтэй байсан. Улаанбаатарт очоод О.Б гэдэг хүний эм тариаг авч өгсөн, хагалгааны зардал энэ тэрийг нь өгсөн. ...Энэ миний нэр дээр байдаг миний автомашин байгаа юм. Манай хүү Ө бид хоёр хоёулаа л унадаг юм. ...Манай хүү унаж явсан юм чинь нэхэмжлээд байх юм байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,
Гэрч Д.Бямба-Очирын “...2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос хүргэн Өын хамт ахиад гурван хүн аваад Говь- Алтай аймаг руу гарсан. Д.Ө өөрөө машинаа жолоодоод би хажууд нь урд суудал дээр суугаад Өвөрхангай өнгөрч яваад өгсөж яваад зам дээр халтираад замын урд тал руу ороод онхолдсон. Миний биед бол гэмтэл учирсан зүйл байхгүй. Ард сууж байсан нэг хүний нуруу нь гэмтсэн гэсэн. ...17 цагийн үед осол гарсан байх, гэгээтэй байсан, цас ороогүй, зүгээр замын өгсүүр хэсэгт цас тогтсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
Гэрч Ч.Уламхүүгийн “...2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу явах гээд унаа хайж байгаад унаа олсон. Өглөө явахаар болсон 200 загварын машин байсан. Жолооч нь эрэгтэй хүн байсан. Жолоочоос гадна дөрвөн зорчигч байсан. Тэгээд Өвөрхангай аймгийн морьтой хөшөө өнгөрч явж байгаад гулгаад замын урд тал руу эсрэг урсгалын урд талд онхолдсон. Миний биед гэмтэл учраагүй. Хойд талын суудал дээр зүүн гар талын хамгийн захад сууж явсан хүн гэмтсэн. Би жолоочийн эсрэг талын ард захад сууж явсан. 40 км цагийн хурдтай явж байсан. Жолооч өөрөө их зөөлөн явдаг хүүхэд байсан. Гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,
Гэрч Б.Анхбаярын “...Би Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу явах гээд зараар унаа олоод өглөө осолд орсон. 200 загварын машинд суугаад 09 цагийн үед хотоос гарсан. Жолоочтойгоо таван хүн явсан. Би хойд суудал дээр голд, хоёр эрэгтэй суугаад, урд жолоочийн хажууд жолоочийн дүү нь гээд залуу суугаад явж байсан. Машин шарваад замын урд шороог мөргөөд онхолдсон. Машин баруун талаараа унасан байсан. Миний хоёр талд байсан хүмүүс эмнэлэг явсан. Миний бие зүгээр, ил харагдах гэмтэл бол байхгүй. Миний зүүн талд сууж явсан залуугийн хамар нь халцарсан байсан, нуруу нь өвдөөд байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/,
Шүүгдэгч Д.Өын “...2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос аавын нэр дээр байдаг 00-81 УБР улсын дугаартай “Ланд круйзер-200” маркийн машиныг жолоодоод дүү Бямба-Очирыг суулгаад, зардал авч 3 хүнийг суулгаж 08 цагийн үед гарсан. Замдаа “Хаан Бууз” дээр зогсож хоол идсэн. Өөр зогсоогүй. Өвөрхангай аймгийн төвд ирээд шатахуун нэмэх гэхэд шатахуун олдохгүй болохоор нь шууд гарсан. Өгсүүр замаар явж байсан. Зам гулгаатай байсан. Тэгээд гулгаад байхаар нь тоормосоо гишгэхэд гулгаад л байсан. Тэгээд замын урд тал руу онхолдчихсон. Миний биед гэмтэл учраагүй. Ард сууж байсан Бы биед гэмтэл учирсан болохоор замын унаанд суулгаад эмнэлэг рүү явуулсан. Араас нь Уламхүү, Бямба-Очир хоёр явсан. Өвөрхангай аймгийн эмнэлэгт ирээд үзүүлтэл нуруу нь гэмтсэн байсан гэсэн. Зорчигчдоос Баас өөр хүн гэмтээгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2013 онд Улаанбаатар хотод “Авто сургууль арга зүйн төв” сургалтын төвд сургалтад хамрагдаж жолооч болсон. Тэр үеэс хойш жолоо барьж байгаа. В ангиллын хүчинтэй үнэмлэхтэй. Би тухайн үед 50-60 км/цагийн хурдтай явсан. Өгсөж явсан болохоор хурдаа сааруулсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 714 дугаартай “...1. Үзүүлэгч О.Бы биед L1 дүгээр нугалам их биеийн шахагдсан, бяцарсан хугарал, нугас шахагдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой,
3. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насан аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээнээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35 хуудас/,
Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 40 дугаартай техникийн шинжээчийн “...1. Уг хэрэг нь зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “...зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг”,
2. 00-81 УБР улсын дугаартай “Ланд круйзер-200” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Ө нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
3.Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй.
4. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 48 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Д.Өын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Д.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.
Хохирогч О.Б нь “...Миний бие муу, хол замд явж чадахгүй байгаа учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Би 3 сарын хугацаанд ажилгүй байсан учир энэ хугацааны цалин хөлс болох 3,300,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэжээ.
Шүүгдэгч Д.Өын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.Бы эрүүл мэндэд “L1 дүгээр нугалам их биеийн шахагдсан, бяцарсан хугарал, нугас шахагдал” бүхий хүнд хохирол учирсны улмаас Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын орлогчийн албан үүргээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/19 дугаартай “О.Быг Засаг даргын орлогчийн ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн хуулбар, хохирогчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Хохирогч О.Б нь Бигэр сумын Засаг даргын тамгын газар болон аймгийн ИТХ-аас тус тус цалин хөлс авдаг талаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа хэрэгт авагдсан бөгөөд түүний ажилгүй байсан хугацааны цалин болох 3,300,000 төгрөгийг хэрэгт авагдсан зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааг үндэслэн шийдвэрлэх боломжгүй, түүний сард хэдэн төгрөгийн цалин хөлс авдаг болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч О.Б нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ болон энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардал, бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Ө нь хохирогч О.Бд хохиролд 3,500,000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч Д.Ө, хохирогч О.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Улсын яллагч Б.Бавуудорж шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлсөн зэрэг байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хохирол хор уршгийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчид хохиролд 3,500,000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Өын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.
Шүүгдэгч Д.Өын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийнямын гаргасан “ Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч Д.Өод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Шүүгдэгч Д.Ө нь Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хороолол Хүннү гудамж 221 дүгээр байрны 83 тоотод оршин суудаг болох нь үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Өыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс нэг жилийн хугацаанд явахыг хориглож шийдвэрлэлээ.
Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.Өод мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхээс оногдуулсан хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолж,
Шүүгдэгч Д.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Г.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Д.Өын №772577 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Бы нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 3,300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч О.Б нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг болон энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээтэй холбоотой болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Өод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Өтээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Өтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өыг нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.Өод мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өод оногдуулсан хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Д.Өод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Бы нэхэмжилсэн 3,300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч О.Б нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг, цаашид гарах эмчилгээтэй холбоотой болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч Д.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Бд 3,500,000 төгрөг төлсөн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Д.Өын №772577 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Өод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Өод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ