Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1235

 

 

 

 

 

 

    2019          12            12                                          2019/ДШМ/1235    

 

Б.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Гантулгабат,

шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Л.Баттогтох,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1570 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1129 дугаартай эсэргүүцлээр Б.О-т холбогдох 1906002780059 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

....... О-, 1971 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........ хувиараа сэлбэг борлуулдаг гэх, ам бүл 5, эхнэр,  хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:......./;

 

Б.О- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дизель хүрээ” автомашин худалдааны захын хашаанд Ц.Г-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас тархиндаа гэмтэл авч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Тайжууд овогтой Бодоогийн О-ыг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.О-ын цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Ц.Г-ын өмсөж байсан хар өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, өмд 3 ширхэг,  оймс 1 хос, үдээстэй хар өнгийн гутал 1 xoc, 13 ширхэг тамхины иш болон хэргийн газрын үзлэгээр хураан авсан “Chinggis” гэсэн бичиглэл бүхий 0.75 литрийн багтаамжтай, дотроо шингэн зүйлгүй хоосон 2 ширхэг шил зэргийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Б.О-т урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, Улаанбаатар хотын банкны 2617002303 дугаартай дансанд байршуулсан 10.000.000 төгрөгийг гаргуулж Б.О-т олгохоор шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Гантулгабат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж байгаа. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “...прокурор шүүгдэгч Б.О-ыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо шүүгдэгчийн ямар үйлдлийн улмаас хохирогч нас барсан, үхлийн шалтгааныг ялгаж зааглалгүйгээр ялласан нь учир дутагдалтай. ...хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг гэдэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. ...шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгэлийг оногдуулахаар шийдвэрлэв.” гэж дурдаад, Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 5 сарын хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Гандолгор, гэрч Ц.Дулам, Б.Давааням, Д.Мөнхбат, А.Бадрах, А.Жаргалсайхан нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 233, 214, 350 тоот шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар Б.О- нь амь хохирогч Ц.Г-тай маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас Ц.Г- тархиндаа гэмтэл авч нас барсан үйл баримт тогтоогддог бөгөөд хэдийгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд Б.О- нь талийгаачийг алах зорилгогүй байсан талаар мэдүүлдэг боловч түүний талийгаачтай маргалдаж, талийгаачийн биед халдсан болох нь өмнө дурдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцааг зөрчиж, хор хохирол учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо тухайн этгээдийн хийж буй үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай. Гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдэхдээ гаргаж буй сэтгэхүйн хандлага нь мөрдөгч, прокурор, шүүгчийн ухамсраас ангид оршдог бөгөөд өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэхүйн хандлагыг хэн нэгний ухамсраас шалтгаалахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх замаар тогтоох ёстой. Гэтэл Б.О-ын Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдаж, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хувь хүний амьд явах, халдашгүй байх эрхийг зөрчиж, Ц.Г-ын эсрэг хүч хэрэглэж, нүүрэн тус газар нь зориуд цохиж, улмаар амь биед нь халдаж буй хууль бус, санаатай үйлдлийг гэмт этгээдийн хайхрамжгүй хандахын үр дүн байна гэж тодорхойлсон нь Эрүүгийн хуулийн зорилго, шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүнд өртсөн этгээдийн эрхийг хамгаалах, цаашлаад нийтэд тогтсон зан үйл эвдэгдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн эрх зүйн зорилгод үл нийцэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэл тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь зөв. Б.О- 21 цагт амь хохирогч Ц.Г-ын гэрээс гарч явсан нь тогтоогдсон бөгөөд цаг хугацааны шалтгаант холбоог шүүх зөв тогтоосон. Гэхдээ амь хохирогч 22 цаг 30 минутын үед айлд очиж хоол идэх үед шүд нь хугараагүй, нүүрэнд нь ямар нэг шарх сорви байгаагүй гэх үйл баримтыг анхаарч үзээгүй. Энэ нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байхад зөвхөн Б.О-ын мэдүүлгээр буруутгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасныг зөрчсөн байна. Б.О- нь “...тухайн үед согтуу унтаж байгаад 21 цагт сэрээд амь хохирогчийн гэрээс гарч явсан боловч надаас хойш амь хохирогч нь олон айлаар эрүүл саруул явж байгаад яг хэзээ үхсэн нь тодорхойгүй гэртээ ороод нас барсан. Надаас өөр хүн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй. Гэхдээ би мөрдөн байцаагчийн шахалтад ороод маргалдаад гарынхаа ар талаар ёвроод гарсан чинь ийм асуудал болсон...” гэж хэлсэн. Яг юунаас болж маргалдсан талаар асуухад мэддэггүй, архи уухаараа сэтгэн бодох, орчноо мэдрэх чадваргүй болдог нь тогтоогдсон. Шүүх нэгэнт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон, энэ нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа учраас мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэж, тэнсэж өгнө үү. Б.О- нь хийсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж, учруулсан хохирлоо нөхөн төлж, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Түүнийг нэгэнт л хүн амины хэрэгт холбогдчихсон юм чинь тэнсэх боломжгүй гэдэг байдлаар хандаж байгаа нь шударга ёсны зарчид нийцэхгүй байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Л.Баттогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэр болон прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, “Да хүрээ” зах дээр зургуулаа нийлж архи уугаад, 18 цагийн үед 4 нь гараад явсан. Шүүгдэгч Б.О-, амь хохирогч Г- хоёр унтаад үлдсэн. Орой 21 цагт Б.О- сэрээд хувцсаа өмсөх үед Г- ямар нэгэн үгийн зөрүүгүй нүүрэн тус газар нь цохисон. Б.О- ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэлгүйгээр гутлаа өмсөөд үүд рүү явах үед араас нь татахаар нь “чи зүгээр байлдаа” гээд ёврох юм уу, цохих үйлдэл хийгээд гараад явсан. Тэндээс гараад 22 цагийн үед 1 дүгээр хороололд байдаг гэртээ очсон ба үүнийг Б.О-ын охин Номин гэрчийн мэдүүлэг өгөхдөө нотолсон. Гэтэл Г- нь 22 цагийн орчимд өөрийнхөө төрсөн эгч болох Дуламын хүүхдүүдийн гэрт очсон бөгөөд энэ үед талийгаач согтууруулах ундаа нилээд хэрэглэсэн, гараа шалбарсан байдалтай байсан гэдгийг гэрчүүд мэдүүлсэн. Энэ талаар хавтаст хэргийн 243, 244, 246 дугаар хуудсуудад байгаа. Тэндээс 22 цаг 30 минутын үед гараад дараа нь эгч Дуламынхаа буюу хүргэн ахынхаа гэр лүү явж, дахиад 20 минут орчим болсон байдаг. “Дуламыг хотод байхгүй, Хонхор явсан” гэж хүүхдүүдийг нь хэлэхээр буцаад гэр лүүгээ алхаж байгаа нь хашааны завсраар харагдсан гэж Дуламын хүүхдүүд гэрчилдэг. Тэгэхээр тухайн үеийн орон зай, цаг хугацааг яаж тодорхойлох вэ гэх асуудал яригдана. Шүүх эмнэлгийн 233 дугаартай дүгнэлтээр талийгаачийн цогцост 3.6 промилль, шээсэнд 4.2 промилль илэрсэн нь хүнд зэргийн согтолттой. Мөн шүд булгарсан нь хөнгөн зэргийн гэмтэл, цус харвалт нь хүнд гэмтэл гэж тогтоосон. Гэрч Оюунсанаа “дагавар хүүхэд нь талийгаачийг зоддог байсан. Түүний шүд амыг булга цохичихсон байсан” гэж мэдүүлдэг. Хүнд гэмтэлд хамаарах цус харвалт гэдэг нь хохирогч Наранцэцэг /хх 54, 241/-ийн мэдүүлэгт “Г- архи хэтрүүлж уухаараа татаж унадаг, тархины даралттай байсан бөгөөд удаа дараа ийм байдал гаргаж байсан” гэдэг. Тэгэхээр анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргах, прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, дээрх баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй. Цаг хугацааны хувьд энэ гэмт хэргийг хэн, хэрхэн, яаж үйлдсэн болохыг тогтоогоогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул Б.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...”

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Б.О-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1570 дугаартай шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Б.О- нь 2019 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дизель хүрээ” автомашин худалдааны захын хашаанд согтуугаар Ц.Г-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас тархиндаа гэмтэл авч нас барсан /хүнийг алсан/ гэмт хэрэгт холбогдож, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлджээ.

 

Анхан шатны шүүх дээрх хэргийг хэлэлцээд “...Б.О-ын болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Ц.Г- нас барсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна...” гэж дүгнэн Б.О-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтаар буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлэсэн байна.

 

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай. Гэтэл хэргийн бодит байдал буюу амь хохирогч Ц.Г-ын нас барсан шалтгаан, түүнд шүүгдэгчийн ямар үйлдэл хэрхэн нөлөөлсөн болох, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоог хөдөлбөргүй тогтооход онцгой ач холбогдолтой байж болох нотлох баримтуудад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр, яллах дүгнэлтэд бичигдсэн нотлох баримтуудыг тоочиж, хуулбарлан бичиж Б.О-ыг бусдыг болгоомжгүй алсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл ямар нотлох баримтыг үндэслэн Б.О-ыг үйлдэлдээ санаатай, хохирогчийн амь насыг хохирооход шууд бус болон болгоомжгүй хандсан гэж зүйлчилсэн талаарх хууль зүйн үндэслэл, нотолгоо шийтгэх тогтоолд огт дурдагдаагүй /дүгнэлт хийгдээгүй/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4-т заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчил болно.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийн талаар шүүгдэгч нь амь хохирогчтой маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас Ц.Г- унаж, тархины битүү гэмтэл авч нас барсан хэмээн үйл баримтыг хэт ерөнхий тогтоосон нь прокурор, өмгөөлөгч нарын гаргасан “хүнийг санаатай алах”, “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэх тайлбар, эсэргүүцлийг няцаан үгүйсгэх боломжийг хязгаарлаж байна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Б.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1570 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.О-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ                            

                                    ШҮҮГЧ                                                             Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН