Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2025/0415

 

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2025/0415

Улаанбаатар хот

 

 

 

 

                                  М.А***ийн нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г***,

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: М.А***,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 тоот албан бичгийг хүчингүй болгуулж, хариуцагчийн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг  тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт өгсөн өдрөөс өндөр насны тэтгэвэрийг нөхөн гаргуулах”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0282 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.А***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е***.

Хэргийн индекс: 128/2025/0197/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.А***ээс анх Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах”-аар маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 4 дүгээр сарын 03-ны-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 тоот албан бичгийг хүчингүй болгуулж, хариуцагчийн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг  тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт өгсөн өдрөөс өндөр насны тэтгэвэрийг нөхөн гаргуулах” хэмээн эцэслэн тодорхойлсон.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0282 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.А***ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 тоот албан бичгийг хүчингүй болгож, хариуцагчийн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн М.А***т өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоохыг даалгаж, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойших тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1 Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1.13, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд тус тус даатгуулагчийн тэтгэвэр авах эрхийг нарийвчлан заасан байна. Өөрөөр хэлбэл, энгийн болон хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгон авах болзол шалгуурыг нарийвчлан заасан бөгөөд нийгмийн даатгалын байгууллага нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд даатгуулагч иргэний хүсэлт болон мэдээллийн нэгдсэн сан, шимтгэл төлж ажилласан хугацаа зэргийг үндэслэн хуульд заасны дагуу тэтгэвэр, тэтгэмжийг тогтоох үүрэгтэй.

3.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 60 дугаар зүйлийн 60.3 дах хэсгийг тус тус үндэслэсэн нь Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй, эрх үүсэхгүй тухай хариуцагчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02 тоот албан бичиг хуульд нийцсэн, үндэслэлтэй.

3.3 Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, хуулийг нэг мөр хэрэглэх ажлын хүрээнд даатгуулагч М.А***ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийг хуулийн дагуу хүлээн авч судлан үндэслэл бүхий хариу өгч шийдвэрлэсэн нь даатгуулагчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан үйлдэлгүй болохыг дээд шатны байгууллагуудын иргэнд хүргүүлсэн албан бичгүүдээр нотлогдоно.

3.4 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг, үгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийг хэрэглэнэ” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар даатгуулагч иргэний өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх болон болзол журмыг илүү нарийвчлан зохицуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

 2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 3. Хэргийн оролцогчдийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч М.А*** нь 1998 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд прокуророор ажилласан. Улмаар 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 50 нас хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг үндэслэн Монгол Улсын ерөнхий прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/801 дугаар тушаалаар түүнийг мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгож, прокурорын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгчээс өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөдөл гаргасныг тус газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 тоот албан бичгээр “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт “...тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй...” гэж заасан тул тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй” хэмээн татгалзаж шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдож байна.

4. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд даатгуулах, даатгуулагчийн санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, хуваарилах, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих, нийгмийн даатгалын үйл ажиллагаа, нийгмийн даатгалын байгууллагын эрх, үүргийг тодорхойлох харилцааг зохицуулахад оршино” хэмээн хуулийн үйлчлэх хүрээ, зорилгыг тодорхойлсон.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоох, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гээд, хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-5.1.7-д тэтгэвэрт гарах ерөнхий насны хязгаарыг 65 нас байхаар, тодорхой нөхцөлүүдэд эрэгтэй 50 нас хүрсэн, эмэгтэй 45 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр хуульчлан заасан.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан бөгөөд маргаан бүхий үйл баримтын хувьд уг харилцааг нарийвчлан зохицуулсан Прокурорын тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Тодруулбал, Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” хэмээн нарийвчилсан зохицуулалтыг тусгасан байхад хариуцагчаас Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэрийн тухай хууль дахь ерөнхий зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй хэмээн татгалзсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй.

Энэ талаарх анхан шатны шүүхийн “...прокурор нь хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих эрхийг хэрэгжүүлж байгаа тусгай субъект бөгөөд түүний эрх зүйн байдлыг Прокурорын тухай хуулиар тусгайлан зохицуулсан байх бөгөөд уг хуульд 50 насанд хүрсэн эмэгтэй прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор хууль тогтоогчид хуульчилсан байх тул уг хуульд зааснаар нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй” гэх дүгнэлт үндэслэлтэй.

7. Маргаан бүхий үйл баримтад хамаарах хууль тогтоомжийн зохицуулалт хоорондоо зөрчилдөх тохиолдолд иргэний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь эрх зүйт төрийн үндсэн зарчмын нэг тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэрийн тухай хуулиар даатгуулагч иргэний өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх болон болзол журмыг илүү нарийвчлан зохицуулсан” гэх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0282 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                 ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

                     ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

                                ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА