Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга О. Болормаа ,

улсын яллагч Г.Батбаяр,

хохирогчийн өмгөөлөгч Б.Орхон ҮД: 13-17,

шүүгдэгч  С. Эрдэнэцогтын  өмгөөлөгч Н.Ундрах-Эрдэнэ ҮД: 20-16,

шүүгдэгч  Т. Батсанаагийн өмгөөлөгч  Б. Отгонбаатар  ҮД:04-20,

хохирогч Г.Золбаяр,

шүүгдэгч С.Эрдэнэцогт, Т.Батсанаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

 

1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1989 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн,  27 настай,  эрэгтэй,  халх, дээд боловсролтой, олон улсын харилцаа- эдийн засагч  мэргэжилтэй,  хэрэг үйлдэр үедээ “Боди- Инженер” бялдаржуулах төвийг эрхлэн явуулдаг ажилтай байсан , ам бүл--3, ээж, дүүгийн  хамт  Сонгинохайрхан  дүүргийн 17-р хороо, 17-р байрны  38 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн Халбагад овогт Сийлэгмаагийн Эрдэнэцогт /РД: ЕЮ89102231/

2.Шүүгдэгч:Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод  1989 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, хэрэг үйлдэх  үедээ  “Боди- Инженер” бялдаржуулах төвд багш дасгалжуулагч  ажилтай байсан, ам бүл-3, ээж, дүү нарын хамт  Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 44-р байрны 25 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд: 1.Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн  146 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дах хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2.Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 356 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан Бэсүд овогт Түмэнбаатарын Батсанаа  /РД:УШ89050231/

 

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 2519 дугаартай 105/2016/0293/Э индекстэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Эрдэнэцогт, Т.Батсанаа нар нь бүлэглэн шалтаг шалтгаангүй, танхайн сэдэлтээр 2016 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол шилтгээн” амралтын газарт бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч  Г.Золбаярыг /яллагдагч М.Батсанаа нь хохирогч Г.Золбаярыг өргөж газар шидэн толгойн тус газар нь цохисон, яллагдагч С.Эрдэнэцогт нь хохирогч Г.Золбаярын толгой руу цохиж, нүүр рүү алгадсан/  зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан  гэмт хэрэгт холбогджээ.

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эрдэнэцогт мэдүүлэхдээ:  Тэрүүхэн  хооронд  буруу ойлголтоос болоод  ийм асуудал болсон.  Золбаяртай  хамт явж байсан  Чингүүн  гэдэг залуу  миний дүү  охинтой  7-8 жил үеэрхэж байсан ба түүнийг  манай дүүтэй  үеэрхээ больсныг  мэдээгүй  би өнгөрсөн  жил Бээжин рүү  7 хоног явахаар  болж   өөрийн  ажиллуулж байсан  фитнесээ хариуцуулан    үлдээгээд  явсан юм. . Тэгээд ирэхэд  орлогын  мөнгө ч үгүй   надаас зээлсэн мөнгөө ч өгөөгүй, жимээ орхиод  явчихсан.  Дүүгээсээ яасан гэсэн чинь салчихсан  гэсэн. Тэгээд   утас руу залгахаар   утсаа авахгүй  уулзалдахгүй  байж байгаад  тэнд тааралдсан юм.   Мөн манай дүүгээс  ч мөнгө  зээлснийг  би мэдээгүй  байсан юм.   Чингүүнтэй тааралдаж  манай дүүг гомдоосон талаар асууж  түүний чихнээс  зулгаахад   Чингүүн зугтаахаар араас нь хөөгөөд   буцаад ирэхэд  Золбаяр  салгах гэж  яваад Батсанаад  цохиулсан байсан.  Тэрхэн  үед  буруу ойлголтоос  болж ийм байдалд хүрсэн. Буруутайгаа ойлгож байна гэв.

3.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Батсанаа мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна  гэв.  

4.Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч  Г. Золбаяр мэдүүлэхдээ: Би  болсон асуудлын  талаар  хэрэг бүртгэлт  мөрдөн байцаалтанд  мэдүүлсэн байгаа.  Би  2016 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих  шөнө найз  Төгөлдөр, Анхбаяр,  Уранбилэг нарын  хамт  Монгол шилтгээнд болж байсан  шоун  дээр очсон , Сүүлд  Чингүүн  ирсэн юм.  Бид  тэнд   хоол  идчихээд  бие  засахаар  гарч явтал Чингүүнийг  нэг хүн  дуудсан. Яг хэн дуудсаныг  би тухайн  үед гэрэл гялбаад  хараагүй.   Манай найз  Төгөлдөр   Чингүүнийг  хүмүүс  зодоод байна гэхээр  нь би салгахаар   очиход  Чингүүнийг  тойрчихсон  зогсч байхаар  нь би та нартай  ямарч  асуудал  үүсгэхгүй  найзыгаа  аваад явъя  гэхэд Батсанаа  урдаас   ирж намайг чи хэн юм бэ  гээд  тэвэрч  газарт шидээд  толгойн  тус газар  хоёр удаа өшиглөсөн ба манай найз Уранбилэг  ирж Батсанааг  салгасан. Тэгээд Эрдэнэцогт гүйж  ирээд  чи  манай найзыг  яагаад  байгаа юм гээд    миний нүүрэн  тус газар  гараараа 2-3 удаа  цохиход хамгаалагч нар  ирээд  зодооныг салгасан.  Тэгээд  баруун талын  хөл гишгэж болохгүй , нуруу тэнийхгүй  болчихсон найзуудаар түшүүлээд  явж байхад үүдэнд  Батсанаа  Эрдэнэцогт нар араас  дахин ирж  битгий  жүжиглээд  бай чамайг сүртэй цохьж  зодсон асуудал байхгүй  гээд Эрдэнэцогт  миний  хоолойноос  өргөж  байгаад  дагз хэсэг  рүү 2-3 удаа   цохьсон. Тэгээд  манай ах Золбоо ирж   намайг авч   гэмтлийн эмнэлэгт  үзүүлж дараа нь  Баянзүрх дүүргийн  Цагдаагийн  3-р хэлтэст гомдлоо гаргасан.      Урьд нь миний толгой тархи  , нуруугаар  өвддөггүй  байсан. Эдгээрт зодуулсны улмаас  толгой байнга  өвддөг болсон.  Би мэс заслын эмч учраас хагалгаанд  ороход  нуруугаар өвдөж удаан зогсч чадахаа больсон. Эмчилгээний зардалд  2. 552.000 төгрөгийг хүлээн авсан.  Одоогоор нэхэмжлэх зүйлгүй, Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Хохирогч Г.Золбаярын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 10-р тал/

Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Золбаярын: 2016 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих  шөнө Ибиза шоун дээр найз нарынхамт явж байтал найз Чингүүнийг хэн нэг хүн дуудсан. Тэгээд бид нар бие засах гээд явж байгаад эргээд хартал Чингүүнийг хүмүүс зодож байсан. Тэгэхээр нь салгах гээд очтол зүс таних Банжаа гэх залуу нь өөдөөс хүрч ирэхээр нь би зүгээр найзыгаа аваад явъя гэж хэлтэл намайг тэвэрч аваад газарт савж унагаагаад толгойн дээр дэвссэн. Тэгээд манай найз нар салгаад холдоод байж байтал Эрдэнэцогт найз нарын хамт хүрч ирээд... шууд миний нүүрэн тус газарт цохиод дараа нь алгадсан ба хамгаалагч нар ирж салгасан. Тэгээд миний хөл өвдөөд явж чадахгүй найз нараараа түшүүлээд явж байтал араас дахин хүрч  ирээд Чи муу жүжигчин бацаан, чамайг ална шүү гээд дахин толгой тархи руу цохиж зодсон. Тэгтэл Банжаа гэх залуу нь наадхыг чинь нэг мөсөн ийшээ дагуулж явж байгаад сайн зодчихьё гээд байсан... гомдолтой эмчилгээгээ сайн хийлгэж авмаар байна... гэсэн мэдүүлэг. /хх-ийн19-20-р тал/

 

Мөрдөн байцаалтанд гэрч О.Төгөлдөр: ...2016 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Ибиза шоу тарах үед хоол идчихээд явж байтал танил Чингүүн гэх залууг Эрдэнэцогт үсдээд доош нь дарчихсан цохиж байсан. Тэгтэл манай найз  Г.Золбаяр  тэд нар дээр очоод найзыгаа авчихъя гэж хэлтэл Батсанаа гэх залуу нь чи яах гэж байгаа юм гээд л тэвэрч аваад дээш нь өргөж байгаад газар шидээд унангуут нь толгой руу нь өшиглөсөн. Тэгтэл манай найз Уранбилэгт болиулах гээд Батсанааг цааш нь түлхэж холдуулсан. Золбаяр явж чадахгүй хүнээр түшүүлээд байж байтал Эрдэнэцогт хүрч ирсэн ба Золбаяр танай найз намайг зодчихлоо гэж хэлтэл чамайг  зодохоор яадаг юм  гэж хэлээд толгой руу нь цохиж нүүр лүү нь алгадсан ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Уранбилэгтийн:... Золбаяр бид хоёр архи уугаагүй байсан... Ээгий гэх залуу Чингүүнийг дуудсан. Чингүүн босоод очтол Ээгий Чингүүнийг учир зүггүй цохиж зодоод байсан. Золбаяр очоод Чингүүнийг салгаж авах гээд зогсож байхад Батсанаа гэх залуу Золбаярыг араас нь тэвэрч аваад өргөөд шийдсэн, газар унасан чинь Батсанаа толгой руу нь 2-3 удаа өшиглөсөн... Золбаярыг газар унасан байхаар нь тэвэрч босгоод холдсон Ээгий бид нар дээр ирээд Золбаярыг охин шиг битгий маяглаад бай гээд алгадаж байгаад явсан ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-26-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Н.Анхбаярын: ... 2016 оны 06 дугаар сарын 18-ны шөнө найз Төгөлдөр, Уранбилэг, Золбаяр нарын хамт Ибиза шоун дээр очсон... намайг нэг харахад Эрдэнэцогт Чингүүнийг үсдээд доош нь дараад гараараа цохиж байсан. Золбаяр очоод найзыгаа авъя гэхэд Батсанаа гэх залуу Золбаярыг чи хэн юм бэ бацаанаа гэж байгаад Золбаярыг толгойгоор нь газар унагаасан, унасны дараа 2-3 удаа нүүр лүү нь өшиглөсөн. Батсанаа над руу дайраад та нар яах гээд байгаан гээд дайраад байсан би бултаад цохиулаагүй, Золбаяр дээр очиход Золбаяр бөгтийгөөд тэнийхгүй, алхаж чадахгүй байсан... Эрдэнэцогт ирсэн Золбаяр танай найз намайг зодчихлоошдээ гэхэд чамайг зодохоор яадгийм гээд 4-5 удаа алгадаж байгаад явсан. Бид нар гарах гэж байхад Батсанаа ирээд гэмтэл орох уу гэж ярилцаж байсан чинь Эрдэнэцогт дахиж ирээд юун сүртэй юм охин шиг маяглаад байх юм гээд дахин дагз руу нь алгадаж байгаад тэд нар явсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн -р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны  өдрийн Шүүх эмнэлгийн  үзлэг хийсэн ¹8571 тоот  актанд :

 

1.Золбаярын биед тархи доргилт, баруун хацар, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал, хацар цус хуралт, завжны салстын язралт, баруун бугалганд цус хуралт, шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... шинжээч эмч Б.Ганзориг гэсэн дүгнэлт хх-ийн /30-31-р тал/  

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Танхайн гэмт хэргийн  объект нь:  Нийгмийн хэв журам байна. Хүний нэр төр, эрх чөлөө, эрүүл мэнд, нийтийн болон  хувийн  өмчийн эрх зэрэг нь  энэ хэргийн давхар  объект байж болно.

Танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал нь  бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдэл байдаг.

Сувъектив тал нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байх бөгөөд сэдэлт нь  бусдыг үл хүндэтгэсэн танхайн сэдэлттэй,

Субъект нь 14 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай  Монгол улсын болон  гадаадын иргэн , харьяалалгүй этгээд  хэн байж болно.

 Хэрэгт цугларсан  нотлох баримтууд болон хохирогч  ,  шүүгдэгч  нарын  мэдүүлэгүүдээс дүгнэхэд    2016 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол шилтгээн” амралтын газарт   иргэн Чингүүнийг  зодохоор  тойрч  зогсоход нь   хохирогч  Золбаярыг салгахаар очиход  Т. Батсанаа  нь  ямарч шалтгаангүйгээр  Золбаярын   эрх чөлөөнд нь халдаж  газарт авч шидэн толгойн тус  газарт  өшиглөж танхайрсан,  мөн  С. Эрдэнэцогт ирж  Золбаярыг   шалтгаангүйгээр   нүүрэн тус газар  нь  цохьсон,   мөн зодоон  дуусч  хэсэг хугацаа болсны дараа  Т. Батсанаа, С. Эрдэнэцогт  нар дахин тааралдаж  С. Эрдэнэцогт  нь  хохирогч  Золбаярын   эрх  чөлөөнд   дахин халдаж    биемахбодид хөнгөн гэмтэл  учруулан догшин  авирлаж  танхайрсан  гэмт хэргийг үйлдсэн байна.

 

 Иймд  С.Эрдэнэцогт, Т.Батсанаа нар нь бүлэглэн шалтаг шалтгаангүй, танхайн сэдэлтээр 2016 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол шилтгээн” амралтын газарт бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч  Г.Золбаярыг /яллагдагч М.Батсанаа нь хохирогч Г.Золбаярыг өргөж газар шидэн толгойн тус газар нь цохисон, яллагдагч С.Эрдэнэцогт нь хохирогч Г.Золбаярын толгой руу цохиж, нүүр рүү алгадсан/  зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь талуудын хүсэлтээр  шинжлэн  судалсан  хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх  ба С.Эрдэнэцогт, Т.Батсанаа нарын  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэргийн  бүрэлдэхүүнтэй  тул  С.Эрдэнэцогт, Т.Батсанаа нарыг  гэм буруутайд тооцож,  Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Батсанаа нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 146 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дах хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг оногдуулж  шийтгэх  тогтоол биелүүлэхийг  1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 356 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан болох түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 58-61, 81-84-р тал/

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  78 дугаар зүйлийн 78.2.1-т … тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй бол  ялгүйд тооцохоор хуульчилсан ба  Т.Батсанаа нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 146 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дах хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг оногдуулж  шийтгэх  тогтоол биелүүлэхийг  1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 356 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийтгүүлсэн  боловч шүүхээс тэнсэж хянан харгалзсан хугацаанд  гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул Т. Батсанаа нь  ялгүй  болсон байна.

Шүүгдэгч С.Эрдэнэцогт урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-н 55-р тал/

Хохирогч Г.Золбаяр нь эмчилгээний зардалд  2. 552.000 төгрөгийг   хүлээн авсан  одоогоор  төлөх  төлбөргүй болсон болох нь   хохирогчийн мэдүүлэг,  мөнгө хүлээлцсэн  баримтуудаар  тогтоогдож байна./ хх-н  151-р тал/

Шүүгдэгч Г. Эрдэнэцогт ,  Т. Батсанаа  нар  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55 дугаар зүйлийн 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэж түүнд оногдуулсан  хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

            1. Халбагад овогт Сийлэгмаагийн Эрдэнэцогт, Бэсүд овогт Түмэнбаатарын Батсанаа нар нь бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн шалтаг шалтгаангүйгээр зодож бусдын  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Сийлэгмаагийн Эрдэнэцогтыг 3  /гурван  / жил 2 /хоёр  / сарын хугацаагаар хорих ялаар, Түмэнбаатарын Батсанааг 3/гурван / жил 2 /хоёр / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар С.Эрдэнэцогт, Т.Батсанаа нарт  оногдуулсан 3  /гурван / жил 2  / хоёр  / сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4.С.Эрдэнэцогт, Т.Батсанаа нар нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн зүйлгүй одоогоор  бусдад  төлөх  төлбөргүй  болохыг тус тус  дурьдсугай.

5.   Хохирогч  цаашид  гарах эмчилгээний  зардлаа  холбогдох нотлох баримтаа  бүрдүүлж   Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх  Тухай хуульд заасан  журмын  дагуу жич  нэхэмлэх эрхтэйг дурьдсугай. .

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар  С.Эрдэнэцогтод оногдуулсан 3/гурван  /  жил 2 /хоёр / сарын хорих ялыг, Т.Батсанаад оногдуулсан 3/гурван / жил 2  /хоёр / сарын хорих ялыг   тэнсэж 2 /хоёр / жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч нарт хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Сонгинохайрхан , Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

            7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, С.Эрдэнэцогт, Т.Батсанаа нарт урьд нь бусдын батлан даалтад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

            8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Эрдэнэцогт, Т.Батсанаа нарт бусдын батлан даалтад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                            

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ