| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2016/00438/И |
| Дугаар | 502 |
| Огноо | 2019-10-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 502
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар багт байрлах Хаан банк-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Солдат 2 дугаар баг 2 дугаар хэсэг 11 тоотод оршин суух, Бортонууд овогт Цэрэндоржийн Ханд /МА64041805/-д холбогдох
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт 3,627,991 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнаран, хариуцагч Ц.Ханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк-ны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Зээлдэгч С.Шаандар, Ц.Ханд нар нь Хаан банк-ны Сэлэнгэ салбарын Алтанбулаг тооцооны төвөөс 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр №ЗГ201742926929 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 8,500,000 /найман сая таван зуун мянга / төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан юм.
Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 5,478,657 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,810,567 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,075 төгрөг, нийт 7,290,300 төгрөгийг төлж барагдуулсан болно.
Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 195 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.
Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3, 7.4 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд:
I. 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн № ЗГ201742926929 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах.
II. 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах:
1. Үндсэн зээлийн үлдэгдэл- 3 021 343 төгрөг
2. Зээлийн хүүгийн төлбөр- 582 581 төгрөг
3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр- 19 567 төгрөг
Нийт 3 623 491 төгрөг
III. Наториатын хураамж - 4500 төгрөг
IV. Улсын тэмдэгтийн хураамж - 72,997.90 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ!... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнаран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Хаан банк-ны Сэлэнгэ салбарын Алтанбулаг тооцооны төвөөс 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 201749926229 тоот барьцааны гэрээ байгуулан 8,500,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар зээлдэгч С.Шаандар болон хамтран үүрэг гүйцэтгэгч С.Ханд нар авсан. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 195 хоногийн хугацаа хэтэрсэн байдалтай байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,021,343 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 582,581 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 19,567 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг нийт 3,627,991 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэжээгчээ алдсаны тэтгэмжээр 36 сарын зээл аваад зээлийн төлбөрт төлсөн талаар би мэдэхгүй байна. Энэ талаар хариуцсан эдийн засагчаас нь тодруулж асуух байсан юм байна. Миний хувьд зээлийн материалтай танилцаагүй болохоор мэдэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна!... гэжээ.
Хариуцагч Ц.Ханд шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний нөхөр С.Шаандар болон миний бие нар нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хаан банк-ны Сэлэнгэ салбарын Алтанбулаг тооцооны төвөөс зээл авсан нь үнэн. Миний бие зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээл авснаас хойш 2017 оны 06 дугаар сар хүртэл графикийн дагуу төлөлтөө хийгээд явж байсан. 2017 оны 06 дугаар сард нөхөр С.Шаандар нь нас барсан. Нөхрөө нас барснаас хойш би 2017 оны 10 дугаар сар хүртэл зээлийн төлбөрт багагүй хэмжээний төлөлт хийсэн. Нөхрийн маань оршуулгын зардал гэж 4,000,000 төгрөг ирснээс зээлийн төлбөрт төлсөн. Хүүхдийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 36 сараар зээлж аваад зээлийн төлбөрт төлсөн. Түүнээс хойш үлдсэн төлбөрийг төлж чадаагүй байгаа. Одоо үлдсэн төлбөрийг төлөх ямар ч боломжгүй би өөрөө группэд байдаг, бас л зээл авсан. Зээлээ төлөөд 80.000 төгрөг л үлддэг. Тэр мөнгөөрөө хүү бид 2 амьдардаг. Нөхрөө нас барснаас хойш хүүгийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгийг 36 сараар авч нөхрийнхөө авсан зээлийг төлсөн. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн дэвтрийнх нь ч барааг өнөөдрийг хүртэл хараагүй, Хаан банк-нд хадгалагдаж байгаа. 3,627,991 төгрөгийг төлөхгүй!... гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад;
ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банк-ны Сэлэнгэ салбар нь С.Шаандар, Ц.Ханд нарт холбогдуулан зээлийн гэрээний хугацааг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэг 3.627.991 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.Шаандар нь нас барсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд түүний нас барсны гэрчилгээний хуулбар хариуцагч Ц.Хандын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч С.Шаандарыг нас барсан тухай мэдээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хэрэгтэй танилцахдаа мэдсэн, иймээс хамтран зээлдэгч Ц.Хандаас 3.627.991 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ц.Ханд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн цалингийн барьцаат зээлийн гэрээг Хаан банк-ны Сэлэнгэ салбарын Алтанбулаг тооцооны төв, нөгөө талаас зээлдэгч С.Шаандар, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Ханд нар байгуулсан байх ба гэрээнд 8.500.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлэх, зээлийн эргэн төлбөрийг зээлийн гэрээний 2.4.2-т зааснаар эргэн төлөлтийн хуваарийг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг суутган төлөх нөхцөлийг заасан байх ба зээлдүүлэгч нь мөнгийг С.Шаандарын дансанд шилжүүлсэн байна.
Харин зээлдэгч С.Шаандар нь зээл авсан өдрөөс хойш 4 сарын дараа буюу 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нас барсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нас барсны №0000173912 тоот гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан.
Зээлийн гэрээнд Ц.Ханд нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан хэдий ч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-т заасан эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй байх тул зээлийн үүргийг хариуцах үндэслэлгүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т зааснаар хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсвэл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотойгоор үүсдэг бөгөөд зээлийн гэрээнд хариуцагч Ц.Ханд хамтран зээлдэгчийн хувьд гарын үсэг зурсан боловч зээлийн үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэг үүссэн гэх байдал гэрээний агуулга, зээлийн мөнгийг нэг зээлдэгчид хүлээлгэн өгсөн үйл баримтаар үгүйсгэгдсэн байна.
Гэрээний 1.1, 4.1-д зааснаас үзвэл зээлдэгч С.Шаандар нь цалингаа барьцаалснаас гадна гэрээ хүчин төгөлдөр болсноор зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийг авч, захиран зарцуулах эрхтэй болохыг гэрээний 3.2.1-д заасан байхад зээлдүүлэгч нь зөвхөн С.Шаандарын дансанд зээлийн мөнгийг шилжүүлжээ.
Зээлийн мөнгийг С.Шаандарын дансанд шилжүүлэхийг гэрээний талууд зөвшөөрсөн гэх баримт хэрэгт байхгүй байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж заажээ. Үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдэгч нь үүргийг шаардахын тулд хамтран үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нарт үүрэг үүссэн болохыг нотлох ёстой бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолсон баримт хэрэгт байхгүй, үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон хугацаа, үндэслэл тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм. Иймд Хаан банк-ны Сэлэнгэ салбарын Ц.Ханд-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116 ,118 зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний Хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452-р зүйлийн 452.2, 453-р зүйлийн 453.1, 453.2-д зааснаар Хаан банк-ны Сэлэнгэ салбарын хариуцагч Ц.Хандаас 3.627.991 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,997 төгрөг 90 мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ