Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 00232

 

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2019/00232

Жаргалант сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 1-28 тоотод байрлах, Э ХХК /../-д холбогдох,

нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,723,390 /нэг сая долоон зуун хорин гурван мянга гурван зуун ерөн /төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 153/2019/00162/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ гэж заажээ.

Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт тусгасан.

Гэтэл харилцагч Э ХХК нь 2016 оны 01 сараас 2017 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй шимтгэл, 2018 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 1,723,390 төгрөгийн өр үүсгэж нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч Э ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 1,723,390 /нэг сая долоон зуун хорин гурван мянга гурван зуун ерөн /төгрөг гаргуулан нэхэмжпэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү. Нэхэмжлэгч нь Төрийн төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөд хамаарна гэжээ.

Хариуцагч Э ХХК-ийн захирал Б.Батчимэг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э ХХК нь Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс ногдуулсан даатгалын шимтгэлийг 2019 онд багтаан бүрэн төлж барагдуулан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Э ХХК-д холбогдуулан 2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,723,390 /нэг сая долоон зуун хорин гурван мянга гурван зуун ер/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч Б.Батчимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,723,390 /нэг сая долоон зуун хорин гурван мянга гурван зуун ер/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 5 дугаар сарын 0-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж 42,524 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Э ХХК-иас 1,723,390 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42,524 төгрөгийн тал хувь болох 21,262 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Хариуцагч Э ХХК нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийгдурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э ХХК-д холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийн өр  1,723,390 /нэг сая долоон зуун хорин гурван мянга гурван зуун ерөн /төгрөг гаргуулах  тухай иргэний хэрэгт хариуцагч Э ХХК нь 1,723,390 /нэг сая долоон зуун хорин гурван мянга гурван зуун ерөн / төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж 42,524 төгрөг төлөхөөс  чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 42,524 төгрөгийн тал хувь болох 21,262 /хорин нэгэн мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ