| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00126/И |
| Дугаар | 00236 |
| Огноо | 2019-05-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 00236
| 2019 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 153/ШШ2019/00236 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 8-10 тоотод оршин суух, Боржигон овогт Ц-ийн Б /.../-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэг / /-т холбогдох,
сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, олгогдоогүй цалингийн зөрүүгээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай үндсэн шаардлагатай, Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/16 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/18 дугаар Ажилд томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлагатай 153/2019/00126/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн төлөөлөгч У.Цэцэнхүү, хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч нь тус шүүхэд Ховд аймгийн Жаргалант сумын 4-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/16 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Жаргалант сумын 4-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/18 дугаартай ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Жаргалант сумын 4-р цэцэрлэгийн сахиулын ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, чөлөөлсөн хугацаанаас өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх буюу 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацааны аваагүй цалингийн зөрүү гаргуулах мөн хугацааны цалингийн зөрүүнд ногдох цалингаар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн үндсэн 5 нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Ц.Б нь Ховд аймгийн Жаргалант сумын 4-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2004 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн сахиулын ажилд томилогдон ажилласан. Сахиулын байнгын ажлын байранд томилогдон хөдөлмөрийн гэрээ хийж 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд сахиулаар ажилласан. Ажил үүргээ амжилттай хэрэгжүүлж хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалттай биелүүлж байсан.Тус цэцэрлэгчийн эрхлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/16 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөхдөө цэцэрлэгийн сахиулын орон тоо хасагдсан тул Ц.Бийг сахиулын ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус үндэслэн гаргасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д орон тоо хасагдах, орон тоог цөөрүүлэх, аж ахуйн нэгж татан буугдах гэсэн үндэслэлүүд байгаа. Энэ үндэслэлүүдээр тушаалдаа сахиулын орон тоо хасагдсан тодорхойлоод өгсөн байгаа.Цэцэрлэгийн орон тоо хасагдсан гэдэг үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаа.Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчидийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар тогтоол, Боловсрол соёл урлагийн газраас гаргасан Жаргалант сумын 4-р цэцэрлэгийн 2019 оны төсвийн хувиар, сургуулийн өмнөх боловсролын 2019 оны төсөв зэргээр байгууллагын сахиулын орон тоо хасагдаж 3-н гэрээт ажилтны орон тоо суутгагдаж ирсэн гэж тайлбарлаад байгаа. Хэрэгт авагдсан баримтаар Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/119 дугаартай захирамж, мөн Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 5/493 тоот засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай гэсэн албан бичгийг бичгийн нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнээс дүгнэлт хийхэд сахиулын орон тоог хасаад гурван гэрээт ажилтан болгоорой сахиулынхаа үндсэн тооны оронд нярав нягтланг аваарай гэсэн зүйл байхгүй байгаа.Ховд аймгийн Засаг даргын захирамжаар цэцэрлэгүүдийг нягтлан бодогч, няравтай болгохдоо төсвийн тодотголоор суутгаж өгье, нөөц бололцоогоо ашиглан энэ хүмүүсээ цалинжуулаарай гэсэн болохоос биш хэн нэгэн хүний эрх ашгийг хөндөөд гурван гэрээт ажилтан ав гэсэн үүрэг даалгавар чиглэлийг өгөөгүй байгаа. Сахиулын орон тоо хасагдсан гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. 2019 онд гэрээт гурван ажилтантай үйл ажиллагаагаа явуулна гэсэн нотлох баримт байхгүй байгаа. Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчидийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаартай Жаргалант сумын 2019 оны төсөв батлах тухай тогтоол байгаа. Цэцэрлэг тус бүрээр төсвийг нь батлаад орон тоог нь тогтоогоод өгсөн байна.Гэрээтээр ажиллуулах орон тоо батлагдаагүй байгаа.Сахиулын орон тоо ТҮ-гээр цалинждаг үйлчилгээний 8 орон тоон дээр багтаж явж байгаа. Төсвийн тухай хуулинд захирагдаж зарлагаа хийх ёстой байтал өөрөө дур мэдэн орон тоогоо өөрчилж гэрээт гэдэг нэр томъёог бий болгосон. Нэхэмжлэгч 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөөд 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэгдэл гэсэн нотлох баримт орж ирж байна. Үүнийг нэхэмжлэгч гардаж аваагүй учраас гардуулсан гэж үзэх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.4 дугаар зүйлд зааснаар орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр 1 сараас доошгүй хугацаагаар мэдэгдэх үүрэгтэй байгаа.Ийм учраас 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/16 дугаартай тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/18 дугаартай ажилд томилох тушаалыг бас хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Жижүүрээр томилсон тушаал эрх ашгийг нь хөндөөд байна. Өнөөдөр гаргаж өгсөн баримт болон хэрэгт авагдсан баримтаар жижүүр гэсэн орон тоо 4-р цэцэрлэгт байна гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Байхгүй орон тоон дээр энэ хүнийг томилоод ажиллуулсан. Хариуцагч тал сахиулын ажлын байрны тодорхойлолтыг оруулж ирсэн мөртлөө жижүүрийн ажлын байрны тодорхойлолтыг оруулж ирээгүй байгаа. Нэршлийг дураараа өөрчлөн гэж байхгүй.Жижүүрээр томилсон мөртлөө манай гэрээт харуул гэж тайлбарлаад тайлбар нь зөрөөд байгаа.Сахиулын ажлаас чөлөөлж жижүүрээр томилсон 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс цалин хөлсөнд зөрүү гарсан. Сахиулын ажлын байрны тодорхойлолт дээр байгууллагын гадна 24 цагийн харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг. Сахиулаар ажиллаж байх үеэс жижүүрээр ажиллаж байх үеийн цалингийн зөрүү гарч ирж байна. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 55 дугаартай тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмаар тооцож....цалин хөлсний зөрүү 982,770 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. 982,770 төгрөгт ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. Тушаалуудыг хүчингүй болгосонтой холбоотой Ховд аймгийн Жаргалант сумын 4-р цэцэрлэгийн сахиулын ажил албан тушаалд эгүүлэн томилуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.... 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг дуустал цалин хөлсний зөрүү гаргуулах.... Үндсэн орон тоо гэж үзэхгүй. Жижүүр гэсэн орон тоо батлагдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Цалинг бууруулаагүй гэдэг асуудал ярьж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал урамшуулалаас бүрдэнэ гэж заасан байгаа. Сахиулын ажлын байранд заасан үүргийг гүйцэтгэсний төлөө өдөр шөнөгүй ажилдагынхаа төлөө нэмэгдэл хөлс авдаг байсан. Энэ нь цалин хөлс гэдэг ойлголтод орж ирэх учраас цалин хөлснийхөө зөрүүг нэхэмжлэх эрхтэй. Илүү цагийн хөлс олгогдохгүй байгаа.Нэхэмжлэгч нь 2004 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 18 дугаартай тушаалаар сахиулын ажилд томилогдон ажиллаж байсан....гэв.
Хариуцагчийн төлөөлөгч У.Цэцэнхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлаа сайн хийж байсан гэсэн боловч цэцэрлэгийн хөрөнгө дутагдуулсан, ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг алдаа дутагдлууд маш их гарч байсан боловч би Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Б.Пүрэвхүүтэй ярилцаж түүнийг жижүүрийн үндсэн орон тоон дээр цалинг бууруулахгүй ажиллуулж байгаа. Ц.Б өөрөө Боловсрол соёл урлагийн газрын дарга Б.Пүрэвхүүтэй тохирч би цалин бууруулахгүй бол ажиллана гэж тохиролцсон байсан. Би Ц.Бийг дуудаж хэлсэн боловч би хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Манай ажил 23 орон тоотой бөгөөд нягтлангийн орон нэмэгдэж сахиул манаачийн орон тоо хасагдсан. Ц.Бт 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдэх хуудас өгсөн боловч шүүхээр шийдүүлнэ гэж хэлээд аваагүй. 2018 оны 05 дугаар сард ажилчдын хурал хийсэн. Ц.Б ажлаа хийхгүй байсан. Намайг дуудаад бичиг хүргэх шаардлагатай байна гэхэд дандаа урдаас тайлбар тавьдаг байсан. Тэр үед ажил дээрээ эзгүй байсан. Ажилчдын хурлаар манаачтай байх шаардлага байна уу, харуулын орон тоо суулгаад харуултай болъё гэж хурлаар авч хэлэлцэхэд хамт олны 98 хувийн саналаар харуултай болохоор болсон. Манаач хөрөнгө мөнгөө харахгүй хөрөнгө дутагдаж байна. Ийм асуудлаар бид нар хурлаа хийгээд 2018 оны 7 сарын төсвийн тодотголоор жижүүрийг томилох санал хүсэлтээ яам руу явуулаад шийдэгдээд ирсэн. Ц.Бт харуултай болох талаар мэдэгдсэн. Энэ асуудал 2018 оны 05 дугаар сараас хойш яригдаж байгаа асуудал. Дарга нар хэлэхдээ А зэрэглэлийн бүсэд манаач айл байлгахгүй хөрсний бохирдол, агаарын бохирдол, утаа тортогтны асуудалтай байна гэж хэлсэн. Би 2018 оны 05 дугаар сарынхаа хурал дээр мэдэгдэж хэлэхэд Ц.Б чамайг ингээд байвал шүүхэднэ гэж хэлсэн. Ц.Бийн хурал дээр хэлсэн үгийг би канондаад аваад ирсэн. Ц.Б хэлэхдээ би цалингийн зээлийн асуудалтай амьдрал хэцүү байна тийм болохоор бүх цэцэрлэгүүд харуултай болохоор би харуулын ажилд шилжинэ тэгэхгүй бол энэ асуудлаа холбогдох байгууллагад нь хандаж шүүхээр явна гэсэн асуудлыг тавьж байсан. Манай ажилчдын хурлын тэмдэглэлийг аваад ирсэн танилцаж болно. Мэдэгдэх хуудсан дээр харуул гэсэн байгаа. Би анхнаасаа харуул авч ажиллуулъя гэж бодож байсан боловч М.Эрдэнэ-Оюун өмгөөлөгчөөс хуулийн зөвлөгөө авахад чи олон жил ажилласан хүнийг харуул болгож болохгүй энэ хүнийг үндсэн орон тоон дээр нь авч ажиллуул гэж хэлсэн. Б.Пүрэвхүү дарга хэлэхдээ энэ хүний олон жил ажилласан нөр их хөдөлмөрийг нь үнэлээд цалингийн бууруулахгүй ажилуул гэж хэлсэн. Би энэ хүний олон жил ажилласан хөдөлмөрийг нь үнэлээд жижүүрийн үндсэн орон тоон дээр цалинг нь бууруулахгүй авч ажиллуулж байгаа.2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдэх хуудсаа гардуулж өгөх гэтэл аваагүй....гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгт холбогдуулан сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, олгогдоогүй цалингийн зөрүүгээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/16 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/18 дугаар Ажилд томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн шаардлагыг гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь цалингийн зөрүү гаргуулах тухай шаардлагаа 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацааны цалингийн зөрүү 982,770 төгрөг гаргуулах гэж, олгогдоогүй цалингийн зөрүүгээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагаа цалингийн зөрүүнд ногдох цалингаар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж тус тус тодруулав.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагчийн төлөөлөгч У.Цэцэнхүү эс зөвшөөрч сахиулын орон тоо хасагдсан, 3 жижүүрийн орон тооноос 2 жижүүрийг нь гэрээтээр ажиллуулж, Ц.Бийг жижүүрийн үндсэн орон тоонд ажиллуулж байгаа, цалин хөлсийг бууруулаагүй гэж маргасан болно.
Нэхэмжлэгч Ц.Б нь Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2004 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай тушаалаар мөн өдрөөс эхлэн сахиулаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2004 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай тушаалын хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдов. /хх-ийн 51 дүгээр тал/
Ц.Бийг сахиулын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/16 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 32 дугаар тал/
Харин хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жижүүрээр томилсон болох нь Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/18 дугаартай Ажилд томилох тухай тушаал, зохигчийн тайлбараар тогтоогдлоо. /хх-ийн 33 дугаар тал/
Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн сахиулын ажил үүрэг нь байнгын ажлын байр бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/16 дугаартай тушаал гаргаж, Ц.Бтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэжээ.
Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн сахиулын орон тоо хасагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Харин сахиулын орон тооны албан тушаалын нэршилийг жижүүр болгон өөрчлөн байнгын бус ажлын байр болгож, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн хариуцагчийн төлөөлөгчийн үйл ажиллагаа хууль бус байна.
Нэхэмжлэгчид хариуцагчийн төлөөлөгч нь сахиулын орон тоо хасагдсаны улмаас хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдээгүй болох нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдлоо.
Энэ нь ажилтныг орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас нь чөлөөлөхдөө ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан ...хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдэх... үүргээ биелүүлээгүй байна.
Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д ....орон тоо
г санхүү, төсвийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална гэж, Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т төсвийн зарлагын норм, норматив болон төсвийн байгууллагын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг тогтоох-ыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхэд хамааруулан тус тус хуульчилжээ.
Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн Ховд аймгийн Цэцэрлэгийн 2019 онд орон тооны нормативаар ажиллах тоо гэх баримт нь дээрх хуулийн шаардлагыг зөрчсөн байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хариуцагчийн төлөөлөгч У.Цэцэнхүү нь шүүх хуралдаанд ....жижүүрийн байнгын орон тоонд ажиллуулж байгаа, цалин хөлсийг бууруулаагүй.Дарга нар хэлэхдээ А зэрэглэлийн бүсэд манаач айл байлгахгүй хөрсний бохирдол, агаарын бохирдол, утаа тортогтны асуудалтай байна гэж хэлсэн. Би 2018 оны 05 дугаар сарынхаа хурал дээр мэдэгдэж хэлэхэд Ц.Б чамайг ингээд байвал шүүхэднэ гэж хэлсэн. Ц.Бийн хурал дээр хэлсэн үгийг би канондаад аваад ирсэн.... гэж тайлбарлах боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/18 дугаартай Ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацааны цалингийн зөрүү 982,770 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар 2018 оны 12, 2019 оны 01, 02 сард авсан цалин хөлсийг тухайн ажилласан хоногт хуваан нэг өдрийн цалин хөлснөөс цалингийн зөрүүг тооцох нь зүйтэй гэж үзлээ. /хх-ийн 36 дугаар тал/
Хариуцагчаас цалингийн зөрүү 944,509 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38,261 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.
Иймд Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/18 дугаартай Ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, Ц.Бийг Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгээс цалингийн зөрүү 944,509 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38,261 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Ц.Бийн дутуу олгогдсон цалингийн зөрүүнээс нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтиийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөглөгддөг болохыг дурьдаж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 944,509 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 27,218 төгрөг, нийт 97,418 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/16 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах гэх нөхцөл нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл байх бөгөөд Ц.Бийг ажлаас чөлөөлсөн Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/16 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь шүүхийн шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/18 дугаартай Ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Боржигон овогт Цэдэвийн Бийг Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгээс цалингийн зөрүү 944,509 /есөн зуун дөчин дөрвөн мянга таван зуун ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38,261 /гучин найман мянга хоёр зуун жаран нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бийн дутуу олгогдсон цалингийн зөрүүнээс нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамж нийт 97,418 /ерэн долоон мянга дөрвөн зуун арван найм/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ