Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/456

 

2023         05          02                                    2023/ШЦТ/456      

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч: Б.Оргилболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуул,

Хохирогч: Г.Б-Э,

Шүүгдэгч: М.Б нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бхолбогдох эрүүгийн 2209 03147 0470 угаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В танхимд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гаалийн эдийн засагч мэргэжилтэй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ганцаараа, оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 733 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, М.Б.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зочид буудлын караокены үүдэнд хохирогч Г.Б-Э-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан цохиж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “...хамар ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхи, хамарт цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Б-ийг хохирогч Г.Б-Э-ийн биед хамар ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхи, хамарт цус хуралт гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн орой хохирогч баарны эмэгтэйтэй муудалцаж, санитол авч шидсэн. Тэгэхэд нь би гарыг нь барьж авч бид муудалцсан. Би баарны эмэгтэйг өмөөрч маргаан үүсгэсэн юм шиг байна. Хохирогчийн нэхэмжилж байгаа 5.000.000 төгрөгийг ямар баримтаар нэхэмжилж байгааг ойлгохгүй байгаа. Би хохирогчид учирсан бодит хохирлыг төлж барагдуулна. Би ээжтэйгээ амьдардаг учир эмэгтэй хүн дээрэлхүүлж байхыг хараад бухимдсан. Хэрэг гарсны маргааш хохирогчтой утсаар холбоо барихад “чи миний дугаарыг яаж олж авсан юм бэ? Би чамтай ярихгүй” гэж хэлээд надад хохирол төлөх боломж олгоогүй...” гэв.

Хохирогч Г.Б-Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “..Би шүүгдэгчээс мөнгө нэхэмжилж залгаж байгаагүй. Гэмт хэргийн улмаас миний духны дээд талд уйланхай үүссэн байсан. Би 14 хоног ажилдаа явж чадаагүй учир ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилж байна..” гэв.

Хавтаст хэргээс:

-Хохирогч Г.Б-Э-ийн: “...2022 оны 10 дугаар сарын 20-21-ний шилжих шөнийн үүрээр 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Амарбаясгалант зочид буудал дотор байрлах караокед би найз Наранбаатар, Наранбаатарын ажлын 2 эмэгтэй найз нарын хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд нэг эмэгтэй найз нь түрүүлээд гэртээ харьсан. Дараа нь 05 цагийн үед Би н.Н-тай хамт караокены ресейпшн дээр очоод тооцоо хийх гэтэл Н-ын интернэт банк юм уу карт нь болохгүй байсан юм. Тэгээд Наранбаатар нь ресейпшнтэй тооцооноос болоод маргалдсан. Тэгтэл миний араас 180 см орчим өндөртэй, 80-90 кг жинтэй, цагаан царайтай, хууз сахалтай, халзандуу маягийн үстэй үл таних залуу дуудсан. Тэгээд би эргэж хартал "Муу хужаа хятад чамайг ална" гэж хэлээд миний нүүр лүү аль нэг гараараа 2 удаа цохисон. Тэгээд би цохиулаад арагшаа газар унаад 5-10 секунд орчим ухаан балартсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ухаан ороход миний духнаас их цус гарсан байдалтай газар байсан. Дараа нь би цагдаа болон түргэнд дуудлага өгсөн. Тэгээд түргэн ирээд толгойгоо боолгуулсны дараа би тамхины өрөөнд тамхи татаад зогсож байхад уг өрөөнд намайг цохисон залуу орж ирээд миний нүдийг чинь сохолно гэж хэлээд дайрсан. Дайрах үеэр тамхины өрөөнд байсан танихгүй хүмүүс бид хоёрыг салгасан. Тамхины өрөөнд намайг цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

-Гэрч Ч.Н-ын: “...Тэнд биднийг ороход Б нэг найз охинтойгоо байсан, биднийг сууж байхад А-д байрлах караокены захирал нь гэх залуу орж ирж танилцсан. Тэр захирал нь Буякагийн найз нь гэж танилцуулж байсан. Б болон найз охин нь согтуу байсан, мөн орж ирж танилцаж байсан караокены захирал гэх хүн бас согтуу байсан. Ингээд тэнд пиво ууж, үйлчлүүлж байгаад 04 цагийн орчимд гарахаар болсон. Тэнд байсан хүмүүс согтсон байсан болохоор би тооцоо хийх гээд текэн дээр очсон. Би гар утасны интернэт банкаар тооцоо хийх гэсэн чинь нууц үгээ буруу хийж интернэт банкаа блоклосон. Тэгээд би хамт гарах гэж байсан хүмүүст хэлэлгүй мөнгө олох гээд найз руу залгах гэхэд ресейпшн нь над руу уурлаж “луйварчин минь, мөнгөө төл” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Ингээд араас караокед хамт суусан хүмүүс гарч ирээд ресейпшнтэй маргалдсан. Тэгсэн бидэнтэй танилцсан караокены захирал залуу араас гарч ирээд Б-Э-ийг муу хужаа гээд цохиж унагаасан. Энэ үед би тэр залууг салгах гээд холдуулах үед намайг цохиод л байх шиг байсан, би гараараа түлхээд холдуулж, зуурч байсан юм. Тэгээд салсны дараа цагдаа нар ирсэн, цагдаа нарын хажууд ч гэсэн тэр залуу Бат-Эрдэнэ бид хоёр луу дайраад байсан. Учирсан шарх гэмтэл байхгүй, гаргах гомдол санал байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Манай найз бол хужаа, би бөхөөр барилддаг Монгол хүн байгаа, гэтэл хужаа гэж хэлээд л тэр залуу цохиж зодсон. Тухайн үед манай найзын духны дээд хэсгээс их хэмжээний цус гарч, 103 дуудан оёулсан байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14505 дугаартай шинжээчийн “...1. Г.Б-Э-ийн биед хамар ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхи, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2/. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3/. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 4/. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5/. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,

-Яллагдагч М.Б-ийн: “...Миний бие 2022 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо А зочид буудлын караокед Б-Э-тэй маргалдаж түлхсэн тэгсэн Н Б-Э нар нь над руу буцаагаад дайрсан тэгээд ноцолдож байгаад газарт унасан тэгж байгаад би Б-Э-ийн нүүрэн тус газарт нь баруун гараараа 1 удаа цохисон. Б-Э-ийн биед учирсан гэмтэл нь миний 1 удаагийн цохилтоор үүссэн гэвэл нэг нь байх боломжтой гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зочид буудлын караокены үүдэнд хохирогч Г.Б-Э нь бусдад цохиж, зодуулсны улмаас, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч М.Б нь хохирогч Г.Б-Э-ийн эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхи, хамарт цус хуралтбүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Г.Б-Э-ийн: “...Тэгээд би эргэж хартал "Муу хужаа хятад чамайг ална" гэж хэлээд миний нүүр лүү аль нэг гараараа 2 удаа цохисон. Тэгээд би цохиулаад арагшаа газар унаад 5-10 секунд орчим ухаан балартсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ухаан ороход миний духнаас их цус гарсан байдалтай газар байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Н-ын: “...Тэгсэн бидэнтэй танилцсан караокены захирал залуу араас гарч ирээд Бат-Эрдэнийг муу хужаа гээд цохиж унагаасан. Энэ үед би тэр залууг салгах гээд холдуулах үед намайг цохиод л байх шиг байсан, би гараараа түлхээд холдуулж, зуурч байсан юм” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14505 дугаартай шинжээчийн “...1. Г.Б-Э-ийн биед хамар ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхи, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2/. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3/. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 4/. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5/. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт,

Яллагдагч М.Б-ийн: “...Миний бие 2022 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Амарбаясгалан зочид буудлын караокед Б-Э-тэй маргалдаж түлхсэн тэгсэн Н, Б-Э нар нь над руу буцаагаад дайрсан тэгээд ноцолдож байгаад газарт унасан тэгж байгаад би Б-Э-ийн нүүрэн тус газарт нь баруун гараараа 1 удаа цохисон. Б-Э-ийн биед учирсан гэмтэл нь миний 1 удаагийн цохилтоор үүссэн гэвэл нэг нь байх боломжтой гэж бодож байна...” гэх мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. Иймд хохирогч Г.Б-Э-ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Б-Э-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах дээрх гэмтэл нь шүүгдэгч М.Б-ийн хохирогчийг гараараа цохиж түүний хамар ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхи, хамарт цус хуралт үүсгэсэн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.  

Шүүгдэгч М.Б нь хохирогч Г.Б-Э-ийг цохих үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “.........Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зочид буудлын караокены үүдэнд хохирогч Г.Б-Э-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан цохиж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “...хамар ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхи, хамарт цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

Шүүгдэгч М.Б нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

Хохирогч Г.Б-Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал болон бусад хохирол төлбөрт баримтаар 25.000 төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зардалд 5.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт тухайн хохирол баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хохирогч Г.Б-Э нь шүүгдэгч М.Б-өөс шүүх хуралдааны явцад 300.000 төгрөг хүлээн авч, одоогоор нэхэмжлэх хохиролгүй гэсэн тул шүүгдэгч  М.Б-ийг хохирогч Г.Б-Э-д төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.   

Хохирогч Г.Б-Э нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн санал, шүүгдэгчээс “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх санал, хохирогчоос “Тусгайлан гаргах саналгүй” гэх саналыг тус тус гаргасан болно.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч М.Б-д 1000 нэгжээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.  

Шүүгдэгч М.Б дээр дурдсан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

            Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160

дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч М.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

             6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирогч Г.Б-Э нь цаашид энэ гэмт хэргийн улмаас гарах гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

              7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ОРХОНТАМИР