Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 00238

 

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2019/00238

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт оршин суух, Бургууд овогт Р-ийн С /.../-ын нэхэмжлэлтэй,

хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 153/2019/00184/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Юмчинсүрэн нар оролцлоо

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Юмчинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р.С нь 1962 онд төрсөн. Эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад сургуульд орж 1978 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн дунд сургуулийн 8-р анги төгсөөд мал аж ахуй дээр гарсан. Р.С нь Шийхай гэдэг хүний хүүхэд боловч эх Раднаагаараа овоглодог. Иргэний бүртгэл дээр Раднаа гэсэн овогтой байгаа.Шийхайг Раднаатай гэр бүл болох үед манай эцэг бригадын дарга хийж байсан. Шийхайгийнх манайхыг түшиглэж манайхан айл хамт байсан болохоор би Р.Сыг багаас нь мэднэ. Р.С нь 1980 онд цэргийн албанд татагдаж 1983 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд 1991-2000 он хүртэл хамрагдсан. Хөдөлмөрийн дэвтрийн овог зөрүүтэй байгаа. Иймд 1984 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Шийхайн С нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Раднаагийн С мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн Р.Сын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл малчнаар, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Р.С  нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Юмчинсүрэн нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Р.Сын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл малчнаар, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодуурллаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

1984 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Шийхайн С нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтэр нь хаанаас олгосон нь тодорхой, эрх бүхий этгээдийн гарын үсэггүй, тамгаар баталгаажаагүй байх тул 1984 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Шийхайн С нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Раднаагийн С мөн болохыг тогтоох боломжгүй байна. Иймд 1984 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Шийхайн С нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Раднаагийн С мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р.С нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 240 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг бригадын 1979, 1984-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Талархал, 1985 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр олгосон Талархал, 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдөр олгосон Гэрчилгээ, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэл нь 4 компани болж өөрчлөгдсөний нэг Гэрэл ББХКомпани 1992 оны 9 дугаар сарын 09-нд байгуулагдан улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх бичвэртэй Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай лавлагаа, гэрч Д.Даваасүрэнгийн ....Би 1976 оны 7 сард цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1 жил малчнаар ажилласан. 1978 оноос мал аж ахуйн хэсгийн ахлагч, тоо бүртгэгч, бригадын дарга зэрэг ажлын нэгдэл тартал хийсэн. Нэгдэл 1992 он гэхэд тарчихсан байсан. Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэл тараад 3-4 компани болж байсан....Р.С нь хэдэн онд нэгдэл ажиллаж эхэлснийг нь мэдэхгүй байна. Р.С нь ээж Раднаагийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хотгор хаг буюу 3 дугаар бригадад малчнаар нэгдэл тартал ажилласан. Энэ дунд нь цэргийн алба хаасан. Өөр байдлаар ийшээ тийшээ явж байгаагүй хүн байгаа юм.Р.С нь төллөх бог мал маллаж байсан. Р.С нь том төрийн шагнал авч байгаагүй. Баярын бичиг, Сайшаалын үнэмлэх зэргийг авч байсан.... гэх мэдүүлэг, гэрч Д.Даваасүрэнгийн ажиллаж байсан байдлын талаарх баримт болох Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1979 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 4 дугаартай Ажид томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, гэрч Б.Батжаргалын ....Би 1979 оны 7 сард цэргийн албанаас халагдаж ирсэн. 1979 оны 9 сараас 1987 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад тэмээчнээр ажиллаж байгаад дараа нь нэгдлийн адуучнаар 1991 оны 4 сар хүртэл ажилласан....Раднаагийн С нь сургуульд сурч байгаад цэрэгт явж байсан. Би 1976-1979 онд цэргийн алба хаасан. Р.С 1980 онд цэрэгт явсан юм. Тэр үед бид нар сургуулийн хүүхэд цэрэгт явж байна гээд их сонирхож байсан юм. Нэг их том хүүхэд л сургуульд явдаг байсан. Хэддүгээр анги төгссөнийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан цэрэгт явахдаа сургуульд сурдаг байсан. Р.С нь цэргээс ирснээсээ хойш Ховд аймгийн эхийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар нэгдэл тартал ажилласан. Р.С нь хонь маллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 6, 8-13, 18, 19, 21, 25,48-49, 51-52, 53 дугаар тал/

Нэхэмжлэгч Р.С нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 153/ШЗ2019/00684 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Р.Сыг улсын тэмдэгтийн хураамж нийт 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болно.

Хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан 1980 оны 70 дугаар дансны баримтад нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй, хавтаст 14-15 дугаар хуудсанд авагдсан иргэн Б.Батжаргал, Ж.Даваасүрэн нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 27-37 дугаар хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтэр нь эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдаагүй, тамга дарагдаагүй буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй, хавтаст хэргийн 54-55 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1984 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Шийхайн С нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Раднаагийн С мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бургууд овогт Раднаагийн Сын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Нэхэмжлэгч Р.С нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 153/ШЗ2019/00684 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Р.Сыг улсын тэмдэгтийн хураамж нийт 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       С.ОЮУНЖАРГАЛ