Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 00239

 

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2019/00239

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Манхан сумын Баянгол багт оршин суух, Өлзий овогт П-ийн Б /../-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны  4 дүгээр сарын 04-ний өдөр 153/2019/00149/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч П.Б нь 1978 оноос 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. П.Б нь 1962 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. 1978 онд 8-р анги төгссөн. Тухайн үеийн төгсөлт 06 дугаар сарын 15-нд болдог байсан. Цэргийн бүртгэлийн лавлагаагаар П.Бын нэр Сүхээ гэж гарч ирсэн. П.Б нь 1981 оны 06 дугаар сарын 21-ний өдөр цэргийн албанд татагдаж 1984 оны 06 дугаар сарын 24-ний өдөр халагдаж ирсэн. Хоёр гэрчийн нэг нь Сүхээг Сарлаг Сүхээ гэж дууддаг гэж мэдүүлсэн байгаа. Тухайн үеийн цэргүүд халагдаад онгоцоор ирдэг байсан учир ирсэн өдрийнхөө маргаашнаас нь нэгдлийн малаа малладаг байсан. П.Быг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1978 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би П.Баас асуухад миний албан ёсны нэрийг Пүрэвдоржийн Б гэдэг боловч миний ах эгч нар нас барж, би бага насандаа хүнд өвчнөөр өвдөж эцэг эхээ айлгаж байсан тул миний нэрийг өөрчлөн Сүхээ гэж дууддаг байсан ба сургуульд орохдоо Сүхээ гэдэг нэрээр нэрлэгдэж, цэргийн алба хаах хүртэл Сүхээ гэж нэрлэгдэж байсан. Миний дүү П.Дашдорж надаас 10 насаар дүү. Охин хүүхэдгүй учраас Дашдуламыг өргөж авсан. П.Б 8-р анги төгсөөд мал дээр гарч үржлийн мал маллаж байсан. 1985-1989 оны архивын лавлагаа Пүрэвдорж, Ичинхорлоо, Сүхээ, Алтанцэцэг гэдэг нэрээр гарч ирсэн.18 насанд хүрээгүй бол туслах малчнаар ажиллаж цалин суурийн ахлагчийн нэр дээр бодогддог байсан....1978 онд 8-р анги төгссөн. Өвөл нь сургуульдаа суугаагүй....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

П.Б  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг П.Бын Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1978 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодуурллаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Б нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1978 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн шүүх хуралдаанд гаргасан Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадын 1978-1981, 1984-1989 онуудын 70 дугаар данснуудын хуулбарууд, П.Б, Ч.Алтанцэцэг нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1/65 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаартай албан бичиг, гэрч И.Суманхүүгийн ....Би 1976-1983 онуудад Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Нэвт рашаан амралтын газарт малчнаар, 1983 оноос нэгдэл тартал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан....П.Б бид хоёр бага ангидаа нэг ангид сурч байсан юм. Би 3 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарсан. П.Б нь 1978 оны өвөл байхаа 8 дугаар ангийнхаа өвлийн амралтаар гэртээ ирээд тэгээд сургуульдаа яваагүй аав, ээж, хоёр дүүгийн хамт Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 1 дүгээр бригад буюу Баянгол бригадад малчин болсон. Нэгдэлд мал маллаж байгаад 1981-1984 онуудад цэргийн алба хаасан. Цэргээс ирээд аав, ээж, хоёр дүү нарынхаа хамт Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад 1988 онд эхнэр авч тусдаа гарсан. Нэгдэлд 1993 он хүртэл мал маллаж байсан. П.Б бог мал малладаг байсан. Хонь голдуу малладаг байсан. П.Б аавынх нь нэрийг Өлзийгийн Пүрэвдорж гэдэг. Ээжийнх нь нэрийг Нацагийн Ичинхорлоо гэдэг байсан. Ө.Пүрэвдорж нь 3 хүүхэдтэй айл байсан. П.Б айлын том хүүхэд байгаа юм. Дүү нарынх нь нэрийг Дашдорж, Дашдулам гэдэг. П.Бын эхнэрийнх нь нэрийг Алтанцэцэг гэдэг. П.Быг Сүхээ гэж манай сумынхан дууддаг. Хоч нэр нь Сарлаг Сүхээ гэж дууддаг. Сүхээг П.Б гэдэг нэртэй болохыг нь сая л мэдлээ. Сүхээ сая паспортаа авчирсан юм. Паспортыг нь үзсэн чинь Б гэж байна. Сургуульд байхад нь Сүхээ гэж дууддаг. Сургуульд орохдоо Сүхээ л гэдэг байсан юм. Бичиг баримтыг нь үзэж байгаагүй болохоор сонин л байна.... гэх мэдүүлэг, гэрч Х.Баасанхалтарын ....Би 1975 онд нэгдлийн гишүүн болж Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад 1977 6 сард цэргийн албанд татагдаж 1980 оны 8 сард халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдэлдээ малчнаар нэгдэл тарах хүртэл ажилласан.... Намайг 1980 оны 8 сард цэргээс халагдаад ирэхэд Сүхээ буюу П.Б нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчин болчихсон эцэг эхийн хамт мал маллаж байсан. П.Б нь 1981 онд цэрэгт яваад 1984 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ эцэг, эхийнхээ хамт мал маллаж байгаад 1988 онд Алтанцэцэг гэдэг хүнтэй гэр бүл болсон. П.Б нь Баясгалант амьдрал нэгдлийг тартал малчин хийж байсан....Аавынх нь нэрийг Өлзийгийн Пүрэвдорж гэдэг. Аав нь одоо 80 гарсан хүн байгаа. Ээжийнх нь нэрийг Нацагийн Ичинхорлоо гэдэг байсан. П.Б айлын том хүүхэд байгаа юм. Дүү нарынх нь нэрийг Дашдорж, Дашдулам гэдэг. П.Бын эхнэрийнх нь нэрийг Алтанцэцэг гэдэг....Би Быг Сүхээ гэдгээр нь сайн танина. Саяхан л Б гэдэг нэртэйг нь мэдсэн. Манай нутгийнхан Сүхээ гэж дууддаг.... гэх мэдүүлэг, Улсын бүртгэлийн 1 дүгээр маягтын лавлагаа, төрөл садангийн лавлагаа гэрэл зургууд  зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 20, 23, 24, 35-36, 38-39, 49-61 дүгээр тал /

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн шүүх хуралдаанд гаргасан ....Би П.Баас асуухад миний албан ёсны нэрийг Пүрэвдоржийн Б гэдэг боловч миний ах эгч нар нас барж, би бага насандаа хүнд өвчнөөр өвдөж эцэг эхээ айлгаж байсан тул миний нэрийг өөрчлөн Сүхээ гэж дууддаг байсан ба сургуульд орохдоо Сүхээ гэдэг нэрээр нэрлэгдэж, цэргийн алба хаах хүртэл Сүхээ гэж нэрлэгдэж байсан.... гэх тайлбар, гэрч И.Суманхүүгийн ....П.Быг Сүхээ гэж манай сумынхан дууддаг. Хоч нэр нь Сарлаг Сүхээ гэж дууддаг. Сүхээг П.Б гэдэг нэртэй болохыг нь сая л мэдлээ. Сүхээ сая паспортаа авчирсан юм. Паспортыг нь үзсэн чинь Б гэж байна. Сургуульд байхад нь Сүхээ гэж дууддаг. Сургуульд орохдоо Сүхээ л гэдэг байсан юм. Бичиг баримтыг нь үзэж байгаагүй болохоор сонин л байна.... гэх мэдүүлэг, гэрч Х.Баасанхалтарын ....Би Быг Сүхээ гэдгээр нь сайн танина. Саяхан л Б гэдэг нэртэйг нь мэдсэн. Манай нутгийнхан Сүхээ гэж дууддаг.... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1/65 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаартай албан бичиг, хугацаат цэргийн алба хаасан лавлагаа зэргийг үндэслэн Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадын 1985-1989 онуудын 70 дугаар дансанд Сүхээ гэж бичигдсэн баримтыг нэхэмжлэгчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдлаа.

Хавтаст хэргийн 5-15 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 307 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригад 1978-1981, 1984-1989 он гэх бичвэртэй 70 дугаар дансны хуулбарын он нь зөрүүтэй бичигдсэний улмаас нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй, хавтаст хэргийн 25-26 дугаар хуудсанд авагдсан иргэн И.Суманхүү, Х.Баасанхалтар нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Өлзий овогт Пүрэвдоржийн Бын Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1978 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         С.ОЮУНЖАРГАЛ