| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2023/0065/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/76 |
| Огноо | 2023-04-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Бавуудорж |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,
Улсын яллагч Б.Бавуудорж,
Шүүгдэгч Ш.М, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ХДМад холбогдох 2326000030030 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Жаргалант бааранд жаахан юм ууж байгаад бүжиг болно гэхээр нь наашаа ирсэн. Тэгээд ширээн дээр 2 цүнх байсан. Нэгнээс нь 4 камертай нэг утас аваад явсан. Тэгээд гэр лүүгээ явж байсан чинь өөрийнхөө утсыг хаячихсан байсан. Эргэж орж ирээд нэг цүнхийг нь онгойлгосон чинь дахиад нэг утас байхаар нь авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20:00 цагийн үед Дэлгэрэх хүнсний үйлдвэрт болдог бүжгэн дээр очсон. Тэнд очоод бүжгийн заалны 1 давхарт үүдний ширээн дээр гадуур хувцсаа тайлаад гар утсаа цүнхэндээ хийгээд цүнхээ гадуур хувцсандаа боогоод тавьчихсан байсан. Тэгээд 21:30 цагийн үед гэр лүүгээ харих гээд гадуур хувцсаа өмсөөд цүнхээ онгойлгоод үзсэн чинь миний гар утас байхгүй болсон байсан. Тэр хавьд байсан хүмүүсээс гар утсаа асуутал нэг танихгүй эмэгтэй “миний цүнхэнд ягаан өнгөтэй гар утасны гэр байна, хэнийх вэ” гэсэн. Тэгэхээр нь би “минийх байна, гар утас нь хаана байна” гэсэн чинь “мэдэхгүй, цүнхэнд ийм гар утасны гэр л хийчихсэн байна” гэсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тухайн гар утас нь Самсунг А6 загварын саарал өнгөтэй, ар талын хэсэгтээ BAND LTE гэсэн бичиглэлтэй гар утас байсан. Тухайн гар утсыг манай хүүхдүүд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн төвөөс 480,000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан. Би гар утсаа буцааж авсан тул надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 хуудас/,
Хохирогч Н.Мишигдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20:00 цагийн үед найз Чукагийн хамт Дэлгэрэхийн бүжигт орсон. Тэнд ороод 1 давхарт бүжгийн заалны үүдний хоёр дахь ширээн дээр гадуур хувцсаа тайлаад хар өнгийн үүргэвчинд гар утсаа хийгээд үлдээсэн. Тэгээд би 22:00 цагийн үед бүжиг тараад хувцсаа өмсөөд цүнхнээсээ утсаа гаргах гэсэн чинь миний гар утас байхгүй, гаднах гэр нь цүнхэнд байж байсан. Мөн орифлеймийн ЕХСIТЕ гэсэн нэртэй үнэртэй усны хамт алга болсон байсан. Тэгээд би хүний утсаар өөрийнхөө гар утас руу залгасан чинь дуудаж байсан. 2-3 удаа дуудаж байгаад сүүлдээ холбогдох боломжгүй болсон. Тэгэхээр нь цагдаа руу дуудлага өгсөн. Тухайн үед бид нарын хардаад байсан эмэгтэй тэнд байхгүй явчихсан байсан. Тухайн гар утас нь Самсунг А21 загварын бараан цэнхэр өнгийн тагтай, дэлгэцдээ шилэн наалттай гар утас байсан. Би тухайн гар утсыг одоогоос 2 жилийн орчим манай охин миний төрсөн өдрөөр өгч байсан. Тухайн үед миний гар утас 600,000 төгрөгийн үнэтэй байсан. Тухайн үнэртэй усыг манай эхнэр миний төрсөн өдрөөр буюу 2022 оны 06 дугаар сарын сүүлчээр авч өгч байсан. Тухайн усны зах зээлийн үнэ нь 45,000 төгрөг байдаг. Намайг алга болгох үед үнэртэй ус талаасаа дээгүүр байсан. Би гар утсаа буцааж авсан тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 хуудас/,
Гэрч Э.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би тус өдөр өөрийн ажил болох Дэлгэрэх хүнсний үйлдвэрт 19 цаг 00 минутын үед бүжиг болж иргэд ирж үйлчлүүлсэн. Тухайн орой 21:00 цагийн үед бүжиг тарах үед үйлчлүүлж байсан хоёр иргэн утсаа алдсан талаар надад мэдэгдсэн. Манайх уг нь камертай, харин тухайн өдөр хяналтын камер ажиллаагүй байсан. Би бүжиг болохоос хэд хоногийн өмнө манай байгууллагад ажилд орох талаар хүсэлт гарган ирж байсан М гэх Уянга сумын гаралтай эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сандал тэврээд хэвтээд байсан гэж тухайн үед үйлчлүүлсэн иргэд ярьж байсан. Би тухайн эмэгтэйг тус гар утаснуудыг хулгайлсан гэж сэжиглэж байна" гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №135 дугаартай “...Д.Дуламсүрэнгийн өмчлөлийн “Самсунг А52” загварын гар утас 180,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-21 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №136 дугаартай “...Н.Мишигдоржийн өмчлөлийн “Самсунг А21” загварын гар утас 292,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-44 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ”Ш.Маас саарал өнгийн Самсунг маркийн ардаа Band LTE гэсэн бичиглэлтэй 354266090188961 IMEI кодтой гар утсанд үзлэг хийж, хураан авав” гэсэн эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” /хх-ийн 12-14 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “хохирогч Н.Мишигдоржоор алдсан гэх гар утсыг таньж олуулах ажиллагаа явуулав” гэсэн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл” гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 61-62 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Самсунг А21 маркийн гар бараан цэнхэр өнгийн тагтай 1 ширхэг гар утсыг Намдагийн Мишигдоржид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 63 хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “...Самсунг А6 маркийн саарал өнгөтэй, ар талын таг хэсэгт Band LTE гэсэн бичиглэлтэй, 351266090188961 IMIE кодтой 1 ширхэг гар утсыг Долгорын Дуламсүрэнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 70 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2326000030030 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 72-73 хуудас/,
Шүүгдэгч Ш.Мын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны №08 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, охин М.Ариунгэрэл, М.Оюунгэрэл, М.Мөнхгэрэл, хүү А.Ганчөдөр нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 84-85, 89-91, 113-116, 94-108 хуудас/ зэрэг болно.
1.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Бавуудорж шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч .М нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний орой 19 цагаас 21 цаг 30 минутын хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх Индустрал” ХХК-ийн бүжгийн заалнаас хохирогч Д.Дуламсүрэнгийн өмчлөлийн “Самсунг-А6” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бусдад 180,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 11-ний орой 19 цагаас 21 цаг 30 минутын хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх Индустрал” ХХК-ийн бүжгийн заалнаас хохирогч Н.Мишигдоржийн өмчлөлийн “Самсунг-А21” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бусдад 292,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ш.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Хохирогч нарт эд зүйлийг хүлээлгэн өгсөн учир хохирогч нарт төлөх төлбөргүй. Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Ш.Мад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.М нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 11-ний орой 19 цагаас 21 цаг 30 минутын хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх Индустрал” ХХК-ийн бүжгийн заалнаас хохирогч Д.Дуламсүрэнгийн өмчлөлийн “Самсунг-А6” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 180,000 төгрөгийн,
Хохирогч Н.Мишигдоржийн өмчлөлийн “Самсунг-А21” маркийн гар утас, орифлеймын “Excite” нэртэй үнэртэй ус зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бусдад 292,000 төгрөгийн буюу бусдад нийт 472,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.М нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан:
Хохирогч Д.Дуламсүрэнгийн "...2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20:00 цагийн үед Дэлгэрэх хүнсний үйлдвэрт болдог бүжгэн дээр очсон. Тэнд очоод бүжгийн заалны 1 давхарт үүдний ширээн дээр гадуур хувцсаа тайлаад гар утсаа цүнхэндээ хийгээд цүнхээ гадуур хувцсандаа боогоод тавьчихсан байсан. Тэгээд 21:30 цагийн үед гэр лүүгээ харих гээд гадуур хувцсаа өмсөөд цүнхээ онгойлгоод үзсэн чинь миний гар утас байхгүй болсон байсан. Тэр хавьд байсан хүмүүсээс гар утсаа асуутал нэг танихгүй эмэгтэй “миний цүнхэнд ягаан өнгөтэй гар утасны гэр байна, хэнийх вэ” гэсэн. Тэгэхээр нь би “минийх байна, гар утас нь хаана байна” гэсэн чинь “мэдэхгүй, цүнхэнд ийм гар утасны гэр л хийчихсэн байна” гэсэн. Тухайн гар утас нь Самсунг А6 загварын саарал өнгөтэй, ар талын хэсэгтээ BAND LTE гэсэн бичиглэлтэй гар утас байсан. Би гар утсаа буцааж авсан тул надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 хуудас/,
Хохирогч Н.Мишигдоржийн “...2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20:00 цагийн үед найз Чукагийн хамт Дэлгэрэхийн бүжигт орсон. Тэнд ороод 1 давхарт бүжгийн заалны үүдний хоёр дахь ширээн дээр гадуур хувцсаа тайлаад хөр өнгийн үүргэвчинд гар утсаа хийгээд үлдээсэн. Тэгээд би 22:00 цагийн үед бүжиг тараад хувцсаа өмсөөд цүнхнээсээ утсаа гаргах гэсэн чинь миний гар утас байхгүй, гаднах гэр нь цүнхэнд байж байсан. Мөн орифлеймийн “ЕХСIТЕ” гэсэн нэртэй үнэртэй усны хамт алга болсон байсан. Тэгээд би хүний утсаар өөрийнхөө гар утас руу залгасан чинь дуудаж байсан. 2-3 удаа дуудаж байгаад сүүлдээ холбогдох боломжгүй болсон. Тухайн үед бид нарын хардаад байсан эмэгтэй тэнд байхгүй явчихсан байсан. Тухайн гар утас нь Самсунг А21 загварын бараан цэнхэр өнгийн тагтай, дэлгэцдээ шилэн наалттай гар утас байсан. Би гар утсаа буцааж авсан тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 хуудас/,
Гэрч Э.Дэлгэрмаагийн "...Би тус өдөр өөрийн ажил болох Дэлгэрэх хүнсний үйлдвэрт 19 цаг 00 минутын үед бүжиг болж иргэд ирж үйлчлүүлсэн. Тухайн орой 21:00 цагийн үед бүжиг тарах үед үйлчлүүлж байсан хоёр иргэн утсаа алдсан талаар надад мэдэгдсэн. Манайх уг нь камертай, харин тухайн өдөр хяналтын камер ажиллаагүй байсан. Би бүжиг болохоос хэд хоногийн өмнө манай байгууллагад ажилд орох талаар хүсэлт гарган ирж байсан М гэх Уянга сумын гаралтай эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сандал тэврээд хэвтээд байсан гэж тухайн үед үйлчлүүлсэн иргэд ярьж байсан. Би тухайн эмэгтэйг тус гар утаснуудыг хулгайлсан гэж сэжиглэж байна" гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №135 дугаартай “...Д.Дуламсүрэнгийн өмчлөлийн “Самсунг А52” загварын гар утас 180,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-21 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №136 дугаартай “...Н.Мишигдоржийн өмчлөлийн “Самсунг А21” загварын гар утас 292,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-44 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ”Ш.Маас саарал өнгийн Самсунг маркийн ардаа Band LTE гэсэн бичиглэлтэй 354266090188961 IMEI кодтой гар утсанд үзлэг хийж, хураан авав” гэсэн эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” /хх-ийн 12-14 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “хохирогч Н.Мишигдоржоор алдсан гэх гар утсыг таньж олуулах ажиллагаа явуулав” гэсэн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл” гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 61-62 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Самсунг А21 маркийн гар бараан цэнхэр өнгийн тагтай 1 ширхэг гар утсыг Намдагийн Мишигдоржид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 63 хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “...Самсунг А6 маркийн саарал өнгөтэй, ар талын таг хэсэгт Band LTE гэсэн бичиглэлтэй, 351266090188961 IMIE кодтой 1 ширхэг гар утсыг Долгорын Дуламсүрэнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 70 хуудас/,
Шүүгдэгч Ш.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.М нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Дуламсүрэн, Н.Мишигдорж, гэрч Э.Дэлгэрмаа нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, камерын бичлэг зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно.
Шүүгдэгч Ш.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангах тухай ойлголт нь нэг санаа зорилгоор хэд хэдэн объектод халдсан тухай ойлголт бөгөөд шүүгдэгч Ш.Мад холбогдох эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ш.Мыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.Дуламсүрэн, Н.Мишигдорж нар нь хулгайд алдсан гар утсаа хүлээж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Самсунг А21 маркийн гар бараан цэнхэр өнгийн тагтай 1 ширхэг гар утсыг Намдагийн Мишигдоржид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 63 хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “...Самсунг А6 маркийн саарал өнгөтэй, ар талын таг хэсэгт Band LTE гэсэн бичиглэлтэй, 351266090188961 IMIE кодтой 1 ширхэг гар утсыг Д.Дуламсүрэнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 70 хуудас/, хохирогч Д.Дуламсүрэнгийн шүүхэд ирүүлсэн “Би алдсан гар утсаа буцааж авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, хохирогч Н.Мишигдоржийн шүүхэд ирүүлсэн “Алдсан гар утсаа буцааж авсан. Мөн алдсан гэх тал хэмжээтэй үнэртэй усаа нэхэмжлэхгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Ш.Мыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Бавуудорж шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Ш.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол төлбөрийн хэмжээ, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ш.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ш.М нь урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байтал энэ хугацаанд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” тус тус хуульчилсан байна. Иймд шүүгдэгч Ш.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Хохирогч Д.Дуламсүрэн, Н.Мишигдорж нарт хулгайд алдагдсан эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн. Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас шүүгдэгч Ш.М нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Ш.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн шинж, учруулсан хор хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар тооцож биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 40 хоногийн хугацаагаар тогтоох, эдлэх ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг тус тус гаргаж байна. Мөн Гэр бүлийн тухай хуульд зааснаар Ш.Мын асрамжид байдаг 1-13 насны 4 хүүхдийг эцэг Алтангэрэлийн асрамжид үлдээх саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Мад ял шийтгэл оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Мад Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг үйлдсэн шинээр үйлдвэл түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна” гэж хуульчилсан.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, нэг сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,
Шүүгдэгч Ш.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан арван нэгэн сар хорин тав хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Дуламсүрэн, Н.Мишигдорж нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдийг асран хамгаална” гэж,
Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ш.М нь нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг талаар мэдүүлдэг, энэ талаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт хэрэгт авагдсан байгаа хэдий ч түүний 2012 оны 11 дүгээр сарын 26-нд төрсөн охин М.Оюунгэрэл, 2017 оны 06 дугаар сарын 14-нд төрсөн охин М.Мөнхгэрэл, 2019 оны 05 дугаар сарын 26-нд төрсөн охин М.Ариунгэрэл нар нь шүүгдэгч Ш.Маар овоглосон, шүүгдэгч нь гэрлэж байгаагүй зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Мын 1-11 насны 4 хүүхдийг эцэг Алтангэрэлийн асрамжид үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан боловч Алтангэрэл нь шүүгдэгч Ш.М, түүний хүүхдүүдтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болохыг, мөн хүүхдүүдийг асран хамгаалах эрх бүхий хүн болох талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Ш.Мын 2012 оны 11 дүгээр сарын 26-нд төрсөн охин М.Оюунгэрэл /РД:ЙО12312604/, 2017 оны 06 дугаар сарын 14-нд төрсөн охин М.Мөнхгэрэл /РД:ЙО17261409/, 2019 оны 05 дугаар сарын 26-нд төрсөн охин М.Ариунгэрэл /РД:ЙО19252686/, 2022 оны 02 дугаар сарын 08-нд төрсөн хүү А.Ганчөдөр /РД:ЙО22220851/ нарт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц асран хамгаалагч тогтоохыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Мад хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ХДМыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ХДМыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 1 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мад оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Ш.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Дуламсүрэн, Н.Мишигдорж нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Ш.Мын 2012 оны 11 дүгээр сарын 26-нд төрсөн охин М.Оюунгэрэл /РД:ЙО12312604/, 2017 оны 06 дугаар сарын 14-нд төрсөн охин М.Мөнхгэрэл /РД:ЙО17261409/, 2019 оны 05 дугаар сарын 26-нд төрсөн охин М.Ариунгэрэл /РД:ЙО19252686/, 2022 оны 02 дугаар сарын 08-нд төрсөн хүү А.Ганчөдөр /РД:ЙО22220851/ нарт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц асран хамгаалагч тогтоохыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ