| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00164/И |
| Дугаар | 00241 |
| Огноо | 2019-05-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 00241
| 2019 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2019/00241 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багт оршин суух, Олхонод овогт Гийн Б /../-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 153/2019/00164/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Г.Б нь 1964 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 1980 онд 8-р анги төгсөөд эцэг эхийн хамт 1980 оны 06 дугаар сараас 1982 оны 06 дугаар сар хүртэл мал маллаж байгаад 1982 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1985 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд мал малласан. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй байгаа. Хөдөлмөр хөлс нь өөрийнхөн нэрээр гарсан. Иймд Г.Бийн Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1985 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Г.Бийн Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1985 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодуурллаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Б нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1985 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 80 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын Тахилт бригадын 1980-1981, 1986-1989 оны 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн даргын 1985 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай Цэргээс ирсэн залуусыг ажилд томилох тухай тушаалын хуулбар, 1989 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр олгосон Аваргын диплом, 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Диплом, 1991 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр олгосон Баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1990 оны 2 дугаар сарын 16-ны өдөр олгосон Аварга малчин залуу цолоор шагнасан дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.Нямжавын ....Б нь Гиваа гэж хүний хүүхэд байгаа. Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан нь үнэн. Би оныг нь санахгүй байна. Нэгдэлд мал маллаж байгаад цэрэгт явсан цэргээс ирээд тус нэгдэлдээ малаа малласан. Одоо ч гэсэн хувийн малаа маллаж байна. Г.Б нь 8 дугаар анги төгссөн гэж хэлсэн. Бийн ээж нь өрх толгойлсон ганц бие эмэгтэй байна. Ээжийнх нь нэрийг Гиваа гэдэг. Гиваа 4 эрэгтэй хүүхэдтэй хүн байсан. Мундаг ажилсаг залуучууд байсан. Б нь айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Цогоо, Б, Батлаа гэсэн 3 залуугийнх нь нэрийг санаж байна. Г.Б үржлийн бог мал маллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Д.Алтангадасын ....Би 1975-1978 онд цэрэгт явсан. 1978 оны 8 дугаар сараас Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 2 дугаар бригадын аж ахуйн эрхлэгчээр ажилд орж, 1982 он хүртэл ажилласан. 1982 оноос 1997 онуудын хооронд Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харъяа Чандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны нярав, түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан....Б нь Гиваа гэж хүний залуу л даа. Аав байхгүй ээжтэйгээ амьдардаг залуу байсан юм. Г.Б нь 1980 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан. 1982-1985 онуудад цэргийн алба хаасан. 1985 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдлийнхээ 2 дугаар бригад буюу Тахилт бригадад малчнаар ажилласан. Тэгээд нэгдэл 1992 онд хувьчлагдах хүртэл ажилласан юм. Г.Б нь Улсын залуу аварга малчин болж байсан. Ээжийнх нь нэрийг Гиваа гэдэг. Г.Б нь айлын том хүүхэд байгаа юм. Дүү нарынх нэрийг Цогоо, Батмөнх, Хаш гэдэг. Эхнэрийнх нь нэрийг Дуламжав гэдэг билүү Дуламсүрэн гэдэг билүү. Дуламсүрэн л гэдэг санагдаад байна. Бид нар Дууяа л гэж дууддаг юм. Нэг нутгийн нэг голын хүмүүс байгаа юм. Тэр үед Худалдаа бэлтгэлийн анги нь сумынхаа нэгдлийн түүхий эдийг малчдаас нь авдаг байсан юм. Малчид тус бүрээс нь явж ч авдаг байсан, малчид өөрсдөө ч авчирдаг байсан. Тэгэж Г.Бийн ажиллаж байсан байдлын талаар мэдэж байна.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-15, 27-29, 35-36, 37-38 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 153/ШЗ2019/00639 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г.Бийг ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан боловч нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжид заасан хугацаанд улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх тул шүүгчийн захирамжийг биелэлтийг хангаж, нэхэмжлэгч Г.Бөөс улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Олхонод овогт Гиваагийн Бийн Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1985 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 153/ШЗ2019/00639 дугаартай шүүгчийн захирамжаар биелэлтийг хангаж, нэхэмжлэгч Г.Бөөс улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ