| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00127/И |
| Дугаар | 00242 |
| Огноо | 2019-05-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 00242
| 2019 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2019/00242 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 5-41 тоотод оршин суух, Эмч овогт Ц-ийн Н / /-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 153/2019/00127/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Ц.Н нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Н миний бие нь 1966 оны 7 дугаар сарын 31-нд Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн. 1975 оноос 1981 он хүртэл Ховд аймгийн Дуут суманд 7 дугаар анги төгссөн. 1981 оноос 1984 он хүртэл эцэг, эхийн хамтаар Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Шивэр бригадад мал маллаж байгаад 1984 оноос Ховд аймгийн Нийтийн Аж ахуйн үйлчилгээний газарт оёдолчноор 1990 он хүртэл ажилласан.
Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтрийн бичилт хагас дутуу бичигдсэн учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд Ц.Н намайг Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Шивэр бригадад 1981 оны 7 дугаар сарын 22-ноос 1984 оны 7 дугаар сарын 22-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ
Нэхэмжлэгч Ц.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эцэг эхийнхээ малчнаар ажиллаж байсан жилээс хоёр жил авах гэж нэхэмжлэл гаргасан. Би бага насандаа эцэг, эхийнхээ хамт мал маллаж байсан. Намайг Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Шивэр бригадад 1981 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....8-р анги төгсөөд Ховд аймгийн Жаргалант сумын 1-р 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг 1984 онд төгссөн....Цалин авдаггүй байсан. Би эцэг эхдээ тусалдаг байсан....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Н нь 1982 оны 6 дугаар сард Ховд аймгийн Дуут сумын 8-н жилийн дунд сургуулийн 8б ангийг төгссөн болох нь Ховд аймгийн Дуут сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1981-1982 оны хичээлийн жилийн 8б ангийн журналын хуулбарууд, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, мөн 1984 оны 6 дугаар сард Ховд аймгийн Жаргалант сумын төвийн 1 дүгээр 10-н жилийн сургуулийн 10б ангийг төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн болох нь Ховд аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори нэгдүгээр сургуулийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 140 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 27-29, 30-36 дугаар тал/
Дээрх баримтуудаар нэхэмжлэгч Ц.Н нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Шивэр бригадад 1981 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байгаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хавтаст хэргийн 10-13 дугаар хуудсанд авагдсан иргэн Х.Бямбажав, Н.Бэгз нарын иргэний үнэмлэхний хуулбар болон тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 25-26 дугаар хуудсанд авагдсан гэрч Х.Цагаанцоожийн мэдүүлэг нь дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Эмч овогт Цагаанхүүгийн Нын Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Шивэр бригадад 1981 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ