| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямын Амарзаяа |
| Хэргийн индекс | 118/2019/0017/З |
| Дугаар | 118/ШШ2020/0001 |
| Огноо | 2020-01-21 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 118/ШШ2020/0001
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
батлах тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа би Ашигт малтмалын хайгуулын XV-020146 дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа Завхан аймгийн Алдархаан болон Дөрвөлжин сумын Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг тухайн Засаг дарга нарт даалгуулах шаардлага бүхий Шижир ресорсиз ХХК-ийн нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Холбогдох хууль зүйн эх сурвалжийг ашиглан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.
Шижир ресорсиз ХХК нь Завхан аймгийн Алдархаан болон Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт байрлах Баруун баян нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-020146 дугаартай тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу 2017 оноос эзэмшиж буй бөгөөд тус тусгай зөвшөөрөлтэй талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж байна. Тус тусгай зөвшөөрлийг сунгуулах хугацаа болсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.3-т зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөө шаардлагатай тус ашигт малтмалын хайгуулын XV-020146 дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус хуулийн 40.1-т заасны дагуу Завхан аймгийн Алдархаан болон Дөрвөлжин сумын Засаг даргаар батлуулахаар хандсан боловч тэдгээрээс батлах боломжгүй тухай агуулга бүхий дараах хариу өгсөн байна. Үүнд,
1. Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/284 дугаартай албан бичгээр,
2. Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргаас хариу өгөөгүй.
Завхан аймгийн Алдархаан болон Дөрвөлжин сумын Засаг дарга нараас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй нь ашигт малтмалын хайгуулын XV-020146 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах, энэ тухай хүсэлтийг Шижир ресорсиз ХХК-иас Ашигт малтмал, Газрын тосны Газрын кадастрын хэлтэст гаргах боломжгүйд хүргэх ноцтой үр дагавартай нь нэхэмжлэгчид хохиролтой байна. Тиймээс Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/284 дугаартай албан бичгээр өгсөн хариу болон Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргаас хариу өгөөгүй эс үйлдэхүйг үндэслэлгүй гэж үзэж Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар тус хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасан этгээдэд гомдол гаргасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5-д заасны дагуу захиргааны актыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1204 дугаартай албан бичгээр Шижир ресорсиз ХХК-д хариу мэдэгдсэн байна. Дээд шатны захиргааны шийдвэрийг Шижир ресорсиз ХХК үл хүлээн зөвшөөрч буй тул ашигт малтмалын хайгуулын XV-020146 дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Завхан аймгийн Алдархаан болон Дөрвөлжин сумын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус тул алдаатай захиргааны акт гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын хайгуулын XV-020146 дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлаагүй Завхан аймгийн Алдархаан болон Дөрвөлжин сумын Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг тэдгээр Засаг даргад даалгана уу гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Батмөнх миний бие Шижир ресорсиз ХХК-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Алдархаан болон Дөрвөлжин сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шижир ресорсиз ХХК нь Завхан аймгийн Алдархаан, Дөрвөлжин сумдын нутаг дэвсгэр дэх XV-020146 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг тухайн Засаг дарга нарт даалгуулах нэхэмжлэлийг Завхан аймгийн Алдархаан, Дөрвөлжин сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаа тайлбарыг шүүхэд өгсөн байна.
Шижир ресорсиз ХХК-ийн ерөнхий захирал Даниел Майкл Пауэр 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19/006 дугаар албан бичгээр Б.Батмөнхөд итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8-д заасан бүрэн эрхийг олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах эрхтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч Шижир ресорсиз ХХК нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй-г дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Шижир ресорсиз ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Шижир ресорсиз ХХК нь Ашигт малтмалын хайгуулын XV-020146 дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа Завхан аймгийн Алдархаан болон Дөрвөлжин сумын Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг тухайн Засаг дарга нарт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулахыг шүүгчийн туслах П.Янжмаад даалгасугай
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА