Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 118/ШШ2020/0001

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

батлах тухай

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа би Ашигт малтмалын хайгуулын XV-020146 дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа Завхан аймгийн ******* болон ******* сумын Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг тухайн Засаг дарга нарт даалгуулах шаардлага бүхий ******* ХХК-ийн нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Холбогдох хууль зүйн эх сурвалжийг ашиглан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

******* ХХК нь Завхан аймгийн ******* болон ******* сумын нутаг дэвсгэрт байрлах нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-020146 дугаартай тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу 2017 оноос эзэмшиж буй бөгөөд тус тусгай зөвшөөрөлтэй талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж байна. Тус тусгай зөвшөөрлийг сунгуулах хугацаа болсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.3-т зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөө шаардлагатай тус ашигт малтмалын хайгуулын XV-020146 дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус хуулийн 40.1-т заасны дагуу Завхан аймгийн ******* болон ******* сумын Засаг даргаар батлуулахаар хандсан боловч тэдгээрээс батлах боломжгүй тухай агуулга бүхий дараах хариу өгсөн байна. Үүнд,

1.    Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/284 дугаартай албан бичгээр,

2.    Завхан аймгийн ******* сумын Засаг даргаас хариу өгөөгүй.

Завхан аймгийн ******* болон ******* сумын Засаг дарга нараас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй нь ашигт малтмалын хайгуулын XV-020146 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах, энэ тухай хүсэлтийг ******* ХХК-иас Ашигт малтмал, Газрын тосны Газрын кадастрын хэлтэст гаргах боломжгүйд хүргэх ноцтой үр дагавартай нь нэхэмжлэгчид хохиролтой байна. Тиймээс Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/284 дугаартай албан бичгээр өгсөн хариу болон Завхан аймгийн ******* сумын Засаг даргаас хариу өгөөгүй эс үйлдэхүйг үндэслэлгүй гэж үзэж Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар тус хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасан этгээдэд гомдол гаргасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5-д заасны дагуу захиргааны актыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1204 дугаартай албан бичгээр ******* ХХК-д хариу мэдэгдсэн байна. Дээд шатны захиргааны шийдвэрийг ******* ХХК үл хүлээн зөвшөөрч буй тул ашигт малтмалын хайгуулын XV-020146 дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Завхан аймгийн ******* болон ******* сумын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус тул алдаатай захиргааны акт гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын хайгуулын XV-020146 дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлаагүй Завхан аймгийн ******* болон ******* сумын Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг тэдгээр Засаг даргад даалгана уу гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Б.******* миний бие ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* болон ******* сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ХХК нь Завхан аймгийн *******, ******* сумдын нутаг дэвсгэр дэх XV-020146 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг тухайн Засаг дарга нарт даалгуулах нэхэмжлэлийг Завхан аймгийн *******, ******* сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаа тайлбарыг шүүхэд өгсөн байна.

******* ХХК-ийн ерөнхий захирал ******* ******* 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19/006 дугаар албан бичгээр Б.*******өд итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8-д заасан бүрэн эрхийг олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах эрхтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй-г дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан ******* ХХК нь Ашигт малтмалын хайгуулын XV-020146 дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа Завхан аймгийн ******* болон ******* сумын Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг тухайн Засаг дарга нарт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулахыг шүүгчийн туслах П.Янжмаад даалгасугай

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА