| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2019/00458/И |
| Дугаар | 505 |
| Огноо | 2019-10-31 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 505
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 5 дугаар баг, 2 дугаар хэсэг, 103 тоотод оршин суух, Хариад овогт Оюунцэцэгийн Мөнгөнцацрал /РД:МЮ85072560/ -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, Салхит, 2 дугаар хэсэг гудамж, 026 тоотод оршин суух, Хойд овогт Сүхбаатарын Одбаяр /РД:МЮ84112915/ -т холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч О.Мөнгөнцацрал, хариуцагч С.Одбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Мөнгөнцацрал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Миний бие О.Мөнгөнцацрал нь 2009 оны 11-р сард С.Одбаяртай танилцан 2010 оны 05-р сараас эхлэн гэр бүлийн харьцаатай болж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 3-р баг 2-р хэсэг 026 тоотод хашаа байшинг худалдан авч хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 02-р сарын 26-нд хүү О.Мэргэн. 2014 оны 10-р сарын 06-нд охин О.Цэлмэг, 2017 оны 01-р сарын 24-нд хүү О.Мөрөн нар мэндэлсэн. Би гэрлэлтээ албан ёсоор батлуулах гэхэд нөхөр С.Одбаяр нь ...дараа салахад амар, батлуулж яах юм" гэж дургүйцээд гэрлэлтээ батлуулаагүй. Хамтран амьдарч байх хугацаанд нөхөр С.Одбаяр нь гэр бүлээс гадуур харьцаатай болж. зан ааш нь эвдэрч, архи огт уудаггүй байснаа архи уудаг болж, үе үе надад гар хүрч зодох болсон. Ингээд С.Одбаяр нь 2019 оны 06-р сарын 19-ний өдөр гэрээсээ яваад тэрнээс хойш бараг ирээгүй. Одоо өөр хүнтэй хамтран амьдарч байгаа. Бид цаашид эвлэрэн. дахин хамт амьдрах боломжгүй болсон тул 2011 оны 02-р сарын 26-нд төрсөн хүү О.Мэргэн, 2014 оны 10-р сарын 06-нд төрсөн охин О.Цэлмэг. 2017 оны 01-р сарын 24-нд төрсөн хүү О.Мөрөн нарын эцэг нь Г Одбаяр мөн болохыг тогтоож, түүнээс 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.
Тэрээр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... 2010 оноос эхлэн хамтран амьдарсан. Тэгээд энэ хүн гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн. Энэ явдлаасаа болоод намайг удаа дараа зодож дарамталдаг байсан. Эхэндээ би хүүхдүүдээ бодоод тэвчсэн, сүүлдээ аргаа бараад 2019 оны 6 сард салахаар шийдээд шүүхэд өргөдөл гаргасан. Цаашид энэ хүнтэй амьдрах сонирхол боломж байхгүй. Одоо энэ хүн өөр хүнтэй амьдарч байгаа. Нэгэнт энэ хүн хүүхдүүдээ минийх гэж хүлээн зөвшөөрч байгаа учраас эцэг тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна. Одоо энэ хүнээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгоод салмаар байна гэх.
Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... 2010 оноос хойш хамтран амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд 3 хүүхэдтэй болсон. 2017 оноос хойш үл ойлголцол үүсээд ийм байдалд хүрсэн. Хүүхдийн тэтгэлэгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ..
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.Мөнгөнцацралын тус шүүхэд гаргасан ...хүүхдүүдийн эцэг С.Одбаяр мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ... С.Одбаярыг 3 хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, харин 3 хүүхэддээ хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэх тайлбар, хариуцагчаас ...3 хүүхдийн эцэг мөн тул хүүхдийн тэтгэлэг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбар, хавтаст хэргийн 1-8, 17, 20-21 дүгээр талд авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас 3 хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон (187.100:2х12=1.122.600 төгрөг*3=3.367.800 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 68.835 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү О.Мэргэн, 2014 рны 10 сарын 06-ны өдөр төрсөн охин О.Цэлмэг, 2017 оны 01 сарын 24-ний өдөр төрсөн хүү О.Мөрөн нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 / -тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Одбаяраар сар бүр тэжээн тэтгүүлж, эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас 3 хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжид 68.835 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах, хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Хариуцагч энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
7. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН