| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2019/00496/И |
| Дугаар | 511 |
| Огноо | 2019-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 511
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 3 дугаар баг, Бугант тосгон, Чулуутын 2-20 тоотод оршин суух, Боржигон овогт Даваанямын Эрдэнэбат /РД:МТ89122518/ -ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 5 дугаар баг, Бор гүвээ, 5-р хэсэг гудамж, 115 тоотод оршин суух, Хасууд овогт Даваадоржийн Сумъяа /РД:МЭ84081301/ -д холбогдох,
Зээлийн төлбөрт нийт 8.760.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Д.Эрдэнэбат, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Д.Эрдэнэбат миний бие Д.Сумъатай Төрийн банкинд хамт ажилладаг байсан бөгөөд 2018 оны 05 дугаар сарын сүүл үеэр хэрэглээний зориулалттай цалингийн зээл авсан бөгөөд, зээлээ зарцуулаагүй байтал 2018 оны 08 дугаар сарын эхээр Д.Сумъяа нь холбогдож, улмаар түүний хүсэлтээр түүнд 6.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Д.Сумъяа нь өөрөө тодорхой хэмжээгээр хүүгээ бодож өгнө гэсэн бөгөөд миний бие өөрөө хүү тогтоож барьсан зүйл байхгүй. Тодорхой хугацаа тахироогүй аль болох богино хугацаанд хүүгийн хамт эргүүлэн төлнө гэж тохиролсон. Зээлдүүлснээс хойш нэг сарын дараагаас мөнгөө нэхсэн бөгөөд Сумъяагийн хувьд Зээл хөөцөлдөж байгаа, компани байгуулж байгаа, том зээл авах гэж байгаа, удахгүй өгнө, хүлээж бай гэх мэт хариу өгдөг байсан. Олон шалтаг тоочсоор байгаад жил тойрсон бөгөөд 2019 оны хавар хамгийн сүүлд утсаар ярьсан бөгөөд, түүнээс хойш утсаа авахгүй болсон. Цалингийн зээлээ аваад Сумъяад өгсөн учраас үндсэн зээл 6.000.000 төгрөг, мөн өөрсдийн банкинд төлсөн 2.760.000 төгрөгийн хүү нийт 8.670.000 төгрөгийг нэхэмжилнэ. Иймд Сумъяагаас 8.760.000 /найман сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэх.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 6.000.000 төгрөг зээлсэн. Тэгээд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг аваагүй. Тухайн үед би цалингийн зээл авсан байсныг Сумъяа өөрийн албан тушаалаа ашиглан миний дансны хуулгыг харж намайг мөнгөтэй гэдгийг мэдээд надаас 6.000.000 төгрөг зээлээч гэж гуйсан. Тэгээд тус мөнгийн зээлэхдээ 14 хоногийн хугацаатай зээлээч буцааж өгөхдөө тодорхой хэмжээний хүүтэй буцааж өгнө гэж авсан. Нэг байгууллагад хамт аижллагдаг байсан болохоор би Сумъяад итгээд мөнгө зээлсэн. Тэгээд зээлсэнээс хойш 15 сарын хугацаанд би 2.931.000 төгрөгийн хүү төлсөн. Нийт 8.760.000 төгрөг Сумъяагаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр өгсөн / хх 20 / тайлбартаа ... Д.Эрдэнэбатаас тодорхой хэмжээний мөнгө зээлсэн ба бидний хооронд хийсэн гэрээ байхгүй гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд бичгээр болон амаар өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэбатын шүүхэд гаргасан ... хариуцагч Д.Сумъяагаас үндсэн зээл 6.000.000 төгрөг, банкинд төлсөн 2.760.000 төгрөгийн хүү, нийт 8.760.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь; Зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч Д.Эрдэнэбат, зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч Д.Сумъяа нарын хооронд 2018 оны 08 сарын 06-ны өдөр аман хэлцэл хийж, зээлдүүлэгч нь тухайн үед Төрийн банкнаас зээлдсэн байсан 6.000.000 төгрөгийг зээлдэгчийн хүсэлтээр тодорхой хэмжээний хүү бодож, аль болох богино хугацаанд хүүгийн хамт эргүүлж өгч, авалцахаар тохиролцсон бөгөөд нэг сарын дараагаас зээлдүүлэгч тал мөнгөө нэхсэн боловч зээлдэгчээс зээлээ төлөхгүй өдийг хүрсэн тул нэхэмжлэгч нь үндсэн зээл 6.000.000 төгрөг, мөн зээлдүүлэгчийн зүгээс банкинд төлсөн зээлийн хүү болох 2.760.000 төгрөг, нийт 8.760.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд зохигчийн хооронд үндсэн зээлийн 6.000.000 төгрөгийн шаардлага дээр маргаангүй байгаа нь талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасан ... зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй.
Талууд дээрх зээлийн гэрээнд тодорхой хугацаа тогтоогоогүй гэх боловч нэхэмжлэгчээс аль болох богино хугацаа / 14 хоног / - нд зээлийг хүүгийн хамт эргүүлэн төлөхөөр хариуцагчтай тохиролцсон бөгөөд зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 283 дугаар 283.1-д ... зээлийг зээлдүүлэгчийн шаардсанаар буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэхээр зохицуулсан ба хэргийн 1 - 9, 32 - 33, 38 - 40 дугаар талд авагдсан зээлдэгч Д.Эрдэнэбатын Төрийн банктай байгуулсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, хариуцагч Д.Сумъяа нь Д.Эрдэнэбатаас 6.000.000 төгрөгийг 2018 оны 08 сарын 06-ны өдөр зээлдэн авсан гэх ХААН банкны дансны хуулга, Д.Эрдэнэбатын Төрийн банкны зээлийн дансны хуулга зэргээс үзэхэд; тэрээр 2018 оны 08 сарын 06-ны өдрөөс 2019 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны дансны хуулгаар тус банкны зээлийн хүүд 2.931.037.94 төгрөг төлсөн болох нь нотлогдож байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д зааснаар ... хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон зохигчийн тайлбар зэргээс үзэхэд; зохигч харилцан тохиролцож хүү тогтоогоогүй, энэ тухай гэрээг бичгээр хийгээгүй гэх боловч нэхэмжлэгч нь банкнаас авсан зээлийн мөнгөнөөс 6.000.000 төгрөгийг хариуцагчид зээлдсэний улмаас уг зээлийн эргэн төлөлтийн хүүд 2018 оны 08 сарын 06-наас 2019 оны 10 сарыг хүртэл нийт 2.760.000 төгрөгийг төлсөн ба хэрвээ би банкнаас зээлдсэн 6 сая төгрөгийн зээлээ дээрх хугацаанд банкинд хадгалуулсан бол хадгаламжийн хүүд 2.760.000 төгрөгийн орлого олох байсан тул энэ мөнгөө хохиролд тооцож нэхэмжилж байна гэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар ... үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-д зааснаар ... гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор тус тус зохицуулсаны дагуу дээрх хохирол буюу орлого / 2.760.000 төгрөг /- ыг нэхэмжлэгчээс гаргуулах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзнэ.
Харин хариуцагчаас ... бидний хооронд зээлийг гэрээг бичгээр хийгээгүй тул хүү төлөхгүй гэж тайлбарласан боловч, зохигчийн хооронд зээлийн хүү төлөхөөр тохиролцоогүй, хүү төлөх үндэслэлгүй бөгөөд тэрээр нэхэмжлэгчид учирсан гэх дээрх хохирлыг төлөхгүй гэх буюу түүнийг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй, нотлоогүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 115.110 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Сумъяагаас 8.760.000 төгрөг гаргуулж Д.Эрдэнэбатад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115.110 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 115.110 төгрөгийг нөхөн гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН