Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/485

 

2023         05         09                                     2023/ШЦТ/485           

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,

Улсын яллагч: Э.Билгүүн,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Гансүх,

Шүүгдэгч: З.Б нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З.Бхолбогдох эрүүгийн 2309 00681 0759 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “А” танхимд 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 20... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “П” гэх нэртэй лоунжны захирал ажилтай гэх, ам бүл 5, эцэг, эхийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, З.Б,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч З.Б нь 2023 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” плазагийн 7 давхарт үйл ажиллагаа явуулдаг “П” гэх нэртэй лоунжид ажиллаж байхдаа тус газраар үйлчлүүлж байсан иргэн Е-тэй үл ойлголцож, улмаар түүний найзууд гэх Б.Э нарын хүмүүстэй хэрүүл маргаан үүсгэж, хохирогч Б.Э-ын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь эрүү ясны хоёрлосон хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.Б нь 2023 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” плазагийн 7 давхарт үйл ажиллагаа явуулдаг “П” гэх нэртэй лоунжид ажиллаж байхдаа тус газраар үйлчлүүлж байсан иргэн Е-тэй үл ойлголцож, улмаар түүний найзууд гэх Б.Э нарын хүмүүстэй хэрүүл маргаан үүсгэж, хохирогч Б.Э-ын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь эрүү ясны хоёрлосон хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал, 24 дүгээр тал/, гэрч З.Б-ын гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/, гэрч Б.Е-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/, гэрч Е.Б-И-н мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар тал/, гэрч М.А-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр тал/, гэрч Т.Ц-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар тал/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг хавтаст хэргийн 44-45 дугаар тал/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/, гэрч Б.Х-ийн  мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2260 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дугаар тал/, яллагдагч З.Б-ын Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 79 дүгээр тал/, хохирол төлбөрт шилжүүлсэн мөнгөний гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 80-85 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч З.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч Б.Э-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөрт 287.200 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч З.Болдбаатар нь нийт 2.016.500 төгрөгийг хохирогч Б.Э-ын эмчилгээний төлбөрт шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан мэдүүлгээр баримтаар нэхэмжилсэн бензиний зардал 90.500 /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/ болон мэдүүлгээр тогтоогдсон 195.900 төгрөг төлөгдөөгүй болох нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт З.Б-аас 286.400  /хоёр зуун наян зургаан мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Э-т олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч З.Б нь хохирогч Б.Э-т учирсан 286.400  /хоёр зуун наян зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

Хохирогч Б.Э нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч З.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч З.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч З.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч З.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Б-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч З.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Б-аас 286.400  /хоёр зуун наян зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Э-т олгосугай.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирогч Б.Э нь цаашид энэ гэмт хэргийн улмаас гарах гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Д.ОРХОНТАМИР