| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2019/02750/И |
| Дугаар | 101/ШШ2019/03025 |
| Огноо | 2019-11-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2019/03025
2019 оны 11 сарын 05 өдөр Дугаар 101/ШШ2019/03025 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н /регистрийн дугаар *******/-т холбогдох
Барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх, зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 3.420.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
Ц.Нийн зээлийн гэрээний үүрэгт 2.250.000 төгрөгийг С.Боос гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч С.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Б миний бие Ц.Нтэй 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 3.500.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн.
Зээлийн гэрээ байгуулсан өдрөө барьцааны гэрээ байгуулж, барьцааны гэрээгээр эгч С.Э*******ын хамтран өмчлөх Налайх дүүрэг, 2 дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, 31 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан.
Би зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж үндсэн зээлэнд 3.500.000 төгрөг, 6 сарын хүүнд 1.680.000 төгрөг төлж дуусгасан.
Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул орон сууцаа барьцаанаас чөлөөлүүлэх гэтэл Ц.Н нь намайг 3.000.000 төгрөгийг нэмж төл гэхээр нь хэлснээр нь 3.000.000 төгрөгийг төлсөн боловч миний эд хөрөнгийг барьцаанаас суллаж өгөөгүй, нотариат ч барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлтийг шийдэж өгөөгүй юм.
Миний бие өөрийн ХААН банкны ******* тоот данснаас 2019.06.14-нд 3.000.000 төгрөг, 2018.04.01-нд 560.000 төгрөг, 2018.08.05-нд 560.000 төгрөг, 2018.06.13-нд 280.000 төгрөг, 2018.08.08-нд 280.000 төгрөг, 2018.10.20-нд 560.000 төгрөг, 2018.11.30-нд 280.000 төгрөг, 2017.03.29-нд 565.000 төгрөг, 2017.04.05-нд 280.000 төгрөг, 2017.07.06-нд 280.000 төгрөг, нийт 6.645.000 төгрөгийг Ц.Нийн ХААН банкны ******* тоот дансанд шилжүүлсэн.
Мөн н.Ц*******гийн ХААН банкны тоот данснаас 2017.06.08-ны өдөр 280.000 төгрөг, П.Ганзоригийн ХААН банкны тоот данснаас 2017.09.09-нд 560.000 төгрөг, банкнаас данс руу нь 2017.10.09-ний өдөр 280.000 төгрөг, н.Цгийн ХААН банкны тоот данснаас 2017.11.11-нд 280.000 төгрөг, С.Сийн ХААН банкны тоот данснаас 2018.03.07-нд 560.000 төгрөг, нийт 1.960.000 төгрөгийг Ц.Нт шилжүүлсэн.
Ингээд нийт дээрх зээлийн гэрээний үүрэгт өөрийн данснаас 6.645.000 төгрөг, бусдын данснаас 1.960.000 төгрөг, нийт 8.605.000 төгрөгийг Ц.Нт төлсөн.
Миний бие дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3.500.000 төгрөг, хүү 1.680.000 төгрөг, нийт 5.180.000 төгрөг төлөхөөс 8.605.000 төгрөг төлж, 3.425.000 төгрөг илүү төлсөн тул 3.420.000 төгрөгийг буцааж Ц.Нээс гаргуулах хүсэлтэй.
Дээрх зээлийн гэрээний хугацаа сунгасан зүйл байхгүй, би авсан зээлээ төлөх ёстой гэж бодоод сар бүр 280.000 төгрөг төлж байсан, зарим сардаа амжаагүй бол дараагийн сард нь 560.000 төгрөг төлж байсан.
Би өөрөө хууль сайн мэдэхгүй тул мөнгийг төлөх ёстой гэж бодоод төлж байсан.
Иймд Ц.Нээс 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт илүү төлөгдсөн 3.420.000 төгрөгийг буцаан гаргуулж, Налайх дүүргийн 2 дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, 31 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 3.500.000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай С.Бт зээлдүүлсэн.
Дээрх зээлийн гэрээг С.Бын хүсэлтээр 2018 оны 06 дугаар сар хүртэл сунгасан, ийнхүү гэрээг сунгаснаар тэрээр зарим сард хүүгээ төлдөггүй байсан, дараагийн сард нь нөхөж төлдөг байсан бөгөөд түүнтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дутуу байгаа болно.
С.Бын ХААН банкны өөрийн данснаас шилжүүлсэн 6.645.000 төгрөгийг хүлээн авсан болохоо зөвшөөрч байна, харин бусдын данснаас шилжүүлсэн гэх 1.960.000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Ц.Н нь зөвхөн С.Бтой зээлийн гэрээ байгуулсан учраас бусдын данснаас шилжүүлсэн мөнгийг түүнтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт тооцох үндэслэлгүй гэж үзэж байна.
Тэрээр зээлийн гэрээг сунгаж өгөхийг хүссэн, үүнийгээ зөвшөөрөөд сар бүр хүү болох 280.000 төгрөгийг төлж байсан, тухайн сардаа төлөөгүй бол дараагийн сард нь 560.000 төгрөгийг төлж байсан.
Иймд С.Бын зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн гэх 3.420.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Н нь нэхэмжлэгч С.Бтой 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан байх ба гэрээгээр 3.500.000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож С.Бын бусадтай хамтран өмчлөх эрх бүхий Налайх дүүргийн 2 дугаар хороо, ******* дугаар байр ******* тоот хаягт байрлах, 31 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан.
С.Бын хүсэлтээр зээлийн гэрээг 2018 оны 06 дугаар сар хүртэл сунгасан бөгөөд тэрээр дээрх хугацаанд үндсэн зээл огт төлөхгүй, хүү төлж явсаар 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үндсэн зээл болох 3.000.000 төгрөгийг төлсөн.
Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017.08.08-ны өдөр дууссан, гэрээний хугацаа дууссан мөн өдрөөс 2019.06 сар хүртэл зээлийн гэрээний хугацааг сунгасан.
С.Бын үндсэн зээл 3.000.000 төгрөг шилжүүлсэн өдөрт зээлийн гэрээг сунгасан, энэ талаарх баримтаа түүнд өгсөн тул Ц.Нт баримт үлдээгүй.
Иймд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 500.000 төгрөг, зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр тооцож алданги 1.750.000 төгрөг, нийт 2.250.000 төгрөгийг С.Боос гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч С.Б сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Нтэй 6 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээлийн гэрээг дахин сунгаагүй бөгөөд гэрээ сунгасан гэх баримт байхгүй, ийнхүү сунгасан гэх баримтаа надад өгсөн зүйл байхгүй.
Хэрэв зээлийн гэрээг сунгасан гэвэл хүүг амаар тохирно гэж байхгүй, зээлийг би өөрийнхөө боломжоор төлж явсан юм. Гадагшаа явах гээд байрны өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгтэй болчихлоо гээд түүнтэй уулзтал тэрээр бичиг баримтыг над руу шидчихээд явсан.
Зээлийн гэрээний дагуу би зээлээ бүрэн төлж барагдуулсан тул үндсэн зээлээс 500.000 төгрөг төлөөгүй гэдгийг зөвшөөрөхгүй, үндсэн зээлээ, хүүгийн хамт төлчихсөн болохоор алдангийг зөвшөөрөхгүй.
Иймд Ц.Нийн үндсэн зээлийн үлдэгдэл 500.000 төгрөг, зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу алданги 1.750.000 төгрөг, нийт 2.250.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Ц.Нт холбогдуулан барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх, зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн гэх 3.420.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,
Ц.Н нь үндсэн зээлийн үлдэгдэл 500.000 төгрөг, алданги 1.750.000 төгрөг, нийт 2.250.000 төгрөгийг С.Боос гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 5.180.00 төгрөг төлөхөөс 2017.03.29-ний өдрөөс 2019.06.14-ний өдрийн хооронд 8.605.000 төгрөг төлж, илүү 3.420.000 төгрөг төлснийг хариуцагч Ц.Нээс буцаан гаргуулах, барьцааны зүйл болох Налайх дүүрэг, 2 дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, 31 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй гэжээ.
Хариуцагч Ц.Н нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч Ц.Н нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3.500.000 төгрөгийг /2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл/, 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, нэхэмжлэгч С.Б зээлийг хугацаанд нь эргүүлэн төлөх, хэрэв хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон байна.
/хх-ийн 6 тал/
Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож С.Б нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр С.Э*******тай хамтран өмчлөх Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Налайх дүүрэг, 2 дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 31 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж барьцааны гэрээ байгуулсан байх ба уг гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар хүчин төгөлдөр болжээ.
/хх-ийн 7 тал/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,
Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т:” Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус зааснаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч С.Б нь ХААН банкны ******* тоот данснаас хариуцагч Ц.Нийн ХААН банкны ******* тоот дансанд 2017.03.29-ний өдөр 565.000 төгрөг, 2017.05.04-ний өдөр 280.000 төгрөг, 2017.07.06-ны өдөр 280.000 төгрөг, 2018.01.04-ний өдөр 560.000 төгрөг, 2018.05.08-ны өдөр 560.000 төгрөг, 2018.06.13-ны өдөр 280.000 төгрөг, 2018.08.08-ны өдөр 280.000 төгрөг, 2018.10.20-ны 560.000 төгрөг, 2018.11.30-ны өдөр 280.000 төгрөг, 2019.06.14-ний өдөр 3.000.000 төгрөг, нийт 6.645.000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд энэ талаар зохигч маргасангүй.
Нэхэмжлэгч нь бусдын данснаас буюу 2017.06.08-ны өдөр н.Ц*******гийн ХААН банкны тоот данснаас 280.000 төгрөг, 2017.09.09-ний өдөр П.Ганзоригийн ХААН банкны тоот данснаас 560.000 төгрөг, 2017.10.09-ний өдөр банкнаас данс руу гэх утгатай 280.000 төгрөг, 2017.11.11-ний өдөр н.Цгийн ХААН банкны тоот данснаас 280.000 төгрөг, 2018.03.07-ны өдөр С.Сийн ХААН банкны тоот данснаас 560.000 төгрөг, нийт 1.960.000 төгрөгийг хариуцагч Ц.Нийн ХААН банкны ******* тоот дансанд зээлийн гэрээний үүрэгт тооцож шилжүүлсэн гэж тайлбарласныг түүнтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт тооцох үндэслэлгүй гэж хариуцагч маргаж байна.
Дээр дурдсан ХААН банкны дансны хуулгаас үзэхэд н.Ц*******, П.Ганзориг, н.Ц, С.Сэ нар ХААН банкны дээрх дансыг эзэмшдэг болох нь тодорхойгүй байхаас гадна тэд өөрсдийн эзэмшдэг данснаас Ц.Нт шилжүүлсэн 1.960.000 төгрөгийг буцааж шаардах эрхийг С.Бт олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
/хх-ийн 9-33,69-84 тал/
Тодруулбал С.Б нь бусдын данснаас Ц.Нт зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн гэх 1.960.000 төгрөгийг шаардах эрхтэй байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 3.000.000 төгрөг төлснөөр үүргийг дуусгавар болгохоор тохиролцсон гэх нэхэмжлэгч С.Бын тайлбарыг хариуцагч Ц.Н баримтаар няцаагаагүй бөгөөд түүний зээлийн гэрээний үүрэгт 6.645.000 төгрөг шилжүүлснийг хариуцагч Ц.Н хүлээн авсан зэрэг байдлаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байх ба ингэснээр хариуцагч Ц.Нийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.
Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т: “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Ц.Нтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон байх тул тэрээр барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж үзэв.
Иймд хариуцагч Ц.Нт холбогдох Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Налайх дүүрэг, 2 дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 31 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч С.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 3.420.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Ц.Н нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 500.000 төгрөг, алданги 1.750.000 төгрөг, нийт 2.250.000 төгрөгийг С.Боос гаргуулахаар нэхэмжилжээ.
С.Б нь зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, зээлийн гэрээний үүрэгт 8.605.000 төгрөг төлсөн тул сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж маргасан.
Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3.500.000 төгрөгийг /2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл/, 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийг хугацаанд нь эргүүлэн төлөх хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдсан байна.
С.Б нь зээлийн гэрээний үүрэгт ХААН банкны өөрийн эзэмшдэг ******* тоот данснаас хариуцагч Ц.Нийн ХААН банкны түүний эзэмшдэг ******* тоот дансанд 2017.03.29-ний өдрөөс 2019.06.14-ний өдөр хүртэлх хугацаанд 6.645.000 төгрөг шилжүүлсэн, үүнтэй зохигч маргаагүй.
Ц.Н нь дээрх зээлийн гэрээний хугацааг 2018 оны 06 дугаар сар хүртэл сунгасан гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иргэний хуулийн 282 зүйлийн 282.3-т:”Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.”,
Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д:”Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заасны дагуу талуудын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээний хугацааг ямар хугацаагаар сунгасан болох нь тогтоогдохгүй байх хэдийд сунгасан зээлийн гэрээний үүрэгт алданги төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Ц.Н нь зээлийн гэрээний үүрэгт С.Боос буцаан төлсөн 6.645.000 төгрөгийн хэдэн төгрөгийг үндсэн зээлд, хэдэн төгрөгийг хүүд, хэдэн төгрөгийг алдангид тооцон хүлээн авсан нь тодорхойгүй, тэрээр гэрээний үүргийг хэдийгээс хэдий хугацаанд хэтрүүлсэнд нь хариуцлага тооцож байгаагаа тодорхойлсонгүй.
Өөрөөр хэлбэл Ц.Н нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 500.000 төгрөг, алданги 1.750.000 төгрөг, нийт 2.250.000 төгрөгийг С.Боос нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэв.
Иймд С.Боос 2.250.000 төгрөг гаргуулах тухай Ц.Нийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Ц.Нээс 3.420.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Бын үндсэн нэхэмжлэлийг,
С.Боос 2.250.000 төгрөг гаргуулах тухай Ц.Нийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээгээр барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Налайх дүүрэг, 2 дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 31 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ц.Нийн барьцаанаас чөлөөлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Боос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139.900 төгрөг, хариуцагч Ц.Нээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50.950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ