Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

        Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

        Улсын яллагч О.Эрхэмбаяр

        Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Лхам

        Шүүгдэгч, хохирогч Г.Батмэнд,

        Шүүгдэгч, хохирогч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Батмэнд, Ч.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн 2322000000003 дугаартай  хэргийг 2023 оны  03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1990 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3 дугаар баг Хонгор гэх газар нутаглах, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Хонгор овогт Гэрэлмаагийн Батмэнд /РД:ЗП90021011/.

 

Монгол Улсын иргэн 1991 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар баг Далайн 11-2 тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Тэрмийн шавь овогт Чанцалдуламын Отгонбаатар /РД:ЗП91050310/.

 

 

    Шүүгдэгч нарын  холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Г.Батмэнд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар баг малчин гэр хороололд иргэн Ч.Отгонбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж зүүн дээд 6 дугаар шүдний пааланг гэмтээж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

          Шүүгдэгч Ч.Отгонбаатар нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар баг Угтаалын 07-08 тоотод зүс таних Г.Батмэндтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж баруун дээд 1 дүгээр шүдний уналт, зүүн дээд 1, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

А/ Шүүгдэгч Г.Батмэндийн холбогдсон Ч.Отгонбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Батмэнд шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

           Шүүгдэгч  Г.Батмэндийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 11 дүгээр  сарын 14-ний өглөө 08 цагийн үед би Эрдэнэдалай сумын төвийн хойд гэр хороололд байх Өлзий гэх танил дүүгийнд очсон. Тэднийд очоод байж байтал гаднаас Бат-Эрдэнэ гэх залуу орж ирэхээр нь Бат-Эрдэнэд “шар тайлаад өгчих” гэж хэлсэн. Бат-Эрдэнэ нэг шил 0.75 литрийн “Хараа” архи авч өгсөн, тэр архиа Бат-Эрдэнэ, Өлзий бид 3 хувааж уучихаад Дуугаа гэх айлд очсон. Тэднийд очиход Дугаа 1 шил архи гаргаж өгөөд түүнийг хувааж уугаад байж байтал гаднаас Отгонбаатар орж ирсэн. Бид хэд архи уугаад юм яриад сууж байхад Отгонбаатартай цэрэгт явсан талаар ярилцаад муудалцсан. Тэрнээс хойш яаснаа санахгүй байгаа. Согтоод тасарсан юм шиг байна лээ. 19 цагийн үед гэртээ сэртэл миний шүд байхгүй байсан. Тэгтэл эхнэр намайг хөл дээрээ тогтож чадахгүй байж хүнтэй муудалцаад байх юм гэж хэлж байсан. Тэгээд л Отгонбаатартай зодолдсон гэдгээ мэдсэн. Отгонбаатар бараг уугаагүй байсан эрүүл шахуу байсан. Бид хоёрт өмнө нь өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/

         Хохирогч Ч.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 03 сарын 15 өдөр Батмэндийн шүдийг нь хийлгэх талаар ярилцсан. Батмэндтэй 03 сарын 14-ний өдөр утсаар яриад Улаанбаатар хот ороод шүдээ хийлгэчих үү гэхэд тэнгэр муухайраад явах боломжгүй байна гэсэн. Тэгээд малаа төллөж дуусгаад явж хийлгэх талаар ярилцсан. Миний зүгээс гомдол, саналгүй” гэв.

            Хохирогч Ч.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цагийн үед гэрээсээ гараад сумын төвд байх Өлзий гэх залуутай уулзахаар очтол гэртээ байхгүй эхнэр нь Өлзий байхгүй Дугаагийнх руу явсан гэхээр нь би Дугаагийнд очсон. Тэднийд очоод гэрт нь ортол Дугаа, Батмэнд, Өлзий, Батэрдэнэ 4 архи уугаад сууж байсан. Тэгээд би ороод тэр хэдтэй мэнд мэдээд баруун орон дээр нь суугаад Бат-Эрдэнэтэй юм яриад байж байсан чинь Батмэнд “чи цэргийн алба 032-т хаасан билүү” гэж асуухаар нь тэгсэн “би 032-т хаасан” гэж хэлсэн. Тэгж байснаа Батмэнд намайг “цэрэгт арчаагүй байсан” гэх зэргээр доромжлоод янз бүрээр хэлээд байсан. ... Тэгсэн чинь “гуйлгачин минь чамайг зодмоор байна” гээд намайг баруун орон дээр сууж байсан чинь Батмэнд босч ирээд миний зүүн шанаа руу гараараа 2 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа нэг удаа нүүрэнд нь цохисон. Тэгээд Батмэндийг хүргэж өгчихөөд явах гэтэл идээ амсчихаад морд гэхээр нь идээ амсчихаад явах гэтэл араас дагаж гарч ирээд янз бүрээр хэлээд цохиод өөдөөс дайраад байхаар нь би бултаад нэг удаа цохисон. Миний зүүн талын дээд нэг араа гэмтсэн. Өөр гэмтэл учраагүй. Батмэнд согтуугаар янз бүрээр доромжлоод байсан. Мөн намайг түрүүлээд 2 удаа нүүрэнд цохисон. Гомдолтой, санал гэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 06/

       Гэрч З.Бат-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Эрдэнэдалай сумын нэгдсэн халаалтын зууханд ажилд ороод удаагүй юм. Тэр өдөр ажил тараад гэр рүүгээ явах гэсэн чинь миний мотоциклын арын дугуйны хий сул байхаар нь зүүн зүгт холгүй байдаг Өлзий гэдэг айлд очоод насос байна уу гэж сурахад байхгүй гэсэн. Тэгтэл тэр айлд Батмэндтэй тааралдахад Батмэнд надад “яг хөдөө явах гэж байсан юм,  шартаж үхлээ,  ганц юм байна уу” гэсэн. Тэгэхээр нь 10.000 төгрөгөөс өөр юм алга гэхэд өгчих гээд авсан. Тэгтэл тэр айлын эзэн би нэмээд юм аваад ирье гээд дэлгүүр яваад 0.75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архи авч ирсэн. Тэр архийг тавуулаа хувааж уусан. Би тэр архинаас уугаагүй. Тэгээд эхний архийг хүмүүс уугаад дуусангуут би явах гэсэн чинь Батмэнд намайг айлд буулгаад өгөөч гэсэн. Би Батмэндийг сундлаад хамт архи уусан Өлзий, бас нэг танихгүй залуугийн хамтаар сумын баруун хойд хэсэгт байдаг Дугаа гэдэг айлд очсон. Тэр айлын эзэн зөрж гараад 0.75 литрийн савлагаатай архи аваад ирсэн. Тэр архийг тэнд байсан хүмүүс бүгд хувааж уусан. Тэгтэл Батмэнд намайг дахиад 0.5 литрийн савлагаатай архинд явуулсан. Би архинд яваад хувааж уугаад байж байтал Отгонбаатар гаднаас орж ирсэн. Хүмүүстэй мэндлээд суусан, архи аягалж өгөхөд нэг татсан. Отгонбаатарыг Дугаа гэдэг айлд ороод ирэнгүүт Батмэнд уусан архиндаа согтоод “би баян цатгалан чамайг зодох уу” гээд Отгонбаатарт хэлээд байсан. “Чи бол чанах будаагүй би чамд чанах будаа өгөх үү” гээд өдөөд байсан. Отгонбаатар би согтуу хүнтэй юм ярихгүй. Би чамд хэлэх үг байхгүй, ярих юм  байвал хоёулаа эрүүл саруулдаа болъё гээд байсан. Тэгээд Мэндээ тэр айлд хамаг хувцсаа тайлаад чамайг зодъё гээд агсраад байсан. Батмэнд өмнө нь намайг архинд явуулахдаа гар утсаа надад өгсөн байсан. Миний өвөрт дуугарахаар нь хартал хань гэсэн дугаар байхаар нь аваад Мэндээ согтуу энд хүн өдөөд байна ирээд авчих гээд хэлсэн. Тэгтэл Батмэнд, Отгонбаатар руу дайраад Отгонбаатарын нүүр хавьд нь нэг удаа цохисон. Зөрүүлээд Отгонбаатар хөгшин чинь тэвчиж байна шүү гээд байж байсан. Удалгүй Батмэндийн эхнэр нь ирсэн. Тэнд жаахан архи байсныг нь тойруулж байгаад Дугаа гэдэг айлаас гарахад би Батмэндийг мотоцикл дээрээ сундлаад гэрт нь хүргэж өгье гээд мотоцикл дээрээ сундлаад явах гэтэл Батмэнд Отгонбаатарын мотоциклын ар дээр сундалсан. Тэгээд гэрийн гадаа нь очоод Отгонбаатар бид хоёр мотоциклоо унаад явах гэтэл Батмэнд гэрт ороод идээ идчихээд яв гэж хэлсэн. Тэгээд гэрт нь ороод идээ идээд явах гэтэл Батмэнд эхнэртээ хандаж миний хань Бат-Эрдэнэтэй хамт яваад ганц юм аваад ир гэж хэлсэн. Эхнэр нь явахгүй гэхээр нь би архинд явж ирээд ганц шил юм задлаад Батмэндэд өгөөд Батмэнд эхнэртээ хандаж “миний хань Отгонбаатарт будаатай хоол хийж өг, энэ будаагүй муу гуйлгачин” гээд байсан. Отгонбаатар за, за би явлаа гэж хэлээд явах гэтэл Батмэнд Отгонбаатарыг өдөөд барилцаад авсан. Би тэр даруйд нь Батмэндийг барьж аваад салгасан. Тэгтэл Батмэндийн эхнэр бид нарыг гэрээсээ гар гэсэн. Тэгээд гэрээс Отгонбаатар гараад явтал Батмэнд би зодолдоно гээд араас нь гараад явсан. Би араас нь гартал Батмэнд, Отгонбаатарыг явуулахгүй гээд хувцаснаас нь зуурсан байдалтай байсан. Отгонбаатар, Батмэндээ хөгшин нь явлаа. Эрүүл дээрээ болъё гэхээр нь тэр 2-ыг салгаад Батмэндийг аваад гэрт нь ороход Батмэнд гэртээ согтуу авиргүй зан гаргаад гэрийнхээ 2 унинаас зуурсан. Гэтэл Отгонбаатар Батмэндийн гэрт малгайгаа орхичихсон авахаар орж ирээд малгайгаа аваад гэрээс нь гараад явсан. Тэгтэл Батмэнд араас нь гарсан. Тэгээд би араас нь гартал Батмэнд газар сөхрөөд суучихсан амнаас нь цус гарчихсан байсан. Отгонбаатар би явлаа гээд хашааны үүд рүү явсан. Удалгүй манай эхнэр ирээд намайг өглөө ажлаасаа буугаад алга болчихлоо гээд аваад явсан. Батмэнд согтуу байсан. Отгонбаатар бараг эрүүл шахуу байсан. Батмэнд анхнаасаа Дугаа гэдэг айлд байхдаа Отгонбаатарыг харчихаад авиргүй зан гаргаад байсан. Би чамайг зодох уу, чи намайг барах уу гээд л байсан. Харин Отгонбаатарыг хаана нь цохисныг хараагүй. Тэр хоёрын араас гартал Батмэнд газар сөхрөөд суучихсан. Отгонбаатар хашааны үүд рүү явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

            Гэрч О.Өлзийхишигтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өглөөгүүр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд Халгайт хорооллын хойноосоо 2 дахь эгнээнд байдаг гэртээ байж байхад Батмэнд гэдэг залуу манай гэрт явган ирээд мотоцикл дээр хүргээд өгөөч гэж гуйсан. Тэр үед манайд Бат-Эрдэнэ гэдэг залуу иртэл Батмэнд “Бат-Эрдэнэд ганц юм аваад өгчих” гэсэн. Бид нар дундаасаа мөнгө нийлүүлээд ганц шил архи авч хувааж уусан. Тэрний дараа би Батмэндийг мотоцикл дээрээ сундлаад Бат-Эрдэнэ өөрийнхөө мотоциклыг унаад Дугаа гэдэг айлд очсон. Тэр айлд очиход Дугаа нэг шил архи авч өгөхөөр нь хувааж уугаад байж байтал Дугаагийн гэрт Отгонбаатар гэдэг залуу орж ирсэн. Хамт архи ууж байсан Батмэнд Отгонбаатарт хандаж “гуйлгачин минь би чамайг зодох уу, нэг цохих уу” гээд өөдөөс нь агсраад байсан. Тэгээд ууж байсан архи дуусахаар нь би Дугаагийн гэрээс түрүүлж гарсан. Миний араас Батмэнд, Бат-Эрдэнэ, Отгонбаатар нар Дугаагийн хашаанд тамхи татаад үлдсэн. Манай эхнэр Дугаагийн хашаанд ирээд миний мотоциклыг унаад би араар нь сундлаад гэртээ харьсан. Батмэнд л Отгонбаатарыг хэл амаар доромжлоод өдөөд байсан. Намайг байхад тэр 2 хоорондоо барилцаж аваагүй. Гарсан хойгуур нь юу болсныг нь мэдэхгүй. Батмэнд согтуу, би нэлээн больсон байсан. Отгонбаатар дөнгөж орж ирэхэд ууж байсан архи дуусаж байсан. Архинаас ганц нэг татсан байх. Намайг Дугаа гэдэг айлаас мотоциклтой хөдөлтөл Батмэндийн эхнэр нь ирж байгаа харагдсан. Намайг байхад тэр 2 муудалцаагүй. Харин тэр үед тамхи татах гээд гэрээс гарсан хойгуур тийм үйл явдал болсон эсэхийг мэдэхгүй байна. Батмэнд Отгонбаатарыг Дугаа гэдэг айлд орж ирсэн цагаас эхлээд л өдөөд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

            Гэрч Е.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн үдээс хойш манай нөхөр айлаас мал авахаар явахдаа Бат-Эрдэнийг гуйгаад хөдөө яваад ирье гэж гэрээсээ гараад цаг орчмын дараа гэртээ хүний шүд унагачихлаа гээд хүрээд ирсэн. Би яасан бэ? гээд хувцсыг нь харахад манай нөхрийн өмсөж явсан фудболкны зах нь урагдсан куртик нь оёдлоороо ханзарсан байхаар нь юу болсон талаар асуухад сумаас хойно Батмэнд гэдэг залуу амьдардаг. Бат-Эрдэнэтэй уулзахаар Дугаа гэдэг айлд очсон чинь Батмэнд тэнд хоногийн будаагүй гуйлгачин гэж доромжилж байгаад эхлээд Батмэнд намайг цохиод авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөртөө хандаж чи өөрөө яасан бэ? гэхэд зүүн дээд наад талын нэг араа эмтрээд сэнгэнээд байна гэсэн. Би нөхөртөө тэр хүн чинь чамайг хэл амаар доромжилсон байна, ямааны мах халуун дээрээ яг одоо цагдаад хэлье гэхэд миний шүд эмтэрсэн юм чинь гайгүй байх. Хүний шүд унагасан цагдаа дуудаад яах юм бэ? гэж хэлээд чимээгүй болсон. Манай нөхөр гэрээсээ гараад явахад шүд нь бүтэн байсан. Урьд өмнө нь хүнтэй муудалцаж байгаагүй, ингэж асуудалд орж байгаагүй. Хүн амьтантай ам мурийж байгаагүй. Манай хадам ээжийг хүртэл гуйлгачин гэсэн байна лээ. Тэр хүн хүнийг гуйлгачнаар нь дуудах эрх байдаг юм уу. Манай нөхөр Отгонбаатар элдэв муухай ааш зангүй их хүнтэй эвтэй найртай байдаг. Би сумын төвд цайны газарт ажилладаг. Манай нөхөр гэрт хүүхдүүдээ харж цэцэрлэг сургуульд нь өгч авдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/

         Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 12-р сарын 02-ны өдрийн 336 дугаартай:

1,2. Ч.Отгонбаатарын бие зүүн дээд 6 дугаар шүдний паалангийн гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/

        Шүүгдэгч Г.Батмэндийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2022 оны тооллого /хх-ийн 49-52/

          Шүүгдэгч Г.Батмэндийн эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Б/ Шүүгдэгч Ч.Отгонбаатарын холбогдсон хохирогч Г.Батмэндийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

            Шүүгдэгч Ч.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 11 цагийн үед гэрээсээ гараад сумын төвд Өлзий гэх залуутай уулзахаар очтол гэртээ байхгүй, эхнэр нь “Өлзий  Дугаа ахынх руу явсан” гэхээр нь би Дугаагийнд очсон. Тэдний гэрт нь ортол дуугаа Батмэнд, Бат-Эрдэнэ, Өлзий 4 архи уугаад сууж байсан. Тэгээд би орж тэр хэдтэй мэнд мэдээд баруун орон дээр нь суугаад Бат-Эрдэнэтэй юм яриад сууж байсан чинь Батмэнд намайг “чи цэргийн алба 032-т хаасан билүү” гэж асуухаар нь “тэгсэн 032-т хаасан” гэж хэлсэн. Тэгээд байж байснаа Батмэнд над руу “чи цэрэгт арчаагүй гоожуур байсан” гээд байхаар нь “чи яаж мэдэхэв дээ намайг гоожуур байсныг” гэж хэлсэн. Тэгтэл “дарга нартаа будаатай хоол хийж өгч чадаагүй гуйлгачин” гэх зэргээр доромжлоод байсан. Би чамд хийсэн гэмгүй байхад чи яагаад байгаа юм гэж хэлсэн чинь “чам шиг гуйлгачныг зодмоор” байна гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи яасан их хүн зоддог юм зодолдмоор байгаа бол эрүүлдээ ирээд зодоорой” гэсэн. Тэгээд би баруун орон дээр сууж байтал Батмэнд босч ирээд миний зүүн шанаа руу гараараа 2 удаа цохиод авахаар нь зөрүүлээд нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд гайгүй эвлэрээд байж байтал Батмэндийн эхнэр ирэхээр нь Батмэндийг эхнэртэй нь хүргэж өгөхөөр Бат-Эрдэнэ бид 2 мотоциклтой сундлаад гэрт нь хүргэж өгөөд явах гэтэл ороод идээ амсчихаад явахгүй юу гэхээр нь гэрт нь орсон.  Ороод идээ амсчихаад явах гэсэн чинь Батмэнд Бат-Эрдэнийг дэлгүүр рүү яваад нэг шил архи аваад ир гэсэн. Бат-Эрдэнэ дэлгүүр ороод нэг шил архи авч ирсэн.  Архийг нь дөнгөж задлаад Батмэнд нэг татсанаа эхнэртээ “Отгонбаатарт будаатай хоол хийж өг, будаагүй гуйлгачин” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь чи намайг түрүүнээс хойш доромжиллоо, эрүүлдээ хэлэх гэсэн юмаа хэлж болдоггүй юм уу гэсэн чинь босч ирээд намайг өшиглөсөн. Гэхдээ намайг оноогүй. Тэгээд би босоод барилцаж аваад гэрийнх нь урд талд ноцолдоод Бат-Эрдэнэ голоор орж салгаад би гадаа гарсан. Гадаа гараад малгайгаа мартчихсан байсан болохоор эргэж ороод малгайгаа авах гэтэл намайг өшиглөөд цохиж аваад байсан. Тэгээд би гэрээс нь гартал Батмэнд араас гараад ирсэн. Гарч ирээд цохиод дайраад байхаар нь би бултаад зүүн гараараа ёвортол шүд нь уначих шиг болсон. Тэгээд  хутга шааж ална шүү гээд гэр рүүгээ орохоор нь би мотоциклоо унаад яваад өгсөн.  Би бараг уугаагүй, ганц хоёр л татсан. Батмэнд  согтуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/

           Хохирогч Г.Батмэнд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ Шүд хийлгэж өгч хохирол барагдуулъя гэсэн учир нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Мал төллөж дуусахаар шүдээ хийлгэнэ. Шүдээ хийлгэчихвэл гомдол санал байхгүй” гэв.

           Хохирогч Г.Батмэндийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө Дугаагийнд 11 цагийн үед очсон Дугаа, Бат-Эрдэнэ, Өлзий бид 4 архи уугаад байж байсан чинь гаднаас Отгонбаатар гэх танил залуу орж ирсэн. Тэгээд бид хэд ойр зуурын юм ярилцаж байгаад Отгонбаатартай цэрэг ярьж байгаад муудалцсан. Би нэлээд их согтсон болохоор тухайн асуудлаас хойш юу болсныг санахгүй байна. Орой 19 цагийн үед сэрэхэд миний үүдэн дээд шүд байхгүй болсон байсан. Тэгсэн эхнэр “чи согтуу байж хүнтэй муудалцаад цохиулчих юм” гэж хэлсэн. Тэгээд Отгонбаатар намайг цохисон гэдгийг мэдсэн. Миний үүдэн дээд шүд унасан, яг хажуу талын шүд нь хөдөлчихсөн байсан. Хөдөлсөн шүд нь өвдөөд байхаар нь 11 сарын 26-ны өдөр Эрдэнэдалай сумын эмнэлэгт авахуулсан. Тэгээд нийтдээ 2 шүд унасан. Шүдээ хийлгэчихвэл тэгээд л болно” гэх мэдүүлэг /хх-ийн 09/

            Гэрч Б.Оюунхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 14-ний үдээс хойш 15 цагийн үед би сургууль дээрээ хичээлтэй байсан. Манай эгчийн хүү Батмэнд над руу 85111775 дугаарын утсаар залгаад архи уусан байдалтай надад хандаж “та гэрт хүргээд өгөх үү? дүү нь хүнд зодуулчихлаа” гэсэн. Тухайн үед хичээлтэй, хичээлийн дараа хуралтай байсан учраас хуралдаа суугаад 20 цагийн үед Батмэндийн Эрдэнэдалай сумын 7 дугаар баг Угтаалын 7-р гудамжинд байдаг гэрт нь очиход эхнэр хүүхэдтэйгээ байсан. Тухайн үедээ болсон асуудлыг надад дэлгэрэнгүй байдлаар яриагүй. Батмэнд миний шүд унасан гээд амаа ангайлгахад үүдэн нэг шүд угаараа унасан амнаас нь шүлс гоожоод байсан. Зүүн талын нүд нь хавдаад хөхөрсөн нүүр нь шалбархайтай байсан. Тухайн үедээ жаахан халамцуу байсан. Тэгээд би эмнэлэг рүү дагуулж явж үзүүлсэн. Батмэнд надад хэлэхдээ Чанцалын Отгонбаатарт зодуулсан гэж хэлсэн. Зодуулснаа надад дэлгэрэнгүй байдлаар хэлээгүй. Батмэнд нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цагийн үед зодуулаад гэртээ ирэхэд эхнэр нь гэртээ дарж байгаад унтуулсан юм шиг байна лээ. Сүүлд сонсоход энэ байдлыг нь мэдсэн. Батмэнд надтай 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цагийн үед манай гэрт тааралдсан. Тэр үед эрүүл шүд нь бүрэн бүтэн ямар нэгэн гэмтэл согоггүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

         Гэрч С.Даариймаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр  сарын 14-ний үдээс хойш 14 цагийн орчимд би Эрдэнэдалай сумын төвд “Гялс банкны байран”-д үсчний ажлаа хийж байхад Бат-Эрдэнэ гэдэг залуу над руу Батмэндийн утсаар залгаад Дугаа гэдэг айлд байна. Батмэнд ахыг энд ирээд аваач архи уугаад согтчихлоо гэж хэлсэн. Би таньдаг хүний машинаар Дугаа гэдэг айлын хашааны гадаа хүргүүлээд, хүргүүлсэн машинаа явуулсан. Тухайн үед Дугаа гэдэг айлд ороход танихгүй 3-4 хүн, танихаас Бат-Эрдэнэ, Отгонбаатар гэдэг залуучууд байсан. Тэр айлын хашаанд Батмэндийн мотоцикл байхгүй, Бат-Эрдэнэ, Отгонбаатар нарын мотоцикл байсан. Ингээд гэртээ харих талаар Батмэндтэй ярьж байхад гэрээс Бат-Эрдэнэ гарч ирээд Батмэнд бид 2-ыг мотоцикл дээрээ сундлаад явах гэтэл мотоцикл дээр нь Батмэнд бид хоёр багтахгүй байсан. Тэр үед Отгонбаатар гэдэг залуу Дугаа гэдэг айлаас гарч ирэхэд Бат-Эрдэнэ энэ 2-ыг гэрт нь хүргэж өгье гэж Отгонбаатараас гуйсан. Ингээд Бат-Эрдэний мотоцикл дээр би судлаад Отгонбаатар манай нөхөр Батмэндийг мотоцикл дээрээ сундалсан. Тэгээд Угтаалын 7-8 тоотод байдаг манай гэрт ирээд Бат-Эрдэнийг архи аваад ир гээд Батмэнд архинд явуулаад 0.5 литрийн савлагаатай 1 архи задлаад дөнгөж ууж эхэлж байсан. Би гэртээ гал түлэх гэтэл нөхөр Батмэнд Отгонбаатар гэдэг залуутай цэрэгт том байсан гээд хоорондоо муудалцсан. Тэр үед гэрт манай нөхөр Батмэнд, Отгонбаатар, Бат-Эрдэнэ 3 байж байгаад Батмэнд, Отгонбаатар нар муудалцаад барилцаж авах гээд хоёулаа бостол Батмэндийг Бат-Эрдэнэ бариад хорьсон. Тэгтэл Отгонбаатар манай нөхөр Батмэндийн нүүр рүү нь баруун гараараа 2 удаа цохисон. Манай нөхөр Батмэндийн амнаас нь цус гарсан. Би Отгонбаатар гэдэг залууг гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгээд л Отгонбаатар гэдэг хүн манай гэрээс гараад явсан. Отгонбаатарыг манай гэрээс гарангуут Батмэнд араас нь дагаж гарсан. Батмэндийг Бат-Эрдэнэ дахиад бариад авсан. Батмэнд согтуу байсан болохоор уурлаад Отгонбаатартай хэрэлдээд байж байтал Отгонбаатар гэрийн гадаа дахиад Батмэндийн нуруу руу цохисон. Энэ үйл явдал болоход Бат-Эрдэнэ Батмэндийг хориод хөдөлгөөгүй, Отгонбаатартай зодолдуулаагүй. Отгонбаатар эрүүл байсан. Тэгээд Отгонбаатар манай хашаанаас явсан. Батмэндийн үүдэн шүд унасан байна гэхээр нь аргадаж байгаад гэртээ оруулаад унтуулсан. Дараа нь Бат-Эрдэнийг  түүний эхнэр Халиунаа ирж авсан. Гэртээ Батмэнд бид 2 үлдсэн. Орой нь Батмэнд сэрээд хүнтэй муудалцаад шүдгүй болжээ гэж эгч Оюунхандад хэлж байсан. Эмнэлэг орж үзүүлнэ гээд эмнэлэг орсон. Баруун нүдэн дээр нь хавдсан байсан, өмнө Дугаа гэдэг айлд Отгонбаатар Батмэндтэй муудалцаад Батмэндийг нүүрэнд нь цохисон байсан. Батмэнд гэртээ орж ирээд миний нүүрийг хэн цохисон бэ? гэхэд Отгонбаатар Батмэндэд хандаж чи бид 2 түрүүн айлд муудалцсан гэж хэлсэн. Тэр үедээ Отгонбаатар Батмэндийн нүүр нь цохисон юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/ 

           Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 328 дугаартай:

          1,2. Г.Батмэндийн биед баруун дээд 1 дүгээр шүдний уналт, зүүн дээд 1,  зүүн доод 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.1-т зааснаар 5 хувиар сарниулна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-41/

        Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

        Шүүгдэгч Ч.Отгонбаатарын эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Г.Батмэнд, Ч.Отгонбаатар нар нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд халдаж зодсон үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Батмэнд, Ч.Отгонбаатар нар нь бие, биеийнхээ эрүүл мэндэд халдан зодсон үйл явдлын дараа Ч.Отгонбаатарын эрүүл мэндэд “зүүн дээд 6 дугаар шүдний паалангийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол, Г.Батмэндийн эрүүл мэндэд “баруун дээд 1 дүгээр шүдний уналт, зүүн дээд 1, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал гэмтэл”  бүхий хөнгөн хохирол тус тус учирсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн 328, 336 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар:

 

Хохирогч Ч.Отгонбаатарын эрүүл мэндэд учирсан “зүүн дээд 6 дугаар шүдний паалангийн гэмтэл”-ийг шүүгдэгч Г.Батмэнд зүүн шанаа хэсэгт нь гараараа цохих байдлаар учруулсан болох нь гэрч З.Бат-Эрдэний “Батмэнд Отгонбаатар руу дайраад Отгонбаатарыг нүүр хавьд нэг удаа цохисон” гэх, гэрч О.Өлзийхишигтийн “Батмэнд Отгонбаатарт хандаж гуйлгачин минь би чамайг нэг цохичих уу? гээд асгараад байсан. Отгонбаатарыг Дугаа гэдэг айлд орж ирсэн цагаас эхлээд өдөөд байсан. ...” гэх, гэрч Е.Жаргалсайханы “ ...манай нөхөр гэрээсээ гараад цаг орчмын дараа гэртээ хүний шүд унагачихлаа гээд хүрээд ирсэн. Би яасан бэ? гээд хувцсыг нь харахад манай нөхрийн өмсөж явсан фудболкны зах нь урагдсан куртик нь оёдлоороо ханзарсан байхаар нь юу болсон талаар асуухад сумаас хойно Батмэнд гэдэг залуу амьдардаг. Бат-Эрдэнэтэй уулзахаар Дугаа гэдэг айлд очсон чинь Батмэнд тэнд хоногийн будаагүй гуйлгачин гэж доромжилж байгаад эхлээд Батмэнд намайг цохиод авсан гэж хэлсэн. .... зүүн дээд наад талын нэг араа эмтрээд сэнгэнээд байна гэсэн. ... яг одоо цагдаад хэлье гэхэд миний шүд эмтэрсэн юм чинь гайгүй байх. .. Манай нөхөр гэрээсээ гараад явахад шүд нь бүтэн байсан.гэх  мэдүүлгүүд болон хохирогч Ч.Отгонбаатарын “Батмэнд намайг түрүүлээд 2 удаа нүүрэнд цохисон” гэх мэдүүлгүүдээр,

       хохирогч Г.Батмэндийн эрүүл мэндэд учирсан “баруун дээд 1 дүгээр шүдний уналт, зүүн дээд 1, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал” бүхий гэмтлийг шүүгдэгч Ч.Отгонбаатар нь цохих байдлаар учруулсан болох нь гэрч З.Бат-Эрдэний “Отгонбаатар Батмэндийн гэрт малгайгаа орхичихсон авахаар орж ирээд малгайгаа аваад гэрээс нь гараад явсан. Тэгтэл Батмэнд араас нь гарсан. Би тэр хоёрын араас гартал Батмэнд газар сөхрөөд суучихсан амнаас нь цус гарч байсан” гэх, гэрч С.Даариймаагийн “...Отгонбаатар манай нөхрийн нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Манай нөхөр Батмэндийн амнаас нь цус гарсан. ...Батмэнд согтуу байсан болохоор уурлаад Отгонбаатартай хэрэлдээд байтал Отгонбаатар гэрийн гадаа дахиад Батмэндийн нүүр рүү гараараа цохисон” гэх, гэрч Е.Жаргалсайханы “...нөхөр айлаас мал авахаар хөдөө яваад ирье гэж хэлээд гэрээсээ гараад цаг орчмын дараа гэртээ хүний шүд унагачихлаа гээд хүрээд ирсэн...” гэх мэдүүлгүүд болон хохирогч Г.Батмэндийн  “Миний үүдэн дээд шүд унасан. Бас яг хажуу талын шүд нь хөдөлчихсөн байсан. Хөдөлсөн шүд өвдөөд байхаар нь 11 сарын 26-ны өдөр Эрдэнэдалай сумын эмнэлэгт авахуулсан.” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Батмэнд, Ч.Отгонбаатар нарын бие, биеийнхээ эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Иймд шүүгдэгч Г.Батмэнд, Ч.Отгонбаатар нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Отгонбаатарыг гэмт хэрэг үйлдэхэд хохирогч Г.Батмэндийн “би баян цатгалан чамайг зодох уу”, “чи чанах будаагүй, би чамд чанах будаа өгөх үү” гэх зэргээр хэл амаар доромжлон өдөөн хоргоосон зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд шүүгдэгч Ч.Отгонбаатарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, шүүгдэгч Г.Батмэндийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо зэргийг нь харгалзан ялгамжтай торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч Г.Батмэнд шүүх хуралдаанд “Шүд хийлгэж өгч хохирол барагдуулъя гэсэн учир нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Мал төллөж дуусахаар шүдээ хийлгэнэ” гэж, хохирогч Ч.Отгонбаатар “гомдол саналгүй” гэж тус тус мэдүүлж байна. Иймд шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нар хэрэгт хохирлын талаар баримт ирүүлээгүй тул өөрсдийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заахаар шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Г.Батмэнд, Ч.Отгонбаатар нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Батмэнд, Ч.Отгонбаатар нар гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдлаа.

        Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Батмэнд, Ч.Отгонбаатар нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

         1. Шүүгдэгч Хонгор овогт  Гэрэлмаагийн Батмэндийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

        -Шүүгдэгч Тэрмийн шавь овогт Чанцалдуламын Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хонгор овогт Гэрэлмаагийн Батмэндэд 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

          -Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тэрмийн шавь овогт Чанцалдуламын Отгонбаатарт 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батмэнд, Ч.Отгонбаатар нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батмэнд, Ч.Отгонбаатар нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

        5. Шүүгдэгч Г.Батмэнд, Ч.Отгонбаатар нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Батмэнд, Ч.Отгонбаатар нар гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Батмэнд, Ч.Отгонбаатар нар цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.

        7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Батмэнд, Ч.Отгонбаатар нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        З.УУГАНБАЯР