| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2023/0050/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/51 |
| Огноо | 2023-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Э |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.*******
Улсын яллагч О.*******
Хохирогч Х.Ерөөлт
Хохирогчийн өмгөөлөгч Т.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.*******
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Э.Давааннямд холбогдох эрүүгийн 2322000000050 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1991 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын 3 дугаар баг “*******” гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ы ******* /РД: /.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.******* нь Дундговь аймгийн ******* сумын 3 дугаар баг “*******” гэх газарт 2023 оны 01 дүгээр сарын 29-ний орой иргэн Х.Ерөөлтийг цээжний зүүн талд нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Хохирогч Х.Ерөөлтийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр 1 азарга адуугаа алдаад урагш явж байгаад таньдаг хүнээс адуугаа тосч аваад айлын баруун урд усанд усалж хойш нь гаргачихаад энэ айлд очсон. Очих 3 залуу архи уугаад сууж байсан. Тэгээд маргаан болсон. Намайг Дундговь аймагт эмчлүүлэх гэж ирснээс хойш 4 хоногийн дараа адуугаа авсан. Тэр адуунаас 6 адуу байхгүй болсон” гэв.
Шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би яллагдагчаар татах тогтоолыг зөвшөөрч байна. 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн ******* сумын 3 дугаар баг “*******” гэх газарт гэртээ байж байсан чинь 18 цагийн үед танихгүй 2 залуу адуунд явж байна гээд оро ирсэн. Танай хашаанд адуугаа хашчихъя гэхээр нь “тэг, тэг” гэсэн. Тэгтэл нэг нь утсаар залгаж ярьснаа хашихаа болилоо. Танайд хоночихо явъя гэж хэлээд хонохоор болсон. Би тэр 2 залууд мах чанаж өгөөд байж байсан чинь -Од-Янжив гэдэг хүн манайд ирсэн. Тэгэхээр нь би сумын төв орж ирье гэж -Од-Янживыг гуйсан. Бид хоёр ******* сумын төв орж 0.75 литрийн “Хараа” нэртэй архи аваад буцаад 21 цагийн үед гэртээ ирсэн. Тэгэхэд мах болчихсон гээд явж байгаа гэх 2 залуу /нэгийг нь Ерөөлт нэгийнх нь нэрийг сайн мэдэхгүй байна/ - /манай эхнэрийн ах/ 3 хоолоо идчихсэн байсан. Тэгээд -Од-Янжив бид 2 мах идээд сумаас авч ирсэн архийг - ах аягалаад хуваагаад ууцгааж байсан. Тэр үед зурагтаар монгол кино гарч байсан. Тэр киноны талаар Ерөөлт гэх хүнтэй ярьж байгаад кинон дээр гарч байгаа хүмүүсийг “наадуул чинь хужаа шүү дээ” гэж хэлсэн чинь Ерөөлт “наадах чинь адилхан л монгол хүн шүү дээ” гээд бид 2 маргалдсан. Тэгэхээр нь би Ерөөлтөд хандаад “чи уурлаад байгаа юм уу” гэсэн чинь тэгж байна гээд ханцуйгаа шамлаад өөдөөс босо ирэхээр нь би мах идэж байсан хутгаа гартаа бариад босо очсон. Тэр үед би баруун гартаа хутга барьчихсан байсан. Тэгээд зууралдаад байж байсан чинь -Од-Янжив, - ах 2 салгасан. Тэгээд Ерөөлт хамт явсан залуутайгаа гараад давхиад явчихсан. Би араас нь -Од-Янживын машинтай учир зүйгээ олъё гээд давхисан гүйцээгүй. Тэгээд гэртээ ирээд байж байсан чинь цагдаа төлөөлөгч 2 ирээд сумын төв рүү авч явсан. Тэгээд л тэр Ерөөлт гэх залууг хутгалчихсан юм байна гэж мэдсэн. Бид 2 кино үзэж сууж байгаад маргалдсан. Би танихгүй урьд өмнө нь уулзаж байгаа байгаагүй. Хохирогчид хохирол төлбөр төлнө. Яг хэдэн төгрөгийн хохирол төлөхөө мэдэхгүй хүлээгээд байна. Хохирлыг барагдуулна. Согтуудаа ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж харамсаж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68/
Хохирогч Х.Ерөөлтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өөрийн 36 тооны нэг азарга адуугаа эрээд Дэлгэрцогт сумын гэх хүний хамтаар ******* сумын Их газрын чулууны уулын баруун талд байсан адуугаа оло буцаж явах замдаа адуугаа услаад орой болж байхаар нь усны зүүн хойд талд айл байхаар нь тэр айлд гийн хамтаар очсон. Тухайн айлд 3 залуу архи уугаад сууж байсан. Урд айлын залуу машинтай ирээд гэрийн эзэн гэх *******тай уулзаад сумын төв дээр очиж архи аваад ирье гээд ******* тэр хүнтэй сумын төв рүү явсан. Гэрт байсан өө гэх хүн бид нарт мах чанаж өгөөд бид нар хоол идээд зурагт үзээд сууж байтал 22 цагийн үед ******* нөгөө өндөр залуугийн хамт ирсэн. Гэртээ орж ирээд хоол идээд сууж байхад нь би гийн хамтаар “Ацаг шүдний зөрүү” уран сайхны кино үзэж байхад ******* “эд нар чинь Өвөрмонгол тэр чигээрээ хятад” гэж хэлж байсан. Тэгэхэд нь би Өвөрмонгол гэж юу байдаг юм, Өвөрмонгол чинь бараг л монгол биз дээ гэж хэлтэл чиний ургийн овог чинь юу вэ? гэхээр нь Мөнх овогтой гэсэн. Тэгтэл чи муу яг харчин хүн байна гэхээр нь би үгүй ах би чинь Мөнх овогтой шүү дээ гээд хэлтэл чи муу бацаан томро байна гээд хутга бариад босо ирсэн. Тэгээд арай ч хутгалчихгүй байх гэж санаад өөдөөс нь хартал ирж дарж аваад хутгатай гарыг нь барих гэтэл хатгасан. Би хутгалуулснаа мэдээд цээжин хэсгийн орчимд чимчигнэх шиг боло барилцсан. Гэтэл гэрийн эзэн гэрт байсан 2 хүн нь татсан. Би ч гийн хамтаар гэрээс нь гараад зүүн хойш чиглэсэн замаар гэрлээ асаагаад давхисан. Нэлээд явж байгаад эргээд хартал гийн ард машины гэрэл тусч байсан. Тэр үед зам 2 салсан бид 2 өөр, өөр тийш салаад давхисан. Тэгтэл миний араас машинаараа хөөсөн. Зугтаж байгаад нэлээд ойрто ирэхээр нь замаас гараад замгүй газраар гэрлээ унтраагаад давхиж байхдаа мотоциклоосоо унасан. Би мотоциклоо босго харанхуйд харж байтал баруун хойд зүгт гийн мотоциклын гэрлийг хараад нөгөө машин буцаад явсан. Би тэндээсээ Говь-Угтаал суманд байх ахад хэлээд ******* сумын эмнэлэг дээр ирсэн. Тухайн үед цагдаа нар намайг хутгалсан хүнийг дагуулж ирсэн. Одоо би аймгийн эмнэлэгт хэвтэж байна. Надад хагалгаа хийгээгүй оёдол тавьсан. Цээжний зүүн хэсэгт хөхний орчимд нэг удаа хутгалсан. Хүрэн иштэй эвхдэг тонгорог байсан. Хутгалуулснаас өөрөөр зуулаагүй. Намайг хөөж байгаад г хөөгөөд явсан. Би той ярьсан чинь “ын мөнгө”-ний уурхай орчимд явж байна гэж хэлж байсан. Нөгөө машин араас дагаад байна гэсэн. Тухайн үед би цэнхэр өнгийн хурган дотортой дээл, саарал өнгийн хоолойтой ноосон цамцтай байсан. Дээл цамц нэвт зүсэгдсэн байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Эрүүл мэндээрээ хохирсон болохоор гомдолтой, хуулийн дагуу шийдүүлнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 06-09/
Хохирогч Х.Ерөөлтийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Миний хурган дээл урагдаж цус болсон. Дээлээ нэхэмжилж байна. Мөн би өөрөө адуундаа явах боломжгүй болсон учраас хүн явуулаад бензин тос зарцуулсан зардлаа нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/
Гэрч С.-Од-Янживын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 29-ний орой 19 цагийн орчимд хөдөө гэрээсээ *******ын гэрт иртэл - ах ******* нар согтуу байсан. Намайг гэрт нь орох адууны эрэлд яваа 2 хүн тэднийд ирсэн байсан. Мөн Лхагвасүрэн гэх хүн гэрт нь байж байгаад хэрэг гарахаас өмнө явчихсан. Намайг ******* сумын төв орж архи авах гэсэн юм гээд дагуулаад сумын төв дээр ирж архи аваад буцаад гэр рүүгээ явсан. Намайг *******ын гэрт байхад эрэл хийж ирсэн 2 залуу зурагт үзээд сууж байсан. Зурагтаар “Ацаг шүдний зөрүү” гэдэг кино гарч байсан ба кинон дээр гардаг хятад хүнийг хужаа хүн өвөр монгол хүн гэх зэргээр ярьж байснаа маргалдах болсон. Гэтэл ******* нөгөө эрэл хийж байсан залуу руу чи надтай үзэх юм уу гээд босо тэр 2 барилдаж авахаар нь би дундуур нь орж салгасан. Тэгтэл нөгөө эрэл хийж байсан гэх 2 залуу гараад өөр өөрсдийн мотоциклоо унаад зугтсан. Тэгээд бид нар гэрээс гараад нөгөө 2 залууг олж уулзах эвлэрчих санаатай араас нь явсан боловч гүйцэлгүй алдсан. Тухайн үедээ ******* хутга барьсан байсан. Би эргэж гэрт нь ирээд та маргаан болох үед хутга барьсан байсан юм уу гэж асуутал тийм гэж хэлсэн. Тэр үед мах идээд сууж байсан. ******* хутгаа орон доогуур шидсэн байсан. Би хутгыг нь хараагүй. ******* нөгөө залуутай заамдалцаж аваад би дундуур нь орж салгасан. Тэгээд нөгөө 2 залуу мотоциклтойгоо явсан. Зоон болоогүй. Заамдалцаад авахаар нь дундуур нь оро салгасан. Эрлийн хоёр залууг миний эзэмшлийн - ДУЭ улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн машинаар хайсан. Тэр залуучууд миний урд гэрлээ унтраагаад яваад байсан. Тэр үед миний машинд ******* бид 2 явсан. Бид ойролцоогоор 10 километр явсан байх. Би огт архи уугаагүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19/
Гэрч М.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Б.*******ыг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг мэдсэн. Би Дундговь аймгийн ******* сумын 3-р баг “*******” гэх газарт гэртээ байж байгаад 2023 оны 01 сарын 29-ний өдрийн 12 цагийн орчим аймгийн төв рүү ажлаар явсан. Манай нөхөр *******, манай ах -Эрдэний хамт гэртээ үлдсэн. 2023 оны 01 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө над руу ******* залгаад хүнтэй муудалцаад асуудалд орчихлоо, сумын төв дээр цагдаа дээр ирчихсэн байна гэж хэлсэн. Маргааш нь сумын төлөөлөгч руу утсаар залгаж асуухад “танай хүн чинь архи уучихаад хүнтэй муудалцсан хүнд мэс хүргэсэн” гэж хэлсэн. Тэгээд болсон асуудлыг мэдсэн. *******тай ханилан суугаад 9 жил болж байна. Дундаасаа 1-7 насны 4 хүүхэдтэй. Манай нөхөр төлөв даруу зантай хүн чанар сайтай нүүдлээр явж байгаа хүнийг гэртээ оруулаад дайлж цайлаад л гаргадаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай:
1,2,6. Х.Ерөөлтийн биед цээжний зүүн талд хутгалагдсан, шинэ шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-34/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/
Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-42/
Хохирогч Х.Ерөөлтийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /43-48/
Шүүгдэгч Э.*******ын согтуурлыг шалгахад 1.71 хувийн согтолттой байсан тухай согтуурал шалгасан магадалгаа /хх-ийн 51/
2023 оны 02 сарын 16-ны өдөр хохирогч Х.Ерөөлтөд хохирол 1.500.000 төгрөг төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 69/
Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Х.Ерөөлт нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчим бусдад хутгалуулсны улмаас түүний эрүүл мэндэд цээжний зүүн талд хутгалагдсан шинэ шарх бүхий гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:
Хохирогч Х.Ерөөлтийн цээжний зүүн талд хутгалагдсан шинэ шарх” бүхий гэмтлийг шүүгдэгч Э.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчимд Дундговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг ******* гэх газарт байх өөрийн гэртээ хохирогчийн цээж хэсэгт нь хутгаар хатгах үйлдлээр учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Х.Ерөөлтийн: “...би гийн хамтаар “Ацаг шүдний зөрүү” уран сайхны кино үзэж байхад ******* “эд нар чинь Өвөрмонгол тэр чигээрээ хятад” гэж хэлж байсан. Тэгэхэд нь би Өвөрмонгол гэж юу байдаг юм, Өвөрмонгол чинь бараг л монгол биз дээ гэж хэлтэл чиний ургийн овог чинь юу вэ? гэхээр нь Мөнх овогтой гэсэн. Тэгтэл чи муу яг харчин хүн байна гэхээр нь би үгүй ах би чинь Мөнх овогтой шүү дээ гээд хэлтэл чи муу бацаан томро байна гээд хутга бариад босо ирсэн. Тэгээд арай ч хутгалчихгүй байх гэж санаад өөдөөс нь хартал ирж дарж аваад хутгатай гарыг нь барих гэтэл хатгасан. Би хутгалуулснаа мэдээд цээжин хэсгийн орчимд чимчигнэх шиг боло барилцсан. ... ******* сумын эмнэлэг дээр ирсэн. Тухайн үед цагдаа нар намайг хутгалсан хүнийг дагуулж ирсэн. Одоо би аймгийн эмнэлэгт хэвтэж байна. Надад хагалгаа хийгээгүй оёдол тавьсан. Цээжний зүүн хэсэгт хөхний орчимд нэг удаа хутгалсан. Хүрэн иштэй эвхдэг тонгорог байсан. ...” гэх,
гэрч С.-Од-Янживын: “Би 2023 оны 01 дүгээр сарын 29-ний орой 19 цагийн орчимд хөдөө гэрээсээ *******ын гэрт иртэл - ах, ******* нар согтуу байсан. Намайг гэрт нь орох адууны эрэлд яваа 2 хүн тэднийд ирсэн байсан. ... Намайг *******ын гэрт байхад эрэл хийж ирсэн 2 залуу зурагт үзээд сууж байсан. Зурагтаар “Ацаг шүдний зөрүү” гэдэг кино гарч байсан ба кинон дээр гардаг хятад хүнийг хужаа хүн өвөр монгол хүн гэх зэргээр ярьж байснаа маргалдах болсон. ...Тухайн үедээ ******* хутга барьсан байсан. .... та маргаан болох үед хутга барьсан байсан юм уу гэж асуутал тийм гэж хэлсэн. ...******* хутгаа орон доогуур шидсэн байсан. Би хутгыг нь хараагүй.” гэх,
гэрч М.ийн: “Би Б.*******ыг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг мэдсэн. ...2023 оны 01 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө над руу ******* залгаад хүнтэй муудалцаад асуудалд орчихлоо, сумын төв дээр цагдаа дээр ирчихсэн байна гэж хэлсэн. Маргааш нь сумын төлөөлөгч руу утсаар залгаж асуухад “танай хүн чинь архи уучихаад хүнтэй муудалцсан хүнд мэс хүргэсэн” гэж хэлсэн” гэх мэдүүлгүүд болон хохирогч Х.Ерөөлтийн эрүүл мэндэд “цээжний зүүн талд хутгалагдсан, шинэ шарх” бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдж байна.
Шүүгдэгч Э.*******ын хохирогч Х.Ерөөлтийн цээж хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд хутгалагдсан, шинэ шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Э.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ерөөлтийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.
Хохирогч Х.Ерөөлтөөс шүүхийн хэлэлцүүлэгт “Эрүүл мэндийн үйлчилгээ авсан зардал 250.000 төгрөг, 892.121 төгрөгийн үнийн дүн бүхий шатахууны баримт, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг төлсөн талаарх баримт нийт 1.642.121 төгрөг”-ийн үнийн дүн бүхий хохирлын баримтыг ирүүлсэн, шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Х.Ерөөлтөд 1.500.000 төгрөг төлсөн байна. Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд бензиний төлбөр 1.600.000 төгрөгийг төлсөн гэх тайлбар гаргаж байх тул хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар ирүүлсэн 1.642.121 төгрөгийн хохирол төлөгдсөн байна гэж дүгнэлээ.
Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “хэрэг учрал болох үед өмсөж явсан хурган дотортой дээл зүсэгдэж дахин хэрэглэх боломжгүй болсон. Үнэлгээг гаргуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцаах” хүсэлтийг гаргаж байна.
Гэвч хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд дээлний хохирол 1.500.000 төгрөг авсан гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд энэ талаар оролцогчид маргаагүй, хохирогч, шүүгдэгч нарын эрх ашиг зөрчигдсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул өмгөөлөгчийн хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлтийг шүүх хүлээн авахгүй байхаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн хохирогчийн өмгөөлөгчөөс хохирогч эрүүл мэндээрээ хохирч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаандаа 6 адуугаа алдсан. Энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэж Сайнцагаан сумын үнэлгээний комиссоор үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний дагуу 6 адууны хохирол 6.850.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх тайлбарыг гаргаж байна.
Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтаар ирүүлсэн Сайнцагаан сумын Засаг даргын дэргэдэх үнэлгээний комиссын үнэлгээ /дүгнэлт/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримт биш тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Иймд хохирогчийн нэхэмжлэлээс 6 адууны үнэ 6.650.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар хохирогч Х.Ерөөлт хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдлаа.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохиролд 1.000.000 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэжээ. Прокуророос шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч Э.*******д холбогдох эрүүгийн 2322000000050 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх улсын яллагчийн санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг болон түүний хувийн байдалд тохирсон эсэхэд шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Э.*******д улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч энэ хэргийн цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Х.Ерөөлтөд 3.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 21 см урттай /хүрэн өнгийн бариултай/ эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт ы *******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Энхнтайваны *******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч энэ хэргийн цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Х.Ерөөлтөд 3.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 21 см урттай /хүрэн өнгийн бариултай/ эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн нэхэмжлэлээс 6.650.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Ерөөлт хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг заасугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.УУГАНБАЯР