| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 186/2019/0681/Э |
| Дугаар | 1169 |
| Огноо | 2019-11-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | прокурор Ц.Хулан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 1169
М.Эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Хулан,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/711 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Хулангийн бичсэн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн М.Эд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Г овгийн Мгийн Э, 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн баяжуулалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:.../;
М.Э нь согтуугаар 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... тоотоос Б.Бгийн эзэмшлийн 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс-3” загварын, Б.Гын эзэмшлийн 20.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Нокиа” загварын, Л.Эн эзэмшлийн 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Жэй-7” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г овогт Мгийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг шүүгдэгч М.Эд сануулж, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Хулан прокурорын эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангахгүй байна. Үүнд: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт хийхдээ “...шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл... зэргийг тус тус харгалзан...” гэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн мэтээр хавтас хэрэгт авагдаагүй баримтын талаар дурдаж дүгнэсэн. 2. Шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалтад “...шүүгдэгч М.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон” атлаа 2 дахь заалтад “Шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж...” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, М.Эд холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 711 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Үүнд:
Ийнхүү даргалагч шүүгчийг томилохдоо Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл Ерөнхий шүүгчийн захирамжид гарын үсэг зурж албажуулсан байх ба шүүгч С.Батгэрэлийг Ерөнхий шүүгчийг эзгүйд түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэрийг хэрэгт хавсаргаагүй, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.9 дэх заалтад зааснаар Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон ажилласан гэх баримтгүйгээр хэргийн даргалагчийг томилсон нь буруу байна.
Улмаар шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч М.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох талаар дүгнэлтийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийсэн атлаа тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж бичиж, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй зүйл ангиар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, хохирогч Л.Эгийн гар утсыг хулгайлсан гэх үйлдлийг хэлэлцэж шийдвэрлэсэн байдлаар шийтгэх тогтоолд бичигджээ.
шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт М.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /залилах гэмт хэрэг/ ял оногдуулахгүйгээр тэнссэн, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай этгээдийг тэнссэн бол мөн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоолгүйгээр шийтгэх тогтоолыг ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээтэй байдлаар бичсэн байна.
Иймд хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/711 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.
Дээрх зөрчлүүд нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгчийн хэт хайнга, хариуцлагагүй байдалтай холбоотой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих” үүргээ ухамсарлаж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн хуульд нийцүүлж, хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлж байхыг онцгойлон анхааруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн шийдвэрт улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй талаар заасан байхад Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 25 дугаартай “Прокурорын эсэргүүцэл” хэлбэрээр эсэргүүцэл бичиж хэргийг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/711 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Эд холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл М.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц. ОЧ