Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0457

 

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0457

Улаанбаатар хот

 

 

С***” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга,

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч “С***” ХХК,

Хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага:  Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/90 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах,

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 123/ШШ2025/0040 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А***,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е**,

Хэргийн индекс: 123/2025/0036/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С***” ХХК-иас шүүхэд хандан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/90 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 123/ШШ2025/0040 дүгээр шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/90 дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:

...Шүүх шийдвэр гаргахдаа “С***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруу гарсан гэж үзэж байна. Уг аж ахуй нэгж нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/204 дүгээр захирамжаар Замт 2 дугаар баг Урангийн богино баруун талд байршилд 50 га газрыг нарны цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшсэн газартаа үйл ажиллагаа явуулалгүй 2024 оныг хүрсэн.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр огт үйл ажиллагаа явуулаагүйн зэрэгцээ газар эзэмших гэрээ, гэрчилгээгээ улсын бүртгэлийн “Э” дугаартай болгож 2020 онд шинэчлүүлэн авсан цагаасаа хойш гэрээг дүгнүүлээгүй үйл ажиллагааг явуулаагүй нь үнэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          3. Маргаан бүхий үйл баримтын хувьд хэрэгт авагдсан баримтаар,

          3.1. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор “Нарны цахилгаан станц барих” тусгай зөвшөөрлийг авч, нарны цахилгаан станцын “үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар” зориулалтаар маргаан бүхий газрыг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/204 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон.

            Улмаар Эрчим хүчний зохицуулах хорооноос нэхэмжлэгч хуулийн этгээдийн нарны цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргаан үүсэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 221/МА2023/0214 дугаартай магадлалаар “...Эрчим хүчний зохицуулах хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах”-аар шийдвэрлэсэн.

          3.2. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “С*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/90 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06 тоот тогтоолыг тус тус үндэслэн Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын “... 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/204 дүгээр захирамжаар Замт 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Урангийн богинод байршилтай нарны цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн зориулалттай 50 га газрыг гэрээ, эрхийн гэрчилгээний хамт эзэмшдэг ба гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдсон.

          4. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч С***” ХХК нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын дээрх захирамжийг эс зөвшөөрч “...манай компанид олгосон 1 жилийн хугацаатай техникийн нөхцлийн хугацаа сунгах асуудал Эрчим хүчний яаманд шийдэгдэхгүй байсан, улмаар шүүхэд хандаж, ....2023 оны 6 дугаар сард Улсын дээд шүүх гомдлыг хүлээн авахаас татгалзсанаар хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн буюу техникийн нөхцөл, тусгай зөвшөөрөл шүүхийн маргаантай гэдэг үндэслэлээр өөрийн газарт зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан” гэсэн агуулгаар,         хариуцагчаас “...манай суманд 2017-2024 оны хооронд ямар нэгэн албан бичгээр хандаж байгаагүй тул газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй гэж үзнэ” гэсэн агуулгаар тус тус тайлбарлан маргасан.

          5. Анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгааны улмаас Эрчим хүчний зохицуулах хорооноос 09/2017 дугаар тусгай зөвшөөрлийг сунгах, эрчим хүчний барилга байгууламж барих ажлыг эхлүүлэх, станцын барилга байгууламж барихтай холбоотой шаардагдах тусгай нөхцлөөр дагалдах ажилбаруудыг гүйцэтгэж, хуульд заасан бусад холбогдох баримт бичгийг боловсруулан бүрдүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа зэргээр 2020 онд газар эзэмших гэрээ байгуулагдсанаас хойш өнгөрсөн хугацаанд зориулалтын дагуу ашиглах нөхцлүүдийг хийсээр байсан нь тогтоогдож байх тул түүнийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

          6. Тодруулбал, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 35 дугаар зүйлийн 35.1.1-т “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” хэмээн,

          Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 21.2-т заасан шаардлага хангасан, уг барилга байгууламжийг барих хүсэлт гаргасан хуулийн этгээдэд олгож болно” хэмээн,

          Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих хуулийн этгээд нь Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авна” хэмээн тус тус заасан.

            Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу нэхэмжлэгч “С***” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа болох сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих зорилгоор маргаан бүхий газрыг эзэмшсэн. Улмаар нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгааны улмаас буюу Эрчим хүчний зохицуулах хорооноос нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 09/2017 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх талаарх маргаан шүүхээр хянан хэлэлцэгдэж байсан болох нь тогтоогдсон, энэхүү шалтгааны улмаас маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлоор хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 123/ШШ2025/0040 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

     

                  ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

                  ШҮҮГЧ                                                О.ОЮУНГЭРЭЛ

 

                             ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА