Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 11

 

                            

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ө.Гансувд

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Хохирогч Г.Батбаатар

Шүүгдэгч Ц.Бямбабаяр нарыг оролцуулан  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Донгоодой овогт Цэвэгдоржийн Бямбабаярт холбогдох 201611000456 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 05 сарын 20-ны өдөр Дорнод  аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Баянтүмэн сумын * дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн 2 дугаар хэсгийн ардын шүүхийн 1993 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 13 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 147 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 26 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 174 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 93 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 514 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын баривчлах, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 08 сарын 31-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар,  Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 05 сарын 08-ны өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар  шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 91 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 16 хоногийн хорих ялаас 2 жилийг хасч өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Донгоодой овогт Цэвэгдоржийн Бямбабаяр. РД: /ЖБ78052073/

Шүүгдэгч Донгоодой овогт Цэвэгдоржийн Бямбабаяр нь ялтай байдалтай байхдаа согтуугаар 2016 оны 10 сарын 20-ны орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг Ялалтын 14-10 тоотод иргэн Г.Батбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллагдагчаар татах тухай тогтоолд/

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч Донгоодой овогт Цэвэгдоржийн Бямбабаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 сарын 20-ны өглөө эхнэртэйгээ муудаад гэрээсээ гарсан юм. Тэгээд Батбаатарынд орж “ах нь архиа гартал жаахан унтчихъя” гэж хэлээд унтсан. Тэгээд би унтаж байгаад Батбаатартай цуг гараад явж байтал найз Болдоо, Түвшинжаргал нартай таарсан. Болдоо “манайд очиж архи ууя” гэхээр нь би Батбаатарыг үлд гэхэд Батбаатар үлдэхгүй гээд дагаад явсан. Болдынд очоод архи ууж байгаад би Батбаатарт “Одоо чи архи уухаа боль, гэртээ харь” гэсэн. Батбаатар согтохоороо олон юм яриад байдаг юм. Тэгэхэд Батбаатар “яадаг юм, би архи ууна” гэхээр нь би нүүр лүү нь 2 удаа алгадсан. Өглөө нь би сэрээд эхнэр рүүгээ залгахад “Чи Батбаатарыг зодсон байна, би эмнэлэгт үзүүлсэн” гэж хэлсэн. Би өөрийн үйлдлээ буруутай гэж үзэж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Ганбаатарын Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрөө ахынхаа үгнээс зөрөөд байдаг юм. Тухайн үед би “миний архи уух чамд ямар хамаатай юм бэ” гээд ахдаа алгадуулсан. Би өөрийгөө буруутай гэж үзэж байна гэв.

Гэрч Балсангийн Болд хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн өглөө өөрийн гэр болох 10 дугаар баг Ялалтын 14-10 тоотоос гараад 6 дугаар багт байрлах “Шүр” зах дээр өөрийн найз болох Түвшинжаргалтай таарч бид хоёр 6 дугаар баг СМУ-гийн хашаанд байрлах “Баяннуур” кафед орж Ерөөл гэх архийг хувааж уугаад тэндээсээ гараад бид хоёр манай гэр рүү явж байхад 21 цагийн орчимд 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Мустанг гэх баарны гадаа өөрийн найз болох Бямбабаяртай таарсан. Бямбабаяр өөрийн хамтран амьдрагч Цацралтуяагийн хүү болох Батбаатарын хамт явж байсан. …Тэгээд манай гэрт очоод дэлгүүрээс авсан архиа ууж байхад Бямбабаяр Батбаатарт “Чи одоо болно, 2-3 хундага архи уулаа гэр рүүгээ яв, чи дандаа болсон асуудлыг ээждээ хэлдэг, тэгээд бас намайг гэр рүүгээ оруулдаггүй биз дээ” гэхэд Батбаатар өөдөөс нь хэрүүл маргаан үүсгээд байсан. Тухайн үед Бямбабаяр орон дээр сууж байсан харин Батбаатар өөдөөс нь хараад газарт сууж байсан болохоор Бямбабаяр өөдөөс нь хөлөөрөө жийгээд 2-3 удаа алгадахад Батбаатар босоод манай гэрээс гарахдаа та гурвыг нийлээд намайг зодсон гэж ээждээ хэлнэ гээд гараад явсан гэжээ. / хх-ийн 25-26/

Гэрч Дөшийн Түвшинжаргал хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн орчим “Шүр” зах дээр өөрийн найз болох Болдоотой таарч бид хоёр 6 дугаар баг СМУ-гийн хашаанд байрлах “Баяннуур” кафед орж Ерөөл гэх архийг хувааж уугаад тэндээсээ гараад бид хоёр Болдоогийн гэр рүү явж байхад 21 цагийн орчимд 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Мустанг гэх баарны гадаа өөрийн найз болох Бямбабаяртай таарсан. Бямбабаяр өөрийн хамтран амьдрагч Цацралтуяагийн хүү болох Батбаатарын хамт явж байсан. …Тэгээд Болдоогийн гэр рүү явах замдаа Бямбабаяр Батбаатарт хандан “гэр рүүгээ яв үлд” гэж хэлэхэд Батбаатар үгэнд нь орохгүй хамт явсан юм. Болдоогийн гэрт нь очоод дэлгүүрээс авсан архиа ууж байхад Бямбабаяр нь Батбаатарт хандан “Чи одоо болно, 2-3 хундага архи уулаа гэр рүүгээ яв, чи дандаа болсон асуудлыг ээждээ хэлдэг, тэгээд бас намайг гэр рүүгээ оруулдаггүй биз дээ” гэхэд Батбаатар өөдөөс нь хэрүүл маргаан үүсгээд байсан. Тухайн үед Бямбабаяр 2 удаа хацар орчимд нь алгадахад Батбаатар босоод гэрээс гарсан. Гарахдаа та нарыг намайг зодсон гэж ээждээ хэлнэ гээд гараад явсан гэжээ. / хх-ийн 27-28/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 сарын 26-ны өдрийн 809 тоот актын дүгнэлтэд

            1. Г.Батбаатарын биед зүүн чамархайн өнгөц шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо бүхий зүйлийн 3-оос доошгүй удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. 

     3. Дээрх зүүн чамархайн өнгөц шарх, уруулын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний дээд зовхины цус хуралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

     4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 04/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 13/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 14-15/

Гэрч Б.Цацралтуяагийн мэдүүлэг / хх-ийн 21-22/

Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 35/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч Ц.Бямбабаярын ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 56/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ зэрэг нотлох баримтууд болно.

             Шүүгдэгч Донгоодой овогт Цэвэгдоржийн Бямбабаяр нь ялтай байдалтай байхдаа согтуугаар 2016 оны 10 сарын 20-ны орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг Ялалтын 14-10 тоотод иргэн Г.Батбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь зүүн чамархайн өнгөц шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Батбаатарын хэрэг бүртгэлтэнд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Цацралтуяа, Д.Түвшинжаргал, Б.Болдоо нарын хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  2016 оны 10 сарын 26-ны өдрийн 809 тоот актын дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Бямбабаяр нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, ялтай байх хугацаандаа, согтуугаар үйлдэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Бямбабаяр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй бөгөөд баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Бямбабаяр урьд нь Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 05 сарын 08-ны өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар  шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 91 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 16 хоногийн хорих ялаас 2 жилийг хасч өршөөн хэлтрүүлж, ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Бямбабаяр нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй тул түүний эзэмшлийн эд хөрөнгөнөөс 10000 төгрөгийг битүүмжилсэн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Бямбабаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж түүний бичгийн баримтаар хурагдаж ирсэн ЖБ78052073 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Бямбабаяр  нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Донгоодой овогт Цэвэгдоржийн Бямбабаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Цэвэгдоржийн Бямбабаярыг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан Ц.Бямбабаярын эдлэх 1 /нэг/ сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

 4. Ялтан Ц.Бямбабаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар түүний эзэмшлийн эд хөрөнгөнөөс 10000 төгрөгийг битүүмжилсэн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ц.Бямбабаярын урьд нь авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн, эдлэх ялыг 2017 оны 01 сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ц.Бямбабаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ                                     Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ