Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2016/0449

 

 

 

 

 

 

 

2016 оны 7 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2016/0449

Улаанбаатар хот

“Амбер” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч “Амбер” ХХК-ийн төлөөлөгч Д.Төвшин, Ч.Дүүжий, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 260 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Амбер” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гааль, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Туул, Ч.Нарантуяа нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 260 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4, 12.4, 12.4.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Амбер” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210201505 дугаар актыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрч шийдвэрлэжээ.

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү давж заалдах гомдолдоо: “Амбер” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Туул, Ч.Нарантуяа нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 260 дугаар шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэт шинжлэн судлалгүйгээр уг шийдвэрийг гаргасан нь дор дурдсан үндэслэлээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болж чадаагүй гэж үзэж байна.

Татварын улсын байцаагч нар хэсэгчилсэн хяналт шалгалт хийхэд “Амбер” ХХК нь Монгол Улсын хуулийн этгээд болох “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ, Ашигт малтмал, Газрын тосны хэрэг эрхлэх газраас авсан зөвшөөрлийн дагуу Газрын тосны хайгуул, олборлолт, боловсруулалт хийн БНХАУ руу ачуулж байгаа газрын тосны бүтээгдэхүүнд Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутаг Тамсаг дахь 19, 21 дүгээр талбайд “Амбер” ХХК нь 4-6 шинжээч байнга байрлуулан газрын тосны бүтээгдэхүүнд тоо, хэмжээний болон чанарын хөндлөнгийн хяналт хийсний төлбөр болох НӨАТ ногдох орлогыг экспортод гаргасан үйлчилгээний орлого буюу тэг хувьтай орлогоор тусган, албан татвар төлөх дүнг их хэмжээгээр бууруулж тайлагнасан зөрчил илэрсэн. Өөрөөр хэлбэл, “Амбер” ХХК нь Кайманы арал улс дахь “Петрочайна дачин тамсаг Монгол XIX лимитед”, “Петрочайна дачин тамсаг Монгол XXI лимитед” ХХК-тай хийсэн гэрээний дагуу тоо, хэмжээний болон чанарын хөндлөнгийн хяналт хийж буй үйлчилгээнд НӨАТ-ыг 10 хувиар ногдуулсан /гэрээний 5.1/ дүнгээр төлбөрийг хүлээж авч байгаа боловч НӨАТ-ын тайландаа тэг хувиар тусгаж, улсад төлөх татварыг компанид авч үлдсэн зөрчил илэрсэн байна.

Тус зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон болон экспортолсон этгээд, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна”, 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 8.1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна”, 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээг импортолсон буюу экспортолсон, түүнчлэн борлуулсан бол тухай бүрт”, 11.1-д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна” гэж заасныг зөрчиж 0 хувиар ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Тиймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 260 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Шүүх нэхэмжлэгч “Амбер” ХХК-ийн “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210201505 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн баталгаажуулалтын актыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай” Гааль, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Туул, Ч.Нарантуяа нарт холбогдох нэхэмжлэлийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12., 12.1.4, 12.4, 12.4.3-д заасныг баримтлан бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын хуулийн этгээд болох “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Ашигт малтмал, Газрын тосны хэрэг эрхлэх газраас авсан зөвшөөрлийн дагуу газрын тосны хайгуул, олборлолт, боловсруулалт хийн БНХАУ руу ачуулж байгаа газрын тосны бүтээгдэхүүнд Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутаг Тамсаг дахь 19, 21 дүгээр талбайд 4-6 шинжээч байнга байрлуулан газрын тосны бүтээгдэхүүний тоо, хэмжээний болон чанарын хөндлөнгийн хяналт хийсний төлбөр болох нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг экспортод гаргасан үйлчилгээний орлого буюу “тэг” хувьтай орлогоор тусган, албан татвар төлөх дүнг их хэмжээгээр бууруулж тайлагнасан зөрчил гаргасан гэж үзэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Амбер” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянаж, нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг 0 төгрөгөөр, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 113,462,202.73 төгрөгөөр баталгаажуулсан 210201505 тоот актыг 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр татварын улсын байцаагч Н.Туул, Ч.Нарантуяа нар үйлджээ.

Гэтэл нэхэмжлэгч “Амбер” ХХК нь 2013 оноос эхлэн Англи Улсын Кайман аралд бүртгэлтэй “Петрочайна дачин тамсаг Монгол XIX” ХХК, “Петрочайна дачин тамсаг Монгол XXI” ХХК-тай тус тус Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутаг, Тамсаг дахь 19, 21 дүгээр талбайд газрын тосны магадлан шинжилгээ хийх гэрээ байгуулан ажиллаж, үйлчилгээний төлбөр авахаар тохиролцож, уг төлбөр нь Америкийн Нэгдсэн Улсаас тус “Амбер” ХХК-ийн Монгол Улс дахь банкны дансанд шилжиж ордог болох нь Худалдаа хөгжлийн банкны 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шилжүүлгийн маягт, Монгол Улсад бүртгэлтэй “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн 2013, 2014, 2015 оны санхүүгийн баримт, Газрын тосны магадлан шинжилгээ хийх гэрээ, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогджээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын хувь тэг /"0"/-тэй тэнцүү байна”, хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараахь бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувь /“0”/-тай тэнцүү байна”, 12.1.4-д “.үйлчилгээ үзүүлэх үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй”, 12.4-т “Энэ хуулийн 12.1.4-т заасан иргэн, хуулийн этгээдийг дор дурдсан тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гэж үзнэ”, 12.4.3-т “тухайн улс болон Монгол Улсын аль алинд нь төлөөний газартай боловч уг үйлчилгээ нь гадаад улс дахь төлөөний газрын хэрэгцээнд бүхэлдээ буюу ихэвчлэн зориулагдсан” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, “Амбер” ХХК нь Монгол Улсад бүртгэлгүй Англи Улсын Кайман аралд бүртгэлтэй “Петрочайна дачин тамсаг Монгол XIX” ХХК, “Петрочайна дачин тамсаг Монгол XXI” ХХК-тай Газрын тосны магадлан шинжилгээ хийх гэрээ байгуулан гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлсний төлбөрийг Америкийн Нэгдсэн Улсаас шилжүүлэн авч байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээрх хуулийн заалтын хүрээнд нийцсэн үйлчилгээг үзүүлсэн гэж үзэхээр байна.

Тиймээс “Амбер” ХХК-ийн дээрх үйлдлийг зөрчил гэж үзэж “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7.1, 7.1.4, 8.1, 8.1.1, 11.1-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна” гэж үзсэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, давж заалдах гомдол нь үндэслэлгүй юм.

Нэгэнт дээрх хуульд заасан үндэслэлээр болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210201505 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн баталгаажуулалтын акт нь хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэгч “Амбер” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан шатны шийдвэр үндэслэлтэй юм.

Тиймээс анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүүгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                      ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.МӨНХТУЯА

        ШҮҮГЧ                                                                О.НОМУУЛИН

       ШҮҮГЧ                                                                  Э.ХАЛИУНБАЯР