| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00181/И |
| Дугаар | 00260 |
| Огноо | 2019-05-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 00260
| 2019 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 153/ШШ2019/00260 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 2-23 тоотод оршин суух, Хиргис овогт Ч-ын Х / / -ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 153/2019/00181/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Ч.Х нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Х миний бие нь 1969 онд төрсөн. 1984 онд Ховд аймгийн Мянгад сумын 10-н жилийн сургуулийн 8-р ангиас ар гэрийн гачигдлаар гарч эцэг, эхийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан.
Одоо тэтгэвэрт гарах гээд аймгийн архиваас баримтуудаа шүүлгэж үзэхэд тухайн үеийн 70 дугаар дансны бичилт дутуу, зарим онуудын лавлагаа гарахгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд Ч.Х намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1969 онд төрсөн. Миний эцэг, эх Мянгад сумын Давшилт нэгдэлд мал малладаг байсан. Миний бие 1977 онд 1 дүгээр ангид ороод 1983 оны хавар эцэг, эхийн хажууд мал маллаж байсан. Миний эрэгтэй дүү мал маллах боломжгүй болсон тул би 1984, 1985 оны хавар очиж шалгалтаа өгчихөөд гэртээ ирдэг байсан. Хүүхэд байхаасаа мал малласан, өөр ямар нэгэн ажил хийж байгаагүй. Тэгээд 1985 оны хавар 8 дугаар анги төгссөн. Түүнээс хойш 2004 он хүртэл мал малласан. Эцэг, эхийнхээ хажууд 1997 оны 07 дугаар сар хүртэл хамт амьдарч байгаад гэр бүлтэй болж 2004 он хүртэл нөхрийн хамт Мянгад суманд ажиллаж амьдарсан. 1991 оны 11 дүгээр сард нэгдэл байж байгаад Давшилт компани болсон. Манай компани 1990 оны үед тарахад миний эцэг болон хадам эцгийнх үлдэж хамгийн сүүлд тарсан. Тэгээд би 1984-1985 онуудад хөдөө гэртээ ирчихсэн байхад миний эцэг сургуулийн захиралтай ярьж байгаад намайг эчнээгээр сургасан. Би 1990 оноос 2000 он хүртэл Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдсан. Одоо би Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна....1989 онд зохион байгуулагдсан Нэгдэлжих хөдөлгөөний 30 жилийн ойгоор авахуулсан зураг....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Х нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Х нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ч.Х нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай Илгээлтийн эздийг хувиарлан томилох тухай тушаалын хуулбар, уг тушаалын хавсралтын хуулбар, Илгээлтийн эзэн малчин залуучуудын Улсын II чуулга уулзалтын 1987 оны 7 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд зохион байгуулах урилга, нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Г.Нямсүрэнгийн ...Би 1964-1992 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Буянбулаг буюу 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. 1992 оны 01 сард нэгдэл тараад Давшилт компани болоход Баянбулаг бригадад түрээсийн малчнаар ажиллаж байсан....Ч.Х нь Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуулийг төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад нэгдэл тартал хонь маллаж малчнаар ажилласан. Хын аавынх нь нэрийг Тогмидын Чулуунбаатар гэдэг байсан. Ээжийнх нь нэрийг Ишдоржийн Цэдэнхүү гэдэг байсан....Эвлэлийн илгээлтийн шугамаар залуучуудын хурал цуглаанд явж байсан. Ч.Х дандаа хонь маллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Д.Түвшингийн ....Би 1975-1981 оны намар хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад зоо техникч, тоо бүртгэгч бригадын дарга зэрэг ажлуудыг хийж байгаад 1981 оны намраас 1985 оны 5 сар хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад зоо техникч, бригадын дарга хийж байсан. 1985 оны 5 сараас 1994 оны 7 дугаар сар хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Монгол банкны салбарын эрхлэгч, 1992 онд банкны нэршил өөрчлөгдөөд Хөдөө аж ахуйн банкинд нягтлан бодогч, эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байна....Ч.Х нь 8 дугаар ангиа төгсөөд эцэг эхийн хамт мал малласан хүүхэд байгаа юм. Ч.Хын эцэг эх нь Мянгад сумын Баянбулаг бригадын хүмүүс байгаа юм .Ч.Х нь үржлийн бог мал маллаж байсан. Хөдөлмөрийн норм, нэг хүнд ноогдох малын тоо зэргээр хөдөлмөр хөлс бодогддог байсан. Нэг хүнд оногдуулсан малын тоогоор бодогддог байсан. Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадын хувьд мал ихтэй бригад байсан учраас малчин хүнд мал их оногддог байсан....Хын дүү нараас нэгдлийн гишүүн болж мал маллаж байсан хүмүүс байгаа. Дүү Хишигсүрэн, Оюунцэцэг нар нь илтгээлтээр гарч, нэгдлийн гишүүн болж мал маллаж байсан. Бусад дүү нар нь нэгдэл тарснаас хойш мал малласан.... гэх мэдүүлэг, зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 14, 23-24, 25-26 дугаар тал/
Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай Илгээлтийн эздийг хувиарлан томилох тухай тушаалын хуулбар, уг тушаалын хавсралтын хуулбараар нэхэмжлэгч Ч.Х нь 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь үгүйсгэгдэж байх тул Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 10, 15 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Түвшин, Г.Нямсүрэн нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хиргис овогт Чулуунбаатарын Хын Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ