Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 00261

 

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2019/00261

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багт оршин суух, Хар банди овогт Л-ын У / /- ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 153/2019/00260/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Л.У нь 1969 оны 6 сарын 11-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 50 настай, ам бүл 6. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1977 онд Дарви сумын 8 жилийн сургуульд элсэн орж суралцан 1985 оны 06 сарын 15-ны өдөр 8 дугаар ангиа төгсөөд өөрийнхөө хүсэлтээр МХЗЭвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Дарви сумын Сутайн Хөгжил нэгдлийн Дэлгэр бригадад Ц.Лосолын туслах малчнаар 1985 оны 6 сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж 1990 онд Сутайн хөгжил нэгдэл тарах хүртэл хоньчноор ажиллаж байсан. Л.У нь 1985 оны 6 сарын 15-наас өнөөдрийг хүртэл 34 жил тус сумын Мөрөн багт малчнаар ажиллаж амьдарч байна. 

Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход 1985 оны 06 сарын 15-ны өдрөөс 1990 оныг хүртэлх малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөр өдрийн хөлс авч байсныг гэрчлэх хөдөлмөрийн дэвтэр байхгүй, тухайн үеийн ажилдаа хайнга хандсан албан хаагчаас болж иргэн хохирч байна. Иймд Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авахад Л.У нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн Хөгжил нэгдлийн Дэлгэр бригадад малчнаар 1985 оны 06 сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж 1990 онд Сутайн хөгжил нэгдэл тарах хүртэлх үеийн малчнаар ажиллаж байсан хөдөлмөр өдрийн хөлс авч байсныг гэрчлэх цалингийн карт олдсон юм.

Иймд Л.Уыг Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Л.У нь намайг Л.Ундармаа, Л.У гэж дууддаг байсан гэж хэлж байсан....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.У нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Л.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг Л.Уыг Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодуурлав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.У нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 411 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дарви сумын Буянт, Дэлгэр бригадын 1985-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Ажилд томилох тухай тушаалын хуулбар, гэрч Л.Алтанчимэгийн ....Л.У нь 1985 оны хавар Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн сургуулийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч эцэг эхийн хамт Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар 1999 оныг дуустал ажилласан. Л.У нь эцэг эхийн хамт нэгдлийн хонь, ямаа маллаж байсан. Л.Уын аавынх нь нэрийг Лосол гэдэг. Ээжийнх нь нэрийг Бүтэд гэдэг байсан. Л.Уын нөхрийнх нь нэрийг Төмөрбаатар гэдэг. У дээрээ Энх-Амгалан гэдэг эгчтэй, Болдоо гэж ахтай байсан. Доороо Базар гэж дүүтэй. Бусдынх нь нэрийг санахгүй байна. Би У ч гэж дууддаг байсан. Ундармаа ч гэж дууддаг.... гэх мэдүүлэг,  гэрч М.Янжинхорлоогийн ....Л.У нь 8 дугаар анги л төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажилласан. Хэднийг болтол ажилласныг мэдэхгүй байна. Л.У нь эцэг эхийн хамт бог мал маллаж байсан. Л.Уын аавынх нь нэрийг Цэрэндашийн Лосол гэдэг. Ээжийнх нь нэрийг Бүтэд билүү, бид нар Бөндөө амаа гэдэг байсан, сайн санахгүй байна. Л.Уын нөхрийнх нь нэрийг Төмөрбаатар гэдэг. Ц.Лосолын хүүхдүүдийн нэрийг Гүндэгмаа, Жамбалдорж, Энх-Амгалан, Түдэвдорж, Ундармаа, Алтанхуяг, Шонхоо, Энхбат, Базар гэдэг нэртэй байгаа. Миний одоо гэрчээр мэдүүлэг өгч байгаа хүнийг би Ундармаа гэж дууддаг юм. Уыг чинь би Ундармаа гэж яриад байна. Нэр нь өөр юм болов уу. Уг нь Ундармаа гэж дууддаг юм.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-11, 21-22, 23, 24-25 дугаар тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдоржийн шүүх хуралдаанд гаргасан ....Л.У нь намайг Л.Ундармаа, Л.У гэж дууддаг байсан гэж хэлж байсан.... гэх тайлбар, гэрч Л.Алтанчимэгийн ....Би У ч гэж дууддаг байсан. Ундармаа ч гэж дууддаг.... гэх мэдүүлэг, гэрч М.Янжинхорлоогийн ....Миний одоо гэрчээр мэдүүлэг өгч байгаа хүнийг би Ундармаа гэж дууддаг юм. Уыг чинь би Ундармаа гэж яриад байна. Нэр нь өөр юм болов уу. Уг нь Ундармаа гэж дууддаг юм.... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Ажилд томилох тухай тушаалын хуулбар, нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг үндэслэн Ховд аймгийн Дарви сумын Буянт, Дэлгэр бригадын 1986-1987 онуудын 70 дугаар дансанд Ундармаа гэж бичигдсэн баримтыг нэхэмжлэгчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдлаа.

Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан Ч.Доржням, Ч.Энхбаатар нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хар банди овогт Лосолын Уын Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Уын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          С.ОЮУНЖАРГАЛ