Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/02

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Ц.Сонинмөнх,

шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.Б холбогдох ____ дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, __ Ш.Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутаг “Хонхор” гэх газарт иргэн Х.Намбардагва, А.Даваадорж нартай хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож 2 хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч Ш.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

                                                                                                                                        

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Ш.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутаг “Хонхор” гэх газарт иргэн Х.Намбардагва, А.Даваадорж нартай хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож 2 хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн ____ дугаартай хэрэгт авагдсан

Хохирогч А.Даваадоржийн өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр Угтаалцайдам сумын төвийн хойд талд Морины хөшөөний хажуул Намбар ахтай хамт 0,5 литрийн Хараа гэх нэртэй архинаас 2 ширхгийг уугаад тасарчихсан. Нэг мэдэхэд нэг айлын гадаа цустайгаа холилдчихсон ухаан орсон. Тэгээд Дууяа гээд эгчийн гэрт очсон. Тэгээд эгч манай гэрийнхэн рүү залгасан юм байна лээ. Тэгээд аав, ээж хоёр ирээд Намбар ах чинь цус нь тогтохгүй эмнэлэг дээр байж байна. Одоо эмнэлэг орж үзүүл гээд эмнэлэг дээр ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч Ш.Бн өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 15 цаг 30 минутын үед Угтаалцайдам сумын хойд Өндөр цагааныг даваад явж байхад манай хүү Түвшинбаяраас манай хашааны хойд талд хүмүүс ирчхээд муудалцаад байна. Дунд нь Мөнхөө ах байна гэж хэлсэн. Тэгээд би Өндөр цагаанаас ойролцоогоор 1 цаг орчим явж байгаад ирэхэд нөгөө 2 хүнийг нь манай эхнэр Болортуяа хөөгөөд явуулчихсан байсан. Мөнхөө манай хашааны хойно байх амбаар хашаа хоёрын завсар хэвтэж байсан. Тэгээд өвсөө буулгаад байж байхад миний хүү Түвшинбаяр нөгөө хоёр хүн нь буцаж ирээд хэрэлдээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би явж очоод яах гэж байгаа юм бэ гэхэд Даваадорж нь Мөнхөөгөөс түлхүүр байх ёстой түлхүүрээ авъя гэж хэлэхээр нь аваад явцгаа гэж хэлтэл Даваадорж Мөнхөөгийн кирмаг ухаад юм олоогүй. Намбардагва машинаасаа бууж ирээд Мөнхөөтэй уулзана гээд хаалга цохихоор нь хаалгаа онгойлгоод та нар одоо яах гээд байгаа юм гээд түлхээд байж байтал эхнэр Болортуяа дундуур орж ирээд Намбардагвыг та одоо яваа түрүүнд яв гэж хэлсэн биздээ гээд салгахад Намбардагва эхнэрийн монитон гинжийг подволкынх нь захнаас татаад гинжийг нь тасалчихсан. Тэгэхээр нь миний уур хүрээд эхнэрээ холдуулж байгаад Намбардагвын хамар юм уу шанаа хэсэг рүү 1 удаа цохисон, тэгэхээр хамраас нь цус гарсан. Хамраас нь гарсан цус ам руу ороход манай эхнэр Болортуяагийн өөдөөс амандаа орсон цусаараа нүүр рүү нь тургисан. Би Намбардагватай хэрэлдэж байхдаа 1-2 удаа өшиглөсөн байх. Тэгээд Даваадорж Намбардагвыг татаад машин руугаа явъя гэж хойшоо татахдаа Манай хашааны гадаа байх чулуун дээр бүдрээд унасан. Тэгээд Даваадорж машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд арын хаалгаа гинжээр цоожлоод өвсөө буулгахаар хашааныхаа урд хэсэг рүү очиж өвсөө буулгаж байхад эхнэрээс нөгөө хоёр чинь яасан бэ гэхэд хар машинтай нь яваад өглөө Намбардагва хашаа нүдээд орилоод байна гэсэн. Өвсөө 2 хүүхэдтэй буулгаад байж байхад манай зүүн талын хашаан дээр гарчхаад над руу орилоод байсан. Удалгүй зүүн талын хашааг тойроод хажууд ирээд надтай хэрүүл хийгээд маргасан. Машинаа урагшлуулах гээд машинаа асаатал Намбардагва портерын урд дугуйн доогуур толгойгоо хийчхээд намайг ал гээд хэвтээд байсан. Машины урагшлуулахын тулд Намбардагвын хөлөөс нь чирээд холдуулсан. Намбардагва доошоо харж хэвтэхдээ шороотой цус нь холилдоод аймар юм болчихсон байсан. Өвсөө үргэлжлүүлж буулгаж байхад Намбардагва намайг хэл амаар доромжилж хэвтээд байсан. Тэгээд босоод манай хашааны урд талд байх төв шороон замыг голлоод хөндлөн хэвтээд өгсөн. Нэг мотоциклтой хүн явж байхаар нь Намбардагва зогсоогоод сундлаад явах гээд байх шиг байсан. Нөгөө хүн нь би мал руугаа явлаа гээд давхиад явсан. Намбардагва буцаж хэвтээд үглээд байсан. Удалгүй дээрээс нь цагаан өнгийн аква маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн ирээд Намбардагвын шороо тоосыг гөвөөд машиндаа суулгаад аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 513 дугаартай “1. А.Даваадоржийн биед толгой, уруулын салстанд шарх, зүүн хөмсөг хамар нуруу, баруун тохой, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. хамар, хоёр нүдний ухархайн хананы хугарал хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжгүй хуучин гэмтэл байна. 4.Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” талаарх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 512 дугаартай “Х.Намбардагва-н биед баруун чихэнд шарх, баруун шанаа, нуруунд зулгаралт, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Баруун талын 9-р хавирганы хугарал хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжгүй хуучин гэмтэл байна. 4.Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” талаарх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ш.Бн яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ____ дугаартай Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын, хууль цаазын ахлах зөвлөх Сонинмөнхийн надад холбогдуулан гаргасан яллагдагчаар татсан тогтоолыг уншуулж танилцлаа уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Ш.Б нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Намбардагва, А.Даваадорж нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Ш.Б нь жолооч  мэргэжилтэй, Иточу Корпарацид жолоочийн ажил эрхэлдэг, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 518-42 тоотод ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэсэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 35 настай баримт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

   Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

  

   Шүүгдэгч Ш.Б нь хохирогч нарт эмчилгээний зардалд 450.000 төгрөгийг төлсөн байна. Мөн хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргасан байна. /хх-ийн 71-73 дугаар хуудас/

 

Эрүүгийн ____ дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт  тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш.Бг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Бд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН