Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/01

 

 

 

 

 

 

 

 

 

            2022          12              21                      2023/ШЦТ/01                                 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго, 

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

Иргэдийн төлөөлөгч Л.Шийтэрчулуун,

Хохирогч Ц.С, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,

Шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Цагаан тайж Цэцгээгийн А, Цагаан тайж Цэцгээгийн А нарт холбогдох эрүүгийн 2134000000245 дугаартай, 2 хавтас хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

                                                                                           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн,  А, 1984 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ", улсаас авсан гавъяа шагнал, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  регистрийн дугаартай.

2.Монгол улсын иргэн,  А, 2003 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт, улсаас авсан гавъяа шагнал, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

                                                        

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.А, Ц.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Ц.А, Ц.А нар нь бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 05-ны шөнө 22-23 цагийн үед "Суварга толгой" гэх газар иргэн Ц.С-ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Төв аймгийн Баянчандмань суманд найз Мөнхбаатарын хамт ногоо тарихаар очсон байсан. 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр найз Мөнхбаатарын гэрт Хараа нэртэй 0,75 литрийн архийг хоёулаа хувааж уугаад сууж байтал Мөнхбаатар эхнэртэйгээ муудалцаад намайг гаръя гээд бид хоёр гараад сумын төв рүү яваад Сумъяатай уулзах гэсэн чинь Улаанбаатар хот явчихсан байхаар нь Мөнхбаатар Аку гэх эмэгтэй рүү залгаад яриад байсан. Тэгээд бид хоёр гудамжаар дээш өгсөөд явж байтал Аку гэх эмэгтэй ах, дүү нарын хамт дөрвүүлээ ирж аваад бид 6 суварганы хажууд очиж зогсоод машинаас бүгдээрээ бууж гадаа суугаад Хараа нэртэй 0,5 литрийн билүү 0,33 литрийн архи задлаад Мөнхбаатар, Аку гэх эмэгтэйн ах, дүү нарын хамт хувааж уусан. Тэгээд би унтах гээд хэвтэж байтал Акугийн дүү нь гээд нэг залуу ирсэн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд биеэ хөдөлгөж чадахгүй байсныгаа санаж байна. Өөр зүйл санахгүй байна. Миний элэг, уушиг бяцарсан. 5 хавирга хугарсан, 11-12 нугалам бяцарсан, мөн зүүн мөр, хацар, баруун зүүн гарын тохой, шуу, нуруу гэх газарт хүрэлцсэн хэсгээрээ баруун хавирга орчмоор, баруун зүүн гуя, өвдөг зулгарсан байсан. Бас хүзүү хөшсөн байдалтай, аарцагны яс өвдөж байсан. Би нилээн согтолттой байсан. Би гомдолтой байна. Би эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлаа нөхөн төлүүлмээр байна. Би цаашид хөдөлмөрийн чадваргүй болсон.” гэх мэдүүлэг /1-р хх 6-7/,

"...суврагтай уулан дээр очоод автомашинаасаа буугаад газраар сууцгаасан. Бид хоёрыг очход 0,5 литрийн 1 шил архи, 2 том пиво авчихсан байсан. Тэгээд Акугийн ах нь архиа задлаад барьчихсан, Аку /Ариунтуяа/ пиво задлаад аягалж байсан. Тэгээд надад эхлээд хийж өгөхөөр нь би амсчихаад өгсөн. Тэгээд түүнээс хойш би уугаагүй. Би пивоноос нь уух гэсэн чинь болохгүй болохоор нь унтах гээд хэвтсэн. Тэгтэл гэнэт пижигнэлдээд хөл, гар орж ирээд цохиод унасан. Би босох суух ямар нэг үйлдэл хийгээгүй. Автомашины гэрэл тусчихсан байсан. Намайг тал талаас өшиглөж байсан. Хэрвээ нэг хүн өшиглөсөн бол би хаах, харах үйлдэл хийх байсан. Намайг А гэх хүн А, Алтангадас гэдэг хоёр дүүтэйгээ хамт өшиглөж зодсон. Тэгээд би эмнэлэгт сэрсэн. Аку нь Мөнхбаатарын 10-н жилийнх нь ангийн хүүхэд. Өмнө нь нэг удаа Алтантуяатай Мөнхбаатар бид нар уулзаж пиво ууж байсан. Би тухайн үед Алтантуяагийн хөлийг нь дэрлэх гэж 1-2 удаа л үзсэн. Алтантуяа намайг боль гэхээр нь би хойгуур нь хэвтсэн. Одоо миний нуруу, хавирга байнга өвддөг, шилэн хүзүү толгойгоор байнга өвдөнө удаан явж чадахаагүй болсон." гэх мэдүүлэг /2 хх 104-105/,    

"...Ганц ах нь намайг зодсон юм бол ахыгаа бариад авахын оронд дүү нь яагаад намайг хамгаалаад дээрээс дарчаад байгаа юм. Хохирол төлбөр төлбөл би дараагийн эмчилгээ сувилгаагаа хийлгэмээр байна. Гомдолтой байна. Эхлээд А намайг өшиглөөд дараа нь бусад нь өшиглөсөн. 2 удаа хэвлийн нурууны хагалгаанд орсон. Эрүүл мэнд муудаад жил гаруй болж байна." гэх мэдүүлэг,

Гэрч Б.Мөнхбаатарын өгсөн: "Баянчандманьд 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр найз Сын хамт ногоо тарих зорилгоор ирсэн. Тэгээд өчигдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 13-14 цагийн хооронд 1 шил 0,75 гр-тай Хараа архи машиндаа Стай хувааж уугаад гэртээ байж байхад эхнэр, эгч нар архи уулаа гээд загнахаар нь Сын дагуулаад хоёулаа мишокоо аваад гэрийнхээ айлгах гээд гарч явсан. Тэгээд гэрийн хажууд байдаг зооринд очиж унтах гээд явж байгаад болиод төв орж Батсумъяа ахын гэрт ирсэн. Батсумъяа ах байхгүй болохоор нь эхнэртэй нь хальт юм ярьсан чинь Батсумъяа ахын эхнэр нь "Манайх Ковид-19 өвчний ойрын хавьтал болсон хэд хоногтоо хол байсан нь дээр байх" гэхээр нь бид хоёр тэдний гэрээс гарч онгорхой дэлгүүр хайгаад олдохгүй болохоор нь Аку гэх таньдаг эмэгтэйн 80139630 дугаар луу залгасан. Би "Таньдаг буудал байна уу гэрийнхэнтэйгээ муудалцаад явж байна хонох газар хэрэгтэй" гэсэн чинь Аку "Уулан дээр суваргын хажууд гэрийнхэнтэйгээ ууж байна хүрээд ир" гэхээр нь бид хоёр суварга руу чиглээд зам дагаад алхаж байсан чинь тэд нар машинтай зам дээрээс бид хоёрыг тосч авсан. Тэгээд тэр 4-тэй цуг сууж байсан газар нь очоод хоёр мишокоо дэлгээд бөөнөөрөө дээр нь суусан. Акугийн том ах нь 0,5 гр-тэй Хараа архи бариад бид нарт тойруулж аягалсан. Аку том пиво бариад тойруулж аягалсан. Тэгээд инээлдээд юм яриад сууж байсан чинь нар жаргаад бүрэнхий болж байхад мотоциклтой дүүгийнх нь ихэр ирсэн. Тэр дүү нь хоёр том пиво, 1 шил 0,5 граммтай хараа архи барьж ирсэн. Тэгээд уугаад сууж байсан чинь манай найзыг архи хамт ууж байсан ах нь "Чи яагаад архи уухгүй байгаа юм сонин залуу байна." гэж байсан дундуур нь мотоциклтой дүү нь ойрхон нэг тийшээ явчхаад ирсэн. Тэгээд удалгүй гадаа нилээд харанхуй болоод явах тийшээ хандаад би жалга ороод шээсэн чинь хойно хүмүүс пижигнээд явсан. Тэгээд пижигнэхээр нь арай бөөнөөрөө нийлж хүн зодохгүй байлгүй гэж бодоод дөхөөд очсон чинь Саруулыг бөөнөөрөө зодож байсан. Ақу болиоч гээд тэд нарыг салгах гээд орилж байсан. Би очоод больцгоо хүнийг ингэж зодно гэж юу байдаг юм бэ гэсэн чинь тэд нар машиндаа суугаад мотоциклоо унаад яваад өгсөн. Тэгээд би Саруулыг авч явах гээд аль бос явъя хөгшөөн гэсэн чинь ямар ч ухаангүй байсан. Би доошоо гүйгээд айлын хаалга нүдээд зогсож байсан чинь доороос машин гарч ирээд зогсоосон чинь эмнэлгийн эмч дуудлагад явж байгаатай тараад манай найзыг хүмүүс зодчихлоо гээд эмнэлэг рүү аваачсан. Архи уусангүй гээд муудалцсан байх. Сайн мэдэхгүй байна. Бид хоёр архи аваагүй тэд нар бөөндөө архи ууж байсан. Бид нар 2 шил 0,5 граммтай архи, 3 том пиво хувааж уусан. Би дүү нартай нь юм яриагүй. Ах нь юм ярьж байхад ах нь нилээд согтуу байсан. Ер нь зогсоо зайгүй л юм яриад байсан. Намайг харсан чинь ах дүү нар нь нийлээд цохиод байсан. Сыг газар унагаагаад ах нь дүү нартайгаа нийлээд өшиглөж байсан. Салгах гээд дундуур нь орсон чинь намайг түлхээд газар унагаасан. Хоёр ихэр дүү нь миний эгчийг юу гэж бодоод байгаа юм бэ гээд С руу дайрч байсан. Намайг харж байхад эгчийг нь оролдсон юм байхгүй. Акуг налж хэвтэх гээд байсан чинь Аку уурлаад цаашаа байгаач гэсэн газар Саруул дээш хараад хэвтэж байсан. Бүтэн нэрийг нь мэдэхгүй ээ таньдаг болоод 14 хоног болж байна. Манай найз Төрөөгийн 10-н жилийн нэг ангийн хүүхэд гээд дагуулж ирээд танилцуулсан юм. С бид хоёр 10 гаруй жил найзалж байна. Хамт архи уухаар С нээх согтоод хүнтэй муудалцаад байдаг хүн биш. Ах нь л Саруулбатыг архи уусангүй гэж хэлж байсан. Өөрөө муудалцаж маргалдах зүйл огт байгаагүй." гэх мэдүүлэг /1-р хх 10-11/,

Гэрч Б.Мөнхзулын өгсөн: “Өчигдөр орой 19 цаг өнгөрч байхад манай дүү Мөнхбаатар найз Стайгаа нийлж машинд архи уугаад орж ирэхээр нь би загнаад унт залуу хүмүүс байж ямар муухай ажилгүй юм бэ одоо гэрээс гарахгүй хөзөр тогло гэж хэлсэн. Миний бие жоохон өвдөөд жижиг өрөөнд хэвтэж байсан. Тэгсэн эгч уурлаад байна гээд Мөнхбаатар найз Стай цуг гарсан. Мөнхбаатарын эхнэр Бямбасүрэн "Чи одоо болиоч унтаач" гэхэд нь үгэнд нь оролгүй гараад явсан. Мөнхбаатар, Саруул хоёр нэг нэг мишок аваад хоорондоо инээлдээд гараад явсан. Хашаанаас гарах гэж явахад ээж Оюун таараад хайчих нь вэ гэсэн чинь Мөнхбаатар, С хоёр загасанд явлаа гэж инээгээд хашааны хаалга хаагаад гарсан. Гэрээс гарахдаа тэр хоёр гайгүй байсан. С манай дүүгийн сайн найз, энэ зун манай ногоо цагаан дээр тусална гээд ирсэн. Манай хоёр гэрээс гарах үедээ үсээ угаачихсан нилээн өнгөлөг байсан. Янз бүрийн шарх сорив байгаагүй. Хүнтэй маргаж муудалцсан зүйл байхгүй. Гэрээс гараад явах үед нь би өөрийн гар утсаараа зургийг дарсан. Энэ хоёр очих газаргүй байж хайчвал гэж бодоод инээд хүрээд зургийг нь авсан. С айлын том хүү. Хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй. Аягүй зөөлөн ажилсаг гэх юм уу тийм хүүхэд." гэх мэдүүлэг /1-р хх 14-15/,

Гэрч Ц.Алтантуяагийн өгсөн: “Өчигдөр намайг уулын энгэр дээр сууж байсан чинь Мөнхбаатар 2-3 удаа залгаад хонох газар байдаггүй ээ чи хаана байгаа юм бэ гээд утсаар яриад байхаар ах, дүү нартайгаа уулан дээр сууж байна гэсэн чинь яваад очъё гэсэн. Тэгээд байгаа газрыг чинь мэдэхгүй ээ гэж Мөнхбаатар хэлэхээр нь би ах А, бэр эгч Золбоо, дүү Алтангадас нартай машинтай очиж 4-р хорооны салдаг уулзварын наахнаас замаас тосож авсан. Тэгээд ирээд бараг 2 цаг суусан. Хоёр пиво нэг шил 0,5 граммтай хараа архи хувааж уусан. Архи ууж байхад хоорондоо юм яриад эвтэй байж байсан. Зодоон юунаас болсон гэхээр Саруул миний гуя илээд биед хүрсэн.  Би тэгээд уурласан. 2-3 удаа биед хүрсэн. Тэрийг агаа хараад уурласан чинь С "Би энэ пиздаг чинь яадаг юм" гээд тэр хоёр муудалцаад зодоон эхэлсэн. Тэгээд пижигнээд явсан хэн хаанаас нь ороод цохисон талаар харанхуй байсан болохоор мэдэхгүй байна. Тэгээд би цагдаа дуудсан. Явъя гэж хэлээд ах дүү нараа авч явсан.  Хоёулаа нилээд согтуу өглөө 8 цагаас хойш уусан гэж хэлж байсан. Бид нар дээр ирж уугаад нилээд согтсон. Нэг нь зодоон болохоос өмнө утсаар яриад яваад өгсөн. Тэрийг нь Алтангадас гэдэг. А зодоон болох үед байсан. Би нээх аймар согтоогүй байсан. Дотор муухайраад байхаар нь архи уухаа больсон байсан. А, А хоёр байсан. Би аль болох тэд нарыг салгах гээд Саруулыг цохиулахгүй гээд дээр нь дарж хэвтсэн. Тийм удаан зодуулаагүй хальт хальт цохилцоод би салгаад хурдан машиндаа суулгаад явсан. Ер нь аль болох хурдан салгаад явсан. Дундуур нь Мөнхбаатар зодоонд оролцоод агааг дэгээдэж газрын уруу унагасан. Тэгээд бүр уурлаад эхэлсэн. Тэгээд хурдан салгасан. Ах А гарынхаа ар талаар Саруулыг алгадсан. Тэгээд барилцаад босоод ирэхээр нь дүү А хажуугаас орж өшиглөсөн. Тэгсэн Мөнхбаатар хажуугаас орж ирээд салгах гэж байгаад давхарлалдаад унасан. Тэгсэн Мөнхбаатартай А ах барилцалдаад заамдалцаад авсан чинь дүү А Саруултай муудалцаад байсан. Тэгээд яаж яаж цохисныг сайн санахгүй байна. Тэгээд би ах дүү нараа аваад явах үед Саруул газар унасан "Муу Баянчандманийнхныг ална аа" гээд орилолдоод байсан." гэх мэдүүлэг /1-р хх 18-19, 21, 170-171, 2 хх 98-99/,

Гэрч С.Ундрахын өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр би жижүүртэй ажиллаж байсан. Би Баянчандмань сумын Замт багийн Залуус хороолол руу дуудлагад 10 өнгөрч байхад явж байх замд уулын бэлд мишок дэвсчихсэн нэг хүн хэвтчихсэн цээж нүцгэн шорттой хөл нүцгэн залуу утсаар яриулаач цагдаа дуудах гэсэн юм гээд гүйгээд ирэхээр нь юу болсон талаар нь асуухад "манай найз хүнд зодуулчихсан үхэх гээд байна" гэхээр нь нөгөө хэвтэж байсан хүн дээр нь очход ухаангүй, орчны харьцаа сул, согтуу, асуултад хариулахгүй, гийнсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд шууд тухайн залууг автомашинд суулгаад ЭМТ-ийн яаралтай тусламжийн тасагт авч ирээд үзлэг хийгээд эмчилгээг хийгээд Гэмтэл согог үндэсний төв рүү яаралтай хүргэхээр тогтоод яаралтай тээвэрлэсэн. Тархиндаа гэмтэлтэй, хэвлий чангаралттай, нуруу, хацар, гар, өвдөг зурагдсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 31-32/,

Гэрч Э.Золбоогийн өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр А дүү Алтантуяа бид хоёрыг ажлаас очиж аваад суварга дээр очоод нийслэл нэртэй 0,5 литрийн лаазтай пиво уугаад сууж байтал Саруул гэх залуу Алтантуяа руу залгаж яриад А, Алтантуяа бид гурав уулнаас бууж Мөнхбаатар, Саруул хоёрыг тосч аваад буцаад суварга толгой дээр сууж байсан газраа очоод 2,5 литрийн нийслэл нэртэй 2 ширхэг пивыг хувааж уугаад гэр рүүгээ явах гэж байтал Мөнхбаатар хүний юм яаж зүгээр уухав дээ гээд Хуягбаатараар 3 том пиво авчруулаад уугаад сууж байтал Саруул нь Алтантуяагийн гар хөлийг илээд байхаар нь А "болиоч чи" гэсэн чинь Саруул үгэнд орохгүй байсан. Тэгээд би босоод бие засчхаад буцаад ирсэн чинь А нь Саруулыг заамдчихсан байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад бид нар гэр рүүгээ явсан. Алтантуяа, А, Мөнхбаатар бид нар байсан.” гэх мэдүүлэг /1 хх 34/,  

Шүүгдэгч Ц.Аийн өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 05-ны орой 19 цаг өнгөрч байхад эхнэр Золбоо дүү Алтантуяа хоёрыг ажлаас нь аваад гэртээ харих замдаа Төв аймаг Баянчандмань сумын Суварга толгой гэх газарт Золбоо, Алтантуяа бид гурав 2 литрийн боргио пиво уугаад сууж байтал дүү Алтантуяагийн утас руу С гэх залуу залгаад хонох газар байна уу. Эгч эхнэртэйгээ хэрэлдчихээд явж байна гэж асуухаар нь манай дүү Алтантуяа үнэхээр хонох газар байхгүй бол манай илүү гэрт ирээд хоночих гэхэд нь Саруул гэдэг залуу хаан байгаа юм бэ намайг ирээд авчих гэхээр нь манай дүү гэрийнхээ ойролцоо байна чи хаана явж байна гээд асуухад нь Саруул дээшээ гэр хороолол руу ордог шар замаар явж байна гэж хэлсэн. Бид нар бүгдээрээ Саруулыг очиж авахад Саруул нь найз Мөнхбаатар гэх хүнтэй цуг явж байсан. Бид 3 хоёуланг нь аваад буцаад байсан газраа ирсэн. Тэгээд би С, Мөнхбаатар хоёртой танилцаад өмнө нь ууж байсан пиво хувааж уугаад дуусахаар нь машин дотор байсан 0,75 литрийн хараа архи задалсан. Тэгээд бид хэд 0,75 литрийн архиа ууж дуусгачхаад би за одоо болсон бүгдээрээ харьцгаая гэсэн чинь Саруул, Мөнхбаатар хоёр хүний юм, уучхаад яаж зүгээр байхав бид 2 дахиад 2 литрийн том пиво авъя гээд манай дүү Алтантуяагаар бага дүүгийн нөхөр рүү залгуулсан. Саруул, Мөнхбаатар хоёр хүргэн дүү Хуягбаатар руу мөнгө шилжүүлээд гурван ширхэг 2 литрийн боргио авчруулсан. Тэгээд манай хүргэн дүү Хуягбаатар буцаад явсан. Хуягбаатарыг хаанаас пиво авчирсныг би сайн мэдээгүй. Эхний 2 литрийн пивыг уугаад байж байтал Саруул манай дүү Алтантуяаг гуя, хөхийг базаж илээд байхаар манай дүү Алтантуяа боль гээд арваад удаа хэлэхэд нь Саруул нь болихгүй байсан. Би хажуу талаас нь болилдоо наадах чинь уурлаад боль гээд байна шүү дээ гээд 5 удаа хэлэхэд надад Саруул "писда минь би чиний дүүгээр яавал гэж" гээд өндийж ирээд намайг сууж байхад өшиглөхөд нь би босож ирээд баруун гараараа зүүн хацарт нэг алагдсан. Гараа атгаж байгаад шанаа, баруун нүдний доод хэсэгт нь цохисон. Зөрүүлээд миний цээж хэсэгт намайг нэг цохих үед нь би мангасдаад унагаасан. Тэгээд Саруулын найз Мөнхбаатар, манай дүү нар болох А, Алтантуяа нар нь Саруул бид хоёрын хажуу талаас орж ирээд салгах гэж оролдож байсан. Тэгээд Саруул бид хоёр зууралдаад унах үед Саруул нь миний доор унасан. Унахдаа би Сын давсаг хавьцаа өвдгөөрөө дараад унасан. Босож ирээд би Саруулыг өшиглөсөн. Тэгээд Сын найз Мөнхбаатар цагдаа дуудсан. Эхлээд С дүү Алтантуяаг оролдоод байхаар нь Сыг болио гээд маргалдаад эхлээд намайг өшиглөсөн, тэгэхээр нь би зүүн хацар хэсэгт нь алагдсан. Гараа атгаж байгаад шанаа хэсэгт баруун нүдний доод хэсэгт, зөрүүлээд миний цээж хэсэгт гараараа цохисон. Тэгээд би Сыг мангаслаад дахиад ирэхэд нь хоёр дахь удаагаа алагдсан. Тэр үеэр С ирээд намайг баруун шанаа хэсэгт гараараа цохисон. Тэгээд Саруул бид хоёр зууралдаад унасан. Унахдаа би Сын давсаг хавьцаа өвдгөөрөө дараад унасан. Тэгээд би босож ирээд Сын гэдэс хэсэгт өшиглөсөн. Хэрэг учрал болдог газар манай дүү А, дүү Алтантуяа, Мөнхбаатар, С нар байсан. Би нилээд согтуу байсан.” гэх мэдүүлэг  /1-р хх 49-50, 2 хх 107/,

"Би хохирогчийг ганцаараа зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Дүүтэйгээ зодсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. С газар унаж өнхрөхөд л ийм олон тооны гэмтэл учирсан байх." гэх мэдүүлэг,   

Шүүгдэгч Ц.Алтанбаганын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Өчигдөр орой ажлаа тараад гэртээ ирээд адуугаа бөөгнүүлээд байж байхад эгч Алтантуяа утсаар залгаад цэнэглэгч аваад гэрийн хойд уулын энгэрт хүрээд ир гэхээр би утасны цэнэглэгч аваад очсон чинь танихгүй хоёр ах А ах, эхнэр Золбоотой, эгч Алтантуяа нар нэг шил архи, 3-н пиво урдаа тавиад сууж байсан. Цэнэглэгч өгөөд явах гэсэн чинь эгч Алтантуяа аниагийн дүү сууж бай гэсэн чинь цагаан футболкатай ах нь миний нэрийг асуугаад бид хоёр танилцсан. Нөгөө шар үстай залууд архи өгөх гэсэн чинь шар үстэй залуу нь архи уухгүй байсан. Тэгээд эгч Алтантуяагийн хөл гарыг нь илээд үнсэх гээд байсан. Тэгсэн чинь Алтантуяа эгч чи зүгээр байгаа ч дээ яагаад байгаа юм бэ гээд нөгөө шар үстэй ах чанга дуугараад байсан. Тэгсэн чинь цагаан футболктай ах нь миний найз тэгэхгүй ээ гэсэн чинь Алтантуяа эгч зүгээр суухгүй байна гэсэн чинь цагаан футболкатай ах тэгвэл миний найз биш болж гээд инээгээд сууж байсан. Тэгээд би эмэгтэй хүнийг ах, эгч нарынхан нь хажууд арай ингэж болохгүй шүү дээ гэсэн чинь шар үстэй ах нь яасан гэнээ ахын дүү гээд томроод байсан. Тэгсэн чинь цагаан футболкатай ах нь одоо боль боль гэхээр нь би А ахын машины хажууд тамхи татаад зогсож байхад шар үстэй ах нь босож ирээд намайг заамдаж авахаар нь би "ахаа болио би согтуу хүнд гар хүрдэггүй гэсэн чинь цагаан футболктай ах босож ирээд чи миний найз руу томорлоо гээд заамдаад авсан. Тэгээд болиулсан чинь тэр хоёр агаа нар нь ойлголоо гээд буцаад суусан. Тэгээд сууж байхдаа А ахтай муудалцаад барилцаад авсан. Тэгээд би та нар боль бүгдээрээ муудсан байна шүү дээ гэсэн чинь шар үстэй ах намайг түлхсэн. Тэр хоёр нилээд согтуу 2-3 өдөр дараалан архи ууж байна гэрээсээ хөөгдөөд мишоктой энэ жалганд хононо гэсэн. Тэгээд Атэй барилцаад гурвуулаа давхралдаж ойчоод Алтантуяа, Золбоо эгч салгаад гэрлүүгээ явсан. Би архи уугаагүй. Намайг очход энд тэнд бөөлжсөн байсан. Би салгаад зогсож байсан. Зодоонд оролцоогүй. Тэр хоёр ах А нартай маргалдаад ноцолдоод байсан. Нэгнийхээ нүүр ам руу цохиогүй. Харанхуй шөнө уулын уруу унахдаа яаж ч гэмтсэн  байж болно шүү дээ. Урд шөнө сар ч байхгүй таг харанхуй байсан. Салгангуут дээр доороо ороод газар өнгөрөөд байсан. Намайг салгаж байхад тэр гурвын нэг нь баруун шанаан тус газар цохисон. Тэр бага зэрэг хөндүүртэй байна.” гэх мэдүүлэг /1-р хх 28-29/,  

"21 цагт намайг цэнэглэгч авчирч өг гэж дуудсан. Өгөх гээд явах гэтэл Мөнхбаатар намайг дуудаж суулгасан. С Алтантуяа эгчийг оролдоод байсан. Түүнээс болоод маргалдсан. Тухайн үед би эрүүл байсан. Би зодоонд оролцоогүй." гэх мэдүүлэг,  

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4944 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Ц.Сын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний урагдал няцрал, цөсний хүүдийн няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун нүдний дээд зовхи, эрүү, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, хэвлий, нуруу, баруун, зүүн гуя, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт  гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх /1 хх 38/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 599 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.2.Ц.Сын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний урагдал няцрал, цөсний хүүдийн няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт, цээжний зүүн талын 6, 7, 8-р хавирга, сээрний 11, 12-р нугалам хугарал, баруун нүдний дээд зовхи, эрүү, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, хэвлий, нуруу, баруун, зүүн гуя, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх /1 хх 89/,  

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн: “Би 4944 дугаартай дүгнэлтийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ГССҮТ-д Сыг хэвтэж байх үед үзэж дүгнэлтийг гаргасан. Нэмэлтээр 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн гавал, тархи, бүсэлхий, аарцгийн КТГ-г үндэслэн дүгнэлтийг гаргасан. Сын биед учирсан гэмтлүүдийг 1 хүн эсхүл хэдэн хүн учруулах боломжтой. Түүнийг шүүх эмнэлгээр тогтоох боломжгүй. 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сад үзлэг хийж байх үед ухаан санаа нь бүдэг асуусан асуултад буруу зөв хариулж байсан. Би үүнийг дүгнэлтэд тусгасан байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх 167/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 1/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-188-193/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 154-159/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Ц.А нь хохирогч Ц.С-ын эрүүл мэндэд ганцаараа гэмтэл учруулснаа Ц.Атай хамтарч гэмтэл учруулаагүй, энэ хэрэгт өөрийн төрсөн дүү Ц.Алтанбаганыг оролцоогүй, шүүгдэгч Ц.А хохирогчийн эрх чөлөөнд халдаагүй гэж маргажээ.

 

            Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан дараахь бичгийн нотлох баримтуудаар;

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4944 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Ц.Сын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний урагдал няцрал, цөсний хүүдийн няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун нүдний дээд зовхи, эрүү, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, хэвлий, нуруу, баруун, зүүн гуя, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт  гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх /1 хх 38/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 599 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.2.Ц.Сын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний урагдал няцрал, цөсний хүүдийн няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт, цээжний зүүн талын 6, 7, 8-р хавирга, сээрний 11, 12-р нугалам хугарал, баруун нүдний дээд зовхи, эрүү, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, хэвлий, нуруу, баруун, зүүн гуя, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх /1 хх 89/,

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн: “Би 4944 дугаартай дүгнэлтийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ГССҮТ-д Сыг хэвтэж байх үед үзэж дүгнэлтийг гаргасан. Нэмэлтээр 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн гавал, тархи, бүсэлхий, аарцгийн КТГ-г үндэслэн дүгнэлтийг гаргасан. Сын биед учирсан гэмтлүүдийг 1 хүн эсхүл хэдэн хүн учруулах боломжтой. Түүнийг шүүх эмнэлгээр тогтоох боломжгүй. 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сад үзлэг хийж байх үед ухаан санаа нь бүдэг асуусан асуултад буруу зөв хариулж байсан. Би үүнийг дүгнэлтэд тусгасан байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх 167/,

Хохирогч Ц.Сын өгсөн: “...Тэгээд би унтах гээд хэвтэж байтал Акугийн дүү нь гээд нэг залуу ирсэн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд биеэ хөдөлгөж чадахгүй байсныгаа санаж байна. Өөр зүйл санахгүй байна. Миний элэг, уушиг бяцарсан. 5 хавирга хугарсан, 11-12 нугалам бяцарсан, мөн зүүн мөр, хацар, баруун зүүн гарын тохой, шуу, нуруу гэх газарт хүрэлцсэн хэсгээрээ баруун хавирга орчмоор, баруун зүүн гуя, өвдөг зулгарсан байсан. Бас хүзүү хөшсөн байдалтай, аарцагны яс өвдөж байсан. Би нилээн согтолттой байсан. Би гомдолтой байна. Би эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлаа нөхөн төлүүлмээр байна. Би цаашид хөдөлмөрийн чадваргүй болсон.” гэх мэдүүлэг /1-р хх 6-7/,

"...суврагтай уулан дээр очоод автомашинаасаа буугаад газраар сууцгаасан. Бид хоёрыг очход 0,5 литрийн 1 шил архи, 2 том пиво авчихсан байсан. Тэгээд Акугийн ах нь архиа задлаад барьчихсан, Аку /Ариунтуяа/ пиво задлаад аягалж байсан. Тэгээд надад эхлээд хийж өгөхөөр нь би амсчихаад өгсөн. Тэгээд түүнээс хойш би уугаагүй. Би пивоноос нь уух гэсэн чинь болохгүй болохоор нь унтах гээд хэвтсэн. Тэгтэл гэнэт пижигнэлдээд хөл, гар орж ирээд цохиод унасан. Би босох суух ямар нэг үйлдэл хийгээгүй. Автомашины гэрэл тусчихсан байсан. Намайг тал талаас өшиглөж байсан. Хэрвээ нэг хүн өшиглөсөн бол би хаах, харах үйлдэл хийх байсан. Намайг А гэх хүн А, Алтангадас гэдэг хоёр дүүтэйгээ хамт өшиглөж зодсон. Тэгээд би эмнэлэгт сэрсэн. Аку нь Мөнхбаатарын 10-н жилийнх нь ангийн хүүхэд. Өмнө нь нэг удаа Алтантуяатай Мөнхбаатар бид нар уулзаж пиво ууж байсан. Би тухайн үед Алтантуяагийн хөлийг нь дэрлэх гэж 1-2 удаа л үзсэн. Алтантуяа намайг боль гэхээр нь би хойгуур нь хэвтсэн. Одоо миний нуруу, хавирга байнга өвддөг, шилэн хүзүү толгойгоор байнга өвдөнө удаан явж чадахаагүй болсон." гэх мэдүүлэг /2 хх 104-105/,   

Гэрч Б.Мөнхбаатарын өгсөн: "...Тэгээд удалгүй гадаа нилээд харанхуй болоод явах тийшээ хандаад би жалга ороод шээсэн чинь хойно хүмүүс пижигнээд явсан. Тэгээд пижигнэхээр нь арай бөөнөөрөө нийлж хүн зодохгүй байлгүй гэж бодоод дөхөөд очсон чинь Саруулыг бөөнөөрөө зодож байсан. Ақу болиоч гээд тэд нарыг салгах гээд орилж байсан. Би очоод больцгоо хүнийг ингэж зодно гэж юу байдаг юм бэ гэсэн чинь тэд нар машиндаа суугаад мотоциклоо унаад яваад өгсөн. Тэгээд би Саруулыг авч явах гээд аль бос явъя хөгшөөн гэсэн чинь ямар ч ухаангүй байсан. Би доошоо гүйгээд айлын хаалга нүдээд зогсож байсан чинь доороос машин гарч ирээд зогсоосон чинь эмнэлгийн эмч дуудлагад явж байгаатай тараад манай найзыг хүмүүс зодчихлоо гээд эмнэлэг рүү аваачсан. Архи уусангүй гээд муудалцсан байх. Сайн мэдэхгүй байна. Бид хоёр архи аваагүй тэд нар бөөндөө архи ууж байсан. Бид нар 2 шил 0,5 граммтай архи, 3 том пиво хувааж уусан. Би дүү нартай нь юм яриагүй. Ах нь юм ярьж байхад ах нь нилээд согтуу байсан. Ер нь зогсоо зайгүй л юм яриад байсан. Намайг харсан чинь ах дүү нар нь нийлээд цохиод байсан. Сыг газар унагаагаад ах нь дүү нартайгаа нийлээд өшиглөж байсан. Салгах гээд дундуур нь орсон чинь намайг түлхээд газар унагаасан. Хоёр ихэр дүү нь миний эгчийг юу гэж бодоод байгаа юм бэ гээд С руу дайрч байсан. Намайг харж байхад эгчийг нь оролдсон юм байхгүй. Акуг налж хэвтэх гээд байсан чинь Аку уурлаад цаашаа байгаач гэсэн газар Саруул дээш хараад хэвтэж байсан." гэх мэдүүлэг /1-р хх 10-11/,

 хохирогч Ц.С-ыг шүүгдэгч Ц.ах, Ц.А нар архидан согтуурсан үедээ хохирогч Ц.С-ыг хэвтэж байхад нь "төрсөн дүү Ц.Алтантуяагийн гуяыг илж биед нь хүрсэн" гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь хөлөөрөө тал талаас нь өшиглөж эрүүл мэндэд нь "хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний урагдал няцрал, цөсний хүүдийн няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт, цээжний зүүн талын 6, 7, 8-р хавирга, сээрний 11, 12-р нугалам хугарал, баруун нүдний дээд зовхи, эрүү, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, хэвлий, нуруу, баруун, зүүн гуя, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт" бүхий хүнд хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэв.  

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Энх-Амгалан, М.Мэндсүрэн нарын гэм буруугийн дүгнэлтэд гаргасан шүүгдэгч Ц.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдээгүй гэх дүгнэлтийг дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Ц.А, Ц.А нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлгийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.А, Ц.А нар нь хохирогч Ц.Сыг үл ялих зүйлээр шалтаглан өшиглөж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж биеийн бүх хэсэгт өшиглөснөөс хүнд гэмтэл учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан тул гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй ба хүнд хохирол учирсан байхыг шаардсан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ц.А, Ц.А нар нь согтуугаар хохирогч Ц.Сыг зодож хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл буюу хүнд хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж зүйлчлэхээр байгаа хэдий ч шүүгдэгч нар нь бүлэглэн хүний эрх чөлөөнд халдаж хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.А, Ц.А нарыг согтуугаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иргэдийн төлөөлөгч шүүгдэгч нарыг гэм буруутай гэж дүгнэсэн болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч Ц.А, Ц.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жил 10 хоног хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээсэн, шүүхээс гарсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан, мөн Монгол улсын 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гарсан Өршөөлийн үзүүлэх тухай хуульд хамааруулан хорих ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн Ц.Алтанбаганын хувьд шүүх дээр ирэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй хохирол төлбөр дээр хамтарч нөхөн төлсөн. Өмнө нь мөн адил 3 000 000 төгрөгийн хохирлыг төлөлцсөн. Одоо гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа. Тиймээс улсын яллагч 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэхээр санал оруулснаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг хамааруулан мөн Өршөөлийн хуулийг хамааруулан хамгийн бага ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэх саналыг гаргав.

 

            Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаархи ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, шүүгдэгч нар нь хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдал тогтоогдсон.

 

            Шүүгдэгч Ц.А, Ц.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  тус бүрт 5 жил хорих ял оногдуулж,

Хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ нь 2021 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэнд хамаарч, шүүгдэгч Ц.А, Ц.А нар нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаа болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2021 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ" гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.А, Ц.А нарын үйлдсэн бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь дээрх заалтад хамаарч байх тул,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт дээрх зүйл заалт хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ц.А, Ц.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Сын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Хохирогч эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан хавтаст эмчилгээний болон унаа, хоол, бусад зардалд 28 980 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хавтаст хэргээс өмгөөллийн хөлс гэх 6 сая төгрөгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохгүй бөгөөд зээл авсан гэх 20 сая төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул тус тус хэрэгсэхгүй болгож, пептид авсан гэх 14 104 984 төгрөгийг эмчийн жорын дагуу хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй байх тул хэлэлцэхгүй орхиж, бусад хавтаст хэрэгт авагдсан 9 317 938 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн хангаж шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 2 900 000 төгрөгийг хасаж шүүгдэгч нараас 6 414 938 /зургаан сая дөрвөн зуун арван дөрвөн мянга есөн зуун гучин найм/ төгрөгийн гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.    

 

            Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлт гаргасан тул түүний хүсэлтийг хүлээн авч цаашид гарах эмчилгээний зардал болон хэлэлцээгүй орхисон 14 104 984 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээллттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь тус бүр 2 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч нараас 6 414 938 төгрөг хувь тэнцүүлэн гаргахаар шийдвэрлэснийг шүүгдэгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ажлын 5 хоногийн завсарлага авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд нөхөн төлсөн болохыг дурдав.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А, А нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.А, Ц.А нарыг тус бүрийг 5 /тав/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.А, Ц.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүр оногдуулсан 5 жилийн хорих ялаас тус бүрээс 2 /хоёр/ жилийг өршөөн хассугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.А, Ц.А нарын тус бүр цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Хохирогч Ц.С нь цаашид гарах эмчилгээний зардал болон хэлэлцээгүй орхисон 14 104 984 /арван дөрвөн сая нэг зуун дөрвөн мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А, Ц.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А, Ц.А нарт урьд авсан хувийн баталагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.    

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ

 

                                                                             ШҮҮГЧИД                       Ю.ЭНХМАА

                                                                                                                     Ж.ДЭЛГЭРМӨРӨН