Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/541

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч П.Эрдэнэбат,

шүүгдэгч ******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ******холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2308000000726 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *********** тоотод хохирогч ******“үхрийн арьсан буйдан захиалах” гэж урьдчилгаа 650,000 төгрөг шилжүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 07 сарын 05-ны өдөр тухайн захиалгыг авсан. Би буйдангийн засвар, үйлчилгээг 2016 оноос ажиллуулж байсан. Хамгийн сүүлийн захиалгаа аваад хохирогчтой тохиролцоод ойрын хугацаанд гаргах боломжгүй гэхэд манайх гэртээ засвар хийж байгаа 1 сарын дараа авч болно гэсэн. Гэтэл ар гэрт асуудал гарч үйлдвэрээ хаасан, тэгээд өгч чадаагүй. Авсан мөнгөө ажилчдын цалин, унаанд өгсөн, буйданг засах материал авсан. Буйданг буцааж өгсөн. Нөхөр хагалгаанд орсон тул би цагийн ажил хийж хоол ундаа болгож, нөхөр 4 хүүхдээ тэжээж байсан. Мөнгийг нь шууд буцааж өгөх боломжгүй байсан тул өгч чадаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 2308000000726 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ******гийн: “...Манай буйдан цэвэрлэгээний явцад өнгө алдаж арьс нь хууларсан байсан. Би өөрийн хаягаараа буйдан засварын газар хайтал “Буйдан засвар үйлчилгээ” гэсэн хаягтай зарын групп байхаар нь “буйдан засах уу” гэж чат илгээсэн. Тэгтэл тухайн чатаар “буйдангийн зургийг нь явуул” гэж хэлэхээр нь явуултал “манай байгууллага буйданг засаж чадна, та урьдчилгаа 650,000 төгрөгийг Голомт банкны ...тоот данс руу шилжүүлээрэй” гэж хэлсэн. Би 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нөхрийн Хаан банкны ...тоот данснаас 650,000 төгрөг шилжүүлсэн. Манайх буйдангаа “танай засварын газар хүргэж өгөх үү” гэж асуутал “манай ажилчид одоо өөрсдөө очоод авна” гэж хэлсэн. Удалгүй жижиг амжиргаа цагаан унасан ***** гэсэн дугаартай 25-30 орчим насны 2 залуу ирээд буйдан аваад явсан. Тухайн эмэгтэй надтай огт утсаар яриагүй, чатаар холбогдож асуугаарай гээд залгахаар утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь чатаар “хэзээ засаж дуусах вэ” гэж асуутал “2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр дуусна, тэгээд хүргэж өгнө” гэсэн. Тэгээд буйдангаа ирэхийг хүлээж, ирэхгүй байхаар нь ****** гэсэн дугаар луу 8 удаа залгахад дуудаж байгаа боловч авахгүй байсан. “Юу болов, яасан бэ” гэж чат бичээд үлдээсэн боловч хариу ирээгүй. Тэгээд залгахаар утсаа авахгүй болохоор нь залгахгүй хаячихсан юм. 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ******гэх эмэгтэйн дугаар луу өөрийн дугаараас 3-5 удаа залгахад авахгүй байсан. Яаралтай Турк улс явах ажил гарсан тул 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр яваад 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ирсэн. Тэгээд 2023 оны 2 дугаар сарын дундуур ******гэх эмэгтэйн дугаар луу өөрийн дугаараар олон удаа залгахад огт авахгүй байсан. Миний бие аргаа бараад ****** чат руу “цагдаад өгнө шүү” гэж бичээд үлдээсэн боловч хариу ирээгүй таг алга болсон. Би тухайн эмэгтэйг дахин өөр нэг хүнийг хууран мэхэлж залилахаас урьдчилан сэргийлж цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

Шүүгдэгч Ж.****** яллагдагчаар өгсөн: “Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Нэгэнт хуулийн байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа тул надад гаргах санал хүсэлт байхгүй. Захиалга аваад үйл ажиллагаа явуулж байгаад манай “******” нэртэй аж ахуйн нэгж дампуурахад ганцхан ****** гэх хүний мөнгийг өгч чадаагүйгээс болж ийм зүйл болсон. Би өөрийнхөө цалингаас ****** гэх хүний данс руу 650,000 төгрөгийг буцаагаад өгсөн. Засуулах гээд өгсөн буйдан нь одоо Чингэлтэй дүүрэг дэх оффист байгаа. Уг буйданг буцааж өгөхөөр ярилцсан байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

“******” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх (хх-26),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-39), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-43), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-40), “*****” ХХК-ийн захирлын “******нь тус компанид ажиллаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-46), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй болох тодорхойлолт (хх-47), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-48), төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-49-52), гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх-53), дансны хуулга (хх-54-82), хохирогч, шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-85, 86), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-90-91), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-88-89) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ********* тоотод хохирогч ******“Үхрийн арьсан буйдан захиалах” гэж урьдчилгаа 650,000 төгрөг шилжүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ******нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ************* тоотод хохирогч ******“Арьсан буйданг нь засварлаж өгнө” гэж 650,000 төгрөгийг урьдчилгаа болгон шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Гэвч тухайн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл, эс үйлдэхүй биш буюу өөрөөр хэлбэл прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд заасанчлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг биш гэж шүүх үзэв.  

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч ******гийн арьсан буйдангаа сэргээн засварлуулах хүсэлтийн үндсэн дээр ******(“******” ХХК), ****** нар 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэлцэл хийж, ******нь урьдчилгаанд 650,000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч эдийн засаг, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны болон санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсны улмаас буйданг тохирсон ёсоор 1 сарын хугацаанд засаж өгөөгүй, түүнчлэн төлбөрийг буцаан төлөхдөө удаашруулсан үйл баримтыг иргэний эрх зүйн маргаан гэж дүгнэлээ.

Энэ нь хохирогч ******гийн “...Буйдан засвар үйлчилгээ гэсэн хаягтай зарын групп байхаар нь тус хаяг руу нэвтэрч “буйдан засах уу” гэж чат илгээсэн. Тэгтэл “буйдангийн зургийн явуул” гэхээр нь явуултал “манай байгууллага буйданг засаж чадна, та урьдчилгаа 650,000 төгрөгийг ...шилжүүлээрэй” гэсэн. Би 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нөхрийн данснаас шилжүүлсэн. ...Манайх буйдангаа “танай засварын газар хүргэж өгөх үү” гэж асуутал “манай ажилчид одоо өөрсдөө очоод авна” гэж хэлсэн. Удалгүй жижиг амжиргаа цагаан унасан ...25-30 орчим насны 2 залуу ирээд буйдан аваад явсан. Тухайн эмэгтэй надтай огт утсаар яриагүй, чатаар холбогдож асуугаарай гээд залгахаар утсаа авахгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-8-9), шүүгдэгч Ж.****** “...Захиалга аваад үйл ажиллагаа явуулж байгаад манай “******” нэртэй аж ахуйн нэгж дампуурахад ганцхан ****** гэх хүнийг мөнгийг өгч чадаагүйгээс болж ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг (хх-34), “******” ХХК-ийн “2022.07.05-ны өдрөөр огноотой, хуучин буйдан засвар 750,000, урьдчилгаа 650,000” гэх нэхэмжлэх (хх-26) зэрэг баримтаар тогтоогдож байна.

******нь буйдан засаж өгөхөөр урьдчилгаа болгон авсан 650,000 төгрөгөө буцаан төлсөн нь хохирогч, шүүгдэгч нарын хүсэлт (хх-85, 86)-ээр тогтоогдож байх тул ******бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Залилах гэмт хэрэг нь “Хуурч, эсхүл баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэсэн гэмт хэргийн шинжийг зайлшгүй шаарддаг бөгөөд дээрх шинжүүдийг хангаагүй бол залилах гэмт хэрэгт тооцохгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ******залилах гэмт хэрэг үйлдсэн гэж эргэлзээгүйгээр нотлоогүй, түүний дээрх үйлдэл нь улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан “зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан” гэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй төдийгүй бусдын эд хөрөнгийг эргүүлж төлөхгүй байх санаа зорилгыг эхнээсээ агуулж байсан гэж дүгнэх нотлох баримтын үндэслэл хэрэгт алга байна.          

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр уг хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******цагаатгаж шийдвэрлэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.12, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ****** овогт *********н ************ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР