| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00259/И |
| Дугаар | 00356 |
| Огноо | 2019-07-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 00356
| 2019 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 153/ШШ2019/00356 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 03-01 тоотод оршин суух, Сумангийнхан овогт Х-ийн О / /-ы нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Х-ний газар
/ /-т холбогдох,
ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,927,759 /гурван сая есөн зуун хорин долоон мянга долоон зуун тавин ес/ төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 153/2019/00259/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Миний зүгээс Нийгмийн даатгалын хэлтсээс 4 сарын хугацаатай тэнцэх хэмжээний листийг олгосон тохиолдолд мөнгө нэхэмжлэхгүй талаар Хт санал гаргахад боломжгүй гэсэн учраас 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин нэхэмжилсэн. Би анх 2012 онд Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэст жилд ороод, 2015 онд жинхэнэ төрийн албан хаагч болж баталгаажсан. 2016 оны 08 сарын 01-ний өдөр анхныхаа хүүхдийг төрүүлээд жирэмснийхээ амралтыг авсан. Түүнээс хойш 2 жил гаруй хугацаанд шүүхээр явж байгаад 2018 оны 08 сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан. Одоо хүүхэд маань 9 сартай, гэртээ хүүхдээ хардаг. Нийгмийн даатгалын хэлтсээс жирэмсний болон амаржсаны листийг танай байгууллага хугацаанд нь өгөөгүй учир лист олгогдох боломжгүй гэж хэлсэн. Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 02-ны өдрийн 21 дугаартай шийдвэрээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 02 сарын 20-ны өдрийн Б/10 дугаартай Ажилд эгүүлэн томилон тухай тушаал гарч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн. Иймд 2018 оны 08 сарын 02-ны өдрөөс 2019 оны 02 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 3,927,759 төгрөгийн цалинг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү....2016 оны 07 сарын 25-ны өдөр жирэмснийхээ амралтыг аваад, түүнээс хойш ажлаа хийгээгүй....2016 оны 09 сарын 03-ны өдөр Анар, 2018 оны 09 сарын 10-ны өдөр Анужин нэртэй хүүхдүүд төрүүлсэн....Би 2018 оны 9 сард төрөхөөс өмнө буюу 8 сард жирэмсэн байхдаа эмнэлгийн хуудсаа Хт буюу Т.Сайнбаяр даргад 32 неделтэй байхдаа гаргаж өгсөн....Намайг тодруулахад Олгогдох боломжгүй байна гэсэн хариу өгсөн гэж хэлсэн.... гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Л.Билэгдэмбэрэл нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Нэхэмжлэгч Х.Отой холбоотой маргаан өмнөх шүүх хуралдаанаар шийдвэрлэгдээд, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх явцад дахин нэхэмжлэл гаргасан. 2018 оны 08 сарын 02-ны өдрийн Увс айман дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Х.Оыг Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах-аар шийдвэрлэсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2019 оны 02 сарын 20-ны өдөр Х.Оыг Ажилд томилсон тухай тушаал гарсан. Үүнтэй холбогдуулаад Х.Отой уулзаж тушаалыг нь танилцуулаад, цалин болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар ярилцсан. Мөн 2018 оны 08 сарын 02-ны өдрөөс 2019 оны 02 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны жирэмсний амралтын мөнгийг цалингийн доод хэмжээгээр төлөхөөр танилцуулсан. Тухайн тэмдэглэлийг хавтаст хэрэгт гаргаж өгсөн бөгөөд тус тэмдэглэлийн 10-13 дугаар мөрөнд танилцуулагдсанаар ороод, нэхэмжлэгч Х.О нь өөрөө танилцаж, хүлээн зөвшөөрөөд, гарын үсгээ зурсан учраас тушаалаа гаргаад хүүхэд асрах чөлөө авна гэсэн учраас чөлөөг нь олгоод, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөгдөөд явж байгаа. Харин гарт олгогдох цалин нь одоогийн байдлаар 1,500,000 төгрөг олгогдоод, бусад цалин нь олгогдоогүй. Бид нарын зүгээс эвлэрэхээр санал болгосон. Нэхэмжлэгчид 1,145,000 төгрөгийг ямар нэгэн шимтгэл, суутгалгүйгээр төлөх боломжтой. Бусад мөнгөн дүнг төлөхгүй....Надад эмнэлгийн хуудсаа авч ирж өгсний дагуу би Нийгмийн даатгалын хэлтэст хандаад Манай байгууллагад шүүхээр маргаан үүсгээд явж байгаа хүн байгаа талаар хэлээд лавлахад Хэрвээ танай байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тохиолдолд лист олгогдох боломжгүй гэсэн хариу өгсөн....Эмнэлгийг хуудсыг явуулаагүй....гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.О нь Ховд аймгийн Хт холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,927,759 /гурван сая есөн зуун хорин долоон мянга долоон зуун тавин ес/ төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ....2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 3,927,759 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх хүсэлттэй байна....Би 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр охин н.Анужинг төрүүлсэн....Нийгмийн даатгалын хэлтсээс жирэмсний болон амаржсаны листийг танай байгууллага хугацаанд нь өгөөгүй учир лист олгогдох боломжгүй гэж хэлсэн....Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа томилогдсон....Одоо хүүхэд харах чөлөөтэй байгаа.... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр нь шүүх хуралдаанд ....Нэхэмжлэгч 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, амаржсаны амралттай байгаа. 120 хоногийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулах боломжтой. Нэхэмжлэгчид 1,145,000 төгрөгийг ямар нэгэн шимтгэл, суутгалгүйгээр төлөх боломжтой. Бусад мөнгөн дүнг төлөхгүй.... гэж тус тус тайлбарлав.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Х.Оыг 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилдаа орох тухай түүний өргөдлийг шийдвэрлээгүй, ажилд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0553 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаартай шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0553 дугаартай магадлалын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдоо /хх-ийн 8-12, 13-21 дүгээр тал/.
Нэхэмжлэгч Х.Оыг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 дугаартай ажилд эргүүлэн томилох тухай тушаалаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх үйлчилгээ, ажилд зуучлал, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн-ний ажилд эгүүлэн томилсон болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 дугаартай Х.Оыг ажилд эргүүлэн томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна /хх-ийн 22 дугаар тал/.
Иймд нэхэмжлэгчийг 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилдаа орох тухай түүний өргөдлийг шийдвэрлээгүй, ажилд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажил, албан тушаалд томилсон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд томилох хүртэлх хугацаа буюу 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь 2018 оны 09 сарын 10-ны өдөр охин н.Анужинг төрүүлсэн болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоодлоо. Энэ талаар талууд маргаагүй болно.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй. гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.О нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй байна.
Дээрх эрхээ эдэлж нэхэмжлэгч Х.О нь 2018 оны 8 дугаар сард жирэмсний тэтгэмжээ авахаар эмнэлгийн хуудсаа Ховд аймгийн Хт хүргүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Харин ажил олгогч нь уг эмнэлгийн хуудсыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ирүүлээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын шүүх хуралдаанд гаргасан ....эмнэлгийн хуудсыг явуулаагүй.... гэх тайлбараар тогтоогдож байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн 124 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эмнэлгийн хуудас олгох журам-ын 3.6-д Ажил олгогч нь ....жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг бичигдсэнээс хойш 28 хоногийн дотор нийгмийн даатгалын хэлтэс, тасаг (ажилтан)-т ирүүлж тэтгэмжийн тооцоо хийнэ. Хэрэв хугацаа хэтэрсэн тохиолдолд тэтгэмж олгохгүй бөгөөд буруутай байгууллага, албан тушаалтанд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. гэж заажээ.
Нэхэмжлэгчийн зүгээс эмнэлгийн хуудсыг ажил олгогчид хүргүүлсэн байх бөгөөд ажил олгогч нь уг эмнэлгийн хуудсыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлээгүй буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ олгогдоогүй үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.
Түүнчлэн хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Х.Отой уулзсан уулзалтын тэмдэглэлд ....Т.Сайнбаяр: 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарыг хүртэл цалингийн хөлсний доод хэмжээгээр /хүүхэд асрах/ нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгөх, ажилд томилсон тушаалыг уншиж танилцуулав. Тушаалтай холбоотой асуулт байна уу гэхэд Х.О: байхгүй... гэх тайлбар бичигджээ.
Дээрх тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс ажил олгогчтой ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр шүүхэд хандахгүй талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.
Ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 0708287 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудаар дундаж цалин хөлсийг тодорхойлов.
/2016 оны 4 дүгээр сар 539,539 төгрөг + 5 дугаар сар 493,353 төгрөг + 6 дугаар сар 538,887 төгрөг = 1,571,779 төгрөг / 3 = 1 сарын дундаж цалин хөлс 523,926 төгрөг / 21,3 хоног = 1 өдрийн цалин хөлс 24,597 төгрөг х 138 хоног = 3,394,386 төгрөг/, /дундаж хоногийг тооцоход: 2016 оны 4 сард ажлын 21 хоног + 5 сард ажлын 22 хоног + 6 сард ажлын 21 хоног = 64 хоног / 3 = 21.3 хоног/.
Ажилгүй байсан хугацаа 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл буюу ажлын нийт 138 хоногийн цалин хөлс 3,394,386 төгрөгийг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан нэхэмжлэгч Х.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 533,373 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Хт даалгахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х.Оы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 69,260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Од олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,394,386 /гурван сая гурван зуун ерэн дөрвөн мянга гурван зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 533,373 /таван зуун гучин гурван мянга гурван зуун далан гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Оы ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Хт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Оы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 69,260 /жаран есөн мянга хоёр зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Од олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ