Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 00357

 

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2019/00357

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                   

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо бага тойруу 6 дугаар байрны 26 тоотод бүртгэлтэй, одоо Орхон аймгийн Жаргалант сумын Тариачдын 10-18 тоотод оршин суух, Мэргэд овогт Ж-ын С / /-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 1-24 айлын орон сууцны 22 тоотод оршин суух, Нохойбуянт овогт Ц-ийн П / /-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 153/2019/00090/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Ж.С /онлайн/, хариуцагч Ц.П /онлайн/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Ц.П бид 2001 онд гэр бүл болж, 2004 онд гэрлэлтээ батлуулсан. 2003 оны 12 дугаар сард Солонго гэдэг охин, 2005 оны 8 дугаар сард Сүхбат гэдэг хүүтэй болсон. 2004 оны 9 дүгээр сард гэрлэлтээ батлуулсан. Ц.П бид хоёр хоорондоо таарч тохирохгүйгээс болж Ц.П 2 хүүхдээ аваад 2010 оны 7 дугаар сараас хойш Ховд аймагт амьдрах болсон. Түүнээс хойш би Ховд аймагт очиж уулздаг байсан. Тэгээд 2015 оноос хойш Ховд аймагт очоогүй. Даралт харвасан учир түүнээс хойш биеэ эмчлүүлж байна. Бид хоёр тусдаа амьдраад 9 жил болж байгаа тул гэрлэлтээ албан ёсоор цуцлуулая гэж шийдсэн. Хоорондоо таарч тохирохгүй байгаа учраас гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа. Түүнээс биш хоорондоо маргалдаад байх зүйл байхгүй.  Ц.П гэр бүлээ цуцлуулах сонирхолтой байгаа учраас шүүхээс гэрлэлтийг цуцалж өгнө үү.... Хүүхдүүд эхтэйгээ хамт Ховд аймагт амьдарч байгаа.... Би 2016 онд Улаанбаатар хотод барилга дээр ажиллаж байгаад ажил дээрээ даралт харвасан....2016 оны 10 дугаар сараас группт тогтоолгосон. Өнгөрсөн 2 дугаар сард групп цуцлагдсан....Би өөрөө явж чадаж байгаа. Миний биеийн баруун тал саажилттай байсан. Одоо физик эмчилгээ хийлгэж байгаа. Хэн нэгний тусламжгүйгээр өөрөө ажлаа хийж байгаа....Ц.Пгийн тусламж дэмжлэг надад хэрэггүй....Хүүхдүүдийг Ц.Пгийн асрамжид үлдээнэ....2010 оны 7 сараас хойш тусдаа амьдарч байна....Эд хөрөнгийн маргаан байхгүй....гэв.

Хариуцагч Ц.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Ж.Сгийн ярьж байгаа бүх зүйл үнэн. Гэрлэлтээ цуцлуулахыг би хүлээн зөвшөөрч байгаа. Бид хоёр 2001 онд гэр бүл болсон 2003 оны 12 дугаар сарын 8-ны өдөр охин С.Солонго төрсөн. 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдөр  хүү С.Сүхбат төрсөн. Түүнээс хойш хамт амьдарч байгаад би 2 хүүхдээ аваад Ховд аймагт амьдарч байна. Ж.С 2015 оноос хойш ирэхээ больсон. Одоо тус тусын амьдралаа бодох хэрэгтэй байх гэж бодсон тул салахаар шийдсэн....Хүүхдүүдээ би өөрийнхөө асрамжид байлгах хүсэлтэй байна....Гэрлэлтээ цуцлуулж тус тусын амьдарлаа бодмоор байна. 2015 оноос хойш бид 2 огт уулзаагүй. Нэгэнт тусдаа амьдраад 9 жил болсон учраас үүнийг хангалттай шалтгаан гэж үзэж байна. Иймд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулмаар байна....Хүүхдийн тэтгэлгийг Ж.Сгаас авахгүй....Эд хөрөнгийн маргаангүй...гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.С нь Ц.Пд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Гэрлэгчид 2001 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2004 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 36/000695 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2003 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин С.Солонго, 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүү С.Сүхбат нар төрсөн болох нь төрсний гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдлоо.

Нэхэмжлэгч Ж.С, хариуцагч Ц.П нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод гэрлэгчид нь 2010 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгч, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй бөгөөд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид эвлэрэх боломжгүй, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхдийн нас, биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамж, хүүхдүүдийн өөрийнх нь санал зэргийг харгалзан 2003 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин С.Солонго, 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү С.Сүхбат нарыг  эх Ц.Пгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин С.Солонго, хүү С.Сүхбат нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Ж.Сгийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Ж.Сгаас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Ц.П саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Ж.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сд олгохоор тогтлоо.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй, зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг тус тус дурдлав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Мэргэд овогт Жагирын С, Нохойбуянт овогт Цэрэндоржийн П нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин С.Солонго, 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү С.Сүхбат нарыг эх Ц.Пгийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч Ж.Сд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг хариуцагч Ц.Пд тус тус даалгасугай.

4.Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сд олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Батцэнгэлд даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ