Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2019/00088/И |
Дугаар | 00358 |
Огноо | 2019-07-05 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 00358
2019 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 153/ШШ2019/00358 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт оршин суух, Шолгууд овогт Б-ийн У / /-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 8-5 тоотод оршин суух, Боржигон овогт Т-ын Д / /-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 153/2019/00088/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Б.У, хариуцагч Т.Д, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би нөхөр Т.Дтэй 2010 оноос сайн дурын үндсэн дээр үерхээд, 2011 оны 01 сарын 10-ны өдөр сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон. Манай нөхөр 2017 оны 09 сарын 09-ний өдөр гэрээсээ сална гэж хэлээд яваад, өдий хүртэл хэрэлдсээр гэртээ ирээгүй. Би том охин Номинцэцэгийг 2012 оны 08 сарын 13-ны өдөр, бага охин Эрдэнэцэцэгийг 2016 оны 01 сарын 12-ны өдөр төрүүлсэн. Бид хоёр 2018 оноос эхлээд тусдаа амьдарсан бөгөөд байнгын хэрүүлтэй амьдарч ирсэн. Иймд бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна....2012 оны 08 сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулсан....Охин Номинцэцэг нь Ховд аймгийн Мянгад сумын 12 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангийг төгссөн. Охин Эрдэнэцэцэг нь гэрээр хүмүүждэг....Бид хоёр 2017 оны 09 сарын 09-ний өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа. Намайг 6 жилийн хугацаанд байнга хаяж явдаг байсан ч миний зүгээс уучилж байсан боловч хамгийн сүүлд салъя гэсэн шийдвэрт хүрсэн....Т.Д нь Энэ хүн өөр хүнтэй нийлээд, амьдарна гэж хэлээд явсан гэж хэлсэн. Мөн намайг гэр орноо цэвэрлэдэггүй гэж хэлсэн. Би яахаа алдсан хэмжээний арчаагүй залхуу хүн биш. Надтай эвлэрэх талаар нэг ч үг хэлээгүй. Ийм учраас цааш амьдрах боломжгүй гэдэг байдлаар шүүхэд хандсан....Эд хөрөнгийн талаар маргаангүй....гэв.
Хариуцагч Т.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид хоёр 2010 онд танилцаад, 2011 оны 01 сарын 10-ны өдөр хуримаа хийсэн. Том охин Номинцэцэг 2012 оны 08 сарын 13-ны өдөр, охин Эрдэнэцэцэг 2016 оны 01 сарын 12-ны өдөр төрсөн. Миний зүгээс гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна....Би хүүхдүүдээ бодож байна. Хоёр талд хүүхдүүд байгаа болохоор хэн аль нь санаад хэцүү байгаа. Намайг очих гэхээр манай ээж загнана, цохино гэдэг байдлаар янз бүрээр ярьдаг. Чи миний талаар архи уудаг гэж хэлээд худлаа яриад байна. Намайг хошуу даяараа мэднэ....Би хоёр охиныхоо амьдралыг бодож байна. Охин хүүхдүүд хойд эцгийн гар харж амьдрах хэцүү гэж бодож байна....Нэхэмжлэгчийн хэлээд байгаа тайлбарын зарим нь үнэн. Намайг 1 сар үхэр хайгаад ирэхэд заримдаа цай, хоолгүй фэйсбүүк ухаж сууж байдаг байсан. Мал хайхаар байнгын морин дээр яваад явдалдаа ядардаг. Намайг цай, хоол байхгүй байгаа талаар хэлэхээр хийж өгдөг....Эд хөрөнгийн талаар маргаан байхгүй....гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.У нь Т.Дд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүл болж, 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 0167817 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, гэрлэгчдийн дундаас 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр охин Д.Номинцэцэг, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр охин Д.Эрдэнэцэцэг нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.У, хариуцагч Т.Д нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод гэрлэгчид нь 2017 оны 9 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгч, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй бөгөөд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Хүүхдийн нас, биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамж зэргийг харгалзан 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Д.Номинцэцэг, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Д.Эрдэнэцэцэг нарыг эх Б.Уийн асрамжид үлдээн, эцэг Т.Дгээр хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Д.Номинцэцэг, Д.Эрдэнэцэцэг нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Т.Дгээс хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Д.Номинцэцэг, Д.Эрдэнэцэцэг нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Т.Дгийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Т.Дгээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Б.У саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Б.Уийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,222 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон Ховд аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ 190,700 төгрөгийн тал хувь 95,350х2=190,700 төгрөгийг хүүхдүүдэд сар бүр хариуцагч эцэг Т.Д төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Т.Дд сар бүр төлөх тэтгэлэг 190,700 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2,288,400 төгрөг болох тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 64,022 төгрөг, нийт 134,222 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.Ут олгохоор тогтлоо.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг тус тус дурдлаа.
Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Ут, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Т.Дд тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Боржигон овогт Түвшинбаярын Д, Шолгууд овогт Бат-Эрдэнийн У нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Д.Номинцэцэг, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Д.Эрдэнэцэцэг нарыг эх Б.Уийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Д.Номинцэцэг, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Д.Эрдэнэцэцэг нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Т.Дгээс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Т.Дд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Б.Ут тус тус даалгасугай.
5.Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,222 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Дгээс улсын тэмдэгтийн хураамж 134,222 /нэг зуун гучин дөрвөн мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ут олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Ут, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Т.Дд тус тус мэдэгдсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ