Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/92

 

 

2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр                           2023/ШЦТ/92                           Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Бат-Оргил

Шүүгдэгчийн өмгөөлөгч

Хохирогч Д.*******

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******эд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар *******, *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг гэх газраас 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын хооронд иргэн ******* итгэмжлэн хариуцуулсан 188 тооны бог малыг завшиж хохирогч Д.*******д 22,563,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 94 тооны малыг завшсан, 42 тооны хонь чононд орсон. 50 гаруй хонь тасарч алга болсон. Анх би Д.*******аас 400 тооны эм хонь, 100 тооны ямаа хүлээн авсан. Тухайн үед хонинд чоно орсон талаар тэр хавийн айлын хүмүүст ярьж байсан гэв.

 

 

Хохирогч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:*******эд 2019 оны 08 сарын 24-ний өдөр 401 хонь, 100 ямаа өгсөн. Мал аваад жил хүрэхгүй хугацаад 150 хонь, 38 ямаа дутааж, надад малаа хүлээлгэн өгсөн. Би дутаасан бүдүүн хониныхоо хохирлыг барагдуулчих. Бод малаар тооцож өгч болно гэж хэлсэн. Хязаалангаас дээш 1 бодыг  10 хониор тооцож авна гэсэн. Намар нь надад 18 хурга, 14 ишиг, 2 даагатай авчирч өгсөн. Одоо 22.563.000 төгрөгийг нэхэмжилж байна.******* нь хэдэн тооны мал борлуулснаа өөрөө сайн мэдэхгүй гэр бүлийн хүн нь цаанаас нь бүх тооцоог хийж өгч байгаа. Анх малаа хүлээж авахад тасарсан байх гээд ойр хавын айлаар явъя гэж байсан. Сүүлд нь хонио чононд бариулсан талаар ярьдаг. Тэгэхээр ойлгомжтой гэж үзэж байна гэв.

 

Хохирогч ******* “...Би Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Дэрсэн 6 худаг” гэх газар мал маллаж амьдардаг.*******, ******* нар нь залгаж “манайх мал маллаж малтай болох гэсэн юм таныг хүнд мал өгч маллуулдаг гэж хүнээс дуулсан юм” гэхээр нь үнэхээр тийм бол манай гэрт ирж уулз гэж хэлсэн. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ******* сумын иргэн*******, ******* хоёр ирэхээр нь та нар үнэхээр малтай болох гэж байгаа бол эм хонь ямаа авч малла гэж хэлээд 400 тооны эм хонь, 100 тооны эм ямаа өгч ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газар буулгасан. Би тэрнээс хойш 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр эм ямаагаа самнах гээд*******ийн гэрт очиж ямаагаа самнаж байхад нийт 20 тооны эм ямаа дутахаар нь би энэ ямаа яагаад дутав гэхээр нь би алдаад олохгүй байна, гэхэд би энэ төлийн цагаар 20-н тооны ямаа дутахгүй гэхэд би мэдэхгүй гэж хэлсэн. Тэрнээс хойш би хавар 05 дугаар сард ирж хургаа тоолоход мөн 20 гаран тооны хурга дутахаар нь*******ээс асуухад хургалах зөндөө байгаа хургалж дуусаагүй байна гэхээр нь үнэхээр хургалах хонь байгаа юм байна гээд хонио тоолохгүй явсан. 2020 оны 08 дугаар сард ирж хонио тоолоход 150-н эм хонь 38 эм ямаа дутахаар нь асуухад алдаад олохгүй байна гэхээр нь би тухайн цаг хугацаанаас хойш хайгаад олохгүй байгаа юм. Тийм учраас би цагдаагийн байгууллагад хандаж байна. Би тухайн үед *******тэй цаасаар гэрээ хийгээгүй. Бид хоёр аман гэрээ хийж тохиролцсон. Би ийм олноор алдсан болохоор хайгаад олдчих юм болов уу гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаагүй. Би нийт 188 тооны хонь ямаагаа 20.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би*******эд сарын 250.000 төгрөг, энэ малын төлийн 20 хувиар бодож цалинжуулж байсан, бас дээр нь өвлийн идшийг нь өгч байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би өөрийн алдсан малаа олж авмаар байна. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх 9-11х/,

 

Хохирогч ******* дахин өгсөн “... Би 2019 оны 08 сард******* гэгчид ирэх хавар нь төллөх 400 толгой эм хонь, 100 эм ямаа, нийт 500 тооны бог мал маллуулахаар аман гэрээ хийж өгсөн.*******ээр малаа маллуулаад төлийнхөө 20 хувийг өгөхөөр тохирч, сар болгон 250.000 төгрөг 2020 оны 09 сар хүртэл өгч байсан бөгөөд өвлийн идшинд нь үхэр хүртэл өгсөн. Гэтэл******* нь миний хонь, ямаанаас 150 эм хонь, 38 эм ямаа дутааж намайг маш ихээр хохироосон. ******* нь одоо болтол миний хохирлыг гүйцэд барагдуулаагүй. ******* нь эхнэртэйгээ 2-3 удаа над руу гуйж ирээд байхаар нь итгээд малаа өгсөн. Би *******ээс малынхаа 3 жилийн төлийг нэхвэл маш их тооны мал нэхнэ. Гэхдээ би тэгэхгүй том малынхаа хохирлыг тоо ёсоор нь барагдуулчих гэж хэлсэн. Гэтэл ******* нь надад 2 даага, дандаа хурга, ишиг голдуу том хонь 5, хурга 12, том ямаа 6, ишиг 11, нийт том жижиг нийлсэн 34 тооны бог мал өгсөн. Харин 2 даагыг нь авахдаа 1 даагыг нь 5 толгой том хониор тооцож авсан. Би хурга, ишгийг нь бага мал учраас 2 толгойг нь нэг том хонь, ямаагаар тооцож байгаа. Ингэж тооцохоор ******* нь надад 21 хонь, 11 ямаа өгч нийтдээ 32 толгой малын хохирол барагдуулсан байгаа. Ирсэн хурга, ишигнүүд нь маш муу, турж эцсэн юмнууд ирсэн бөгөөд эхнээсээ үхээд, үлдсэнийг нь тэжээлд оруулчхаад байгаа. Ингээд нийт төлөх ёстой 188 толгой хонь, ямаанаас одоо 129 хонь, 27 ямаа буюу нийт 156 толгой мал дутуу төлөөгүй байгаа. Надад нэг удаа хоттой хонь руу чоно орсон, 5-6 хонь чононд бариулсан гэж ярьж байсан боловч тэрийгээ нотлох зүйл огт харуулаагүй. Харин хонь тасарч алга болсон талаар огт хэлж байгаагүй. Би тэр хавийн ганц нэгэн хүнээс сураглаж асуухад тэр хавьд нь чоно, нохой огт байхгүй бөгөөд хонинд нь огт чоно ороогүй, миний малыг хүлээж аваад л дараахан нь машин машинаар хүнд зарж борлуулсан юм билээ. Би*******эд их гомдолтой байна. Миний хонь, ямаа өдийд байсан бол 3 жил төллөсөн, тоо толгой нь маш олон болж өсчихсөн байх ёстой. Дандаа төллөх насны том хонь, ямаа байсан. Одоо*******ээс 129 хонь, 27 ямаа буюу нийт 156 толгой малаа нэхэмжилнэ. Хохирлоо яаралтай, бүрэн барагдуулмаар байна...” гэх дахин мэдүүлэг /хх 14-15х/

 

Гэрч Ц.Оюунгэрэлийн “...Би Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Дэрсэн худаг” гэх газар мал маллаж амьдардаг.*******, ******* нар нь манай нөхөр Д.******* руу залгаж “манайх мал маллаж малтай болох гэсэн юм, та нарыг хүнд мал өгч маллуулдаг гэж хүнээс дуулсан” гэж гурван удаа утсаар ярихаар нь үнэхээр тийм бол манайд ирж уулз гэж хэлсэн. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ******* сумын иргэн*******, ******* 2 цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй ирэхээр нь “та нар үнэхээр малтай болох гэж байгаа бол эм хонь, ямаа авч малла” гэж хэлээд Уулбаян сумын 3 дугаар баг “Дэрсэн худаг” гэх газраас 400 тооны эм хонь, 100 тооны эм ямаа өгч явуулаад ******* сумын 5 дугаар багийн нутаг “”  гэх газар буусан гэхээр нь би нөхөр Д.*******тай араас нь малын хашаа ачиж авчирч өгсөн. Тэрнээс хойш хавар 05 дугаар сард би нөхөр Д.*******тай хамт ирж хургаа тоолоход 20 гаран тооны хурга дутахаар нь*******ээс асуухад хургалах хонь зөндөө байгаа хургалж дуусаагүй байна гэхээр нь үнэхээр хургалах хонь байгаа юм байна гэж бодоод хонио тоолохгүй явсан. 2020 оны 08 дугаар сард ирж хонио тоолоход 150 эм хонь, 38 эм ямаа дутахаар нь асуухад алдаад олохгүй байна гэхээр нь бид хоёр хонио*******ээс авсан. Тэрнээс хойш олон газраар хайгаад олохгүй байгаа. Бас ямар нэгэн сураг гарахгүй байна. Би тухайн үед *******тэй цаасаар гэрээ хийгээгүй. Бид хоёр аман гэрээ хийж тохиролцсон. Би тухайн үед олноор алдсан болохоор хайгаад олдчих юм болов уу гэж бодоод би цагдаагийн байгууллагад хандаагүй. Би нийт 188 тооны хонь ямаагаа зах зээлийн ханшаар үнэлж байна. Би*******эд сарын 250.000 төгрөг, энэ малын төлийн 20 хувиар бодож цалинжуулж байсан, бас дээр нь өвлийн идшийг нь өгч байсан. Би өөрийн алдсан малаа олж авмаар байна. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх 18-19х/,

 

Гэрч *******гийн: “...Би Д.******* гэдэг хүний малыг хөлсөөр харж байсан. Бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй, одоо ******* сумын 5 дугаар багийн нутаг “Энх” гэх газар айлын хуц ухна хариулж амьдардаг. Би Уулбаян сумын иргэн ******* малыг 2019 оны 08 дугаар сард нөхөр*******ийн хамт мөнгөөр харж өгнө гэж аваад ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газар харж байсан. Би ******* сумын 5 дугаар багийн нутагт нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Би 2019 оны 09 дүгээр сард 07 сартай жирэмсэн байсан. Би тухайн үед гэртээ гэрээс гардаггүй байсан. Харин манай нөхөр******* тухайн хонийг харж байсан. Хааяа манайх идэх хоолгүй, малдаа явах бензингүй болохоор Г.******* хонь борлуулсан гэж хэлж байсан. Яг хэдэн тооны хонь хэнд борлуулсан талаар нь би мэдэхгүй байна. Би ******* малыг 250.000 төгрөгөөр харж байсан. Тухайн үед өвлийн идэш гээд 1 тооны бяруу өгсөн. Би 2020 оны 08 дугаар сар 09 дүгээр сарын цалингаа авч чадаагүй байгаа. 2019 он болон 2020 оны яг хэдэн сард гэдгийн нь санахгүй байна, манай хонинд чоно орсон. Харин 4 удаа гэдгийн нь сайн санахгүй байна, чоно орж манай хониноос нэлээд хонь ямаа барьсан байсан. Харин 2020 оны 08 дугаар сард******* бид хоёр хүүхдийн хичээлийн дэвтэр ном бэлдэнэ гэж сумын төв рүү орж ирээд 3 хоноод буцаад гэртээ ирэхэд манай хониноос 50 гаран тооны хонь алга болсон байна гэж******* хэлж байсан. Д.******* ах бид хоёр гэрээ хийгээгүй. Тухайн үед амаар тохиролцоод хонийг нь авч байсан. Би малын А дансандаа нэг тугалтай үнээ, нэг унагатай гүү байгаа. Энэнээс өөр мал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 31-32х/,

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2103259 дугаартай: “...150 тооны эм хонь, 38 тооны эм ямааны зах зээлийн үнэлгээ нь 22,563,000 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-35-44/,

 

Гэрч “...Би зундаа ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх нутаглаж байсан. Өвөлдөө Наран саран гэх газар өвөлждөг. ... гэх газар нь манай нутаглаж байсан газраас 2-4 км зайтай байдаг. ...Тухайн газарт чоно байдаг. 2019, 2020 онуудад манай хонинд 2-3 удаа орж байсан” гэх мэдүүлэг /хх 115-116х/,

 

Гэрч ийн “...Би 2019, 2020 онуудад*******ээс мал, мах худалдан авч байсан. Ерөнхийдөө дандаа хонь худалдаж авсан.******* нь намайг Улаанбаатар хот руу явахад хивэг, тэжээл, гурил болон хүнсний зүйл, хүүхдийн хувцас гутал захидаг байсан. Мөн надаас бэлэн мөнгө авч байсан. Би тухайн үед нь*******ээс мал мах худалдаж аваагүй. ...******* сумын 5 дугаар багийн нутагт , , гэх газруудад чоно байдаг. ...Намайг тэр хавиар явж байхад*******ийн хоттой чоно орсон талаар хүмүүс ярьж байсан. Би хэн ярьсан талаар сайн мэдэхгүй байна. Яг хэдэн тооны хонь барьсан талаар би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх 119-120х/,

 

Гэрч “...******* сумын 5 дугаар багийн нутагт , , гэх газруудад чоно байдаг. Тэр хавиар манай хамаатан талын хүмүүс хонинд чоно орчихлоо гэж ярьж байсан. ...Ц.*******ийн хонинд чоно орсон талаар засаг захиргаанд мэдэгдсэн зүйл байхгүй. Хэрэв хонинд чоно ороод бид нарт мэдэгдсэн бол бид нар очиж эмчилгээ хийх байсан” гэх мэдүүлэг /хх123-124х/,

Гэрч “...Ц.******* нь 2019-2020 онд хонь, ямаа алдсан талаар цагдаагийн байгууллагад бүртгүүлж байгаагүй. Тухайн цаг хугацаанд хонь, ямаа алдсан бол надад мэдэгдэх ёстой. ...Намайг ажиллаж байх хугацаанд ******* сумын хэмжээнд чононд мал бариулсан гэх дуудлага мэдээлэл ирж байгаагүй” гэх мэдүүлэг /хх 127-128х/,

 

Гэрч “...******* сумын 5 дугаар багийн нутагт , , гэх газруудад чоно байдаг. Тухайн жил манай хонинд чоно орж байсан. ...Ер нь д чоно хойноосоо гүйж ирээд байдаг юм.*******ийн хонинд орсныг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх 131-132х/,

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2202317 дугаартай 5 тооны төлөг 514,875 төгрөг, 12 тооны хурга 926,775 төгрөг, 6 тооны эм ямаа 605,200 төгрөг, 11 тооны ишиг 554,766.7 төгрөг, 2 тооны даага 975,000 төгрөг, нийт 3,576,600 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх 143-153х/, 

 

Яллагдагч*******ийн: “...Би 2019 оны 08 дугаар сарын дундуур Уулбаян сумын хошой аварга малчин ******* гэх хүнтэй утсаар холбогдож “Та түрээсийн хонь хүнд өгөх үү? Би түрээсийн мал маллаж өөрийн гэсэн малтай болох гэсэн юм” гэж ярихад намайг ирээд уулз гэхээр нь эхнэр Баярмаагийн хамт гэрт нь очиж уулзаад, 2021 оны 08 дугаар сарын 25-ны үед дахин очиж 400 эм хонь, 100 эм ямаа, нийт 500 толгой бог мал хүлээн авч, өөрийнхөө гэр рүү 50-60 км хөөж явсан. Би ******* ахтай хөлс мөнгөө сарын 250,000 төгрөгийн цалин, өвлийн идшинд 1 бяруу, хавар мал төлийн үеэр төлийнхөө 20 хувь болох 80 толгой төл ажлын хөлсөнд авахаар тохиролцсон юм. Бид хоёр ямар нэгэн гэрээ хийгээгүй, амаараа ярьж тохироод явцгаасан. Түүнээс хойш 2019 оны 11 дүгээр сараас ******* ахын малаас хоол унд, бензин тосгүй болсон үедээ ганц нэгээр нь мал мах авч яваа хүмүүст өгч эхэлсэн. Би 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 09 дүгээр сарын хооронд ******* ахын хониноос сумын ченж Баярмөнхөд 30 гаруй эм хонь, баруун хойд аймгаас ирсэн гэх ченж Мэндээ гэх хүнд 13 тооны эм хонь, сумын гэх залууд 12 хонь, 3 ямаа, ******* сумын иргэн гэх залууд 3 хонь, 6 тооны ямаа, мөн өөрийнхөө ах д 2 тооны хонь зарж борлуулсан. Би ******* ахын малаас идшиндээ 15 хонь, 3 ямаа идсэн. Би малаа өгөхдөө нэг дор нь бөөн өгөөгүй, нэг өгөхдөө 2-5 толгойгоор нь, заримдаа ганц нэгээр нь өгч байсан. Би өөрөө зарж борлуулж, идэж хэрэглэсэн хонь, ямаагаа бодоод үзэхээр 94 толгой болж байгаа юм. Харин 2019 оны 09 дүгээр сард, 2019 оны 10 дугаар сарын дундуур, 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр, 2020 оны 01 дүгээр сард манай хонинд чоно орж 20 гаруй тооны хонь, ямаа барьчихсан. Тухайн үед би өөрийнхөө гар утсаар зургийг авсан боловч гар утсаа хаячихсан. Тухайн үед эхнэр төрөх гээд сумын төвд байсан юм. Түүнээс хойш 2020 оны 09 дүгээр сард хичээл сургууль орох гээд 3 хоног хонио эзгүй орхиод сумын төв явсан хойгуур 50 гаран хонь тасраад алга болсон байсан бөгөөд хайгаад олоогүй. Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 20-д гаргаад ******* ах ирж малаа авч явсан. ******* ахад малыг нь хүлээлгэж өгөхөд 150 хонь, 38 ямаа дутсан. Би ******* ахад хонинд чоно орсон талаар огт хэлээгүй. ******* ах намайг загнах байх гэж айгаад хэлээгүй юм. Одоо тэр гар утас надад байхгүй. Манай хүүхдүүд тоглож байгаад миний утсыг эвдчихсэн. Одоо хаана байгааг нь мэдэхгүй хаячихсан байх. Тэр утсан дээр зургууд нь байсан юм. Хонь, мал борлуулсан мөнгөө гэр бүлийнхээ хоол хүнсний хэрэглээ, хүүхдийн хичээлийн хэрэглэл, өмсөж зүүх гутал хувцас, бензин тосны хэрэглээнд зарцуулаад дууссан. Миний нэр дээр тугалтай үнээ 1, унагатай гүү 1, нийт 4 толгой мал байдаг. Өөр мал байхгүй. Би ******* ахад өөрийн ах дүү, хамаатан саднаасаа гуйж байгаад хонь ямаа нийлсэн 35 толгой мал, 2 тооны даага өгсөн. ******* ах 2 даагыг нэгийг нь 4 хониор бодож авсан. Тэгэхээр нийтдээ 43 тооны хонь, ямааны хохирол барагдуулсан байгаа юм. Үлдсэн малыг нь ах дүү нартаа учир байдлаа хэлж байгаад тэд нараасаа авч, төлж барагдуулна. Аав, ээжийнхээ ах дүү нарт бүгдэд нь хэлсэн. Бараг бүгд зөвшөөрөх байх. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-59-61/

 

Шүүгдэгч*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 х/

 

Шүүгдэгч*******ийн ам бүл, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 64 х/

 

Шүүгдэгч*******ийн  Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 66-68 х/

 

Шүүгдэгч*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Ц.******* нь 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын хооронд иргэн ******* итгэмжлэн хариуцуулсан 188 тооны бог малыг завшиж хохирогч Д.*******д 22,563,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах санал гаргасан тул түүнийг гэм буруугийн талаар маргаагүй гэж үзсэн болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газар 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын хооронд иргэн ******* малыг маллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 188 тооны бог малыг завшиж, 22,563,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан малыг завшсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******д 22,563,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 3,576,600 төгрөг барагдуулсан байна.  

Шүүгдэгч******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, Хөрөнгө үнэлгээний дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Хөрөнгө завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг. Энэ агуулгаараа Эрүүгийн хуульд хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг хор уршиг хохирол шаардахгүйгээр буюу хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хүндрүүлсэн шинжид ноцтой эсхүл их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг хамааруулан үзэхээр хуульчилсан. Иймд шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч : “Ц.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс нийт 188 тооны мал буюу 150 хонь, 38 ямаа завшсан гэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Шалгах явцад тухайн малыг авсны дараа ашиглах, шамшигдуулсан байна гэж ярьж байгаа боловч өнөөдрийн байдлаар 94 тооны мал завшсан нь тогтоогдсон байгаа. 94 тооны малаас 82 хонь,  12 ямааг******* 2019 оны 09 сараас 2020 оны 09 сарын хугацаанд нийт 7 удаагийн үйлдлээр шунахай сэдэлтээр хувьдаа завшсан, үрэгдүүлсэн, ашигласан үйлдэл нь тогтоогдсон.******* нь 32, 13, 15, Алдарбаяр 9, Хэнтий аймгийн Ченжид 5, өөрийн төрсөн ах *******д 2, өөрийн идшиндээ 18 гээд нийт 94 тооны хонь ямааг завшсан гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. Ц.Алтсүхийн 82 тооны хонь 12 ямааг завшсанд нь гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн саналтай байна. Үлдэгдэл мал нь яагаад гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэхээр 42 тооны малыг чононд бариулсан, хүүхдийнхээ хичээлийн номыг авахаа сум төв явах хоорондоо 50 гаруй тооны хонийг 9 сарын эхээр алдсан. Энэ талаараа хохирогчид хэлэхэд хохирогч 09 сарын 20-д хавьцаа хонио аваад явсан гэдэг.******* дээрх малыг үрэгдүүлсэн болохоос ашиглаж, завшсан зүйл тогтоогдохгүй байна. Иймд үлдэгдэл 94 тооны малыг иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулах, хөлсөөр ажиллах гэрээ зөрчигдсөн гэж үзэж байна. Ийм маргааныг Эрүүгийн хуулиар шийдвэрлүүлэх гэж орж ирж байгаа нь буруу гэж үзэж байна... гэх дүгнэлтийг тус тус гаргав. 

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Прокуророос шүүгдэгч*******ийн, хохирогч ******* өөрт нь итгэмжлэн хариуцуулан маллуулж байсан бог малаас 150 тооны эм хонь, 38 тооны эм ямааг зарж борлуулан хувьдаа завшсан уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хууль зүйн ойлголтоор “ Завших ” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу иргэдийн өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байгаа этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тастаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой юм.

 

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээх зэргийг хамааруулан ойлгодог билээ.

 Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч******* нь тухайн цаг хугацаанд иргэн ******* бог малыг харилцан тохиолцон түр хариуцан маллаж, өмчлөгчийн эд хөрөнгийг итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр итгэмжлэн хариуцаж байсан буюу түүний өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байсан хийгээд түүний хувьд малын эзэн ******* зөвшөөрөлгүйгээр малыг бусдад өгөх, худалдах, хувьдаа ашиглах эрхгүй этгээд байжээ.

 

 Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлийн эд зүйлийг хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж болох бөгөөд шүүгдэгч*******ийн, хохирогч Д.*******аас түр хугацаанд итгэмжлэн хариуцуулсан бог малаас 150 тооны эм хонь, 38 тооны эм ямааг зарж борлуулан завшиж 22,563,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн тайлбарт “ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй, Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй ” гэж тайлбарласан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3."бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ” ойлгоно гэж заасан ба шүүгдэгч*******ийн үйлдлээс бусдад 22,563,000 төгрөгийн хохирол учирсан нь хуульд заасан бага хэмжээний хохирлоос дээш байх бөгөөд энэ нь түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарах юм.

 

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч Д.*******д учирсан эдийн хохирлыг тогтоолгохоор “Линзийн өгөөж” ХХК-ийг шинжээчээр тогтоож дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасан зохицуулалтад нийцсэн хийгээд “” ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2103259 дугаартай 150 тооны эм хонь, 38 тооны эм ямаа нь зах зээлийн үнэлгээгээр 22,563,000 төгрөг гэж дүгнэж байна гэх дүгнэлтийн талаар талууд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

Шүүгдэгч******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан бог малаас 150 тооны эм хонь, 38 тооны эм ямааг зарж борлуулан завшиж хохирогч ******* эд хөрөнгөд  22,563,000  төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн уг үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

 Шүүгдэгч******* нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүгдэгч*******ийг үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Шүүгдэгч******* нь хохирогч Д.*******д 22,563,000 төгрөгийн хохирол учруулсан, учруулсан хохирлоос 3,576,600 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 18,986,400 төгрөгийг бусдад төлөх төлбөртэй зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгчид торгох ял оногдуулах нь тохиромжгүй байна. Мөн шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх тохиромжгүй байна. Учир нь шүүгдэгч нь Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт оршин суух хаягтай, Баруун-Урт суманд оршин суух хаяггүй зэрэг нь нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх тохиромжгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******д 22,563,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс төлж барагдуулсан 3,576,600 төгрөгийг хасаж, шүүгдэгч*******ээс 18,986,400 төгрөгийг гаргуулж хохирогч Д.*******д олгуулах. 

Шүүгдэгч нь энэ хэрэгт 2023 оны 4 сарын 27-ны өдрөөс цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон 4 өдрийг эдлэх ялд оруулан тооцуулах. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******эд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргаж байна... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэм буруугийн хариуцлагаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл болох ба 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гарсан учир шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж хөнгөрүүлэх, хүндрүүлэх зэргийг харгалзан ялыг оногдуулна гэж заасан байгаа. Энэ хэргийн хувьд торгох ял, зорчих эрх хязгаарлах ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, хорих ял гэсэн 4-н төрлийн ял оногдуулах боломжтой байгаа. Өмгөөлөгчийн хувьд торгох ялыг хохирогчид хохирол төлбөр төлөх асуудал байгаа учир торгох ялын төрөл бол зохимгүй гэж үзэж байгаа цаана нь 3 төрлийн ял үлдэж байгаа эрүүгийн хуулийн зорилго бол гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой байгаа. Шүүгдэгч******* хохирлыг төлөхгүй байх талаар байр сууриа илэрхийлээгүй, гэмт хэрэг үйлдээгүй гэсэн байр суурийг илэрхийлээгүй. Гэмт хэргийг үйлдсэн хохирлыг төлье гэсэн байр суурийг илэрхийлж байдаг. Шүүгдэгч өөрөө ажилгүй байгаа мөн ах дүү нартайгаа уулзаж санхүүгийн туслалцаа хүссэн боловч асуудал шийдэгдээгүй ирсэн байгаа тэгсэн хэдий ч шүүхээс гаргасан 18 сая төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа. 2021 оны 07 сарын 2 ний өдрийн өршөөлийн хуульд хамрагдаж байгаа хаалттай зүйл ангид ороогүй болно. Мөн шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа учир өршөөлийн хуульд хамрагдах боломжтой гэж үзэж байгаа гэв. Мөн эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх гэсэн зорилго байдаг******* гэм буруугийн хувьд маргахгүй байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмшиж байгаа зэргийг харгалзан шууд хорих ял оногдуулахгүй Сүхбаатар аймгийн ******* сумаас гаргахгүй байх буюу зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, хохирол төлөөгүй байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нь бусад баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч*******эд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч*******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ийн “...Шүүгдэгч******* гэмт хэргийг үйлдсэн хохирлыг төлье гэсэн байр суурийг илэрхийлж байдаг. Шүүгдэгч өөрөө ажилгүй байгаа мөн ах дүү нартайгаа уулзаж санхүүгийн туслалцаа хүссэн боловч асуудал шийдэгдээгүй ирсэн байгаа тэгсэн хэдий ч шүүхээс гаргасан 18 сая төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэхтухай хуульд хамрагдаж байгаа хаалттай зүйл ангид ороогүй болно. Шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа учир Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой гэж үзэж байгаа.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй бол эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх гэсэн зорилго байдаг******* гэм буруугийн хувьд маргахгүй байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмшиж байгаа зэргийг харгалзан шууд хорих ял оногдуулахгүй Сүхбаатар аймгийн ******* сумаас гаргахгүй байх буюу зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

 Учир нь: Шүүгдэгч******* нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөх тул шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулж, 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр болсон боловч энэ хугацаанд хохирогч Д.*******тай нэг ч удаа холбогдоогүй, хохирлоо төлөөгүй бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тус шүүхээс 131 дугаартай шүүгчийн захирамжаар  шүүх хуралдааныг хойшлуулж, албадан ирүүлэх захирамж гаргаж шүүгдэгч*******ийг 04 дүгээр сарын 26-ны өдөр албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан зэргээс үзэхэд тэрээр гэм буруугаа ухамсарлахгүй, хохирлоо төлөх  талаар санал санаачилга гаргаагүй ба хохирлыг бодитой төлөх чадвартай эсэх талаар нотлох баримт хэрэгт байхгүй, шүүхийн шатанд баримт гаргаж өгөөгүй болно.

 

Тэрээр дээрх гэмт хэргийг 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын хооронд үйлдсэн бөгөөд уг гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт хамрагдаж байгаа хэдий ч уг хуулийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байнагэж заасан бөгөөд шүүгдэгч******* нь хохирогчид 18,986,400 төгрөгийн хохирол төлөөгүй бөгөөд энэ хохирлоо хохирогчид яаж төлөх талаар хохирогчтой тохиролцсон зүйл байхгүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн нотлох баримт хэрэгт ирүүлээгүй тул уг хуульд хамрагдах боломжгүй учир өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч  Ц.*******ийн үйлдлийн улмаас хохирогч ******* эд хөрөнгөнд 22,563,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс түүний төлж барагдуулсан 3,576,600 төгрөгийг хасаж үлдэгдэл 18,986,400 төгрөгийг шүүгдэгч*******ээс гаргуулж хохирогч Д.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Д.******* нь шүүх хуралдаанд нааш, цааш явсан зардал зэрэг уг гэмт хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч шүүхэд нотлох баримт ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч*******эд холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй.

 

 Шүүгдэгч******* нь энэ хэргийн улмаас 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 хоног цагдан хоригдсон нь Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 01/408 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул түүний цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                          

1. Шүүгдэгч *******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийг  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч*******эд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч*******ийн цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч*******эд шүүхийн шатанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд эдлэх ялыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ээс 18,986,400 төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багт оршин суух РД: ЛК59050210 Баалай овогт Дамдингийн *******д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.******* нь уг хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч*******эд холбогдох хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг  тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Н.БАЯРБААТАР