Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 08

 

 

П.Ц-гийн нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 136/ШШ2018/00064 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч:  П--ийн Ц -гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Д -д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: * банкны Дорноговь салбар,

Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч П.Ц, түүний өмгөөлөгч Ж.Ж нарын  давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У , гуравдагч этгээдийн төлөөлөгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний танил Г нь 2015 оны 04 сард “зээл авах гэсэн чинь барьцаа хөрөнгө хэрэгтэй байна” гээд миний байрны гэрчилгээг авч яваад төд удалгүй эргэж ирээд “уг зээлээ бүтсэнгүй, Дтай хамт зээл авах гэсэн юм, гэрчилгээгээ өгчих” гээд дахин гуйхаар нь миний хувьд Г хамт Дгийн дэлгүүрээр орж гарч яваад танилцсан нөгөө талаас тэрээр тодорхой худалдаа үйлчилгээ, хувийн бизнес хийдэг учраас түүнд нь итгэж “эгчийгээ байргүй болгочих вий” гэхэд “тийм асуудал байхгүй, би байртай, дэлгүүртэй бараагаа татах гэсэн чинь мөнгө дутаад байна, 7 сая төгрөгний барьцаанд байрны гэрчилгээг чинь тавиад 6 сар хэрэглээд өгье” гээд аргагүй байдлаа тоочоод маш итгэл үнэмшилтэй хандаад байхаар нь зөвшөөрч гэрчилгээгээ өгөөд явуулсан юм. Гэтэл Д нь удалгүй намайг нилээн согтуу үйлдлийнхээ учир холбогдлыг төдийлөн сайн ойлгож мэдэх чадваргүй байх үед зориудаар /Г энэ авгайг согтууд нь ашиглана хэмээн ярьсан байсныг би сүүлд нь Г мэдсэн/ эргэж ирээд уг гэрчилгээг таны нэр дээр байж болохгүй нь гэсэн утга учиртай юм яриад /энэ тухай яриаг би тухайн үед сайтар ойлгоогүй сүүлд бүдэг бадаг санаанд орох төдий байдаг/ хуурамчаар буюу дүр эсгэсэн худалдах, худалдан авах гэрээг хийж улмаар миний эзэмшлийн Сайншанд сум * өрөө байрны *дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан болно. Энэ хугацаанд Д нь тус аймгийн *банкнаас зохих ёсны зээлээ авч өөрийн эрх ашгаа хангасан ба харин надтай тохирсон ёсоороо уг цаг хугацаандаа байрны гэрчилгээг минь буцааж өгөөгүйгээр барахгүй авсан зээлээ ч цаг хугацаанд нь төлж чадахгүйгээр миний байрыг хураалгах хэмжээнд хүргэж өндөр настан намайг хохирооход хүрээд байна. Д нь миний байрыг барьцаанд тавиад надаас гуйсан хэмжээгээр банкны зээл аваагүй, бүр 20 сая төгрөгний зээл авч зээлийн гэрээний хугацаагаа дур мэдэн сунгасан сурагтай байна. Ийнхүү ядарсан настай намайг миний танил болох Г нүүрээр хаацайлан согтуу байдлыг минь далимдуулан намайг илтэд хуурч гэрчилгээг минь солиулан гудамжинд гаргахад хүрч байгаа тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож намайг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ажнай худалдааны төвд ... булаг ХХК-ийн 8 нэрийн дэлгүүрийг ажиллуулдаг байсан. Энэ хугацаанд миний худалдагч байсан Г дэлгүүр дээр ирээд би Ц эгчээс 15 хувийн хүүтэйгээр мөнгө зээлсэн. Энэ мөнгийг өгөх гэсэн чинь чаддаггүй, 2-3 сараар хүүг нь хэтрүүлчихсэн. Тэгээд зээл авах гэсэн чинь барьцаа хөрөнгө байхгүй болохоор зээл авч чаддаггүй гээд ирсэн. Тэгээд Ц эгчтэй намайг уулзуулаад орхисон. Ц эгч Г хүүтэй мөнгөө авахын тулд байрныхаа ордерийг надад авчирч өгсөн. Би зээл хөөцөлдөөд анх бүтээгүй, тэгээд Ц эгчийг дэлгүүр дээрээ дуудаад ордерийг өгсөн чинь наана чинь байж байг гээд аваагүй. Би урьд нь байраа тавиад зээл авсан байсан. Дараа нь тэр жижиг зээлээ хаагаад уг зээлийг хөөцөлдөөд авахаар болохоор нь Ц эгчтэй ярилцаад байрныхаа ордерийг албан ёсны нотариатаар орж уг ордероо миний нэр дээр болгосон. Уг нотариатын гэрээг эрүүл саруулаар хийчихээд эцэст нь өөрийгөө согтуу архи уудаг байдлыг хүн рүү чихэж болохгүй. Г уг зээлийг аваад 1 сая төгрөгийг өгсөн. Банкны хүүтэйгээр Г төлүүлнэ. Гол нь уг зээлийг төлөх гэхээр дэлгүүрийн орлого эдийн засаг хямарсанаас болоод ийм асуудалд орчихлоо. Уг нь би Ц эгчийг 3-н өрөө байртай нь үлдээмээр л байна. Гэвч *банк зөвшөөрөх үгүйг мэдэхгүй байна. Надад даанч өөр байрны ордер болон оронд нь тавих барьцаа хөрөнгө олдохгүй бас өөрт алга байна. Одоо өөрөө орох орон, өнчин гурван хүүхэдтэйгээ амьдарч байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *банкны Дорноговь салбар шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банк нь Дтай байгуулсан 2015.08.19-ний өдрийн 1020021032 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон мөн өдөр 02-324 дугаар баталгаат ипотекийн гэрээгээр Дорноговь аймгийн Сайншанд сум, * тоот, үл хөдлөх эд хөрөнгийн *дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэгдсэн, 37 м.кв орон сууцыг барьцаалж, баталгаат ипотекийн гэрээг зохих ёсоор улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улсын бүртгэлийн хэлтсийн 2015.08.17-ны өдрийн 5702 дугаар эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэгт үндэслэн Б.Дтай баталгаат ипотекийн гэрээг байгуулсан.

Зээлдэгч Б.Д нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас банк гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд хандаж, анхан шатны шүүхийн 2017 оны 136/ШШ2017/00356 дугаар хүчин төгөлдөр захирамжийн дагуу барьцааны дээрх хөрөнгөөс төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, өнөөдрийн байдлаар дуусгавар болоогүй байна. Банк уг үл хөдлөх хөрөнгийн хувьд өмчлөх эрх нь дээрх байдлаар нэг этгээдээс нөгөөд шилжсэн, хожим нь ийнхүү үүснэ гэдгийг мэдээгүй, мөн мэдэх урьдчилан тааварлах боломжгүй байсан бөгөөд дээр дурдсанчлан үл хөдлөх эд хөрөнгийн хувьд улсын бүртгэлийг үнэн зөвд тооцон өмчлөгчтэй гэрээ байгуулсан билээ. Иймээс Иргэний хуулийн 154 дүгээр зүйл, 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр ипотекийн эрх тус банкинд үүссэн, түүгээр хангадах гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй буюу дуусгавар болоогүй байгаа зэргийг харгалзан үзэж, барьцаалагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Ц болон хариуцагч Б.Д нарын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Б.Дгаас 25000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Дорноговь аймаг * тоот 37 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 283000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Цд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж, ... шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж нар давж заалдсан гомдолдоо болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц нь тус шүүхэд хандаж 2 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, учир дутагдалтай, хэт нэг талыг баримталсан өрөөсгөл дүгнэлт хийсэн хэмээн үзэж байна. Хэдийгээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэсэн боловч нэхэмжлэгч П.Цгийн үл хөдлөх хөрөнгө болох *тоотод байрлах 3 өрөө орон сууц нь *банкны барьцаанд тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэлд уг маргааны улмаас дуудлага худалдаа хийх боломжгүйгээр байж байгаа болно. Өөрөөр хэлбэл уг орон сууцыг худалдах, худалдан  авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон учраас энэхүү барьцааны үл хөдлөх хөрөнгө ямар нэгэн байдлаар үрэгдэж үгүй болоогүй, шүүхийн дүгнэснээр буцаан өгөх боломжгүй биш учраас энэхүү бодит үндэслэлд зөв зүйтэй дүгнэлтийг хийж уг орон сууцыг нэхэмжлэгч П.Цд олгох бүрэн үндэслэлтэй болохыг анхааран үзнэ үү.

Хариуцагч Д нь анх Цтай дүр эсгэсэн хэлцлийг хийхдээ түүнд *банкнаас 6 сарын хугацаатай 7 сая төгрөгний зээлийн барьцаанд тавих асуудлыг хөндөж түүнийг төөрөгдөлд оруулчихаад эцэст нь ар хударгаар нь 20 сая төгрөгний зээлийн барьцаанд уг үл хөдлөх хөрөнгийг 40 сая төгрөгөөр үнэлэн тавьж хувь хүний эрхийн асуудлыг ноцтойгоор зөрчсөн болохыг анхан шатны шүүхээс үнэн байдалд нийцүүлж дүгнэж чадаагүйгээр барахгүй, мөн худалдах, худалдан авах гэрээн дээр тавигдсан үнийн дүн болох 25 сая төгрөг гэдэг нь ч нэгэнт Цгийн хувьд орон сууцаа худалдах ямар ч хүсэл эрмэлзэлгүй байсан учраас үнэлгээний талаар огт ярилцаагүй гагцхүү хариуцагч Д нь гэрээнд заавал үнийн дүн бичигдэх шаардлагатай гэсэн асуудлыг хөндөж өөрөө уг үнийн дүнг зохиомлоор бичсэнийг шүүхээс орон сууцны бодит үнэлгээнд тооцож ийм тоо хэмжээгээр нөхцөл байдлыг үнэлээд байгаа нь ойлгомжгүй юм. Өөрөөр хэлбэл энэхүү орон сууц нь хууль ёсны эзэмшигчийн санаачилгаар үнэлэгдэх боломжгүй ба хэрвээ шүүх Иргэний хуулийн 56.5 дэхь хэсгийг үндэслэн энэ нөхцөл байдлыг хөндөж байгаа бол үнэлгээ бодитой байх ёстой бөгөөд ядаж Дгийн зээлийн барьцаанд тавьсан банк хоорондын харилцан үнэлгээ, зах зээлийн өнөөгийн цаг үед 3 өрөө байрны үнийн дундаж ханш зэргийг харьцуулан бодолцох байсан болох зүй ёсны шаардлагад энэ бүхэн нийцээгүй байна. Нэхэмжлэгч Ц нь өрх толгойлсон эмэгтэй бөгөөд уг орон сууцыг нөхрийнхөө хамт насаараа хөдөлмөрлөж олж авсан, 20 гаруй жил амьдарч байгаа гал голомт нь ба энэхүү байрандаа нөхрөө бурхан болсон үеэс хүүхдүүдийнхээ хамт ам бүл 7-уулаа амьдарч байгаагийн гадна эднийд түүний тэтгэврээс өөр ямар нэгэн орлогогүй, нэн ядуу амьдралтай гэр бүл учраас шүүхээс шийдвэрлэсэн тэрхүү хуулийн заалтаар дахин байр олж авч амьдрах ямар ч баталгаагүй болж Монгол улсад дахин орон гэргүй гудамжинд гарах хэмжээнд хүрч буй 7 ам бүл нэмэгдэж буйг үгүйсгэх аргагүй байна. Ер нь энэ байдлаас үзэхэд иргэн хүнийхээ эрхийг дээдэлж ямар нэгэн байдлаар үрэгдэж үгүй болоогүй түүний орон сууцыг буцаан олгож харин төр байгууллагын эрх ашгийг өөр хувилбараар зохицуулах нь илүүтэй хэмээн үзэж байна. Шүүхээс *банк нь энэхүү маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Д нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олж авсан болохыг мэдэж байсан нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй ба өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Цгийн удаа дараа гаргаж буй тайлбар болох миний хувьд Хас банкны эдийн засагч Б байнга очиж уулзаж байсаар байхад уг банкны зээлийн хугацааг дур мэдэн сунгаж улмаар танай байр дуудлага худалдаанд орох нь гэж байн байн сануулаад байсан гэдгийг харьцуулж анхаарах ёстой байсан болно. Иймд Цг 1 дүгээр 80 айлын 3-48 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг байрыг буцаан олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч П.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ байранд 1997 оноос хойш амьдарч байгаа. Сайхан сэтгэлээр хүнд хандсаны төлөө орон байргүй болоод гудамжинд гарах болчихоод байна. *банкны ажилтан Будсүрэн ноднин өвөл дэлгүүр дээр таараад миний байр гэдгийг мэдсэн. Таны байр байна лээ шүү дээ, та зээлийн төлөлтөнд нь анхаарахгүй яасан юм бэ гэж хэлж байсан. 1 сарын 100000 төгрөг өгнө гэсэн. 6 сар болно гэж байсан. Би 250000 төгрөгийн тэтгэвэр авдаг. 100000 төгрөг ч гэсэн нэмэр болох юм болов уу гээд зургаахан сар гэж бодоод итгэсэн чинь ийм асуудалд орчихлоо. Будсүрэн анхан шатны шүүх хуралдаан дээр мэдээгүй гэж ярьж байгаа. Миний байр гэдгийг мэдсээр байж яагаад Дгаар зээлийг нь төлүүлдэггүй юм бэ. Тэр хүний зээлийг төлүүлэхгүй мөртлөө хөгшин настай хүнийг хэдэн хүүхэдтэй нь хаана оч гэж хэлээд байгаа юм бэ. Би үүнд нь их гомдолтой байна. Миний албан ёсоор эзэмшиж байгаа байр шүү дээ. Гэрчилгээний хуулбар нь надад байгаа. Би нотариатын хүнээс байрны гэрчилгээгээ энэ хүний нэр дээр болгоод дахиад өөрийнхөө нэр дээр гэрчилгээгээ шилжүүлж болох уу гэхэд болно гэж хэлсэн. Эргээд миний нэр дээр байрны гэрчилгээ гарна гэж бодож байсан. Би хүүхдүүдтэйгээ хаана очих юм бэ. Д гэдэг хүн олдохгүй байсан, би хаана хандахаа мэдэхгүй, 3 удаа эрэн сурвалжлуулсан. Утас нь холбогдохгүй, эсхүл утсаа авлаа гэхэд надтай ярихгүй байсан. Би дандаа тэтгэврийн зээл хийж байсан. Надад маш их хүндрэлтэй байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *банкны Дорноговь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банкны зүгээс анхан шатанд гаргасан тайлбараа дэмжиж байгаа. Тухайн зээлийн гэрээ байгуулагдах үед буюу 2015 оны 08 сард  барьцааны байр нь Цгийн байр юм байна гэдгийг мэдээгүй байсан. энэ талаар 2016 оны 12 сард мэдсэн. 2016 оны 02 сард зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээг сунгасан байгаа. Ц эгчтэй дэлгүүр дээр таарсан гэж ярьж байгаа нь 2016.12 сард 75 худалдааны төвд юм. Би зээлээ төл гэж хэлэх гээд очсон, Ц нь Дг хайгаад явж байсан. Зээлийн хугацаа хэтэрсэнээс хойш удаа дараа уулзаж зээлээ төлөхийг шаардаж, 2016 оны 12 сараас эхлэн зээл төлөгдсөн байгаа. Анхан шатны шүүхэд хандаад эвлэрэх захирамж гарсанаас хойш Д нь зээлээ төлөөгүй. Ц нь Дд байрны гэрчилгээг өгөөгүй байсан бол банк Дд зээл өгөхгүй байсан. Үндсэн зээл 14496943 төгрөг, хүү нь 3275889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 104800 төгрөг, нийт 17877643 төгрөг  байгаа. Тухайн үед Дтай хамтран амьдарч байсан Батбаяр гэж хүн байсан. Анхан шатны шүүхээс захирамж гарах үед Д нь би энэ зээлийг өөрөө хариуцна, Батбаяр гадаад явсан гэж хэлсэн учраас манай талаас Батбаяраас татгалзаад дан ганц Дгаар захирамжийг гаргуулсан байгаа. Ц нь хэдэн төгрөгний төлөө байраа тавьчихсан мөртлөө яагаад банкийг буруутгаад байгаа юм бэ. Таны хариуцлагагүй байдлаас болж ийм асуудал үүсч байгаа шүү дээ. Энэ хүн байраа шилжүүлээгүй байсан бол та ч хохирохгүй, банк ч алдагдалд орохгүй байсан гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч П.Ц нь хариуцагч Б.Дд холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Дорноговь аймгийн * тоот байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Д нь уг үл хөдлөх эд хөрөнгийг банкны барьцаанд байгаа учир буцааж өгөх боломжгүй гэж маргажээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *банкны Дорноговь салбар нь дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, хүчин төгөлдөр ипотекийн эрх үүссэн гэжээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож буюу нэхэмжлэгч П.Ц болон хариуцагч Б.Д нарын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Б.Дгаас 25000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Дорноговь аймаг Сайншанд сумын 1 дүгээр багийн 1 дүгээр 8 айлын 48 тоот 37 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч П.Ц болон түүний өмгөөлөгч Ж.Ж нар эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргасан байна.

            Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд:

  1. Нэхэмжлэгч П.Ц, хариуцагч Б.Д нар нь П.Цгийн өмчлөлийн Дорноговь аймгийн  *тоот 37 м.кв талбай бүхий орон сууцыг  хариуцагч Б.Д нь зээлийн барьцаанд тавих зорилгоор өмчлөх эрхийг шилжүүлж авахаар харилцан тохиролцсон,
  2. Нэхэмжлэгч П.Ц нь өөрийн өмчлөлийн орон сууцыг ийнхүү барьцаанд тавихыг зөвшөөрч, уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар гэрээг 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр бичгээр байгуулсан,
  3. Хариуцагч Б.Дгийн нэр дээр улсын бүртгэл хийгдэж, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Б.Дд олгогдсон,
  4. Улмаар хариуцагч Б.Д нь уг үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр *банкны зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан,
  5. тэрээр дараа нь уг орон сууцыг буцааж өгөхөөр тохиролцсон боловч уг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс дээрх үл хөдлөх эд хөрөнгөнөөс гэрээний үүргийг хангуулах нөхцөл үүссэн тухай үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

            Эндээс дүгнэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцны хувьд өмчлөх эрхийг шилжүүлэхдээ тэдний хүсэл зоригийн илэрхийлэл нь худалдах, худалдан авах зорилгыг агуулаагүй, харин барьцаанд тавих зорилгоор өмчлөх эрхийг Б.Дд шилжүүлсэн ба эд хөрөнгийг бодитоор өмчлөлд нь шилжүүлээгүй, тийм хүсэл зоригийг талууд хүсээгүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Улмаар гуравдагч этгээд *банкны Дорноговь салбар  болон хариуцагч Б.Д нарын хооронд байгуулагдсан 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн баталгаат ипотекийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг улсын бүртгэлийн гэрчилгээнд Б.Д гэж бүртгэснээс Хас банк түүнийг өмчлөгч гэж үзэх эрхтэй буюу  Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн зээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох юм.

            Гэвч хариуцагч болон гуравдагч этгээд нь  уг маргаан бүхий орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, энэхүү барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр тул орон сууцыг буцаан өгөх боломжгүй гэж маргаж, анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл, түүний үр дагаврыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

       Учир нь хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагавар нь хэлцэл хийхээс өмнөх байдалд нэхэмжлэгчийн эрх сэргээгдэх учиртай бөгөөд анхан шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй учир эд хөрөнгийг буцаан өгөх боломжгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн талуудын тохиролцоогүй үнэ болох 25000000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан “... хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх ...” гэсэнтэй нийцээгүй байна.

Энэ нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д “Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаас үзэхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь гуравдагч этгээд Хас банкинд зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан нь түүний өмчлөгчийг өөрчлөхгүй байх үндэслэл болохгүй гэж ойлгогдоно.

Гагцхүү Иргэний хуулийн  172 дугаар зүйлийн 172.1, 172.4-т зааснаар ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасан салгаж үл болох эрх тул өөр этгээдэд нэгэн зэрэг хамтдаа шилжиж болох ба ингэхдээ өмнөх үүрэг гүйцэтгүүлэгчид байсан хэмжээгээр шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжинэ.

Тодруулбал дээрх хуульд заасан агуулгаас үзэхэд өмчлөгч ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд барьцааны зүйл нь барьцааны шаардлагын хамт нэгэн зэрэг шилжинэ гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн ч тухайн эд хөрөнгөнд ногдуулсан үүрэг хэвээр үлдэх тул нэхэмжлэгч П.Ц нь барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийн өмчлөгч буюу түүний орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлтэй болно.

Харин нэхэмжлэгчийн “орон сууцыг барьцаанд тавихыг зөвшөөрч өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч энэ нь 6 сарын хугацаатай 7000000 төгрөгийн зээлийн барьцаа гэж ойлгосноос их хэмжээний буюу 20000000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан гэж ойлгоогүй, ийнхүү тохиролцоогүй гэсэн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байх бөгөөд энэ нь барьцаагаар үүргийг хангуулахгүй байх үндэслэл болохгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч П.Ц болон түүний өмгөөлөгч Ж.Ж нарын гаргасан “... орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” тухай агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 136/ШШ2018/00064 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “... хариуцагч Б.Дгаас 25000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр баг 1 дүгээр 8 айлын 48 тоот 37 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...нэхэмжлэгч П.Цг Улсын бүртгэлийн Ү-0713001341 дугаарт бүртгэгдсэн, Дорноговь аймгийн * тоотод байршилтай, орон сууцны зориулалттай, 37 мкв талбайтай, 3 өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Ц нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ

                                                                                  Х.БАЙГАЛМАА