Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01576

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 182 дугаар шийдвэртэй,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр магадлалтай,

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Я.О-д холбогдох,

 

40,121,126.19 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, Б.Э, хариуцагч Я.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Я.О- нь нэхэмжлэгч Хтай 2008.02.01-ний өдөр 1070002833 дугаартай зээлийн гэрээ байгуулан 17,053.00 ам.долларыг жилийн 15.7 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар худалдан авсан. Нэхэмжлэгч нь 2008.02.01-ний өдөр хариуцагч Я.О-ын Х дахь ...тоот дансанд 17,053.00 долларыг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Хариуцагч Я.О- нь 1070002833 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003009051 дугаартай, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000053823 дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол 39 дүгээр байрны 33 тоот, 27.0 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Хариуцагч нь 2008.02.25-ны өдрөөс 2014.11.28-ны өдрийг хүртэл хугацаанд зээл, хүүгийн төлбөрт нийт 15,877.60 ам.долларыг төлсөн боловч 2014.12.24-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байна. Тодруулбал нэхэмжлэгч нь хариуцагчийн хугацаа хэтрүүлж эхэлснээс хойш утсаар холбогдох, биечлэн уулзаж шаардах, мэдэгдэх хуудас гардуулах боломжгүй байсан тул хариуцагч Я.О-ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.08-ны өдрийн 4257 дугаар захирамж, 2019.10.03-ны өдрийн 922 дугаартай шийдвэрийн дагуу хариуцагч Я.О-ын оршин суугаа газрыг тогтоосон талаар 2019.10.25-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас мэдэгдсэн... Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээл 14,853.24 ам.доллар буюу 40,121,126.29 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагч сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгөөр хангуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч нь Хнаас 2008.02.01-ний өдөр зээл авсантай маргахгүй. Харин зээлийн гэрээг доллароор авахаар байгуулсан боловч харилцагчийн дансанд шилжүүлэхдээ 19,940,072.90 төгрөгөөр шилжүүлсэн. Иймд зээлийн үлдэгдэл төлбөрийг доллараар болон нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар төгрөгт шилжүүлэн нэхэмжлэх нь үндэслэлгүй. Монгол банкны 2008.02.01-ний өдрийн ханшаар 1 долларын зарах үнэ 1,171 төгрөг байсан. Монгол банкны шинжээчийн дүгнэлтээр хариуцагч нь зээл үндсэн төлбөр, зээлийн хүүг төлөх нь үндэслэлгүй гэсэн. Я.О- нь анх төгрөгөөр зээл авсан бөгөөд мөнгөний ханш өссөнтэй холбогдуулан хохирч байгаа зээлийн гэрээг төгрөгт шилжүүлэхээр банкинд хүсэлт тавьсан ч банкнаас хариу өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 182 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Я.О-аас 39,130,860.78 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, 990,265.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2003009051 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 39 дүгээр байр 33 тоот 27 мкв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 358,555.63 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.О-аас 353,604.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Я.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,605 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.07-ны өдрийн 182 тоот шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.23-ны өдрийн 31 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Иргэн Я.О- нь “Хас” банктай 2008.02.01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 17,053.00 долларыг жилийн 15.7%-ийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан боловч дансанд 19.940,073.00 /Арван есөн сая есөн зуун дөчин мянга далан гурван/ төгрөг шилжүүлсэн юм. Зээл авснаас хойш зээлийг хүүгийн хамт 4 жилийн хугацаанд сар бүр хугацаанд нь доллароор төлөлт хийж байсан энэ хугацаанд 15,877.60 ам. доллар /Арван таван мянга найман зуун далан долоон доллар жаран цент/ төлсөн ба энэ явцад долларын ханш байнга өсөж, төлөлт хийхэд хүндрэл учирч байсан тул Хинд 2 удаа хүсэлт гарган, долларыг Монгол төгрөгөнд шилжүүлж, гэрээнд өөрчлөлт оруулан Монгол төгрөгөөр төлөлт хийлгэх талаар хүсэлт гаргасан боловч энэ асуудлыг шийдвэрлэж өгөөгүй. Банк зөвхөн өөрсдийн эрх ашгийг урьтал болгон банкинд ашигтай байдлаар гэрээ байгуулагдсан гэж үзэх бүрэн үндэстэй. Энэ нь гэрээнд оролцогч талууд тэгш эрхийн зарчим дээр тулгуурлан, хоёр тал тэгш эрх эдлэх суурь зарчмыг зөрчсөн хэрэг болсон. Мөн энэ талаарх баримтыг гаргуулахаар анхан шатны шүүхэд мөн л хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангалгүй хэргийг анхан болон давж шатны шүүх шийдвэрлэж, хариуцагчийг илтэд хохироосон шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иргэн Я.О- шүүхийн шатанд Монгол банкинд хүсэлт гарган, шинжээч томилуупан, дүгнэлт гаргуулсан ба Монгол банкны дүгнэлтэд: Я.О--ын харилцах дансанд 19,940,073.00 төгрөг шилжүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болж, зээл, хүүгийн төлөлтийг гадаад валютаар буцаан төлөх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч зээлийг буцаан төлөхдөө мөнгө буюу шилжүүлж авсан хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний хөрөнгийг буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж заасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх Монгол банкны дүгнэлтийг үндэслээгүй, нотлох баримтын хэмжээнд үнэлэлгүй, хэтэрхий нэг талыг барьж, Я.О-ыг илтэд хохироосон шийдвэр гаргасан гэж үзэж байна. Х нь эхнээсээ хууль зөрчин гадаад валютаар зээлийн гэрээ байгуулсан атлаа Монгол төгрөгөөр зээлийг олгож, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гадаад валютаар буцаан төлүүлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд долларын ханшийн өсөлтөөс болж иргэн Я.О- нь маш их хохирсон гэж үзэж байна. Дээрх байдлууд нь “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчсөн шийдвэр болжээ. Иймд Хны гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч “Х“ ХХК нь хариуцагч Я.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,853.24 ам.доллар буюу 40,121,126.29 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардсан байх ба хариуцагч “...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, зээлсэн ам.долларыг монгол төгрөгөөр бодож олгосон, гэрээний үүрэгт 15,877.60 ам.доллар төлж үүрэг дуусгавар болсон” гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 39,130,860.78 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлээс үлдэх 990,265.51 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцжээ. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Я.О- нь “Х” ХХК-тай 2008.02.01-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 17,053 ам.долларыг жилийн 15,7 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар, төлбөрийг сар бүр тэнцүү хэмжээгээр буцаан төлөх нөхцөлтэйгээр зээлсэн байх ба үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Дархан сум, 14 дүгээр баг, 39 дүгээр байр, 33 тоотын 27 м.кв орон сууцыг барьцаалжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч нь гэрээний дагуу зээлсэн 17,053 ам.долларыг тухайн өдрийн монгол төгрөгийн ханшаар бодож, 19,940,072.90 төгрөгийг зээлдэгч Я.О-ын харилцах дансанд шилжүүлсэн байх бөгөөд зээлдэгч нь зээлийг ашиглах хугацаанд /2008.02.25-ны өдрөөс 2014.12.25-ны өдрийг хүртэл/ зээл, хүүгийн төлбөрт нийтдээ 15,877.60 ам.доллар буюу 21,318,586.20 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2023.02.01-ний өдөр дуусах байсан боловч зээлдэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2014.12.25-наас хойш зээл төлөөгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гарган үндсэн зээлийн төлбөрт 14,853.24 ам.доллар буюу 40,121,126.29 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийг буцаан төлөхдөө мөнгө буюу шилжүүлэн авсан хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй, талууд гэрээ байгуулах үед гэрээний зүйлийг 17,053 ам.доллар гэж тодорхойлсон боловч зээлдэгчид монгол төгрөгөөр зээлийг олгосон тул гэрээний үүргийг төгрөгөөр гүйцэтгэх нь хуульд нийцэх талаар зөв дүгнэсэн боловч төлбөрийг тооцож гаргуулахдаа шинжээчийн дүгнэлтэд үндэслэсэн нь буруу байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 14,853.24 ам.доллар буюу 40,121,126.29 төгрөгийг гаргуулахаар шаардсан, иймд төлбөрийг гаргуулахдаа ам.долларыг тухайн зээл олгох өдрийн ханшаар буюу 1,171.76 төгрөгөөр тооцож, 17,404,432.50 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 22,716,693.79 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг зөрчөөгүй. Учир нь, банк гэрээнд заасан ам.долларыг бус 19,940,072.90 төгрөгийг хариуцагчийн харилцах дансанд шилжүүлсэн тул зээлийн үлдэгдлийг монгол төгрөгөөр тооцох нь гэрээнд нийцнэ гэж үзэв. Харин хариуцагчийн гэрээний хугацаанд хүлээн зөвшөөрч төлсөн төлөлтийг хөндөх шаардлагагүй юм. 

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан, хоёр шатны шүүх барьцааны зүйл болох Л.О-ын өмчлөлийн Дархан сум, 14 дүгээр баг, 39 дүгээр байр, 33 тоотын 27 м.кв орон сууцыг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 182 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “39,130,860.78” гэснийг “17,404,432.50” гэж, “990,265.51” гэснийг “22,716,693.79” гэж, 3 дахь заалтын  “353,604.3” гэснийг “244,972.16” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.24-ний өдөр төлсөн 353,605 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                           ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД