| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
| Хэргийн индекс | 118/2020/0002/З |
| Дугаар | 118/ШШ2020/0003 |
| Огноо | 2020-03-02 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 118/ШШ2020/0003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Ойн Их Хишиг ХХК-ийн гомдолтой, тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчид холбогдох, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0031771 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд гомдол гаргагч Ойн Их Хишиг ХХК-ийн захирал Г.Долгорсүрэн, хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Гомбодорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ойн Их Хишиг ХХК-ийн захирал Г.Долгорсүрэн шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ойн Их Хишиг ХХК-ийн захирал ажилтай бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Гомбодоржийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0031771 дугаартай шийтгэлийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Учир нь эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн нь хэргийн газрын үзлэг болон тайлбар, мэдүүлгээр нотлогдсон гэж дүгнэж торгосон нь үндэслэлгүй байна. Тухайн үед би өөрөө байхгүй хот руу ажлаар явсан байсан бөгөөд эзгүй үед хөрөө рамын байранд гал гарсан. Ирээд манаач Г.Болдбаатараас яагаад гал гарсан талаар асуухад тухайн үед надад Яндангаас цонолт өгөөд гал гарсан гэж хэлсэн. Би зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд байцаагч мэдүүлэг авахад гал түймэр юунаас болж гарсан гэж бодож байна гэсэн асуултад би Гал их түлснээс болоод яндангийн залгаанаас цонолт өгч гал гарсан гэж надад манаач хэлсэн гэж уг нь мэдүүлэг өгсөн. Гэтэл Гал их түлснээс болоод яндангийн залгаанаас цонолт өгч гал гарсан гэж мэдүүлсэн мэтээр бичсэн байна. Би тухайн үед өөрөө байхгүй хотод байсан бөгөөд ирээд асуухад Г.Болдбаатар надад тэгж хэлсэн гэдгийг л хэлсэн. Мөн ...хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлдээ Үзлэгээр яндангийн цонолт өгч гал түймэр гарсан гэж үзэж байна гэж тэмдэглэсэн байна. Дараа нь би манаач Г.Болдбаатараас яг юу болсон талаар сайн лавлаж асуухад Тухайн үед би айж сандраад яндангийн залгаанаас цоноод оч үсэрч гал гарсан гэж хэлсэн. Яг үнэндээ би гал түлэхдээ зууханд бензин хийгээд шүдэнз хавиртал гадагшаа гал гарч гал алдсан гэж хэлсэн. Ингээд хөрөө рамныхаа байранд ирж дахин сайн ажиглахад гал доод талаасаа гарч газраас эхлэн хана руу бензин цацагдан үсэрч хананаас дээшээ өгсөж гал гарсан байдалтай байсан. Би ...Өвөрмонгол руу ажлаар яваад 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Тосонцэнгэл суманд ...ирэхэд хана, таазны шатсан банзнуудын ихэнх хэсгийг нь сольсон байдалтай байсан. Энэ талаар холбогдох зургийг өгсөн. Уг зургаас одоо харахад шатсан банзыг сольсон хэдий ч банзны цаад талд байрлах хөөсөнцөрт галтай бензин үсэрч шатсан байдал тод харагдаж байгаа. Хэргийн газарт үзлэг хийхдээ зөвхөн манаач Г.Болдбаатарын мэдүүлгийг үндэслэж гал гарсан шалтгааныг бодит байдалд нийцүүлж шалган тогтоож чадаагүй байна гэж үзэж байна. Гал үнэхээр яндангаас цонолт өгч гарсан бол дээшээ тааз дээвэр гээд шатах байсан. Гэтэл доод талын хананаас өгсөж дээшээ таазны банзанд хүртэл гал гарсан байдал хэргийн газраас бодитой харагдаж байна. Мөн ...тухайн байранд өдөр бүр өглөө 07 цагаас орой 19 цаг хүртэл гал түлдэг. 12 дугаар сарын 23-ны өдөр 07 цаг 41 минутад гал түймрийн ослын дуудлага хүлээн авсан тухай зөрчлийн хэргийн материалд тэмдэглэгдсэн байна. Манаач Г.Болдбаатар нь мэдүүлэгтээ Зуухны хажууд байсан 200 литрийн поошигтой уснаас хийж галыг унтраах гэж нилээн үзээд аргаа бараад онцгой байдал дуудсан тухай мэдүүлсэн байна. Энэ нь гал түймэр өглөө галлагаа эхлэнгүүт /бензинээр гал асаасан цаг хугацаа/ гарч эхлээд өөрөө унтраах арга хэмжээ авч байгаад унтрааж чадахгүйд хүрээд онцгой байдал дуудсан нөхцөл байдал нь гал гарсан цаг хугацааны хувьд тохирч байна. Цонолт өгч гал алдах байдал бол удаан хугацааны галлагааны үед бий болох бөгөөд дөнгөж галлагаа эхлэнгүүт цонолт өгч гал алдсан байх боломжгүй юм. Хэрэв яндангаас цонолт өгч байсан бол урьд нь тогтмол галлагаа хийж байх үед мэдэгдэх байсан. Гэтэл огт тийм зүйл ажиглагдаж байгаагүй. Манай байгууллага галын аюулгүй байдлыг сайн хангаж заавар зөвлөгөөг тогтмол өгч ирсэн, 10 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа дээрх төрлийн зөрчил огт гарч байгаагүй, энэ гал түймэр нь ажилтны буруу үйлдлээс болж гарсан. Үүнийг эрх бүхий албан тушаалтан хэргийн газрын үзлэгт тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт гаргаж хуулийн этгээдийг бус галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй иргэнд хуульд заасны дагуу арга хэмжээ авах байтал үндэслэлгүйгээр компанид шийтгэл оногдуулсан. Манайхыг хохирогчоор тогтоосон, хохирсон дээр минь 1 сая төгрөгөөр торгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй, Н.Гомбодорж надаас мэдүүлэг авах, хэргийн материал танилцуулах үедээ компанид 1 сая төгрөгний торгууль хүлээлгэх талаар надад хэлээгүй, гал гарснаар унтрааж гайгүй өнгөрсөн болохооор би нэг их асуудал болгоогүй байсан, хувь ажилтан гал алдсан болохоор манай компанийг хохирогчоор л тогтоож гэж бодсон, гэтэл гэнэт л буруутан болгож торгох шийтгэлийн хуудас өгсөн. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0031771 дугаартай шийтэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Гомбодорж шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07 цаг 41 минутанд Тосонцэнгэл сумын Улаан толгой багийн Баянбүрдийн 319 тоот хашаанд Ойн Их Хишиг ХХК-ийн хөрөө рамны байрны дээвэрт гал түймэр гарсан тухай дуудлагыг иргэн А.Ганхуяг 88784528 дугаарын утсаар Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн 70468101 дугаар утсанд өгснийг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 2 дугаар салааны захирагч, дэслэгч Ц.Жадамбаар ахлуулсан 5 алба хаагч гал унтраах автомашинтай очиж гал түймэр унтраах тархалт хийж унтраасан. Ойн Их Хишиг ХХК-ийн манаач Г.Болдбаатар, Ч.Дуламсүрэн нарыг гэрчээр байлцуулан гал түймэр гарсан обьектод хэргийн үзлэгийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг 25 минутанд эхлүүлж 08 цаг 48 минутанд дуусгасан. Хэргийн газрын үзлэг хийхэд хөрөө рамны байрны зүүн урд болон баруун талдаа зуухтай галлагаа хийсэн баруун талын зуухны яндан дээшээ гарсан таазны хэсгээр цонолт өгч таазны банз харалж шатсан, зүүн урд талын зууханд палк тулгаж, хураасан үртэс маш их хэмжээгээр овоолсон байдалтай байсан. Дээврийн дулаалгыг үртсээр хийсэн нь яндангаас цонолт өгч үртсэнд цонолт өгч байгаад гал түймэр гарсан байх магадлалтай байсан. Тухайн обьектын манаач болон галлагаа хийж байсан Чадраагийн Дуламсүрэн, Ганзоригийн Болдбаатар нараас мэдүүлэг авахад өмнө цонолт өгч харалсан байсан гал түймэр яндангийн цонолтоос гарсан гэж мэдүүлэг өгсөн, холбогдогчоос авсан мэдүүлгийг танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулж хэргийн материалд хавсаргасан. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 08 минутанд Ойн Их Хишиг ХХК-ийн захирал /ФБ76121005/ Г.Долгорсүрэнгээс хохирогчийн мэдүүлэг авсан. Хохирогч Г.Долгорсүрэн нь гомдолдоо миний өгсөн мэдүүлгийг буруу бичсэн гэсэн зүйл бичсэн байна. Гал их түлснээс болоод яндангийн залгаанаас цонолт өгч гал гарсан гэж мэдүүлэгтээ өгсөн. Өөрийн нь өгсөн мэдүүлгийг 12 цаг 32 минутанд хохирогч Г.Долгорсүрэнд танилцуулахад үнэн гэж бичин хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулснаар мэдүүлгийг дуусгасан. Эрх бүхий албан тушаалтан хохирогч, холбогдогч нарын өгсөн мэдүүлгийг өөрчилж бичих боломжгүй хуудас бүр дээр гарын үсэг зуруулсан. Хохирогч Г.Долгорсүрэн нь гомдолдоо манаач Г.Болдбаатараас сүүлд асууж тодруулахад бензинээр галлагаа хийж байгаад гал алдсан гэж хэлсэн гэсэн байна. Хэргийн газрын үзлэгээр хөрөө рамны байранд бензин тосны сав зэрэг зүйл байгаагүй зуух маш их хэмжээний халалттай цогшилт ихтэй байсан. Хохирогч Г.Долгорсүрэнгийн ярьж байгаагаар гал түймэр зуух галлахад эхэлж гарсан бол тухайн хөрөө рамны байр хялбар авалцан асах модон материалаар баригдаж олон жил болж хуурайшсан, хуурай үртэс ихтэй, цахилгааны утсыг ил газраар явуулсан зууханд палк тулгаж хураасан байсан тул хөрөө рамны байрны дотор талд бүрэн шатлага явагдах байсан. Хохирогч холбогдогч нарын мэдүүлэг хэргийн газрын үзлэг, гал түймэр дээр ажиллаж унтраасан нотломж зэргээс үзэхэд Ойн Их Хишиг ХХК нь ажлын байрны пийшин зуух, яндангийн галын аюулгүй байдлаа хангаагүйгээс яндангаас үртсэн дулаалганд халалт өгч гал түймэр гарсан нь тогтоогдсон. Шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх гэсэн зүйл заалтыг зөрчиж 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хохирогч Г.Долгорсүрэнд хэргийн материал танилцуулах гэж дуудсан боловч очих боломжгүй ажилтай байна гэсэн хариулт өгсөн. Ахлах дэслэгч Н.Гомбодорж би зайлшгүй хүндэтгэх шалтгаантай байгааг нь бодоод хохирогч Г.Долгорсүрэнгийнд очиход гэрээ цэвэрлэж байсан энэ үйлдэл нь хүндэтгэх шалтгаан биш хуулийг зөрчсөн асуудал байсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан ...шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу Ойн Их Хишиг ХХК-ийн захирал Г.Долгорсүрэн нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Гомбодоржийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0031771 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр дээрх гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Гомбодоржийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0031771 дугаар шийтгэлийн хуудсаар[1] тус сумын Улаан толгой багийн Баянбүрдийн 319 тоот хашаанд байрлах хөрөө рамын байранд галын аюулгүй байдлыг хангаагүйгээс гал алдсан зөрчил гаргасан хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэлийг Ойн их хишиг ХХК-д оногдуулсан байна.
Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлээ ...галлагаа хийх үүрэгтэй ажилтны буруутай үйлдлээс болж гал гарсан бөгөөд түүнийг холбогдогчоор, манай компанийг хохирогчоор тус тус тогтоосон мөртлөө компанид торгуулийн арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй... хэмээн тайлбарлан маргажээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно., 3.4 дүгээр зүйлийн 3-д ...нэг торгуулийн нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна. гэж тус тус заажээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.17-д зааснаар Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасан зөрчлийн талаар гал түймрийн улсын хяналтын байцаагч шалгалт явуулж, шийдвэрлэх эрх хэмжээтэй байх ба хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Гомбодорж нь дээрх эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0031771 дугаар шийтгэлийн хуудсыг гаргасан байх боловч Ойн хишиг ХХК-ийн гаргасан гэх зөрчлийг шалгаж тогтоох, шийтгэл ногдуулах түүний ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим, журамд доорх үндэслэлээр нийцээгүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 4.8 зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна, 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж тус тус заасан бөгөөд 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл ногдуулахдаа тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэн эсэхийг шалгах ажиллагааг бүрэн дүүрэн хийж, баримтаар тогтоохоор байна.
Тодруулбал, Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийг хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдох нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, нотлох зарчмыг хэрэгжүүлсний үндсэн дээр хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах ёстой юм.
Гэтэл хариуцагч нь Ойн их хишиг ХХК-ийг галын аюулгүй байдлыг хангаагүй гэх зөрчил үйлдсэн хэмээн үзэж, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 1 000 000 төгрөг /нэг мянган нэгжтэй тэнцэх/-өөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль бус болжээ.
Хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зөрчил шалгах ажиллагааг бүрэн дүүрэн явуулж, зөрчлийг үйлдсэн талаарх холбогдох нотлох баримтыг хангалттай цуглуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийн оролцоог бүрэн хангах шаардлагатай байсан бөгөөд уг ажиллагааг хуульд заасны дагуу хийснээр Ойн хишиг ХХК-ийн зөрчил гаргасан эсэхийг шалгаж, баримтаар тогтоох боломжтой байсан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ хэмээн заасан байхад хариуцагч нь дээрх зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Болдбаатар, Г.Дуламсүрэн нарыг холбогдогчоор[2] тогтоож зөрчил гаргасан гэж үзсэн мөртлөө тэдгээр иргэнд биш уг зөрчлийн хэрэгт хохирогчоор тогтоосон хуулийн этгээд болох Ойн Их Хишиг ХХК-д шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна.
Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.8-д заасан ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, холбогдогчийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тайлбар өгөх, нотлох баримт гаргаж өгөх, хууль зүйн туслалцаа авах талаарх Ойн Их Хишиг ХХК-ийн эрхүүдийг зөрчсөн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл[3], гал гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл[4], фото зураг[5] зэрэг баримтуудаас харахад гал үүссэн зуухны эргэн тойрны хана, шал зэрэгт галын тархалт хэр хэмжээтэй байсан эсэх, эсхүл гал огт хүрээгүй эсэх нь тодорхойгүй, яндангийн хэсэгт цонолт өгсөн гэх нөхцөл байдлыг зургаар тодорхой бэхжүүлээгүй, галын аюулгүй байдлын зааварчилгаа өгөх ажиллагаа хэрхэн явагдсан эсэх зэргийг нарийвчлан тогтоогүй зөвхөн холбогдогч гэх Г.Болдбаатар, Г.Дуламсүрэн нарын мэдүүлгээр хязгаарласан нь зөрчлийн хэргийг бүрэн дүүрэн шалгаж нотлох үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Түүнчлэн Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд Галын аюулгүй байдлыг хангах талаар тавих нийтлэг шаардлага, Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм-ийн хоёр дахь хэсэгт галын аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага зэргийг тусгасан байх ба Ойн хишиг ХХК-ийн хувьд дээрх нийтлэг шаардлагуудын аль заалтыг зөрчсөн болох талаар тодруулж дүгнээгүй байна.
2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн өглөө галлагаа хийсэн гэх гэрч Г.Болдбаатар нь ...ер нь 07 цаг 30 минут гээд модоор галлаж газаар асаадаг. Тэр өглөө би бас л мод хийж газаар асаасан... газ царцаад асахгүй болохоор нь гал руу хийгээд орхисон юм. Тэр үед цогтой байсан учраас нөгөө газ асаад дэлбэрсэн... яндангаас хамаарахгүйгээр газ дэлбэрснээс болж гал гарсан... Гомбодорж байцаагчид би мэдүүлэг өгөхдөө газаар галласнаас дэлбэрсэн гэдгийг хэлсэн... яндангийн цонолтоос болж үртсэнд гал авалцсан гэж ээж тэвдэхдээ хэлсэн байсан...түүнээс би яндангийн цонолтоос боллоо гэж хэлээгүй... гэж шүүхэд мэдүүлсэн[6] байх тул дээрх гал түймэр нь яндангийн хэсэгт цонолт өгсний улмаас гарсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Г.Болдбаатар нь галлагаа хийхдээ ахуйн хэрэглээний газ ашигласан талаараа тухайн үед мэдүүлж байсныг хариуцагч анхаараагүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд маргаан бүхий Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Гомбодоржийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0031771 дугаар шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна, 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, 1.3-д тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх гэж заасантай нийцээгүй байх тул уг маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 5.14 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2.1, 2.8, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Ойн Их Хишиг ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Гомбодоржийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0031771 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ