| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2024/0009/З |
| Дугаар | 221/МА2025/0491 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2025/0491
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Б.Ч
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “А” ХХК
Хариуцагч Б............ захиргаа
Нэхэмжлэлийн шаардлага:
“2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ХАГ/******* болон ХАГ/******* тоот “Хамтран ажиллах гэрээ”-г тус тус цуцлах тухай 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн *** тоот болон 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/**** тоот шийдвэрүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, ХАГ/******* гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, уг гэрээг үргэлжлүүлэн алдагдсан цаг хугацааг нөхөж, ажиллуулахыг даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0343 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч
Хэргийн индекс: 128/2024/0009/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А” ХХК нь Б............ захиргаанд холбогдуулан “2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ХАГ/******* болон ХАГ/******* тоот “Хамтран ажиллах гэрээ”-г тус тус цуцлах тухай 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн *** тоот болон 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/**** тоот шийдвэрүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, ХАГ/******* гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, уг гэрээг үргэлжлүүлэн алдагдсан цаг хугацааг нөхөж, ажиллуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0343 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан “2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ХАГ/******* болон ХАГ/******* тоот “Хамтран ажиллах гэрээ”-г тус тус цуцлах тухай 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн *** тоот болон 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/**** тоот шийдвэрүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, ХАГ/******* гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, уг гэрээг үргэлжлүүлэн алдагдсан цаг хугацааг нөхөж, ажиллуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Б.Ч давж заалдах гомдолдоо:
“...2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/**** тоот мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй.
Энэхүү мэдэгдлийг гаргахдаа хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-т заасан үйл ажиллагааны зарчмыг баримтлаагүй, үндэслэл бүхий байгаагүй. Бид Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т зааснаар оролцогч мөн бөгөөд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах болсон тухайгаа урьдчилан мэдэгдээгүй, бидний оролцоог хангаагүй.
Эрх бүхий байгууллагаас удаа, дараа хяналт шалгалт явагдаж дүгнэлт, зөвлөмж гарсан тухайгаа мэдэгдээгүй, тэдгээр хяналт шалгалтын дүгнэлтэд тайлбар өгөх, няцаалт хийх боломжийг хязгаарлаж хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй.
Захиргааны байгууллагын мэдэгдэх үүрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-р зохицуулагдсан. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй, мөн хуулийн 28 дугаар зүйлд заасан тохиолдол бүрдээгүй учраас биднийг сонсох үүрэгтэй байсан.
Мөн бичгээр гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-т заасан шаардлагыг хангаагүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт огт хийгээгүй, шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт эдгээрийг няцаасан хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй нь шийдвэрт сөргөөр нөлөөлсөн.
Манай компани гэрээ байгуулахдаа анх зохих хууль, дүрэм, журмын дагуу тендерт оролцсон ба хариуцагч талд түүнтэй холбоотой баримтууд байхгүй, үрэгдүүлсэн, алга болгосон нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл биш юм.
Хяналт шалгалт ороход өөрсөд нь байхгүй бол манайд хэлээд илүү хувийг авч болох байсан юм. Хяналт шалгалтын дүгнэлт хэсэгт манай компанийг тодруулан, тодорхой байдлаар буруутгасан агуулга байхгүй.
Хэрэв давуу байдал бий болгосон гэж үзэх тохиолдолд холбогдох газраар шалгуулах бүрэн боломжтой байсан юм. Бид шүүхэд тендерт оролцоход бүрдүүлж байсан баримтуудыг бусад баримтуудын хамт гаргаж өгсөн боловч шүүх тэдгээрийг нотлох баримтаар үнэлээгүй.
Хариуцагчийн санхүүгийн тайланд аудит хийсэн нь тухайн байгууллагын дотоод асуудал байх ба манайд огт хамааралгүй баримт ба Төрийн байгууллагаас ирүүлсэн баримтуудыг зөвхөн шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвхөн дурдаж хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй.
Нэхэмжлэгч бид “Н” ТББ-ын эрх ашиг нь ... хөндөгдөж болзошгүй байна гэж маргасан атал шүүх шийдвэрийнхээ 13 дахь хэсэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах талаар шийдвэр гаргаагүй гэсэн нь алдаа болсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Б.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1 “А” ХХК болон Б............ захиргаа нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын З********** аманд байрлах *********** барилгыг засах ашиглалтад оруулах, цэцэрлэгт хүрээлэнгийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор ХАГ/******* дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г[1],
2.2 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын З************* чиглэлийн явган аялагчдад зориулсан авто зогсоол, ариун цэврийн байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор ХАГ/******* дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г[2] тус тус байгуулсан байна.
3. Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2021-2022 оны эхний хагас жилийн хугацаанд Б............ захиргаанд төлөвлөгөөт дотоод аудит хийгдэж, аудитын дүгнэлтээр[3] “...гүйцэтгэгч сонгон шалгаруулалтын зарыг нийтэд зарласан хугацаа, материал хүлээн авах хугацаа, материал ирүүлэх хаяг, байршил, бүрдүүлэх материал, тавигдах шаардлага, сонгон шалгаруулалт нээх хугацаа, дүгнэх аргачлал, оролцогчдын ирүүлсэн материал зэрэг нь тодорхойгүй, нотлогдох баримт бичиггүй байхад “А” ХХК-ийг шалгаруулсан нь Б............ захиргааны дарга болон гүйцэтгэгч сонгох ажлын хэсэг нь бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” хэмээн дүгнэжээ.
4. Б............ захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр[4] “Үндэсний аудитын газраас 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалтаар төрийн өмчийн эд хөрөнгийг “А” ХХК-д хариуцуулан ажиллуулж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөн үйлдлийг арилгахыг үүрэг болгосон... гэрээний 9.2, 9.4 дэх заалтыг үндэслэн ХАГ/*******, ХАГ/******* дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн цуцалж цаашид холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагааг явуулахаар болсон” талаар,
4.1 Б............ захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/**** дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр[5] “...танай байгууллагатай байгуулсан ХАГ/*******, ХАГ/******* дугаар гэрээг хоёр талын зөвшилцсөнөөр цуцлахаар тохиролцсон бөгөөд эд хөрөнгө, орчны тохижилтод гаргасан зардлыг тус гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5-д заасны дагуу шийдвэрлэхээр танай байгууллагаас гаргаж өгсөн санхүүгийн материалыг хянасан. Тус гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан “Гэрээ цуцлагдсан тохиолдолд Б тал тус гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалт, зардлаа нөхөж олоогүй тохиолдолд Б талын хөрөнгө оруулалтын зардлын үлдэгдлийг А тал нөхөж олгон хохиролгүй болго” заалтын дагуу хөрөнгө оруулалтын зардлыг танай байгууллагын гаргаж өгсөн санхүүгийн баримт материалд тулгуурлан засварын ажилд зарцуулсан, зардал, эд хөрөнгийн элэгдэл хорогдол болон байгаль хамгаалах зардал зэргийг тооцож үзэхэд танай байгууллага тус гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалт, тохижилтод гаргасан зардлаа нөхөж олсон, ашигтай ажилласан нь санхүүгийн баримтаар нотлогдож байх тул хөрөнгө оруулалтын зардлыг өгөх боломжгүй” талаарх мэдэгдлийг тус тус нэхэмжлэгч “А” ХХК-д хүргүүлжээ.
5. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ХАГ/******* болон ХАГ/******* тоот “Хамтран ажиллах гэрээ”-г тус тус цуцлах тухай 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн *** тоот болон 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/**** тоот шийдвэрүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
5.1 Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан нь захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргаж, эрхэд халдсан, энэ нь хэн ч харсан илэрхий тодорхой алдаатай байх тохиолдлыг ойлгох бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчид гэрээ цуцалсан талаар мэдэгдсэн байх тул хуулийн энэ үндэслэлд хамаарна гэж үзэхгүй.
5.2 Аудитын дүгнэлтийн Илэрсэн асуудал 7-д “Төсвийн орлого төвлөрүүлэх боломжийг тасалдуулсан, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй байна”, бодит нөхцөл байдалд: Хяналт шалгалтын хүрээнд Б............ захиргаанаас ирүүлсэн баримт материалд Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, бурхан багшийн сэрэг дүр, музейн барилга, Зайсангийн амны авто зогсоол, ариун цэврийн байгууламжийн үйл ажиллагаа хариуцан ажиллах гүйцэтгэгч сонгон шалгаруулалттай холбоотой баримт бичгүүд байхгүй гэх шалтгаанаар ирээгүй байна. Тус ажлын хэсгийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн СШ-****** дүгээр “Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл”-д “А” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК-иуд материал ирүүлсэн гэж тэмдэглэсэн ч ямар материал ирүүлсэн нь тодорхойгүй, баримт бичиг эх хувиараа байхгүй” гэжээ.
5.3 Сонгон шалгаруулалтаар гурван компани оролцсон гэж байгаа боловч хэрхэн яаж шалгаруулсан талаар баримт байхгүй, нэхэмжлэгч “А” ХХК-ийг сонгон шалгаруулж, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б............... газрын З............ байрлах ...............барилгыг засах ашиглалтад оруулах, цэцэрлэгт хүрээлэнгийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор ХАГ/******* дугаар, Б................... газрын З............... чиглэлийн явган аялагчдад зориулсан авто зогсоол, ариун цэврийн байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор ХАГ/******* дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г тус тус байгуулсан.
5.4 Нэгэнт дотоод аудитын дүгнэлтээр нэхэмжлэгчид давуу эрх олгож сонгон шалгаруулсан нь тогтоогдож байх тул хариуцагч Б............ захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн *** болон 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/**** тоот мэдэгдэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 11-д заасан “тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтийг хангах” гэж заасны дагуу хариуцагч байгууллагын нэхэмжлэгчид хүргүүлсэн дээрх мэдэгдлүүд хуульд нийцсэн байна.
6. ХАГ/******* гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, уг гэрээг үргэлжлүүлэн алдагдсан цаг хугацааг нөхөж, ажиллуулахыг даалгах шаардлагын тухайд:
6.1 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны шүүхэд гаргасан өргөдлийг”, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж тус тус заасан.
6.2 Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэдэг. Даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд захиргааны байгууллага, албан тушаалтнаас татгалзсан хариу өгсөн, эсхүл хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэхүй байхыг шаардах бөгөөд шүүх захиргааны байгууллага, албан тушаалтныг тодорхой шийдвэр гаргахыг даалгах замаар шийдвэрлэдэг.
6.3 Гэтэл нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргаж буй гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, уг гэрээг үргэлжлүүлэн алдагдсан цаг хугацааг нөхөж, ажиллуулахыг даалгах шаардлага нь тодорхой бус ойлгомжгүй, бодит байдалд биелэгдэх боломжгүй шаардлага байх тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
6.4 Түүнчлэн, шүүхээс маргаан бүхий Б............ захиргаанаас хүргүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн *** болон 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/**** тоот мэдэгдлүүдийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн энэ тохиолдолд дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
7. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах болсон тухайгаа урьдчилан мэдэгдээгүй, бидний оролцоог хангаагүй, хяналт шалгалтын дүгнэлтэд тайлбар өгөх, няцаалт хийх боломжийг хязгаарласан” гэжээ.
7.1 Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас хийсэн шалгалтаар Б.................... чиглэлийн явган аялагчдад зориулсан авто зогсоол, ариун цэврийн байгууламж барих ажлын гүйцэтгэгч ажиллагаанд маргаан гарсан буюу Б............ захиргааны дарга бусдад давуу байдал олгосон гэсэн дүгнэлт гаргаж, түүний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ХАГ/******* болон ХАГ/******* тоот “Хамтран ажиллах гэрээ”-г тус тус цуцалсан нь үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
7.2 Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0343 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, 11-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-аас Б............ захиргаанд холбогдуулан гаргасан “2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ХАГ/******* болон ХАГ/******* тоот “Хамтран ажиллах гэрээ”-г тус тус цуцлах тухай 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн *** тоот болон 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/**** тоот шийдвэрүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б............ захиргаанд холбогдох “ХАГ/******* гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, уг гэрээг үргэлжлүүлэн алдагдсан цаг хугацааг нөхөж, ажиллуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, “2” дахь заалтыг “3” дахь заалт болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА