| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00239/И |
| Дугаар | 00369 |
| Огноо | 2019-07-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 00369
| 2019 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2019/00369 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 13-10 тоотод оршин суух, эмэгтэй, Шагз овогт Р-ийн Э / /-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 153/2019/00239/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Р.Э нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Э би 1969 онд Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн. 1985 онд тус сумандаа 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч аав Равжаа, ээж Жавзан нарын хамт 1991 оны 8 дугаар сар хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад бог мал малласан. 1991 оны 08 дугаар сард нөхөр Мөнхдалайтай гэр бүл болж тусдаа гарч нэгдэл тарах хүртэл мал малласан. Намайг аав Равжаа, ээж Жавзан нарын хамт мал маллаж байхад тусад нь хөдөлмөрийн дэвтэр нээж өгөөгүй бөгөөд тухайн үед миний цалин аав Равжаагийн нэр хамт бодогдоод явдаг байсан.
Р.Э би өндөр насны тэтгэврээ тогтоолгох болоход миний нэр дээр баримт олдохгүй аавын нэр дээр 70 дугаар дансны хуулга гарч ирж байгаа тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд Равжаа овогтой Э намайг 1985 оны 06 дугаар сараас 1991 оны 08 дугаар сар хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийи Борт бригадад бог мал маллаж малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Р.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1969 онд Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн. 1977 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 1 дүгээр сургуульд орсон. Тус сургуульдаа 8 дугаар анги төгсөөд, 1985 од 10 дугаар ангид элсэн орж, 1987 онд илгээлтээр гарч, 1987 оноос өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байна. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдсан. Би 5 хүүхэд төрүүлж өсгөсөн учраас одоо тэтгэвэрт гарах гэж шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж байна....Намайг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1985 оны 6 дугаар сараас 1991 оны 8 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Би 1987 онд Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн сургуулийг 10 дугаар анги төгссөн. 10 Б бүлэг төгссөн....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Р.Э нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1985 оны 6 дугаар сараас 1991 оны 8 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Р.Э нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 369 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадын 1988, 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн даргын 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, гэрч Ц.Юмжавын шүүх хуралдаанд өгсөн ....Р.Э нь 1989 оноос Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажилласан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4, 8-9, 45 дугаар тал/
Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн даргын 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ....Би 1987 онд Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн сургуулийг 10 дугаар анги төгссөн.... гэх тайлбар зэргээр нэхэмжлэгч Р.Э нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1985 оны 6 дугаар сараас 1987 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь үгүйсгэгдэж байна.
Мөн Р.Э нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан нь түүний №0733030 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-ийн 12 дугаар тал/ тогтоогдлоо.
Иймд Р.Эгийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1985 оны 6 дугаар сараас 1987 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сар хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хавтаст хэргийн 10, 11 дугаар хуудсанд авагдсан иргэн Х.Уран-Өлзий, Ц.Юмжав нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн даргын 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ....Би 1987 онд Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн сургуулийг 10 дугаар анги төгссөн.... гэх тайлбар зэргээр нэхэмжлэгч нь 8 дугаар анги төгсөөд илгээлтээр малчин болоогүй байх тул хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Батзаяагийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаартай албан бичиг, гэрч Х.Уран-Өлзийгийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шагз овогт Равжаагийн Э / /-ийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1985 оны 6 дугаар сараас 1987 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сар хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ