| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00204/И |
| Дугаар | 386 |
| Огноо | 2019-07-26 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 386
| 2019 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 153/ШШ2019/00386 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 9-10 тоотод оршин суух, эмэгтэй, Боржигон овогт Г-ийн Б / /-ийн нэхэмжлэлтэй,
улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлэн цагаатгагдсан эцэг С.Г-ийн нөхөх олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 153/2019/00204/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Г.Б, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Гомбосүрэнгийн Б нь 1946 оны 01 сарын 14-нд Ховд аймгийн Цэцэг сумын Хөндлөн гэх" газарт Сэрээтэрийн Гомбосүрэнгийн 2 дахь охин болж төрсөн. 73 настай. Нөхөр, охин, зээгийн хамт нь амьдарч байна. Аав ээжээс ах дүү хоёулаа байсан. Том ах Г.Дорж 1960-аад оны үед нас барсан. Ээж В.Нохойхүү 1970-аад оны үед нас барсан. Миний бие багадаа сургуульд сурч байгаагүй, бичиг үсэг мэдэхгүй. Миний аав С.Гомбосүрэн нь 1954 онд улс төрийн хэргээр баривчлагдан, Ховд аймгийн шүүхийн 1954 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 38 дугаар хурлын тогтоолоор Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлээр 6 жил хорих ялаар шийтгүүлэн, гэртэй эргэж ирээгүй, хаана, хэдэн онд нас барсан талаар архивын баримт бичигт олдоогүй. Миний аав С.Гомбосүрэнгийн хэргийг Дээд шүүхийн эрүүгийн коллегийн 1993 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 11 дүгээр магадлалаар цагаатгасан юм. Иймд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нөхөн олговор болох 40000000 /дөчин сая/ төгрөгийг төрсөн охин болох Г.Б надад олгож өгнө үү....Энэ шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 132 дугаартай шийдвэрээр садан төрлийн холбоо тогтоолгосон....гэв.
Прокурор Ш.Сувд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль, Прокурорын тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасны дагуу Г.Бгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Прокурорын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой ажиллагаа хийлгүүлэхээр хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хангаж тодорхой ажиллагаанууд хийсэн байгаа. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 132 дугаартай шийдвэрээр С.Гомбосүрэнгийн охин нь Б мөн болохыг тогтоосон байна. Нэхэмжлэлийг хангаж нөхөн олговор олгох нь зүйтэй байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь цагаатгалын нөхөн олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэлмэгдэгч Сэрээтэрийн Гомбосүрэн нь Д.Чүлтэм нарын улс төрийн хэрэгт холбогдуулан 1954 онд баривчлагдан мөрдөгдөж 6 жилийн хорих ялаар шийтгэгдэн цагаатгагдсан болох нь БНМАУ-ын Дээд шүүхийн 1993 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай магадлалын хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05/6214 дугаартай архивын лавлагаа, 1024 дугаартай цагаатгалын үнэмлэхээр, хэлмэгдэгч С.Гомбосүрэн нь хорих ялаар шийтгэгдээд гэртээ эргэж ирээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна. /хх-ийн 5-7 дугаар тал/
Нэхэмжлэгч Г.Б нь хэлмэгдэгч Сэрээтэрийн Гомбосүрэнгийн төрсөн охин мөн болох нь Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2019/00312 дугаартай шийдвэрээр тогтоогдлоо. /хх-ийн 78-81 дүгээр тал/
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Б нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Зууны мэдээ сонины 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №43, 44 /6010, 6011/ дугаарт нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтанд нэхэмжлэгч Г.Бгийн нэрийг зарлажээ. /хх-ийн 9-11 дүгээр тал/
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар улсын төсвөөс 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан Боржигон овогт Гомбосүрэнгийн Бд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар улсын төсвөөс 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан Боржигон овогт Гомбосүрэнгийн Б /ПЮ46011464/-д олгосгуай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ