| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0048/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/53 |
| Огноо | 2023-05-08 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,
улсын яллагч Х.Гүнжидмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр, Х.Билгүүн,
шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.А-д холбогдох 2316000170037 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, 1*** оны *** дугаар сарын ***-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй гэх, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ******** сумын ******-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ИС********* регистрийн дугаартай, Н овогт О-н А.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.А-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг дараах байдлаар тогтоолоо. Үүнд:
1. Шүүгдэгч О.А нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын ******* багийн нутаг дэвсгэр Н гэх газраас хохирогч С.Б-н өмчлөлийн хээр зүсмийн босоо 8 тоо тамгатай 13 настай морь, сартай хонгор зүсмийн сэрээтэй хундага тамгатай 10 настай морь зэрэг 2 тооны адууг өөрийн эзэмшлийн Мустанг-150 загварын мотоциклыг ашиглан хулгайлж, 2,000,000 (хоёр сая) төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.1 Хохирогч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би Говь-Алтай аймгийн төвөөс гэр лүүгээ буюу Завхан аймгийн ******* сумын Н гэх газар луу явахаар 13 цаг 40 минутын үед хөдөлсөн. Тэгээд Тайшир сумын гүүр өнгөрөөд явж байтал баруун талын замаас 2 тооны адуу ачсан цэнхэр өнгийн портер маркын авто машин холуур зөрсөн. Тэгээд би Тайшир сумын Н гэх газарт очтол манай өөрийн адуу байж байсан... Очоод бүртгэж үзэхэд халтар зүсмийн зөв талын гуя дээрээ босоо 8 тоо тамгатай, хонгор зүсмийн зөв талын гуя дээрээ сэрээтэй хундага тамгатай 2 тооны адуу дутсан. Тэгээд адуугаа цааш нь туугаад явж байтал Портер машины мөр, адууны мөр байхаар нь би машинаа тавьчихаад мөрийг нь хөөгөөд явтал нэг чулуун хашаатай айлын хаваржаан дээр очсон байсан бөгөөд тухайн газар Тайшир сумын нутагт ордог юм. Тухайн газарт байсан хашаан дотор манай адууг хашсан, мөн Портер машины мөр адуу ачсан байдалтай, цаанаас манай адууг мотоциклтой хүн тууж ирсэн байдалтай мөр үлдсэн байсан. Тэгээд би Говь-Алтай аймагт амьдардаг өөрийн баз О-той холбогдоод танай аймаг руу 2 адуу ачсан цэнхэр өнгийн Портер явчихлаа очоод шалгаад өгөөч гэж хэлчихээд Говь-Алтай аймаг руу гараад явж байтал манай нутгийн Г гэх залуу сартай хонгор морь, нэг бараан морь ачсан машин надтай зөрлөө гэсэн... Би шууд Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын гадаа ирээд машин дээр ачсан байсан 2 адууг үзтэл манай 2 адуу мөн байсан юм... Манай адууг Тайшир сумын нутаг Н гэх газарт авч ирэн 2 тооны адууг ачиж авч явсан байна билээ... Халтар морио би тамга зүсээр нь таньж байна миний өөрийн унаган адуу байгаа юм, одоо 12 нас хүрч байгаа. Зөв талын гуя дээрээ босоо 8 тооны тамгатай, манайх босоо 8 тоо тамгаар адуугаа тамгалдаг юм, удмаараа дарж ирсэн. Хонгор морь миний өөрийн унаган адуу хүүхдүүд унадаг номхон адуу байгаа юм. Хонгор морины зөв талын гуя дээр сэрээтэй хундага тамга байгаа, уг тамгыг миний төрсөн ах Б-нх дардаг юм...” гэх мэдүүлэг. / 1-р хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас/
1.2. Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А над руу фейсбүүкийн “О А” гэх хаягаас хээр морио зарах уу гэхээр нь би хээр мориныхоо зургийг явуулаад зарж болно. 2,000,000 төгрөгөөр ав гэсэн. Гэтэл А нь идэшний 2 тарган морь өгье гэхээр нь би морь тарган уу гэж асуусан. Тэгтэл морь тарган гэж хэлсэн. Тэгээд А за тохирлоо шүү би 2 морио ирэх 7 хоногоос ачаад аймаг оруулаад өгье гэж хэлсэн. А 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр цагаан өнгийн Портер машинтай эхнэр хүүхэдтэйгээ манай хашаанд ирээд миний хээр морийг аваад явсан. Тухайн үед би идэшний 2 морио хэзээ өгөх вэ гэтэл 1 дэх өдөр буюу 12 дугаар сарын 05-ны өдөр авч ирж өгье гэж хэлээд явсан. Тэрнээс хойш А нь 2 морио товлосон өдрөө өгөөгүй бөгөөд холбоо барилгүй байж байгаад 2022 оны 12 дугаар сарын 19-ний орой фэйсбүүк мессенжерээрээ та маргааш ирээд 2 морио авчих гэж хэлсэн. Хаана уулзах вэ гэтэл Тайшир сумын У гэх газарт өглөөний 10 цагт уулзахаар тохирсон. Мөн А нь намайг ирэхдээ аймгийн төвийн А ХХК-ны хашаанаас 30 боодол өвс ачаад ир гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн орчимд А-н найз гэх үл таних залуугаас 30 боодол өвсийг А ХХК-ны хашаанаас аваад шууд Тайшир сумын У гэх газарт 11 цаг болох гэж байхад өөрийн адууны туслах А гэх хүүтэй хамт очсон. Намайг очиход А У гэх газраа байгаагүй бөгөөд би 98******** дугаар луу нь залгатал Тайшир сумын Н уулын урд үзүүрт хүрээд ир гэсэн. Тэгээд би хэлсэн газар нь очтол А хятад мотоциклтой ганцаараа намайг хүлээж байсан. Тэгээд араас дагаад яв гэхээр нь би дагаад явтал замаас салаад 400-500 метр яваад айлын чулуун өвөлжөөний хашаан дээр ирсэн. Тэнд 2 чулуун хашаа байсан бөгөөд баруун талын хашаанд 5 тооны адуу хашсан байсан, тэгээд намайг энд хүлээж бай би адуугаа туугаад ирье гэж хэлээд 5 минут орчмын дараа халиун алаг, хүрэн алагтай хээр азаргатай 10 орчим тооны адуу тууж ирж баруун талын хашаанд нэмж хашсан. Тэгээд тэр адуун дотроос надад 8 тоо тамгатай халтар морь, хонгор морь хоёрыг барьж өгөөд за танд өгөх ёстой идэшний адуундаа энэ хоёрыг өгье гэхээр нь би энэ хэний адуу вэ гэж асуутал манай настай нагац ах байдаг юм. Энэ 2 эмнэг учир манай нагац ах энэ хоёрыг унаж эдэлж чаддаггүй юм тэгээд намайг ав гэсэн юм, асуудалгүй адуу шүү ах гэж хэлсэн. А-г тэгж хэлэх үед А хажууд байж байсан. Тэгээд би тус адууг ачаад Говь-Алтай аймгийн төв орж иртэл үл таних эмэгтэй Приус маркын машинтай ирээд та энэ 2 адууг хаанаас ачиж ирсэн бэ? гэж хэлсэн. Тэгэхээр нь би Завхан аймгийн ******* сумаас ачиж ирсэн гэтэл тамга нь ямар байна гэхээр нь би 8 тоо тамгатай гэж хэлтэл манай дүү 8 тоо тамгатай 2 морио Тайшир сумын Н уулнаас алдчихсан гэж байна. Энэ 2 биш байгаадаа гэхээр нь 8 тоо тамгатай юм бол мөн байлгүй би ********** сумын А гэх хүнээс өрөндөө энэ 2 морийг авсан юм, авсан эзэнтэй юм чинь учиртай байлгүй цагдаа дээр очъё гэж хэлтэл тус эмэгтэйгээ хамт явж байсан үл таних залуу цагдаа сэргийлэх гэж яах юм бэ нэг нутгийн хүмүүс байна хоорондоо ярилцаад учрыг нь олъё ямар 2 адуу нь нядлагдсан биш амьд байгаа юм байна болох байх гэхээр нь би энэ малын хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн байна цагдаад заавал мэдэгдэх ёстой гэж хэлээд 7048102 дугаарын утас руу залгаж "А гэх хүн надад хулгайны адуу өгсөн байна" гэж гомдол гаргаад тус 2 адууг ачиж цагдаагийн газарт ирсэн... Намайг цагдаагийн газрын гадаа хүлээж байхад Завхан аймгийн ****** сумын иргэн Б гэх хүн ирж машин дээр ачсан 2 тооны адууг үзээд миний хулгайд алдсан адуу мөн байна, А нь манай адууг хамгийн сайн мэднэ, хэлэхгүй хулгайлсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудас/
1.3. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн **** ГАА улсын дугаартай Бонго Жи-3 загварын автомашинд үзлэг хийж, ачиж явсан босоо 8 тоо тамгатай хээр зүсмийн, сэрээтэй хундага тамгатай сартай хонгор зүсмийн 2 тооны адууг хураан авч, С.Б-д хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд. /1-р хавтаст хэргийн 22-27 дугаар хуудас/
1.4. 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүгдэгч О.А-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Мустанг-150 загварын улсын дугааргүй, улаан хүрэн өнгийн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд./1-р хавтаст хэргийн 41-45 дугаар хуудас/
1.5. Гэрч Д.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр аймгийн зүүн талын цагдаагийн постноос **** ГАА улсын дугаартай портер 2 адуу ачаад постон дээр зогсолгүй шууд яваад өгөхөөр нь би тухайн портерыг дагаад Баяншанд багт очсон... Тэгээд тэр портерын жолооч Д.Э гэх залуутай уулзаад Та хаанаас ирсэн бэ? гэхэд Баянхонгор аймаг орчихоод ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би та энэ хоёр адууг хаанаас ачиж ирсэн бэ? гэхэд тэр залуу Тайшир сумын цаад талаас ачиж ирлээ гэж хэлсэн. Би хоёр тооны адуу алдсан юм. Адууныхаа зүсийг нь сайн мэдэхгүй байна. Тамгыг нь хараадахъя гэж хэлсэн. Би тэгээд тэр хоёр адууны тамгыг харахад зөв гуян дээрээ 8 тоо тамгатай байсан. Манай хүргэн Б-нх 8 тоо тамгатай юм. Би тэгээд тэр Э гэх залууд энэ манай хүргэний хулгайд алдсан адуу мөн байна гэж хэлсэн. Д.Э нь тэгвэл би одоо очиж цагдаад бүртгүүлье гэж хэлсэн. Тэгээд Э нь тухайн үед адуу ачсан гэх хүн рүүгээ залгаад “...чи яагаад хүний адуу ачуулсан юм бэ...” гэхэд нөгөө хүн нь шууд утсыг нь тасалсан юм...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 63 дугаар хуудас/
1.6. Ашид Билгүүн ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 02-н өдрийн ТХҮ-921/4320 дугаартай шинжээчийн “С.Б-н хулгайд алдсан гэх 2 тооны адууг 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 72-74 дүгээр хуудас/
1.7. Хэрэг учрал болсон гэх Говь-Алтай аймгийн Тайшир сумын ***** багийн нутаг дэвсгэр Н гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд. /1-р хавтаст хэргийн 7-13 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч О.А нь 2022 оны 10 дугаар сарын орчим Говь-Алтай аймгийн Тайшир сумын ****** багийн нутаг дэвсгэр Н уулын орчмоос хохирогч Б.А-н өмчлөлийн хээр зүсмийн дөлтэй нар саран тамгатай 7 настай морь, зөв талын гуя дээрээ хундган тамгатай зээрд зүсмийн 12 настай гүү зэрэг 2 тооны адууг **** ГАҮ улсын дугаартай портер загварын автомашин ашиглан хулгайлж Б.А-д 2,200,000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:
2.1. Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 10 дугаар сард болов уу хугацааг нь яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай том хүү Ч танай зээрд гүү алга байна гэж хэлсэн. Тухайн гүүг бага азарганд хураалгасан байсан болохоор алдсан юм болов уу гэж бодсон... Манай зээрд гүү 2011 оны унага одоо 12 настай нас бие гүйцсэн бүдүүн гүү, гэхдээ биеэр жижиг адуу. Миний зээрд гүү зөв талын гуя дээрээ хундган тамгатай байсан. Манай нутагт манайхаас өөр хундган тамга дардаг айл байхгүй мөн хундган тамгатай зээрд гүү манайхаас өөр айлд байхгүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 122 дугаар хуудас/
2.2. Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 10 дугаар сарын эхээр хээр зүсмийн адуу манай адуунаас алга болсон. Би эхэндээ адуунаасаа салсан юм болов уу гэж бодоод хүмүүсээс сурагласан боловч олдоогүй ... Манай хээр морь энэ жил нас нийлж байгаа 7 настай морь, жижгэвтэр биетэй, зөв талын гуя дээрээ ширээгүй дээрээ дөлтэй нар саран тамгатай нар, сар, дөл 3 ойрхон шавж дарагдсан тамгатай адуу байсан. Гэдэсний олом татдаг хэсэгтэй цагаан олоортой адуу байсан. Тухайн дөлтэй нар, саран тамгыг манай хүү Чирчмаагийн тамга байгаа юм ... Би өөрийн хээр морийг 1,500,000 төгрөгөөр үнэлж байна ... Би өөрийн адуугаа сайн мэднэ, тамга тэмдэг цагаан олоор зэрэг нь яг мөн байна. Манай хүүгийн адуунд унага байхаасаа явдаг байсан болохоор дөлтэй нар сар тамгатай дарагдсан юм ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас/
2.3. Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 10 дугаар сарын үед Завхан аймгийн ********* сумын иргэн О.А гэгч нь Баяншанд багт байх манай хашаанд 3 тооны адуу авч ирж хашсан байсан. Хундган тамгатай хүрэн зээрд байдас, хээр үрээ, хавтгай ташаан дээрээ дормон тамгатай эр хонгор даага байсан. Хонгор даага, хээр үрээг нь аймгийн төвийн зам ангид ажилладаг Б гэх залууд өрөндөө өгсөн. Хундган тамгатай хүрэн зээрд байдсыг А нь аймгийн төвтэй ойрхон байдаг найздаа зарсан гэж байсан ... А-с энэ 3 адууг хаанаас авсан юм бэ? гэж асуухад хонгор даага нь минийх, хээр морь, хүрэн зээрд гүүг нь нагацаасаа авсан юм гэж хэлсэн. Тэгээд хүрэн зээрд байдсыг нь та 800,000 төгрөгөөр зараад өгөөч гэхээр нь би тухайн үед зургийг нь дараад фейсбүүк дээр зар оруулж байсан, одоо утсан дээр байж магадгүй ... О.А нь өөрийнхөө цагаан өнгийн портер маркын тээврийн хэрэгслээр авч ирж байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас/
2.4. Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2021 онд Завхан аймгийн ******** сумд О.А-н гэрийн гадна өвс буулгаад зарсан тухайн үедээ О.А нь 15,000 төгрөгийн үнэтэй 250 боодол өвс авсан. Тухайн үедээ өвсний зарим мөнгийг өгөөд 1,200,000 төгрөг үлдсэн юм. Энэ мөнгийг надад өгөөгүй байж байгаад 2022 оны 10 дугаар сарын сүүлээр надад 750,000 төгрөгт бодож нэг адуу өгсөн. Одоо үлдэгдэл 450,000 төгрөгийн тооцоо бид хоёрын дунд байгаа ... О.А нь өөрийнхөө дугаараас над руу яриад аймагт цагдаа Э-н хашаанд адуу аваад ирсэн та ирээд ав гэж хэлсэн ... Тэгээд Э-н хашаанд ороход тэнд бага шиг хул хонгор адуу, хүрэн зээрд байдас 2 байсан. Хүрэн зээрд байдсыг би ганцаараа ачиж авч яваад түүнийг нядалж махыг нь тушаасан. Миний авч явсан хүрэн зээрд гүү нь хундган тамгатай байсан бөгөөд А нь надад зарахдаа соёолон настай адуу байгаа юм гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас/
2.5. Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагааны үе өгсөн “... Б.А гэдэг хүнийг танина. Адуун дээрээ “хундган” тамга дардаг. Тухайн хүн 2 тооны адуу алдсан байна билээ. Уг 2 адууг манай хүү А хулгайлсан талаар хүмүүсээс сонссон. Би тэгээд Б.А гэх хүнтэй уулзаад таны 2 адууг А хулгайлсан гэж байна, би хохирол мөнгийг нь төлье гэхэд за тэгээ төлж өгөөрэй гэж хэлсэн. Би тэгээд А-с хулгайлсан үгүйг асуухад надад тиймээ хулгайлсан гэж хэлсэн, их гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 133-135 дугаар хуудас/
2.6. Ашид Билгүүн ХХК-н 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-921/4435 дугаартай “...хохирогч Б.А-н хулгайд алдсан гэх зөв талын гуян дээрээ хундага тамгатай зээрд зүсмийн гүүг 1,000,000 (нэг сая) төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт. / 1-р хавтаст хэргийн 145-147 дугаар хуудас/
2.7. Шүүгдэгч О.А-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд. /1-р хавтаст хэргийн 156-160 дугаар хуудас/
2.8. Гэрч С.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2022 оны намар Говь-Алтай аймаг зорчсон. Тухайн үед хүнээс авах авлага байсан бөгөөд тэрнийхээ оронд адуу авахаар болсон юм. Тэгээд нэг тооны адууг Б гэх танил болон түүний эхнэрээс авсан... Тухайн адуу нь хээр зүсмийнх байсан бөгөөд тамга, тэмдэг зэргийг нь сайн хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 186-187 дугаар хуудас/
2.9. Гэрч С.Г-с хээр зүсмийн адууны гэрэл зургийг хүлээн авсан 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг. /1-р хавтаст хэргийн 188-190 дүгээр хуудас/
2.10. Хохирогч Б.А-р хулгайд алдсан гэх хээр зүсмийн адууг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургууд. /1-р хавтаст хэргийн 191-201 дүгээр хуудас/
2.11. Ашид Билгүүн ХХК-н 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ-921/4440 дугаартай “хохирогч Б.А-н хулгайд алдсан гэх дөлтэй нар саран тамгатай хүрэн адууг 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт/ 1-р хавтаст хэргийн 204-206 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар
3. Шүүгдэгч О.А нь 2022 оны 10 дугаар сарын сүүлээр Говь-Алтай аймгийн Тайшир сумын ******** багийн нутаг дэвсгэр Н уулын орчмоос хохирогч Ц.Г-н өмчлөлийн хар зүсмийн монгол бичгийн “ба” үсгэн тамгатай охин даагыг хулгайлж Ц.Г-д 500,000 (таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:
3.1. Хохирогч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сард 17 тооны адуутай байсан. Манай адуу Завхан аймгийн ******** сумын **** багийн нутаг А гэх газарт байсан. 2022 оны 10 дугаар сарын эхээр адуугаа очиж эргэхэд манай адуу бүрэн байсан. Дараа нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны үед “А” гэх газарт очиж адуугаа эргэхэд монгол бичгийн “ба” үсгэн тамгатай хар зүсмийн охин даага байхгүй байсан ... Зүүн талын гуя дээрээ монгол “ба” тамгатай, уг тамгыг 9 сар гаргаад дарсан учир одоо бараг л эдгэж байгаа байх, мөн зөв талын чихийг үзүүрээс нь тайрсан хар зүсмийн охин даага... Энэ тамгыг манайхаас гадна, манай хадам аав Б дардаг юм. Манай 2 нэг тамгаар адуугаа тамгалдаг юм... Миний хар даага Говь-Алтай аймгийн төвд Б гэх хүний адуунд байна. Тамга тэмдэг, зүс зөв талын чихийг нь хайчилсан зэрэг шинж тэмдгээр нь би таньж байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 238-239 дүгээр хуудас/,
3.2. Иргэний нэхэмжлэгч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 05 дугаар сард машиныг маань ирж худалдаж авсан. Би өөрийнхөө машиныг 20,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон, нотариатаар баталгаажуулсан. А нь надад тухайн машины үнэ 20,000,000 төгрөгийг 9 сая төгрөгийг дансаар, 3 сая төгрөгийг дансаар, 3 сая төгрөгийг бэлнээр өгсөн. А нь үлдсэн үнээ мөнгөөр өгөөгүй учир оронд нь надад 4 тооны адуу өгсөн... Нийтдээ 15 сая төгрөг өгч үлдсэн мөнгөнд нь 7 сая төгрөгт буурал зүсмийн ширээтэй нар саран тамгатай шүдлэн үрээ, 400,000 төгрөгт “X” үсгэн тамгатай шарга зүсмийн сарваа, 400,000 төгрөгт хар зүсмийн монгол “ба” тамгатай сарваа, 1,100,000 төгрөгт хээр үрээ өгсөн ямар тамгатай байсныг мэдэхгүй байна... А нь буурал зүсмийн ширээтэй нар саран тамгатай шүдлэн үрээг Э-с авсан, 2021 онд Э-н хашаанд тэжээгдэж байсан, X үсгэн тамгатай шарга сарвааг өөрийн сарваа гэж хэлсэн, монгол “ба” тамгатай хар сарвааг манай хүүхдэд хүн бэлгэнд өгсөн адуу гэж хэлсэн... А гэх хүнээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 242-244 дүгээр хуудас/
3.3. Гэрч М.И-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би О.А гэх хүнд адуу бэлэглэсэн. 2021 оны зун айл гэр болоход нь адуу амлаад 2022 оны хавар 1 тооны адуу бэлгэлсэн ... Эм зээрд зүсмийн бичмэл “од” гэсэн тамгатай сарваа байсан. Өөр ямар нэгэн онцлог шинж тэмдэг байхгүй ... Хар зүсмийн даага бэлэглэсэн зүйл байхгүй. Монгол “ба” тамгыг Б, Г нар дардаг тэдний адуу цуг байдаг юм...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 247-248 дугаар тал/
3.4. Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би Ц.Г гэх хүнийг танина. Манай **** багийн хүн байгаа юм садан төрлийн холбоо байхгүй. Адуун дээрээ монгол бичгийн “ба” тамгыг хадмынхтайгаа хамт дардаг. Хар зүсмийн даагаа алдаад дараа нь зургаар таньж олж авсан байна билээ. Ц.Г нь Говь-Алтай аймгаас хар даагаа буцааж олж авсан. Тухайн даагыг А Говь-Алтайгаас ачиж авч ирээд Г-д буцааж өгсөн. Би аваад ирэхэд нь ямар учиртай даага болох талаар асуухад Ц.Г-н даага байгаа юм. Тэгээд би чи хулгайлчихсан юм уу гэж асуухад тиймээ би авчихсан юм гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/
3.5. Хулгайд алсан гэх хар зүсмийн дааганд үзлэг хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургууд./2-р хавтаст хэргийн 9-13 дугаар хуудас/
3.6. Хохирогч Ц.Г-р түүний хулгайд алдсан гэх хар зүсмийн даагыг таньж орлуулах ажиллагаа явуулсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /2-р хавтаст хэргийн 18-28 дугаар хуудас/
3.7. Хохирогч Ц.Г-д түүний хулгайд алдсан гэх хар зүсмийн монгол үсгийн “ба” тамгатай 1 тооны адууг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /2-р хавтаст хэргийн 8 дугаар хуудас/
3.8. Ашид Билгүүн ХХК-н 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-921/4429 дугаартай “хохирогч Ц.Г-н хулгайд алдсан гэх хар зүсмийн эм даагыг 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт. /2-р хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд “...бусдын малыг хулгайлсан...” үйлдлийг мал хулгайлах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, машин механизм ашигласан бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
“Мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж, “олон тооны мал гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус хуульчлан тайлбарласан. Харин “машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг.
Шүүгдэгчийн бэлчээрт байгаа адууг хаших, туух зорилгоор мотоцикл ашигласан, түүнчлэн зарим хохирогч нарын адууг бага оврын ачааны автомашинаар зөөвөрлөсөн үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн машин механизм ашиглан үйлдэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.
Иймээс шүүгдэгчийн мотоцикл болон автомашин ашиглаж 2022 оны 10 дугаар сарын орчим болон 12 дугаар сарын 20-ны өдөр хохирогч С.Б-н 2 тооны адуу, Б.А-н 2 тооны тооны адуу, Ц.Г-н 1 тооны адуу зэрэг нийт 5 тооны адууг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэргийг машин, механизм ашиглаж үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр шүүх хуралдаанд “үзлэг хийх, таньж олуулах ажиллагаануудад хөндлөнгийн гэрчээр оролцсон хүмүүсийн гарын үсэг зөрүүтэй, бодит байдал дээр байсан эсэх нь эргэлзээтэй, гэрч, хохирогч нарын 15 мэдүүлэгт болон шинжээч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлийг оруулалгүйгээр хуучин хуулийг сануулж мэдүүлэг авсан, шүүгдэгч О.А-с яллагдагчаар тулгаж мэдүүлэг авсан гэх зөрчлүүдийг мөрдөгч нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ гаргасан тул шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж нэмэлт ажиллагаа хийлгэх” гэх агуулга бүхий дүгнэлт гаргасныг шүүх дараах үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиудаар нэмэлт оруулахдаа эрх хасах ялыг хасаж, Монгол улсын Их хурлын хянан шалгах түр хороонд худал мэдүүлэг өгсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр нэмсэн, мөн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол улсын Их хурлын хянан шалгах түр хороонд зориуд худал дүгнэлт гаргасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр нэмсэн бөгөөд дээрх зүйл хэсгүүдийн бусад агуулгыг хөндөөгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгч гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа болон шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгааны баримтад дээрх хуулийн өөрчлөлтүүдийг тусгаагүй буюу хуучин баримтыг ашигласан байна.
Дээрх хуулийн өөрчлөлтийг тусгаагүй хуулийн заалтыг гэрч, хохирогч, шинжээчид сануулсан нь тухайн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүдийн нотлох баримтын хууль ёсны байдал, нотломжийн түвшин, агуулга зэргийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл мөрдөгч өөрийн үйл ажиллагаатай хамааралтай хэсгээ сануулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөхөө, шинжээч үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлсэн байх шаардлагыг тавина. Түүнээс Их хурлын хянан шалгах түр хороонд гэрч, хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх, шинжээч үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлээгүй, үүнийг сануулаагүй гэдэг нь мөрдөгчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хасагдсан эрүүгийн хариуцлагыг гэрч, хохирогч нарт сануулсан нь тухайн мэдүүлгийн хууль ёсны байдлыг үгүйсгэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ноцтой зөрчилд хамаарахгүй юм.
2. Шүүгдэгч О.А-с мөрдөн шалгах ажиллагааны үед 3 удаа яллагдагчаар мэдүүлэг авсан /1-р хавтаст хэргийн 108-109, 223-224 дүгээр хуудас, 2-р хавтаст хэргийн 66 дугаар хуудас/ байна. Мэдүүлэг авах ажиллагаанд түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ оролцжээ. Мөрдөгч яллагдагчаар мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн, яллагдагчийн эрхийг хязгаарласан, хассан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хэргийн нөхцөл байдал дан ганц түүний мэдүүлгээр бус бусад нотлох баримтуудаар нотлогджээ.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ...” гэж заажээ. Мөрдөгч **** ГАА улсын дугаартай Бонго Жи-3 загварын машинд үзлэг хийхдээ эзэмшигч Д.Э-г /1-р хавтаст хэргийн 22-27 дугаар хуудас/, фейсбүүкийн мессенжерт үзлэг хийхэд эзэмшигч Д.Э-г,/1-р хавтаст хэргийн 30-35 дугаар хуудас/ улсын дугааргүй, улаан хүрэн өнгийн Мустанг-150 загварын мотоциклд үзлэг хийхэд эзэмшигч О.А-г/1-р хавтаст хэргийн 241-45 дугаар хуудас/ тус тус оролцуулан хийсэн байна. Иймд тухайн эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд заавал хөндлөнгийн гэрч байхыг шаардахгүй бөгөөд эзэмшигч нь оролцсон байх тул хуульд заасан журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд таньж олуулах ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн гэрч оролцуулах талаар хуульчлаагүй тул хуулиар тавигдаагүй шаардлагаар тухайн ажиллагааны хууль ёсны байдлыг үгүйсгэхгүй гэж шүүх үзлээ.
Мөн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн газар нь бүгд Говь Алтай аймгийн нутаг дэвсгэрт хамаарч байгааг тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор:
1. Хохирогч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би хулгайд алдсан гэх адуугаа Д.Э гэх залуугаас өөрөө ирж авсан. Би адуу ирж авахдаа 215,000 төгрөгийн түлш хийж авсан. Говь-Алтай аймагт дуудагдан ирж мэдүүлэг өгөхөд 20 литр бензин буюу 60,000 төгрөг гарсан, нийтдээ 275,000 төгрөгийг төлчихвөл ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 55 дугаар хуудас/
2. Хохирогч С.Б-д хулгайд алдсан гэх 2 тооны адууг нь хүлээлгэж өгсөн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл. /1-р хавтаст хэргийн 28 дугаар тал/
3. Шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч С.Б-д 300,000 (гурван зуун мянга) төгрөг шилжүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт.
4. Ашид Билгүүн ХХК-н 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ-921/4440 дугаартай “хохирогч Б.А-н хулгайд алдсан гэх дөлтэй нар саран тамгатай хүрэн адууг 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт. / 1-р хавтаст хэргийн 204-206 дугаар хуудас/
5. Ашид Билгүүн ХХК-н 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-921/4435 дугаартай “хохирогч Б.А-н хулгайд алдсан гэх зөв талын гуян дээрээ хундага тамгатай зээрд зүсмийн гүүг 1,000,000 (нэг сая) төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт. / 1-р хавтаст хэргийн 145-147 дугаар хуудас/
6. Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2023 оны 03 дугаар сарын эхээр О.А нь миний өөрийн данс руу 2 адууны үнэ гэж 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би тухайн өдрөө 1,000,000 төгрөгийг нь буцаан шилжүүлсэн. Энэ хэрэгт холбогдуулан санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 124 дүгээр хуудас/
7. Хохирогч Ц.Г-д түүний хулгайд алдсан гэх хар зүсмийн монгол үсгийн “ба” тамгатай 1 тооны адууг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /2-р хавтаст хэргийн 8 дугаар хуудас/
8. Ашид Билгүүн ХХК-н 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-921/4429 дугаартай “хохирогч Ц.Г-н хулгайд алдсан гэх хар зүсмийн эм даагыг 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт. /2-р хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/
9. Иргэний нэхэмжлэгч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би О.А гэх хүнээс Тайшир сумын “Н” уул хүртэл явсан шатахууны үнэ болох 100,000 төгрөг, хээр мориныхоо үнийг өөрийн эзэмшлийн ******** дугаарын данс руу 500,000 болон 1,000,000 төгрөгөөр хувааж авсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлэн авсан. Мөн 40 боодол өвс авсан бөгөөд боодлыг нь 15,000 төгрөгөөр бодож авсан. Нийтдээ 2,100,000 төгрөгийг авсан. Одоо надад О.А гэх хүнээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй байна. Одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 57 дугаар хуудас/
10. Иргэний нэхэмжлэгч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...одоо надад А гэх хүнээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 242-244 дүгээр хуудас/
11. Ашид Билгүүн ХХК-н 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-921/4401 дугаартай “шүүгдэгч О.А-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-150 загварын улсын дугааргүй, улаан хүрэн өнгийн мотоциклыг 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 83-85 дугаар хуудас/
12. Шүүгдэгч О.А-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх **** ГАҮ улсын дугаартай цагаан өнгийн Портер загварын машины тээврийн хэрэгслийн лавлагаа. /2-р хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/
13. Ашид Билгүүн ХХК-н 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 307 дугаартай “О.А-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх **** ГАҮ улсын дугаартай цагаан өнгийн портер загварын машиныг 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт. /2-р хавтаст хэргийн 45 дугаар хуудас/
14. Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийн шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч О.А нь хохирогч нарт учруулсан хохирлоо биет болон мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч О.А-н гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн хэд, хэдэн удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар 2 (хоёр) жил 3 (нэг) сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилсан.
Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгож хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.
Иймээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй улаан хүрэн өнгийн Мустанг-150 загварын мотоцикл болон ***** ГАҮ улсын дугаартай цагаан өнгийн портер загварын машины үнэ 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгийг улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зохицуулалтад нийцнэ гэж шүүх дүгнэв. Хэдийгээр шүүгдэгч нь портер загварын автомашиныг ашиглан гэмт хэрэг үйлдсэн боловч тухайн автомашиныг хууль ёсоор бусдад худалдан борлуулсан, худалдан авагч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэдгийг мэдсээр байж авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул үнийг нь гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан **************** арлын дугаартай, ************ моторын дугаартай улаан хүрэн өнгийн мустанг-150 загварын мотоциклийг Цагдаагийн байгууллагаар дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт О-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.А-г 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д оногдуулсан 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.А-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *********** арлын дугаартай, *********** моторын дугаартай улаан хүрэн өнгийн мустанг-150 загварын мотоцикл болон **** ГАҮ улсын дугаартай портер загварын автомашины үнэ 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ************** арлын дугаартай, ************* моторын дугаартай улаан хүрэн өнгийн Мустанг-150 загварын мотоциклийг Цагдаагийн байгууллагаар дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА