| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00137/И |
| Дугаар | 00387 |
| Огноо | 2019-07-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 00387
| 2019 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 153/ШШ2019/00387 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 52 айлын 24 тоотод оршин суух, Боржигон овогт Б-ын Г / /-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2-55 тоотод оршин суух, Тамгат овогт М Б / /-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 153/2019/00137/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Б.Г, хариуцагч М.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид хоёр 2013 онд танилцаад 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хуримаа хийсэн. Охин Б.Мишээл 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. Бид хоёр хамт амьдраад 2 жил болоод 2016 оноос тусдаа амьдарсан. Хамт амьдрах хугацаанд М.Б хүнтэй нийлдэг бас ажилгүй гэртээ байсан. Би Ховд аймгийн Буянт сумын сургуульд нийгмийн ажилтан хийж байсан. Би хүүхдээ 2 нас хүрэхээр ажилдаа буцаж орсон.М.Б хүүхдээ харж байгаад суманд амьдрах хэцүү байна гээд бид хоёрыг орхиод аймгийн төв рүү явчихдаг байсан. Би өөрийнхөө төрсөн дүү Б.Батгаригийг гуйж хүүхдээ харуулдаг байсан. Тэр хооронд М.Б ирж очин явдаг байсан. Суманд амьдрах хэцүү байгаа юм болов уу гэж бодоод аймгийн төв орж би хүүхдээ харсан. М.Б энэ хугацаанд мөн л ажил хийгээгүй. Ажил хий гэхээр ажил хийх дургүй байдаг. Манай ажил 8 дугаар сарын 20-ны үеэр эхэлдэг. Хүүхэд харах хүн байхгүй болохоор би хүүхдээ харъя чи ажил хий гээд би ажлаасаа гараад хүүхдээ харсан. Энэ хугацаанд М.Быг ажил хийх байх гэж зөндөө харсан боловч ажил хийгээгүй гэртээ байсан. Өвөл болж нүүрс түлээний асуудал гарч ирэхэд би бүгдийг нь зохицуулж зарим үед эх эцгээсээ гуйж, заримдаа өөрийнхөө хураасан мөнгөнөөсөө гаргаад авдаг байсан. М.Б 2015 онд мөсний баярт явна гэхээр нь би охиноо дулаан хувцаслаад бид хоёр хамт явъя гэхэд охин та хоёроос би ичдэг гэж хэлсэн. Би юм бодолгүй гэртээ байж байтал шөнийн 12 цаг өнгөрч байхад нэг найзыгаа дагуулж ирсэн. Тэр найз нь танай эхнэр чиний толгой дээр гарсан гээд янз бүрийн юм ярьж байсан....Миний уур хүрээд М.Бтай маргалдсан. М.Б найзыгаа өмөөрч миний баруун талын нүдийг тэгширтэл зодож байсан....Би амьдарч байх хугацаандаа яаж хоёулаа ажилгүй байх вэ гээд өөрийнхөө эцэг, эхээс 1,000,000 төгрөг аваад наймаа хийсэн. Тэр үед М.Б сонин ааш гаргаад байхаар нь тандсан чинь Ховд их сургуулийн Хууль эрх зүйн ангийн 3-р курсийн оюутан охинтой нийлдэг байсан....Тэр оюутантай уулзахад надад М.Б эхнэртэй гэж хэлээгүй бид хоёр хуримаа хийх гэж байгаа гэж хэлсэн....Хүүхдээ бодож тэвчиж хамт амьдарсан. Тэр хугацаанд М.Б юу ч ойлгоогүй намайг маш их дарамталж сэтгэл санаагаар унагаадаг байсан. Би нэг хэсэг хоол унд идэхээ больсон. Би 2016 оны 6 дугаар сард эцгийгээ дуудаад хамт амьдрахад үнэхээр хэцүү байна гэж хэлэхэд манай эцэг намайг аваад явсан.М.Б ирэхгүй байж байгаад 2016 оны 12 сард охинтойгоо уулзахаар ирэхдээ дандаа архи үнэртүүлээд ирдэг байсан. Тэгж ирчихээд намайг дандаа дайрч доромжлоод чи арчаагүй дээ ингэж явж байгаа гэж байнга хэл амаар доромжилдог байсан. М.Б 2017 он хүртэл охинтойгоо уулзсан. Би 2018 оноос М.Быг охинтойгоо уулзуулаагүй. Ганц нэг удаа охинтойгоо уулзмаар байна гэж мэссэж бичдэг би хариу бичдэггүй. Шүүх хуралдаан болсноос хойш 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр охиндоо ганц, хоёр юм авч өгнө гэж мэссэж бичсэн би зүгээр дээ чиний энэ сэтгэлийг чинь охиндоо дамжуулна гэж хариу бичсэн. М.Б үнэхээр охинтойгоо уулзана гээд ирсэн бол би уулзуулахаар байсан нэг ч удаа ирээгүй. Би 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Б.Мишээлийг өөрийнхөө асрамжид авах, М.Баас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү....Би эгчийнхээ хашаанд эцгийнхээ гэрийг бариад амьдарч байсан. Тэр үед М.Б миний амьдарч байсан гэрт ирээд 6 сар хамт амьдарсан. 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл хамт амьдарсан....Энэ хүнтэй хамт амьдрах нөхцөл боломж байхгүй. Би М.Бад итгэх итгэл, сэтгэл байхгүй....Би өөрөө зах дээр хүнсний наймаа хийдэг. Гэрээрээ даалин урлаж дээл оёдог. Сарын 500,00 төгрөгийн орлоготой....Эд хөрөнгийн маргаан байхгүй....гэв.
Хариуцагч М.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Би ажил төрөлгүй байсан нь үнэн. Хүнтэй нийлж явж байсан удаа байхгүй. Би олдсон ажлаа хийгээд явдаг. Би охиноо өөр дээрээ авна. 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр охин Б.Мишээл төрсөн. Б.Г бид хоёр 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Цаашдаа амьдрах боломжгүй гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдийн тэтгэлгийг төлөх боломжгүй....3 жил тусдаа амьдарч байна. Б.Гыг гэсэн сэтгэл байхгүй....Эд хөрөнгийн маргаан байхгүй....Би өдөрт 10,000-15,000 төгрөгийн орлого олдог. Хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй. Би охиноо өөр дээрээ авчихвал өсгөөд явчихаж чадна. Энэ хүнийг би охиноо өсгөөд явна гэхэд итгэхгүй байна....гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь М.Бад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 126/000995 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, гэрлэгчдийн дундаас 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр охин Б.Мишээл төрсөн болох нь төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 6-7 дугаар тал/
Нэхэмжлэгч Б.Г, хариуцагч М.Б нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2017 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгч, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргах боловч хүүхдийг өөрийн асрамжиндаа үлдээх эдийн засгийн болоод хүүхдийн амьдрах орчин нөхцлийн талаарх баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.
Иймээс 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Б.Мишээлийн нас, биеийн онцлог болон хүүхдэд тавих эхийн халамж зэргийг харгалзан хүүхдийг эх Б.Гын асрамжид үлдээн, эцэг М.Баар хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Б.Мишээлийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч М.Баас хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Б.Мишээлийг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч М.Бын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг М.Баас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Б.Г нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Б.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон Ховд аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ 190,700 төгрөгийн тал хувь 95,350 төгрөгийг хүүхдэд сар бүр хариуцагч эцэг М.Б нь төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар М.Бын сар бүр төлөх тэтгэлэг 95,350 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1,144,200 төгрөг болох тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 32,011 төгрөг, нийт 102,211 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгохоор тогтлоо.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг тус тус дурдлаа.
Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Гд, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч М.Бад тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Тамгат овогт М-ын Б / /, Боржигон овогт Б-ын Г / / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Б.М / /-ийг эх Б.Гын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Б.Мишээлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг М.Баас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч М.Бад, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Б.Гд тус тус даалгасугай.
5.Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Баас улсын тэмдэгтийн хураамж нийт 102,211 /нэг зуун хоёр мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад даалгасугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Гд, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч М.Бад тус тус мэдэгдсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ