Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/458

 

 

 

 

 

 

 

 

2023              04           11                                       2023/ШЦТ/458

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Э.Оргилбат,

шүүгдэгч Б.Б,

хохирогч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн  дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа малын тэжээл зардаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: яллагдагч Б.Б нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо гэх газар Ч.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд зовхи, хөмсөгний гадна хэсэг, хацрын гадна дээд хэсэг, шанаанд цус хуралт, зулгаралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, зүүн гарын эрхий хурууны хумс хууларсан шарх, хамарт цус хуралт, баруун гарын долоовор хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Баас “мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 03-р сарын 31-ний өдрийн 366 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг”,

- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** гэх газар Ч.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд зовхи, хөмсөгний гадна хэсэг, хацрын гадна дээд хэсэг, шанаанд цус хуралт, зулгаралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, зүүн гарын эрхий хурууны хумс хууларсан шарх, хамарт цус хуралт, баруун гарын долоовор хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Мын өгсөн “...Манай нагац эгч болох *** намайг ирээд хивэг буулгаад өгөөч гээд гуйхаар нь нь за гэж хэлээд би ***ийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэр *** гэх газар хивэгийг нь буулгахаар 18 цагийн орчим очсон. Тэгээд тухайн жолоочийн авч ирсэн хивэгийг зөөж байхад тухайн жолооч машинаасаа бууж ирээд миний нүүрний баруун хэсэг рүү цохисон. Би тус жолоочийг намайг юугаар цохисон гэдгийг санахгүй байна. Намайг мөргөсөн үү цохисон уу мэдэхгүй байна. Би цохиулаад шууд ухаан алдаад уначихсан байсан. Тэгээд би түр зуур ухаан алдаад сэрэхэд миний зүүн гарын эрхий хурууны хумсыг хуулчихсан, нүүр хэсэг зулгарч цус болчихсон байсан. Тэгээд би тухайн жолоочийг уурандаа элдвээр хараалын үгээр хэлээд дайрахад тухайн газар байсан хүмүүс бид хоёрыг салгаад удалгүй бид хоёр тус газраас зэрэг явцгаасан. Би гараа эмчлүүлсэн зардал болох 380.000 төгрөгийг Баас гаргуулан авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3493 дугаартай “...Ч.Мын биед тархи доргилт, баруун дээд зовхи, хөмсөгний гадна хэсэг, хацрын гадна дээд хэсэг, шанаанд цус хурапт зулгаралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, зүүн гарын эрхий хурууны хумс хууларсан шарх, хамарт цус хуралт, баруун гарын долоовор хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, баруун дээд зовхи, хөмсөгний гадна хэсэг, хацрын гадна дээд хэсэг, шанааны цус хуралт, зулгаралт, баруун нүдний алимын салстын цус харвалт, зүүн гарын эрхий хурууны хумс хууларсан шарх нь гэмтлийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын цус хуралт баруун гарын долоовор хурууны зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь унах үед үүсэх боломж байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, хохирогч Ч.Мын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тиймээс шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй”-г дурдаж, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан болохыг тэмдэглэв. 

1.4 Хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ. 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр “...эмчилгээ эрүүл мэндтэй холбоотой зардалд нийт 380.000 төгрөгийг төлсөн, цаашид гомдол саналгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт(хавтаст хэргийн 40 дахь тал)-ийг гаргасан байна.

Иймд шүүгдэгч  Б.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй“ болно.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас(хавтаст хэргийн 45 дугаар тал)-аар Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт(хавтаст хэргийн 41 дэх тал) гаргасныг прокуророос “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” тухай 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 115 дугаар тогтоол(хавтаст хэргийн 46 дахь тал)-оор хүлээн авч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар түүнд танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хүний эрүүл мэндэд халдан цохиж хөнгөн хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг илэрхийлсэн), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, өөрийн нэр дээр хөдлөх эд хөрөнгөтэй, тодорхой орлоготой болох нь нотлогдсон) болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар.

Эрүүгийн  дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 7, 8 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

4. Эрүүгийн  дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхул хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.БЯМБААБААТАР