| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0112/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/126 |
| Огноо | 2023-04-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/126
2023 4 07 2023/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О,
улсын яллагч Н.Д,
хохирогч С.Т,
шүүгдэгч Б.Х нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Б.Хд холбогдох эрүүгийн 2325000000089 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Б.Х нь;
Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг “Авто гоёл” авто засварын газрыг түрээслэн ажиллуулж байхдаа, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч С.Тын эзэмшлийн улсын дугаартай “Toyota Prius-30” загварын саарал өнгийн тээврийн хэрэгслийг засварлаж өгөхөөр итгэмжлэн хариуцан хүлээн авсны дараа 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шандын халуун усны дэргэд задаргааны газар ажиллуулдаг Н.Ад уг тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг 450.000 төгрөгөөр зарж, данхрад, торцов зэрэг эд хөрөнгийг нь завшиж, хохирогч С.Тад 1.545.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.Х “...тухайн үед таньдаг дүү нар маань найзынхаа машиныг авч ирээд засварт оруулсан, 3-4 хоноод урьдчилгаа мөнгөө шилжүүлсэн, он залуу машин байсан болохоор засварлахад мөнгө шаардлагатай болсон учраас нүүрсэн янданг нь Ад 450.000 төгрөгөөр зараад 150.000 төгрөгөөр орлуулагч яндан авч тавиад, 300.000 төгрөгийг бэлнээр авсан. Ингээд 300.000 төгрөгөөс 180.000 төгрөгөөр гуперын залгаа авч, нэмэлтээр будагны материал авсан юм, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хорихоос өөр төрлийн ял оногдуулна уу.” гэв.
хохирогч С.Тын “...дүү Төгсөө миний машиныг мөргөлдүүлчихээд засварлуулахаар Хд өгсөн, би миний өгсөн урьдчилгаа мөнгөөр тал гупер авчих байх гэж бодсон. Энэ хүнийг би хоёр сар хүлээсэн, төлбөрийг нь удаагаагүй төлсөн байсан. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр машинаа аваад шалгахад нүүрсэн яндан нь байгаагүй, энэ хүнээс нүүрсэн яндан, данхрад, торцовны үнэ 1.545.000 төгрөгөө авмаар байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч С.Тын “...2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн нутаг дэвсгэрт байрлах кузов засварын газарт өөрийн эзэмшлийн 25-33ОРА улсын дугаартай “Toyota Prius-30” загварын саарал өнгийн тээврийн хэрэгслийг урд, хойд гуперыг засуулахаар засварчин Х гэх хүнд бүрэн бүтэн хүлээлгэсэн өгсөн. Уг засварын газраас 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр машинаа хүлээн авч ажлын байрныхаа гадаа очоод шалгаж үзэхэд нүүрсэн яндан, дугуйны данхрад, торцов, нэг ширхэг дохио гэрэл байхгүй, янданг маань гагнасан байдалтай байсан. Би засварын газарт буцаад очиход Х гэх засварчин байхгүй байсан тул түүний .............. дугаарын утас руу олон удаа залгахад “утсаа авахгүй байсан”, түүний дугаар луу “байна уу ахаа, нүүрсэн янданг яагаад авчихсан юм бэ, цагдаад өглөө” гэсэн мессеж явуулахад “байна уу” гэсэн мессеж ирүүлээд шууд миний утас руу залгаж “мөнгөний хэрэг гараад чиний машины нүүрсэн янданг авчихсан уучлаарай, 5 хоногийн дотор хохирлыг чинь барагдуулж өгнө” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,
“...Хтай уулзахад “урд гуперыг 200.000 төгрөгөөр, хойд гуперыг 200.000 төгрөгөөр хийнэ” гэхээр нь би зөвшөөрсөн, тус мөнгөнд түүний ажлын хөлс болон түүнээс гарах засварын хэрэглэгдэх бараа материал багтаж байгаа юм. Мөн тухайн үед их гэрэл дээрээ нэмж өнгө гаргуулахаар болж түүнд 50.000 төгрөг нэмж өгөхөөр болсон. Би өөрийн Хаан банкны 5094552569 дугаарын данснаасаа Хгийн 5053048229 дугаарын данс руу 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 150.000 төгрөг шилжүүлж гүйлгээний утга дээр нь “taiwna” гэж бичсэн, Богд банкны 8250003386 дугаарын данснаас 5053048229 дугаарын Хгийн данс руу 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 300.000 төгрөг шилжүүлж гүйлгээний утга дээр нь “taiwna р30” гэж бичсэн. ...гомдолтой байна, өөрт учирсан хохирол 1.545.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,
гэрч Н.Аы “...Тухайн өдөр зүс таних Х манай автозасварын газар ирээд надад “энэ машины нүүрсэн янданг заръя, манай найз надаар засвар хийлгэж байгаа юм, би засварын мөнгөө гаргаж авах гэж байгаа юм” гэж хэлсэн, “Toyota Prius-30” загварын мөнгөлөг өнгийн машинтай ирсэн. ...Х тухайн машинаас өөрөө нүүрсэн яндаг нь тайлж өгөөд надаас оронд нь яндан орлуулагч авч тавьсан, би 300.000-500.000 төгрөгийн хооронд нүүрсэн яндан худалдаж авдаг бөгөөд харин яндан орлуулагчийг 150.000 төгрөгт зардаг.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,
Б.Хгийн яллагдагчаар өгсөн “...Би нүүрсэн янданг Шандын халуун усны ертөнцийн зүгээр баруун талд байх авто задаргааны хүнд 450.000 төгрөгөөр зарсан, 450.000 төгрөгний 150.000 төгрөгт яндан авсан хүнээс Солонгос яндан авч машинд нь тавьсан юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ТХҮ-ОРХ/5549 дугаартай; “...“Toyota Prius-30” загварын автомашины нүүрсэн яндан 1.500.000 төгрөг, данхраад 25.000, торцов 20.000 төгрөг нийт үнэ 1.545.000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 50-52 дахь тал/,
хохирогч С.Тын “...автозасварын газрын ажилчин миний машины нүүрсэн янданг авчихсан байна.” гэсэн гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл /хавтаст хэргийн 1, 2, 3 дахь тал/,
25-33ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6, 7-8 дахь тал/,
С.Тын Хаан банкны 509452569 дугаарын, Богд банкны 8250003386 дугаарын дансны хуулгууд /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,
Б.Хгийн Хаан банкны 5053048229 дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 20-32 дахь тал/,
Б.Хгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68, 80 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 82-85 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэрийг анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 86-88 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогчоос болон Б.Хгаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Б.Хг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Б.Х нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч С.Тын эзэмшлийн 25-33ОРА улсын дугаартай “Toyota Prius-30” загварын саарал өнгийн тээврийн хэрэгслийг засварлаж өгөхөөр итгэмжлэн хариуцан хүлээн авсны дараа 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Н.Ад уг тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг 450.000 төгрөгөөр зарж, данхрад, торцов зэрэг эд хөрөнгийг нь завшиж, хохирогч С.Тад 1.545.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч С.Тын “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр машинаа хүлээн авч ажлын байрны гадаа очоод шалгаж үзэхэд нүүрсэн яндан, дугуйны данхрад, торцов, нэг ширхэг дохио гэрэл байхгүй, янданг маань гагнасан байдалтай байсан. ...Х гэх засварчин...миний утас руу залгаж “мөнгөний хэрэг гараад чиний машины нүүрсэн янданг авчихсан уучлаарай, 5 хоногийн дотор хохирлыг чинь барагдуулж өгнө” гэж хэлсэн.” гэх,
гэрч Н.Аы “...Х тухайн машинаас өөрөө нүүрсэн яндаг нь тайлж өгөөд надаас оронд нь яндан орлуулагч авч тавьсан.” гэх,
Б.Хгийн “...авто задаргааны хүнд 450.000 төгрөгөөр зарсан, 450.000 төгрөгний 150.000 төгрөгт яндан авсан хүнээс Солонгос яндан авч машинд нь тавьсан.” гэх мэдүүлгүүд,
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ТХҮ-ОРХ/5549 дугаартай үнэлгээний тайлан, 25-33ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
С.Тын Хаан банкны 509452569 дугаарын, Богд банкны 8250003386 дугаарын дансны хуулгууд, Б.Хгийн Хаан банкны 5053048229 дугаарын дансны хуулга зэрэг хэрэгт цуглуулсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Б.Х гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйд заасан “завших” гэмт хэргийг хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж, ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгоно.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,
шүүгдэгч Б.Хгийн дээрх үйлдэл энэ гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд хэргийн үйл баримт болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар шүүгдэгч Б.Х нь хохирогч С.Тын эзэмшлийн 25-33ОРА улсын дугаартай “Toyota Prius-30” загварын саарал өнгийн тээврийн хэрэгслийг засварлаж өгөхөөр итгэмжлэн хариуцан хүлээн авсны дараа 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр уг тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг Н.Ад 450.000 төгрөгөөр зарсан, мөн данхрад, торцов зэрэг эд хөрөнгийг нь завшиж нийт 1.545.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна гэмт хэргийн улмаас хохирогч С.Тад учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Хгийн энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Хг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Хгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг гаргаж,
шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...гэмшиж байна, хорихоос өөр төрлийн ял өгөөч.” гэсэн болно.
Шүүгдэгч Б.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, ар гэрийн ахуй амьдрал зэргийг нь харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,
шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.
Шүүх шүүгдэгч Б.Хд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
түүнээс 1.545.000 төгрөг гаргуулж хохирогч С.Тад олгохоор шийдвэрлэсний дараа шүүгдэгч нь “хохирол төлбөрийг төлөх хугацаа өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 08.00 цаг хүртэл хугацаагаар завсарлуулсан болно.
Шүүгдэгч Б.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан эхлэхэд хохирогч С.Т нь “нүүрсэн яндан, данхрад, торцов зэргийг хүлээж авсан тул гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Донхор овогт Батболдын Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хг 6 /зургаа/ сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ