| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00277/И |
| Дугаар | 00392 |
| Огноо | 2019-08-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 00392
| 2019 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2019/00392 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багт оршин суух, эмэгтэй, Жайлау күнту овогт М-ийн Ж / /-н нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 153/2019/00277/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч М.Ж, гэрч Х.Байкельд, Х.Али нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1967 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багт төрсөн. 1975 онд 1-р ангид элсэн орж 1985 онд 8-р анги төгссөн. 8-р ангиа төгсөөд эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1988 онд гэр бүл болж тусдаа гарсан. Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд мал маллаж байгаад нэгдэл тарсны дараа ногоо тарьж, хувийнхаа мал маллаж байгаа. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдсан. Хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Тэтгэвэрт гарах нас болсон учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох гэж байгаа. Намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 болон 5-р бригадад 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.Манай эцэг намайг малчин болгоно гээд сургуулиас гаргаж авсан....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ж нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч М.Ж нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3, 5 дугаар бригадад 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.Ж нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3, 5 дугаар бригадад 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 502 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3, 5 дугаар бригадын 1983-1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, гэрч Х.Али шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэээ ....М.Ж нь манай багт хүүхэд байхдаа байсан. Ховд аймгийн Ховд суманд 8-р анги төгссөн. Хэдэн онд 8 анги төгссөнийг нь мэдэхгүй байна. М.Ж нь 8-р анги төгсөөд эцэг эхийнхээ хамт Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3-р бригадад мал маллаж байсан. М.Ж нь 1988 он хүртэл нэгдэлдээ байж байгаад 1988 онд Ч.Адай гэдэг хүнтэй гэр бүл болоод 5-р бригад руу шилжиж тэндээ ажиллаж байсан.... Хонь ямаа маллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-11 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн буюу 16 насанд хүрсэн болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбараар, мөн тэрээр Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь түүний №0704097 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-ийн 16 дугаар тал/ тогтоогдлоо.
Иймд М.Жн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3, 5 дугаар бригадад 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хавтаст хэргийн 12-15 дугаар хуудсанд авагдсан иргэн С.Адебиет, Х.Байкельд нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан №293216 дугаартай БХЗЭ-ийн гишүүний Бат илэрхийлэхийн хуулбар нь нотариатаар гэрчлүүлээгүй буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, гэрч Х.Байкельдийн шүүх хуралдаанд өгсөн ....Нэг сард 230-250 төгрөгийн цалин жилд 3,000,000-4,000,000 төгрөгийн цалин авдаг байсан. М.Жгийн эцэг нь төлөвлөгөөгөө бүрэн биелүүлээд 3,000,000 төгрөгийн цалин авдаг байсан. Сүү ноолуур хонины ноосоо 100 хувь биелүүлж байсан. 1 килограмм ноолуур 72000 төгрөгийн үнэтэй байсан.... гэх мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадын 1983-1988 онуудын 70 дугаар дансанд бичигдсэн цалин хөлстэй тохирохгүй буюу гэрч Х.Байкельдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Жайлау күнту овогт Мархабагийн Ж / /-н Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3, 5 дугаар бригадад 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3, 5 дугаар бригадад 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Жн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ