| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0114/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/129 |
| Огноо | 2023-04-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/129
2023 04 10 2023/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О,
улсын яллагч Т.Д,
хохирогч Ү.О, өмгөөлөгч Д.Э,
шүүгдэгч Г.У, өмгөөлөгч Б.Бнарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэндийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Г.Ут холбогдох эрүүгийн 2325000000110 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Г.У нь;
2023 оны 2 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-12 дугаар байр 2 дугаар орцны гадаа хохирогч Ү.Отай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар цохих, хавсарч унагаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Г.У “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид 2.412.850 төгрөг төлсөн, сүүлд нэмж 35.000 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө.” гэв.
хохирогч Ү.О “...тухайн өдөр энэ хүнтэй орцны үүдэнд таарсан, цохиулаад эрүү унжаад сонин болчихсон. Би тамхи татдаггүй тул энэ хүнээс тамхи нэхээгүй, ганцаараа ажиллаж гэр бүлээ тэжээдэг, зодуулснаас болоод ажлаа хийж чадаагүй болохоор гомдолтой байна. Надад 500.000 төгрөг өгсөн, одоо 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх цалин 4.194.505 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг, хоол, шатахууны үнэ 2.284.375 төгрөг нийт 11.478.880 төгрөгөөс түүний өгсөн 500.000 төгрөгийг хасаад үлдэх 10.978.880 төгрөгийг нэхэмжилж байна, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Өвчтэй байсан учраас 13 дахь цалингаа ч бүрэн авч чадаагүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Ү.Оын “...2023 оны 2 дугаар сарын 04-ний...орой...17 цаг өнгөрөөд ажлаасаа буугаад ажлын газрын Гантулгын машинаас хамт ажилладаг Базардаргиагийн хамт Согоот баг 6-12 дугаар байрны ойролцоо буусан, энэ үед Б ах “би гэртээ ганцаараа байгаа, хоёулаа манай гэрт ороод хэсэг сууя, ах нь мах чанаж өгье” гэхээр нь би “за тэгье” гэж хэлсэн, Б ах гэр лүүгээ орох замаараа дэлгүүр ороод нэг шил архи аваад гэртээ орсон. Би гэртээ харихаар болоод гарах гэж байтал Б ах “би гадуур гарч тамхи татангаа чамайг гэрт чинь дөхүүлээд өгье” гэж хэлсэн, ...бид хоёр гадуур хувцсаа өмсөөд тэдний гэрээс гарсан. ...Б ах “хаалгаа түгжинэ” гээд ард үлдсэн, би түрүүлээд явган хүний шатаар доош буусан, нэгдүгээр давхарт буугаад орцны хаалгаар гадагш гарсан чинь орцны үүдэнд үл таних нэг залуу тааралдаад, мөргөлдсөн, уг залуу “орцны архичингууд” гэж хэлээд гараараа миний шанаа хэсэг рүү нэг удаа цохих үед нь нэг, нэгэнтэйгээ барьцалдаж авсан, энэ үед уг залуу намайг хавсарч газарт унагааж байгаад хөлөөрөө миний толгой, нүүр хэсэг рүү хэд, хэдэн удаа өшиглөсөн, энэ үед би уг залууд “эрүү сонин болчихлоо болиоч” гэж хэлсэн чинь өшиглөхөө больсон, би газраас босоод харсан чинь уг залуу Базардаргиатай орцны үүдний хэсэгт маргалдаж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
“...Миний бие “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын барилгын цехэд бетончноор ажилладаг, эрүүл мэндэд хохирол учирсны улмаас ажилдаа явж чадаагүй, энэ хугацааны цалингаа аваагүй, ...ажилдаа хэвийн явж байсан бол 13 дахь цалингаа бүрэн авах байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
гэрч Л.Б“...2023 оны 2 дугаар сарын 04-ний орой 18 цагийн үед ажлаасаа буугаад ажлын газрын Оын хамт 6-12-25 тоот гэртээ ирсэн, гэртээ ирэх замаараа дэлгүүр ороод 0.5л хэмжээтэй “Соёрхол” архи нэгийг аваад гэртээ орж ирсэн. ...Орой 00 цаг өнгөрч байх үед би Оыг гэрт нь хүргэж өгөхөөр манай байрнаас О түрүүлээд гарсан, би гэрийнхээ хаалгыг түгжээд араас нь буусан, орцны хаалгаар гарах үед үл таних залуу Отай маргалдаж байсан, тэр хоёр юунаас болж маргалдсаныг мэдээгүй, уг залуу Оыг гараараа цохиж, хавсарч газарт унагаасан, ...О “эрүү эвгүй болчихлоо, болиоч” гэх үед зодохоо больсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Г.Уын өгсөн “...таксинаас буугаад 6-12 дугаар байрны 2 дугаар орц руу орох гээд явж байтал О гэх залуу “тамхи байна уу” гэж асуухад нь “тамхи байхгүй” гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн, энэ үед би уурласан уурандаа болоод Оын шанаа хэсэг рүү зүүн талын гараараа нэг удаа цохиод, хөлөөрөө хавсарч газар унагаасан, газарт унах үед түүний мөр хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн, ...О газраас босчихсон зогсож байсан, түүний эрүү хэсэг нь хавдчихсан байсан. ...Манай орц нь кодгүй, нээлттэй байдаг, би уг хоёр хүнийг “манай орцонд архи уусан юм байна” гэж бодоод надаас тамхи асуухаар нь уур хүрээд зодож, цохисон. Би түүний нүүр хэсэг рүү зүүн гараараа нэг удаа цохиж, хавсарч унагааж байгаад хөлөөрөө мөр хэсэг рүү нь нэг удаа дэвссэн. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, Отгонбаатарын эмчилгээний зардлыг эхнээс нь төлөөд явж байгаа, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх болно. ...2.412.850 төгрөгийн хохиролтой холбоотой зардлыг барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39, 41 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар, Орхон аймгийн Шүүх Шинжилгээний Хэлтсийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 181 дугаартай;
“...1.2.Ү.Оын биед доод эрүүний ясны далд хугарал, доод эрүүний ясны зүүн талын үений мултрал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн нүдний алимны салст, эрүүн дор, зүүн гарын бугалга, баруун гуянд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.4.Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хоёр нүдний ухархайн дотор хананы хугарал оношлогдсон нь хуучин гэмтлүүд байна. 5.Доод эрүүний ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Доод эрүүний ясны зүүн талын үений мултрал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн нүдний алимны салст, эрүүн дор, зүүн гарын бугалга, баруун гуянд цус хуралт нь бус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нуруунд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар, Орхон аймгийн Шүүх Шинжилгээний Хэлтсийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай;
“...1.2.5.Ү.Оын биед доод баруун наймдугаар шүдний булгаралт гэмтэл тогтоодлоо. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
3.4.Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр буюу мэс заслын явцад авагдсан байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
хохирогч Ү.Оын “...Согоот баг 6-12 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд үл таних хүнд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Г.У эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50, 55 дахь тал/,
Ү.Оын өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 69-77 дахь тал/,
яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хавтаст хэргийн 78-89 дэх тал/,
амбулаториорын эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 91-96 дахь тал/,
БОЭТ-ийн бэлэн мөнгө авах тусгай зөвшөөрлийн хуудас /хавтаст хэргийн 102 дахь тал/,
хохирогчид 200.000 төгрөг, 300.000 төгрөг төлснийг нотлох Г.Уын Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 103 дахь тал/,
хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 104-105, 108-136, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 137-138 дахь тал/,
хохирогч Ү.Оын цалингийн лавлагаа, ажлын газрын лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 139-141 дэх тал/,
шүүх хуралдаан эхлэхэд;
хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргаж өгсөн, нэхэмжлэл, хохирогч Ү.Оын цалингийн лавлагаа, ажлын газрын лавлагаа, цалингийн тооцоо, тэтгэмжийн тооцоо, амбулаториорын эмчлүүлэгсдийн картын хуулбар,
шүүгдэгч Г.Уын гаргаж өгсөн, “Эрдэнэт дент” шүдний эмнэлэгт 35.000 төгрөг төлсөн баримт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд хохирол төлбөрт 1.236.340 төгрөг төлсөн баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Ү.Оаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Г.Уыг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Г.У нь 2023 оны 2 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-12 дугаар байр 2 дугаар орцны гадаа хохирогч Ү.Отай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар цохих, хавсарч унагаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Ү.Оын “...орцны үүдэнд үл таних нэг залуу тааралдаад, мөргөлдсөн, уг залуу “орцны архичингууд” гэж хэлээд гараараа миний шанаа хэсэг рүү нэг удаа цохих үед нь нэг, нэгэнтэйгээ барьцалдаж авсан, энэ үед уг залуу намайг хавсарч газарт унагааж байгаад хөлөөрөө миний толгой, нүүр хэсэг рүү хэд, хэдэн удаа өшиглөсөн, энэ үед би уг залууд “эрүү сонин болчихлоо болиоч” гэж хэлсэн чинь өшиглөхөө больсон.” гэх,
гэрч Л.Б“...уг залуу Оыг гараараа цохиж, хавсарч газарт унагаасан, ...О “эрүү эвгүй болчихлоо, болиоч” гэх үед зодохоо больсон.” гэх,
Г.Уын яллагдагчаар өгсөн “...би уг хоёр хүнийг “манай орцонд архи уусан юм байна” гэж бодоод надаас тамхи асуухаар нь уур хүрээд зодож, цохисон. Би түүний нүүр хэсэг рүү зүүн гараараа нэг удаа цохиж, хавсарч унагааж байгаад хөлөөрөө мөр хэсэг рүү нь нэг удаа дэвссэн. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар, Орхон аймгийн Шүүх Шинжилгээний Хэлтсийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 181 дугаартай, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтүүд,
хохирогч Ү.Оын “...Согоот баг 6-12 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд үл таних хүнд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, Ү.Оын өвчний түүхийн хуулбар, яаралтай тусламжийн хуудасны хуулбар, амбулаториорын эмчлүүлэгсдийн картын хуулбар зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд дээрх баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Г.У гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;
Шүүгдэгч Г.У нь хохирогч Ү.Отой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, биемахбодийнх нь эсрэг хүчирхийлэл үйлдэж, биед нь “доод эрүүний ясны далд хугарал, доод эрүүний ясны зүүн талын үений мултрал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн нүдний алимны салст, эрүүн дор, зүүн гарын бугалга, баруун гуянд цус хуралт, нуруунд зулгаралт” бүхий гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Уын хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн,
хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотойгоос гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Уын “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Г.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Г.Уыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.Уын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б“...шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирол төлсөн, бага насны хүүхдүүдтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, улсын яллагчийн санал болгосон торгох ялыг багасгаж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүх шүүгдэгч Г.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг тус тус харгалзан түүнийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Г.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг,
1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг,
1.6-д заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.У нь;
Орхон БОЭТ-д хохирогч Ү.О хэвтэн эмчлүүлсний зардал 482.850 төгрөг /хх-105 дахь тал/, БОЭТ-д 200.000 төгрөг /хх-102 дахь тал/, эрүүний рентген зурагны үнэ 35.000 төгрөг, эрүүний компьютер томографикийн үнэ 95.000 төгрөг, эрүү бэхэлгээний хадаасны үнэ 1.100.000 төгрөг /хх-102 дахь тал/, шүүх хуралдаан эхлэхэд шинээр гаргаж өгсөн эрүүний зурагны үнэ 35.000 төгрөг нийт 1.947.850 төгрөг төлсөнд хохирогч маргаагүй бөгөөд “...эхнэрийн Хаан банкны дансаар 500.000 төгрөг шилжүүлснийг хүлээн авсан, надад өөр мөнгө өгөөгүй.” гэсэн болно.
Харин шүүх хуралдааны үед хохирогч Ү.О “...2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх цалин 4.194.505 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг, хоол, шатахууны үнэ 2.284.375 төгрөг нийт 11.478.880 төгрөгөөс түүний өгсөн 500.000 төгрөгийг хасаад үлдэх 10.978.880 төгрөгийг нэхэмжилж байна, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэж,
хохирогчийн өмгөөлөгч Д.Энхбаяр “...хохирогч 2023 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилдаа явж чадаагүй, 46 хоног өвчтэй байсан нь тогтоогддог бөгөөд лист бичигдсэн боловч баримтаа өнөөдөр олж авах боломжгүй байлаа, авах байсан цалингаас эмнэлгийн хуудсаар бодогдсон тэтгэмжийн мөнгийг хасаж, дутуу цалин 4.194.505 төгрөг, эмчилгээ болон хоол хүнс, шатахууны зардал 2.284.375 төгрөгөөс шүүгдэгчийн өгсөн 500.000 төгрөгийг хасаад 1.784.375 төгрөг, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг нийт 10.978.880 төгрөгийг гаргуулах нь зүйтэй, харин сорвины эмчилгээний зардал 1.315.000 төгрөг, шүдний эмчилгээний 1.500.000 төгрөг, сувилагчийн 500.000 төгрөг, нотлох баримтгүй учраас энэ удаа нэхэмжлэхгүй.” гэсэн бөгөөд
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б“...хохирогчийн гаргаж өгсөн, хэргийн 109-136 дахь талд хавсаргуулсан хохирлын баримтуудаас 109, 110, 112, 113, 114, 115, 117, 119, 121, 122, 123, 125, 126, 129, 130, 131, 133, 134, 135, 136 дахь талуудад авагдсан баримтууд юу авсан нь тодорхойгүй, эмчилгээнд зарцуулагдсан эсэх нь тогтоогдохгүй байгаа тул үнийн дүнгээс хасуулах саналтай байна. Мөн маргааш авах цалинг бид өнөөдөр тооцоолох боломжгүй, нэхэмжлэл тодорхойгүй бол дахин нэхэмжлэх эрхтэй.” гэж маргаж байна.
Шүүх хохирлын баримтуудыг нэгбүрчлэн нягтлаад,
цалингийн зөрүү 4.194.505 төгрөг, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардлууд болон хэргийн 113, 114, 115, 129, 130, 131 дэх талуудад авагдсан шатахууны зардлын 6 ширхэг баримтууд АИ-92 эсхүл 92#gasoline гэсэн баримтууд байсан тул хэлэлцэхгүй орхин, нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,
хэргийн 109 дэх талын баримтаас 6250 төгрөг, 110 дахь тал 15.750 төгрөг, 111 дэх тал 252.890 төгрөг, 116 дахь тал 650.000 төгрөг, 118 дахь тал 750 төгрөг, 120 дахь тал 6900 төгрөг, 121 дэх талын баримтаас 9900 төгрөг, 124 дэх тал 10.150 төгрөг, 125 дахь талын баримтаас 5600 төгрөг + 22.250 төгрөг, 126 дахь тал 4900 төгрөг, 127 дахь тал 50.000 төгрөг, 128 дахь тал 3900 төгрөг, 132 дахь тал 665.000 төгрөг, 134 дэх тал 7500 төгрөг, 136 дахь тал 24.600 төгрөг = 1.736.340 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгчийн төлсөн 500.000 төгрөг хасаж тооцон нийт 1.236.340 төгрөгийн шаардлагыг хангаж,
хохирогчийн эмчилгээ, эрүүл мэндийн байдалтай холбоогүй үндэслэлээр хавтаст хэргийн 109 дэх талын баримтаас 38.200 + 27.500 төгрөг, 112 дахь тал 8900 төгрөг, 109 дэх тал 4400 төгрөг, 119 дэх тал 78.000 төгрөг, 121 дэх талын баримтаас 21.000 + 22.000 төгрөг, 122 дахь тал 14.200 төгрөг, 123 дахь тал 25.000 төгрөг, 125 дахь талын баримтаас 33.025 төгрөг, 133 дахь тал 64.640 төгрөг, 135 дахь тал 6900 төгрөг = 363.765 төгрийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгов.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүхээс тогтоосон хохирол болох 1.236.340 төгрөгийг төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан тул шүүх тэдний хүсэлтийг хангаж,
2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 08.00 цаг хүртэл шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Г.У хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан банкны баримт ирүүлснийг үндэслэн түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овогт Гын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.У шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ут урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хохирогч Ү.О энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
нэхэмжлэлийн шаардлагаас 363.765 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ